Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2020/00214

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “МХБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ҮХК” ХХК -д холбогдох

 

Дамжуулан зээлдүүлэх гэрээ цуцлагдсаны үр дагаврыг зээл, зээлийн хүүд 2,689,060,690 төгрөг гаргуулах замаар арилгуулахаар шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, Л.Болдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“МХБ” ХХК нь “ҮХК” ХХК-тай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж, Чингис бондын хөрөнгөөр үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр зээлийг олгосон. “ҮХК” ХХК-д нийт 6 хөтөлбөрийн хүрээнд 48 дэд зээлдэгчид 38,2 тэрбум төгрөгийн зээлийг дамжуулан олгосон бөгөөд эдгээрээс дараах зээлүүдэд 2019 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар доор дурдсан дүнгээр үлдэгдэлтэй байна.

1.2014 оны 7 дугаар сарны 24-ний өдөр байгуулагдсан З-ЭИ-С-2014-101 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээ (888 төсөл, 2 тэрбум төгрөгөөс дээш төсөл)-ний үндсэн зээлийн үлдэгдэл 571,066,694.00 төгрөг, үндсэн хүү 2,062,185.28 төгрөг буюу нийт 573,128,879.28 төгрөг,

2.2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 3-АШ-С 2015-32 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээ (Арьс шир төсөл)-ний үндсэн зээлийн үлдэгдэл 132,530,075.00 төгрөг, үндсэн хүү 478,580.82 төгрөг буюу нийт 133,008,655.82 төгрөг,

3.2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан З-ЭИ-С-2016/04 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээ (Эксим 300 төсөл)-ний үндсэн зээлийн үлдэгдэл 1,974,367,561.90 төгрөг, үндсэн хүү 8,555,592.76 төгрөг буюу нийт 1,982,923,154.66 төгрөг, бүгд нийлбэр дүнгээр 2,689,060,690 төгрөг болж байна.

            Талуудын хооронд байгуулсан дээр дурдсан дамжуулан зээлдүүлэх гэрээнүүдийн 3.1.2-т “Зээлдэгч нь Банкны тухай хууль болон Монгол банкны шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаж байгаа эсэхээ Монгол банкнаас cap бүр ирүүлдэг тайлангийн хариуг хавсарган, Хөгжлийн банканд улирал бүр бичгээр мэдэгдэх” гэж, 5.1.3-т “Зээлдэгч нь Монгол банкны шаардлага, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаж байгаагаа улирал бүрийн эхний сард багтаан албан бичгээр баталгаажуулан Хөгжлийн банканд хүргүүлэх” гэж, 8.1.5-д “Зээлдэгчийн үйл ажиллагаа, ... Зээлдэгчийг Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйд хүргэсэн гэж үзвэл” гэж, 8.1.8-д “Зээл төлөх боломжгүй болсон бусад нөхцөл байдал” гэж тус тус заасныг зээлдэгч зөрчсөн гэж МХБ үзэж байна.

Учир нь, “ҮХК” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх 1,000,000,000 төгрөгийг хугацаандаа төлөхгүй зөрчил үүсгэн, төлбөрийг төлөх тухай удаа дараа шаардлага мэдэгдэл хүргүүлсний дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийг төлсөн.

Банк 2018 оны 6 дугаар сарын 30-аас эхлэн Монгол банкны “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ыг зөрчсөн, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг ханган ажиллах чадваргүй болсон.

“ҮХК” ХХК-аас ирүүлсэн ҮХКны 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тайлан мэдээллийн үзүүлэлтүүдээр дараах санхүүгийн ноцтой хүндрэл үүссэн:

-Банк 128,9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, 49,3 тэрбум төгрөгөөр банкны өөрийн хөрөнгө дутагдсан. Өөрөөр хэлбэл, банк өөрийн хөрөнгөгүй болж дампуурах нөхцөл байдал үүссэн.

-Банкны цэвэр зээлийн багцын 78,4 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Энэ нь зээлдэгчийг төлбөрийн чадваргүй болох байдалд хүргэсэн гэж тооцохоор байна.

-Зээлдэгч банкны нийт активын хэмжээ 40 хувиар буурч, үйл ажиллагаа хумигдсан.

