| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/254 |
| Огноо | 2023-06-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/254
2023 6 13 2023/ШЦТ/254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,
Хохирогч Ц.С-, түүний өмгөөлөгч Б.Төмөрчөдөр,
Шүүгдэгч Б.М-, М.Л-, тэдгээрийн өмгөөлөгч Л.Болорчулуун,
Шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон Баярхүүгийн М-,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон М-гийн Л-,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул Дамиранбазарын Г- нарт холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, М-, 1982 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, эх, охин, 2 зээгийн хамт Т оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
2.Монгол улсын иргэн, М-гийн Л-, 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
3.Монгол улсын иргэн, Г-, 1994 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч М.Л- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Д.Г- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М-, М.Л-, Д.Г- нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Д.Г-ийг "Малчин Од байна, ноолуур өгье." гэж яриулан хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгож Төв аймгийн Заамар суманд явж байсан хохирогч Ц.С-аас 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Д.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 5744080916 дугаартай дансаар 27 сая төгрөг шилжүүлэн авч, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 10 сая төгрөг бэлнээр авч, 9 сая төгрөгийг бэлнээр Д.Г-, 1 сая төгрөгийг Б.М-д бэлнээр, мөн Д.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 5744080916 дугаартай данснаас М.Л-ын эзэмшлийн Хаан банкны 5171449363 дугаарын дансанд 3 удаагийн үйлдлээр 16 995 000 төгрөгийг шилжүүлснийг М.Л- эх Б.М-гийн Хаан банкны 5736115590 дугаарын дансанд 3 удаагийн гүйлгээгээр 16 005 000 төгрөгийн дамжуулан шилжүүлж, Д.Г- нь 9 сая төгрөг, Б.М- нь 17 005 000 төгрөг, М.Л- 990 000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2205014912226 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Ц.С-ын өгсөн: “Би Төв аймгийн Заамар суманд ноолуурын худалдаа хийж явахад 2022 оны 4-р сарын 15-ны орой над руу нэг танихгүй дугаараас хүн залгаад Төв аймгийн Эрдэнэ суман дээр ноолууртайгаа ирчихлээ ирээд аваач яаралтай зарах гэсэн юм манай хүн өнөөдөр хагалгаанд орж байгаа мөнгөний хэрэгтэй өнөө шөнө мөнгөө авмаар байна би Од гэж хүн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь одоо очиж үзэх хүн байхгүй өглөө очоод үзье гэхэд заавал одоо өгнө гэсэн. Тэгэхээр нь надтай хамт явж байсан Энхболд гээд залуу манай авгай, хадам ээж хоёрыг авахаар явуулъя манай хадам ноолуур сайн мэднэ гэж хэлсэн. Тэгээд удалгүй очоод уулзчихлаа ноолуурыг нь үзээд граммлачихлаа машиндаа ачсан 201 кг болсон байна нийт 31 сая 386 мянган төгрөг болсон тооцоогоо хий гээд данс явуулсан. Тэгэхээр нь одоо байгаа