“ҮХК” ХХК нь санхүүгийн тайлан мэдээлэл, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланг 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ирүүлээгүй ба энэ талаар дамжуулан зээлдүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчсөөр ирлээ.

“ҮХК” ХХК нь ийнхүү дамжуулан зээлдүүлэх гэрээг зөрчсөн, мөн тус банкны санхүү төлбөрийн чадвар муудсанаас шалтгаалан цаашид гэрээгээ зөрчих өндөр магадлалтай тул “МХБ” ХХК-аас “ҮХК” ХХК-д зөрчилтэй гэрээнүүдийг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлж барагдуулах тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6/1249 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх заалтууд, “МХБ” ХХК, “ҮХК” ХХК-ны хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн З-ЭИ-С-2014-101 дугаартай, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3-АШ-С 2015-32 дугаартай, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн З-ЭИ-С-2016/04 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-нүүдийг цуцалсан тул зээлийн үндсэн төлбөрт 2,677,964,330.90 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 11,096,358.86 төгрөг буюу нийт 2,689,060,690 төгрөгийг “ҮХК” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй. Гэрээний явцад гаргасан зөрчилдөө хариуцлагаа хүлээж нэмэгдүүлсэн хүүгээ төлж ирсэн. Нэхэмжлэгч дангаар гэрээг цуцалж байгааг бидний хувьд дамжуулан зээлдэх гэрээ болон хуульд нийцээгүй гэж үзэж байна. Гэрээний харилцаа цаашид хэвийн үргэлжлэх ёстой тул мөнгө шаардах эрхгүй.

Манай банкны санхүүгийн байдал ноцтой хүндэрсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МХБ” ХХК нь хариуцагч “ҮХК” ХХК-д холбогдуулан зээл, зээлийн хүүд нийт 2,689,060,690 төгрөг гаргуулах буюу дамжуулан зээлдүүлэх гэрээг цуцалсны үр дагавар арилгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дамжуулан зээлдүүлэх гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан болно.

 

Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунболдод 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь мөн өдөр тайлбарлан танилцуулсан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунболд, Ж.Мөнхжаргал нар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно” гэх үндэслэл тодорхойгүй нэг өгүүлбэр тайлбар гаргаснаас өөрөөр хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.

 

Шүүх 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунболдын “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, үүний үндсэн дээр дэлгэрэнгүй хариу тайлбар, нотлох баримтаа гаргаж өгмөөр байна” гэх үндэслэлээр гаргасан хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаж хойшлуулсан боловч өнөөдрийг хүртэл хариу тайлбарын үндэслэлээ тодорхойлоогүй, нотлох баримт гаргаагүй, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ тодорхойгүй шалтгаанаар хэрэгжүүлээгүйн дээр 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр ажиллагаанд оролцох эрх авсан төлөөлөгч Ж.Мөнхжаргалаас хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр хуралдаан хойшлуулах үндэслэлгүй хүсэлтийг шүүхэд гаргаж, мэтгэлцээнд идэвхгүй оролцсон байна.

 

Хариуцагч тал ийнхүү татгалзсан тайлбараа үндэслэл бүхий гаргаагүй, түүний үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйд хүндэтгэх шалтгаан баримтаар нотлогдоогүй, шүүх эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгосон тул товлогдсон хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэх нь мэтгэлцэх зарчим болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцнэ гэж үзсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

“МХБ” ХХК болон “ҮХК” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр З-ЭИ-С-2014-101 тоот /цаашид “1 дүгээр гэрээ” гэх/, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр З-АШ-С 2015-32 тоот /цаашид “2 дугаар гэрээ” гэх/, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр З-ЭИ-С-2016/04 тоот /цаашид “3 дугаар гэрээ” гэх/ “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-үүд буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээ байгуулагдсан байна.