нь гээд 27 сая төгрөг шилжүүлсэн үлдэгдлийг нь маргааш нь шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд Энхболдын эхнэр, хадам ээж 2 нь Багануур орж хоночхоод өглөө Налайхад аваад ирье гэж тохирсон. Тэгээд өглөө нь залгахад очиж явна Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрчихсөн явж байх шиг байна гэж хэлсэн. Тэрнээс хойш 2 цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь хүмүүсээс асуухад ямар нэгэн ноолуур зарсан, авсан зүйл байхгүй байсан. Тэгээд би өөрийгөө залилуулсан гэдгийг мэдээд Цагдаагийн байгууллагад хандах болсон. 88348837 гэж утсаар над руу залгасан. Би урьд өмнө харж байгаагүй дугаар байсан. 5744080916 гэх хаан банкны данс руу 2022 оны 4 дүгээр сарын 16-ны орой 23:14 цагт өөрийн данснаас шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх 14/,
Би Энхболдыг 2002-2003 онд цайз зах дээр 5-6 сар хамт ажиллаж арьс шир авдаг байсан. Тэгээд цайз зах Налайх, Эмээлт рүү хоёр тийшээ хуваагдаж нүүгээд би Налайх явж байсан. Тэгээд тэрнээс хойш хааяа нэг наймаа хийдэг байж байгаад 2022 оны 3 дугаар сарын сүүлээр Энхболд над руу залгаад Хэнтий рүү хамт явж ноолуур авъя та эхнэртэйгээ машинтайгаа хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би заа гээд Багануур дүүрэгт нэг хашаа байшинд очсон чинь Энхболд нь манай эхнэр гээд Л- гээд жаахан эмэгтэйг, хадам ээж гэх М- гээд эмэгтэйг танилцуулаад Энхболд бид гурав ноолууртаа явах гэсэн чинь машин жижигдэх юм шиг санагдаад би М-, Л- хоёрын машинд дайгдаад хот ороод ачааны машин аваад Хэнтий аймгийн Батноров сум руу ноолуурт явсан. Тэгээд хэд хоногийн дараа буцаж Багануурт ирээд өөрийн эхнэр Эрдэнэцэцэг, Энхболд, М-, Л- нарыг Багануурт ноолуур авхуулж үлдээгээд би өөрөө Налайхад ноолуур авч байгаад 2 хоногийн дараа буцаж нөгөө хэд дээр очоод ноолуураа ачиж аваад хот оруулж зарчхаад Энхболд, Эрдэнэцэцэг бид гурав Төв аймгийн Заамар руу яваад 5-6 хоног ноолуур аваад явж байтал нэг орой Энхболд руу нэг хүн залгасан. Тэгсэн Энхболд хэний хажууд байдаг Од мөнүү гэсэн чинь мөн мөн танд өмнө нь ноолуур өгч байсан хүн байна одоо ноолуур өгөх гэсэн юм яаралтай мөнгөний хэрэг гараад байна авгай хагалгаанд орох гээд байна гэж цаад хүн нь хэлж байсан. Тэгсэн Энхболд эхнэртэйгээ яриад Эрдэнэ суман дээр ноолуур ирчихсэн байна гэнэ очоод авч чадах уу гэсэн чинь авгай нь уурлаад байгаа бололтой чадна ш дээ ээж зөндөө ноолуур авч байсан мэднэ ш дээ яагаад надад итгэдэггүй юм гээд байсан. Тэгсэн Энхболд за за очоод үзээд газар дээр нь наашаа яриарай гэж хэлсэн. Тэгээд бид хэд сүлжээтэй газар гээд нэг овоон дээр зогсож байсан. Тэгж байтал Энхболдын эхнэр залгаад ноолуураа үзчихлээ дажгүй сайхан ноолуур байна 1000 төгрөг татаад 1 кг 156 000 төгрөгөөр авахаар боллоо гэж хэлсэн. Тэгсэн Энхболд машинд чинь багтах юм уу гэсэн чинь багтнаа машиндаа аччихлаа мөнгийг нь энэ данс руу шилжүүл гээд Г- гэсэн данс өгсөн. Тэгээд Л- нь Энхболдод ээж бид хоёр Багануур орж хоноод өглөө ноолуурыг чинь аваад Налайх ороод ирье та хэд Налайхад ирээд байж бай гэсэн. Тэгээд Энхболд, эхнэр бид гурав Заамараас гараад өглөө үүрээр 5 цагийн үед Налайхад ирээд 2 цаг гаран унтаад 7 цаг болж байхад Энхболдыг би нөгөө хоёр луугаа залга эртхэн ноолуураа үзэж янзалж заръя гэж хэлсэн. Тэгсэн Энхболд эхнэр, ээж хоёр руугаа залгасан чинь утас нь холбогдохгүй байна гэсэн. Тэгээд би жаахан байж байгаад залгасан чинь М- утсаа авахаар нь хаана яваа юм бэ гэсэн чинь Налайх дөхөж явах шиг байна гэсэн. Тэгэхээр нь Эрдэнэ сум өнгөрсөн юм уу гэсэн чинь өнгөрсөн гэсэн. Тэгэхээр нь Чингисийн хөшөө орсон юм уу гэсэн чинь замаа сайн мэдэхгүй байна гэсэн. Тэгээд хэсэг байж байгаад Энхболдоор залгуулсан чинь нэг газар хоол идэж байгаа юм ярьсан. Тэгээд дахиад залгасан чинь утас нь холбогдохгүй болчхлоо гэсэн. Тэгээд өдөр залгасан чинь хотод ороод ирчихсэн явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ноолуур хаана байна гэсэн чинь машины ард явж л байна аваачиж өгнө ш дээ гэж хэлээд тэгж байснаа утсаа салгаад алга болсон. Тэгээд би Энхболдоос гэрийг нь мэдэх үү гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Тэгээд Энхболд, эхнэр, бид гурав гэрийг нь хайгаад олоогүй. Тэгээд маргааш нь нөгөө Од гэж ярьсан хүний утас руу нь залгаад чи хэн гэж хүн бэ Г- гэж хүн мөн үү гээд мөн шилжүүлсэн хүний дансны эзэмшигчийн нэрийг хэлсэн чинь мөн гэж хэлсэн гэсэн тэгэхээр нь манай эхнэр Л-, М- хоёртой хамт явсан уу тэр хоёр хаана байна гэсэн чинь манай эхнэрийг эгчээ та Гандангийн арын автобусны буудал дээрээс очоод Хаан банкны харалдаа ТҮЦ-ээс очоод нэг юм үлдээсэн байгаа тэрийг авчих гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай эхнэр уг ТҮЦ-н дээр очсон чинь 8 сая төгрөг боогоод үлдээчихсэн байсан гэсэн. Тэгээд мөнгөө авчхаад Г- рүү залгаад мөнгө авчлаа гэсэн чинь эгчээ би авсан мөнгөнийхөө ихэнхийг нь өгчихсөн юм чинь цагдаад намайг гайгүй хэлээрэй гэж хэлсэн гэсэн. Тэгсэн манай эхнэр "болно чи хүрээд ир нөгөө хоёроо олоод өг, хүрээд ир" гэж хэлсэн чинь манай эхнэр дээр уулзахаар ирээд манай эхнэр над руу дагуулж ирээд Энхболд, Г-, Эрдэнэцэцэг бид дөрөв нөгөө хоёрыг хайгаад олоогүй. Тэгээд манайд очоод Г-ийг чи яагаад ингэж залилан хийсэн юм гэсэн чинь Л-, М- хоёр гурвуулаа мөнгөтэй болъё чи ноолууртай хүн гээд яриадах гээд яриулсан. Тэгээд би тэгж байгаад өөрийн данс руугаа мөнгө хийлгэсэн талаар хэлсэн. Тэгээд маргааш нь манай эхнэр М-тай холбогдоод ганцаараа очоод уулзъя гээд Энхболдтой цуг яваад би араас нь жижиг машинтай дагаж очиж уулзаад барьж аваад шууд Налайхын цагдаа руу яваад очсон чинь харьяалал нь Төв аймаг юм байна тийшээ яв гэсэн. Тэгээд Төв аймгийн цагдаа дээр очоод гомдол гаргаж шалгуулж эхэлсэн. Г-ээс 8 сая төгрөг авсан. Өөр ямар нэг мөнгө, төгрөг авсан зүйл байхгүй. М- мөнгийг чинь одоо өгнө, маргааш өгнө, ийм зүйл зарж байна, тийм зүйл зарж байна гээд зөндөө удаж байна. Үлдэгдэл 19 сая төгрөгөө нэхэмжилж байна. М- 5232 гэсэн дугаартай хар өнгийн приус 30 машинтай байсан.” гэх мэдүүлэг /хх 16-18/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Одоо хохирлоос 11 сая төгрөг дутуу байгаа үлдэгдэл хохирлоо авсан гэж үзэж болно." гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Энхболдын өгсөн: “2022 оны 4-р сарын 15-ны өдөр над руу 23 цаг өнгөрч байхад сайн байна уу ноолуур авах уу та Багануурт байдаг уу гэж хэлсэн. Тэгэхээр нь байдаг манайд аваачаад өгчих тэнд хүмүүс байгаа үзээд авна би одоо хөдөө явж байна гэж хэлсэн. Тэгээд 40 минутын дараа залгаад хог шороо байхгүй гайгүй сайхан ноолуур байгаа би Од байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би урьд нь Од гэх хүнээс авч байсан юм байна гэж бодоод аваачаад өгчихөө манайд хүн байгаа миний утас холбогдохгүй бол мессеж бичээрэй хэдэн хил ноолуур авсан гэж бичээрэй гэж хэлсэн. Тэгээд удалгүй над руу залгаад би Төв аймгийн Эрдэнэ суманд байна манай хажуу айлын хүн ноолуур самнаж байна хэдэн кг байгааг нь мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би танайх хаана байдаг юм гэхэд манайх Архустад байдаг гэсэн. Тэгэхээр нь би Пүрэвжалын хажууд байдаг Од мөн үү гэсэн тийм гэж хэлэхээр нь эднийх бол баараггүй юм байна гэж бодоод жаахан явж байгаад залгаад чи яасан бэ гэхэд манай хажуу айлын хүн ямаагаа самнаж дуусаагүй байна дуусахаар нь ярья гээд утсаа тасалсан. Тэгээд би сүлжээгүй газраар явж байхад над руу залгасан байхаар нь буцаагаад залгатал би ноолуураа өгмөөр байна 200 кг байна. Эрдэнэ дээр ирээд авчих гэхээр нь би хадам руу ярьж хэлэхэд би одоо Багануур гарлаа гэхэд нь хил, зүсэгчээ аваарай гэж хэлсэн. Тэгээд Л- над руу яриа би одоо гарлаа би очоод авъя би сайн мууг нь мэднэ чи надад итгэхгүй байгаа юм уу гэхэд нь Сайнаа ахтай явж байгаад муу ноолуур авсан байна лээ би мэдэхгүй байхад чи яаж мэдэх юм гэсэн чинь би мэднэ гээд зөрөөд байсан. Тэгээд хотоос гарлаа гээд надад хэлсэн. Тэгээд байж байтал Л- залгаад би нөгөө залуутай чинь уулзчихлаа ээж одоо араас ирж байна ноолуурыг чинь үзээд авъя гэсэн. Тэгээд Сайнаа ах бид хоёр яриад маргааш өглөө нь авъя гэхэд нөгөө залуу над руу залгаад боль боль гэхээр нь за за гээд хэлсэн. Тэгсэн удалгүй над руу залгаад Сайнаа ах бид хоёр ярилцаад ноолуураа авъя гээд Сайнаа ах тухайн хүмүүст 27 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь очтол ноолуур байгаагүй бид нар хүлээгээд ирэхгүй утас руу нь залгахад болохгүй байсан. Тэгээд Сайнаа ах цагдаад хандсан.” гэх мэдүүлэг /хх 20/,
"Би өмнөх мэдүүлэгтээ андуурч хэлсэн байна. 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр над руу ярьж С- ах 27 сая төгрөг шилжүүлсэн. Д.Г-ийг огт танихгүй. М.Л-, Б.М- нарыг сайн танина.” гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч Ж.Эрдэнэцэцэгийн өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр нөхөр С-, Энхболд нарын хамт Төв аймгийн Заамар суманд хөдөөгүүр ноолуур аваад явж байсан. Тэгсэн орой 21-22 цагийн үед хамт явж байсан Энхболдын утас руу Од гэх хүн залгаад Төв аймгийн Эрдэнэ суманд ноолууртайгаа ирчихлээ өмнө нь танд ноолуур өгч байсан Од байна ирээд авчих гээд байна гэж залгасан. Тэгсэн Энхболд нь М- гэх эмэгтэй рүү залгаад хаана байна Эрдэнэ суманд очоод ноолуур үзээд авчиж чадах уу гэж ярьсан чинь чадна гэж хэлж байх шиг байсан. Тэгээд удалгүй Энхболд М- ноолуур үзээд авчихлаа гэнээ мөнгийг нь шилжүүлчих гэж байна гэсэн. Тэгээд манай нөхөр С- өөрийнхөө данснаас Г- гэх хүний данс руу 27 000 000 төгрөг шилжүүлээд үлдсэнийг маргааш очоод өгье гэж хэлсэн. Тэгээд Энхболд М- руу яриад ноолуураа сайн харж хоноорой маргааш өглөө очоод авъя гэсэн чинь ачаад Налайх явлаа гэсэн. Тэгээд тухайн шөнөдөө Энхболд нөхөр бид гурав Налайх орж хоноод М- руу залгаад ноолуураа аваад ир гэсэн чинь эхлээд ярихдаа очиж байна гэсэн тэгээд 2-3 цаг болоод ирэхгүй байхаар нь ахиж залгасан чинь М- нь би нэг хэрэг хийчихсэн очиж чадахгүйнээ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд ахиж утсаа аваагүй бөгөөд Энхболд бид хоёр өмнө нь авсан байсан ноолуураа тушаахаар Эмээлт яваад буцаж явах замдаа нөгөө Од гэж залгасан хүн рүү залгаад чи яагаад миний мөнгийг худлаа хэлж авч байгаа юм гэсэн чинь Од гэх залуу нь М-, Л- хоёр намайг ноолуур зарна гээд утсаар ярьчих мөнгийг ороод ирэхээр гурвуулаа хуваагаад авъя гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би тэгж болох юм уу намайг хэрэгт хутгачихваа гэсэн чинь Л- нь болно мэдэхээр нь авлагаа авсан гээд хэлье гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёрын хэлснээр нь та нартай утсаар ярьсан юм та одоо хорооллын Хаан банкны харалдаа урт талын ТҮЦ-н очоод миний үлдээсэн юмыг авчих гэсэн. Тэгэхээр нь би чамтай уулзмаар байна гэсэн чинь би айж байна гээд уулзаагүй. Тэгээд Энхболд бид хоёр Эмээлтээс буцах замдаа хорооллын хэлсэн ТҮЦ-нд очход цаасанд 8 сая төгрөг боож үлдээгээд хажууд би энийг авсандаа харамсаж байна гэмшиж байна их мөнгө харахаар хүний шунал хөдөлдөг юм байна лээ уучлаарай гэсэн утгатай захиа бичиж үлдээсэн байсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь Г-ийг олж уулзаад Г-тэй хамт хайж байгаад М-, Л- хоёртой утсаар холбогдож байгаад арай гэж уулзаад шууд Төв аймгийн Цагдаагийн газарт аваачиж хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх 25-26/,
Шүүгдэгч Д.Г-ийн өгсөн: “Би Л-, М- нартай нийлж ноолуур зарна гэж Энхболд руу утсаар Од гэдэг хүн байна гэж худлаа ярьж бусдаас 27.000.000 төгрөг залилж өөрийнхөө данс руу аваад 9 сая төгрөгийг нь би аваад үлдсэн 18 сая төгрөгийг М-, Л- хоёрт өгсөн. Тэгээд би 2 хоногийн дараа буруу зүйл хийснээ ухаарч бусдаас авсан мөнгөнийхөө 8 сая төгрөгийг нь хорооллын автобусны буудал дээр байх ТҮЦ-нд захиа бичиж үлдээгээд эзэнд нь өгсөн. Дараа нь цагдаа дээр шалгагдаж байх хугацаандаа 1 сая төгрөгийг нь С-ад өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Л- анх мөнгөтэй болох уу гэхээр нь би яаж гэсэн чинь хүнээс мөнгө авах ёстой юм таньдаг хүн байгаа юм чи зүгээр утсаар яриад өгчих гээд намайг Энхболд гэх хүн рүү ноолуур өгөх гэсий Од байна гэж яриад өг гэхээр нь би өөрийнхөө 88348837 тоот дугаараасаа ярьж өөрийнхөө данс руу 27 сая төгрөг шилжүүлэн авсан. 8 саяыг буцаагаад өгсөн. 1 сая төгрөгөөр нь хувцас авсан. М-гийн охин Л- надад тухайн хүмүүст тэгэж хэл ингэж хэл гэж зааж өгч байсан. 200 кг ноолуур зүгээр зохиомол зүйл. Багануураас ирэхэд М- гэр лүүгээ түрүүлж ороод гарч ирсэн. Тэгээд Салхит ороод ирэх хооронд Л- тухайн зүйлийг сэдэж бодсон юм шиг байна лээ. Гэрт нь ирэхэд нөгөө хүмүүс чинь ярьвал 200 кг ноолуур байгаа гээд хэлчих гэсэн. Тэгэхээр нь ингэж болох юм уу гээд ярилцахад охин Л- нь хамаагүй бид нар ноолуур аваад ашгаа хуваадаг юм би мөнгийг нь аваад гурвуулаа хувааж аваад энэ хүмүүст түрүүлээд ашгаа авчихлаа гээд хэлье гэсэн. М-, Л- нарыг сайн мэдэхгүй. 2022 оны 3 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод таксинд явж байгаад танилцсан. Тэрнээс хойш 4-5 удаа уулзсан.” гэх мэдүүлэг /хх 71-72, 54-55/,
Шүүгдэгч М.Л-ын өгсөн: “Уг мөнгөнөөс 1 сая орчим төгрөгийг авч зарцуулсан. Д.Г- 9 сая төгрөг авсан. Үлдсэн мөнгийг нь ээж авсан. Хүнд мөнгө өгөх ёстой байсан тэрийгээ өгсөн. Манай ээж ганц бие ааваас салаад 6 жил болж байгаа. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Хувиараа таксинд явдаг. 37-96 УАС улсын дугаартай Мазда маркийн машинтай. Уг машин нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байдаг. Би 2017 онд Төв аймгийн Борнуур сумын ЕБС-г төгссөн. Бүрэн дунд боловсролтой. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ 2 хүүхдээ харж байгаа. Манай том охин 4 настай, бага охин 1 нас 8 сартай. 2021 онд Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академид суралцаж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан мэргэжил эзэмшсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна. Баагий буюу Г-ийг танихгүй. Г-эд тухайн хүмүүстэй ярих үгийг ээж М- надад тэгж хэл гэж зааж өгч би дамжуулсан. 200 кг ноолуур нь зүгээр зохиомол зүйл.” гэх мэдүүлэг /хх 80-81, 48-49/,
Шүүгдэгч Б.М-гийн өгсөн: “Би Л-, Г- хоёртой нийлж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгөнөөс 17.000.000 төгрөгийг нь авсан. Би өртэй байсан тэрийгээ дарсан. Би тухайн хүмүүсийг арай ч цагдаа сэргийлэх болж хүндрээд явчихана гэж бодоогүй. Болдоод хэлж чадаагүй надад итгэхгүй гэж бодоод ийм зүйл сэдчихсэн. Би самарт явж ирээд хохирогч нарт самар өгөхөөр тохирсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх 90-91/,
Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5/, хохирогч Ц.С-, шүүгдэгч Д.Г-, М.Л-, Б.М- нарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 28-30/, Ц.С- өөрийн данснаас 27 сая төгрөг шилжүүлсэн талаархи дансны хуулга /хх 31/, шүүгдэгч нарын дансны хуулга /хх 34-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.М-, М.Л- нар нь төрсөн эх, охин байх бөгөөд Д.Г- нь таксинд яваж байхдаа Б.М-тай танилцаж улмаар харилцаатай байсан болох нь шүүгдэгч Д.Г-ийн өгсөн: “М-, Л- нарыг сайн мэдэхгүй. 2022 оны 3 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод таксинд явж байгаад танилцсан. Тэрнээс хойш 4-5 удаа уулзсан.” гэх мэдүүлгээр тогтоогдсон. /хх 54-55/
Шүүгдэгч М.Л- хохирогч Ц.С-тай хамтран ноолуур зарж борлуулах худалдаа эрхлэгч Ц.Энхболдтой хамтран амьдардаг байсан болох нь гэрч Ц.Энхболдын өгсөн "Г- гэх хүнийг танихгүй. М-, Л- нарыг сайн танина. Л- миний хамтран амьдрагч." гэх мэдүүлэг /хх 20/,
Шүүгдэгч М.Л-, Б.М- нар нь хамтран амьдрах харилцаан дээр үндэслэн Ц.Энхболдоор дамжуулж Ц.Энхболдыг Ц.С-тай Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт ноолуур цуглуулахаар явсан хойгуур шүүгдэгч Ц.Энхболдод Од гэх хүний нэрийг барьж 200 кг ноолуур өгөх талаар үг зааж өгөн яриулж 200 кг ноолуурын үнэ гэх 27 000 000 /хорин долоон сая/ төгрөгийг Ц.С-аас 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлэн авсан үйлдэл нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Улсын яллагч шүүгдэгч нарын залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхдээ оролцсон оролцоог шүүгдэгч М.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу Б.М-, Д.Г- нартай санаатай нэгдэж урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хамжигчаар,
шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу М.Лхагвалжаргал, Д.Г-тэй нартай санаатай нэгдэж урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, зохион байгуулагчаар,
шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-, М.Л- нартай санаатай нэгдэж урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, гүйцэтгэгчээр тус тус оролцсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Д.Г-ийн өгсөн: “М-гийн охин Л- надад тухайн хүмүүст тэгж хэл ингэж хэл гэж зааж өгч байсан. 200 кг ноолуур зүгээр зохиомол зүйл. Багануураас ирэхэд М- гэр лүүгээ түрүүлж ороод гарч ирсэн. Тэгээд Салхит ороод ирэх хооронд Л- тухайн зүйлийг сэдэж бодсон юм шиг байна лээ. Гэрт нь ирэхэд нөгөө хүмүүс чинь ярьвал 200 кг ноолуур байгаа гээд хэлчих гэсэн. Тэгэхээр нь ингэж болох юм уу гээд ярилцахад охин Л- нь хамаагүй бид нар ноолуур аваад ашгаа хуваадаг юм би мөнгийг нь аваад гурвуулаа хувааж аваад энэ хүмүүст түрүүлээд ашгаа авчихлаа гээд хэлье гэсэн. М-, Л- нарыг сайн мэдэхгүй. 2022 оны 3 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод таксинд явж байгаад танилцсан. Тэрнээс хойш 4-5 удаа уулзсан.” гэх мэдүүлэг /хх 71-72, 54-55/,
Шүүгдэгч М.Л-ын өгсөн: “Баагий буюу Г-ийг танихгүй. Г-эд тухайн хүмүүстэй ярих үгийг ээж М- надад тэгж хэл гэж зааж өгч би дамжуулсан.” гэх мэдүүлэг /хх 80-81, 48-49/,
Шүүгдэгч Б.М-гийн өгсөн: “Тухайн хүмүүстэй ярих үгийг би Л-д зааж өгсөн. Тэгээд Л- Г-эд зааж өгсөн.” гэх /хх 40-41/ мэдүүлгээр тохирсон гэж үзэв.
Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.
Залилан мэхлэх гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхитэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхгүй хууран мэхлэлт нь хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийг бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт хэрэгтэн хэдийгээр мэдэж байгаа атал зориудаар үл мэдээлэх, нуун дарагдуулсан эс үйлдлээр илэрхийлэгдэнэ.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.М-г бусадтай бүлэглэн, санаатай нэгдэж урьдчилан үгсэн тохиролцож, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч М.Л-ыг бусадтай бүлэглэн, санаатай нэгдэж урьдчилан үгсэн тохиролцож, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
Шүүгдэгч Д.Г-ийг бусадтай бүлэглэн, санаатай нэгдэж урьдчилан үгсэн тохиролцож, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 1 жил 6 сар хорих, шүүгдэгч М.Л-, Д.Г- нарт 6 сар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн зүгээс шүүгдэгч Д.Г- нь хохирол нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар хөнгөрүүлж мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Болорчулууны зүгээс шүүгдэгч М.Л- хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Б.М- хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул тус бүрийг тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой;
Б.М- нь Нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуульд үйлчлэгч ажилтай гэх, ам бүл 5, эх, охин, 2 зээгийн хамт Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг 1-р гудамжны 15 тоотод оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19-р хороо Цайзын 54-01 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи хавтаст хэргийн 56-р хуудаст авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46/, сэтгэцийн F06.2 органик дэмийрлийн эмгэгтэй боловч хэрэгт холбогдсон гэх цаг хугацаанд засрал сайжралын байдалтай байсан байна. Б.М- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын 416 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч дүгнэлт, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлгүй,
М.Л- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2-5 насны хоёр хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг 1-р гудамж 15 тоотод оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19-р хороо Цайзын 54-01 тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи хавтаст хэргийн 56-р хуудаст авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51/, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлгүй,
Д.Г- нь “Таван богд” ХХК-нд талбайн зохицуулагч ажилтай гэх, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын 1-р багийн Өсөх 6-р гудамжны 12 тоотод оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи хавтаст хэргийн 56-р хуудаст авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлгүй зэрэг баримтууд авагдсан байна.
Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирлоо нөхөн төлөөгүй, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч М.Л-, Д.Г- нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарын тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна." 5 дахь хэсэгт "Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.", мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна.", 5 дахь хэсэгт "Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна." тус тус заасан тул,
шүүгдэгч М.Л-, Д.Г- нар нь тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.М- нар нь "Малчин Од байна, ноолуур өгье." гэж яриулан хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгож, хохирогч Ц.С-аас Д.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 5744080916 дугаартай дансаар 27 000 000 төгрөгийг шилжүүлэн авч уг мөнгөнөөс шүүгдэгч Д.Г- 9 000 000 төгрөг, шүүгдэгч М.Л- 1 000 000 төгрөг, шүүгдэгч Б.М- 17 000 000 төгрөг авсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Г- нь 9 000 000 төгрөг, шүүгдэгч М.Лхагвасүрэн нь 1 000 000 төгрөг, Б.М- 6 000 000 төгрөгт Мазда маркийн тээврийн хэрэгслийг 6 000 000 төгрөгт тооцон шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон,
хохирогч Ц.С- үлдэх 11 000 000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч Б.М-гаас нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн 2205014912226 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Л-, Д.Г- нар нь 2023.3.06-2023.3.17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 11 /арван нэг/ /хх 154-155, 193-196/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М.Л-, Д.Г- нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон Баярхүүгийн М-, Боржигон М-гийн Л- нарыг бүлэглэн, санаатай нэгдэж урьдчилан үгсэн тохиролцож, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Сартуул Дамиранбазарын Г-ийг бусадтай бүлэглэн, санаатай нэгдэж урьдчилан үгсэн тохиролцож, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 2 /хоёр/ жил хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-эд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 2 жил хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч М.Л-, Д.Г- нарын тус бүр тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М М.Л-, Д.Г- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-, Д.Г- нарт үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гаас 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Налайх дүүрэг 1-р хороо Баянзүрхийн 15-1 тоотод оршин суух С-д /РД: /-д олгосугай.
9.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Л-, Д.Г- нар нь 11 /арван нэг/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л-, Д.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