 

1 дүгээр гэрээгээр зээлдүүлэгч “МХБ” ХХК нь Засгийн газрын 2013 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 2,000,000,000 төгрөгөөс дээш санхүүжилт хүссэн төслүүдэд Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгө, Засгийн газрын баталгаатай өөрийн татан төвлөрүүлсэн Үйлдвэржилтийн бондын хөрөнгө, Хөгжлийн банкны гадаад Экспорт-Импорт банканд нээлгэсэн зээлийн шугамын эх үүсвэрээс зээлдэгчээр дамжуулан зээл олгох, зээлдэгч “ҮХК” ХХК нь төслийг өөрийн бодлого, журмын дагуу судалж, зээлийн хорооны хурлаар ангиллыг тогтоон шийдвэр гаргаж, зээл олгох хүсэлтийг зээл олгох эцсийн шийдвэрийн хамт тухай бүр зээлдүүлэгчид хүргүүлэх, 5 жил хүртэл хугацаанд шаардлага хангасан төсөл хэрэгжүүлэгчдэд олгосон зээл /нийлбэр дүнгээр/-ийг дэд зээл эргэн төлөгдсөн эсэхээс үл хамааран жилийн 5%-ийн хүүгийн хамт сар бүрийн 29-ний өдрийн дотор буцаан төлөх, энэ хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй бол зээлийг төлөх хүртэл хугацаанд жилийн 5%-ийн хүүгийн 20%-тай тэнцүү нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

2 дугаар гэрээгээр зээлдүүлэгч “МХБ” ХХК нь Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүн боловсруулах зорилгоор арьс, шир худалдаж авах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тоног төхөөрөмж шинэчлэхэд зориулж үндэсний үйлдвэрлэгчдэд дэд зээл олгох зорилгоор хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр буюу 110,400,000,000 төгрөгийн зээлийг олгох, зээлдэгч “ҮХК” ХХК нь Аж үйлдвэрийн яамнаас дэмжигдсэн төсөлд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох бөгөөд 5 жил хүртэл хугацаанд хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон зээл /нийлбэр дүнгээр/-ийг дэд зээл эргэн төлөгдсөн эсэхээс үл хамааран жилийн 5%-ийн хүүгийн хамт сар бүрийн 27-ны өдрийн дотор буцаан төлөх, энэ хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй бол зээлийг төлөх хүртэл хугацаанд жилийн 5%-ийн хүүгийн 20%-тай тэнцүү нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

3 дугаар гэрээгээр зээлдүүлэгч “МХБ” ХХК нь Засгийн газрын 2015 оны 312 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд 2015-2016 онд төсөл хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэлүүдэд хамаарах экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслүүдэд зориулж 300,000,000,000 төгрөгийн зээлийг олгох, зээлдэгч “ҮХК” ХХК нь Аж үйлдвэрийн яамнаас баталсан жагсаалтад тусгагдсан, банкны шаардлага хангасан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөлд зээл олгох бөгөөд 5 жил хүртэл хугацаанд олгосон зээл /нийлбэр дүнгээр/-ийг дэд зээл эргэн төлөгдсөн эсэхээс үл хамааран жилийн 6%-ийн хүүгийн хамт сар бүрийн 29-ний өдрийн дотор буцаан төлөх, энэ хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй бол зээлийг төлөх хүртэл хугацаанд жилийн 5%-ийн хүүгийн 20%-тай тэнцүү нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

             Зээлийн гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, баталгаажуулсан байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тус тус заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

            1 дүгээр гэрээний дагуу нэхэмжлэгч 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2,050,000,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000,000 төгрөгийн зээлийг олгосон бол хариуцагч 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 6,478,933,306 төгрөг, зээлийн хүүд 1,134,762,706.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83.33 төгрөг буцаан төлсөн,

            2 дугаар гэрээний дагуу нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 350,000,000 төгрөгийн зээлийг олгосон бол хариуцагч 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 217,469,925 төгрөг, зээлийн хүүд 55,572,769.47 төгрөг буцаан төлсөн,

            3 дугаар гэрээний дагуу нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 4,759,990,000 төгрөгийн зээлийг олгосон бол хариуцагч 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2,785,622,438.10 төгрөг, зээлийн хүүд 816,987,629.46 төгрөг буцаан төлсөн үйл баримт нэхэмжлэгчээс гаргасан зээлийн дансны хуулгууд, зээл, зээлийн хүү тооцоолол баримтууд болон талуудын маргаагүй тайлбараар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дамжуулан зээлдүүлэх гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бий болсон гэж нэхэмжлэгч гэрээг цуцалж, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийг бодогдсон хүүгийн хамт буцаан шаардсан бол хариуцагч төлөгдсөн зээл, хүүгийн тооцоолол болон үндсэн зээлийн үлдэгдэл зэрэгт маргаагүй бөгөөд гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгчээс гаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэх баримтуудаас үзвэл хариуцагч нь зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч энэ үндэслэлээр гэрээ цуцлаагүй, харин хариуцагчид санхүүгийн ноцтой хүндрэл учирсан гэх үндэслэлээр дамжуулан зээлдүүлэх гэрээ /1, 2 3 дугаар гэрээний заалт ижил/-ний 8.1.5-д “зээлдэгчийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүргэсэн гэж үзвэл”, 8.1.8-д “зээл төлөх боломжгүй болсон бусад нөхцөл байдал байвал” тус тус зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардах зохицуулалтад үндэслэн гэрээнүүдийг цуцалжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүргэсэн өөрчлөлт банкны үйл ажиллагаанд болон удирдлага зохион байгуулалтад орсон гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулагдсан дамжуулан зээлдүүлэх гэрээний 8.1.5-д заасан үндэслэлээр зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

 

Харин “ҮХК” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх санхүүгийн байдлын тайлан болон орлогын дэлгэрэнгүй тайлангаас үзвэл тус банкны хэвийн зээлийн хэмжээ 26,7 тэрбум төгрөгөөр буурсан, хэвийн бус зээлийн хэмжээ 4,8 тэрбум төгрөгөөр, муу зээлийн хэмжээ 41,3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн, нийт хөрөнгийн хэмжээ 111,8 тэрбум төгрөгөөр, өөрийн хөрөнгийн хэмжээ 49,3 тэрбум төгрөгөөр, орлогын дүн 29,5 тэрбум төгрөгөөр тус тус буурсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч банкны үйл ажиллагаанд санхүүгийн ноцтой хүндрэл үүссэн гэж нэхэмжлэгч үзсэнийг үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч банкны санхүүгийн үйл ажиллагаанд дээрх хүндрэл учирсан нь талуудын хооронд байгуулагдсан дамжуулан зээлдүүлэх гэрээний 8.1.8-д заасан “зээл төлөх боломжгүй болсон бусад нөхцөл байдал” бий болсон гэх зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ цуцлах үндэслэлд хамаарна.

 

Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлийг нэн даруй буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар зээлдүүлэгчид олгосон тул шүүх дамжуулан зээлдүүлэх гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан нэхэмжлэгчийн үйлдлийг хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацааны гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэсэн мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, дамжуулан зээлдүүлэх гэрээ /1, 2, 3 дугаар гэрээ ижил/-ний 8.1, 8.1.8 дахь заалтуудад нийцсэн гэж үзлээ.

 

Зээлийн гэрээ ийнхүү цуцлагдсанаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдахгүй, гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг хэвээр хадгалагдах тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 26 хоногийн хүүгийн хамт шаардах эрхтэй.

 

2019 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар 1 дүгээр гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 571,066,694 төгрөг, уг зээлийн 26 хоногийн хүү 2,062,185.28 төгрөг /(571,066,694х5%):360хоног х26 хоног/, 2 дугаар гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 132,530,075 төгрөг, уг зээлийн 26 хоногийн хүү 478,580.82 төгрөг /(132,530,075х5%):360хоног х26 хоног/, 3 дугаар гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,974,367,561.90 төгрөг, уг зээлийн 26 хоногийн хүү 8,555,592.76 төгрөг /(1,974,367,561.90х5%):360хоног х26 хоног/ буюу бүгд 2,689,060,690 төгрөгийн тооцоолол гарч байх тул шүүх хариуцагчаас мөн төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Эцэст нь, шүүх хуралдааны эхэнд шүүх хуралдаан даргалагчаас хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг талуудаас тодруулахад гаргах хүсэлт байхгүй гэж хариулсан атлаа хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр хуулиар тогтоосон журам, шүүх хуралдааны дэгийг зөрчиж шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

 

Шүүх уг хүсэлтийг хүлээн авах, цаашлаад Ерөнхий шүүгчээр хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шилжүүлэх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэг, дараалал, хүсэлт шийдвэрлэх журамд нийцээгүй тул хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “ҮХК” ХХК-аас 2,689,060,690 төгрөгийг гаргуулж “МХБ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,609,253.45 төгрөгөөс 13,603,253.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 6,000 төгрөгийг, хариуцагчаас 13,603,253.45 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА