Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2020/00268

 

 

 

 

 

 

                         

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х Х Н О Б  ТӨХК -д холбогдох

 

            Хөшигийн хөндий нисэх онгоцны буудал ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах хөдөлмөрийн гэрээний үүргийн биелэлтэнд 577,605 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баасандагва, Ж.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч С.Батчимэг, гэрч Г.Нямтуяа, гэрч Ё.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Доржийн Ган-Эрдэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс Х Х Н О Б ” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани /ТӨХХК/-д Хуулийн мэргэжилтнээр ажилд орж, 18/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа болно. “Х Х Н О Б ” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай тушаал болон, ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хуулийн мэргэжилтний нэг сарын үндсэн цалинг 2,100,000 төгрөг байхаар тогтоосон.

Миний бие Д.Г  нь Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 01- ний өдрийн А/12 дугаартай тушаалаар Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-аар томилогдсон бөгөөд Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолд заасны дагуу 20 хувийн нэмэгдэл авдаг болно.

Гэтэл 2019 оны 10 дугаар сарын цалинг олгохдоо миний цалингаас ямар нэг үндэслэлгүйгээр 145,976 төгрөг суутгаж цалин хөлсийг дутуу олгоод байна.

Мөн Х Х Н О Б  ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал нь 2019 оны  11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/37 дугаартай тушаал гарган Хуулийн мэргэжилтэн Д.Г д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэхүү тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Компанийн дүрмийн 7.9.9, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1.3, 12.1, 12.7 дахь зүйлүүдийг удирдлага болгосон байна. Миний бие нь хүлээсэн хууль ёсны үүрэг даавгавраа цаг тухайд нь гүйцэтгэдэг бөгөөд Б/37 дугаартай тушаалыг ямар нэг бодитой үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний бие Д.Г нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс Х Х Н О Б  ТӨХХК-д Хуулийн мэргэжилтнээр ажилд орж, 18/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа болно. “Х Х Н О Б ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай тушаал болон, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хуулийн мэргэжилтний нэг сарын үндсэн цалинг 2,100,000  төгрөг байхаар тогтоосон.

Миний бие Д.Г  нь Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаартай тушаалаар Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-аар томилогдсон бөгөөд Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолд заасны дагуу 20 хувийн нэмэгдэл авдаг болно.

Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын цалин олгохдоо миний цалингаас ямар нэг үндслэлгүйгээр 431,629  төгрөг суутгаж цалин хөлсийг дутуу олгоод байна.

Иймд “Х Х Н О Б ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/37 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Мөн Хөдөлмөрийн гэрээний үүргийн биелэлт “Х Х Н О Б " ТӨХХК-аас 2019 оны 10 дугаар сарын дутуу олгосон цалин 145,976 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын дутуу олгосон цалин 431,629 төгрөгийг тус тус гаргуулж өгөхийг хүсье ” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар ялгаварлан гадуурхалт буюу давуу эрх бий болсон байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан 3 бүртгэлүүд нь хоорондоо зөрж байгаа. Хөдөлмөрийн дотоод журамд ирцийн бүртгэлийн тайланг зохицуулж өгсөн. Хөдөлмөрийн дотоод журамд хүний нөөцийн хэлтэс цаг ашиглалтын явцын тайланг сар бүрийн 15-ны өдөр, нэгдсэн тайланг 25-ны өдөр гаргадаг.

Гэрч Ё.Мөнхбаяр нь хурууны хээний асуудлыг мэдэхгүй хурууны хээг уншуулахаа мартсан тохиолдолд хүмүүсийг нөхөж бичдэг гэж хэлсэн. Тус байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ялгаварлыг хэн нэгэн хүнд оногдуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу бүрдүүлэх ёстой.

Тус байгууллага нь хөдөлмөрийн дотоод журмаар ирцийн тайланг хэн гаргах, яаж хэрхэн гаргах талаар зохицуулсан байна. Гэтэл байгууллага нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж Г.Нямтуяа гэх хүнд үүрэг даалгавар өгсөн. Г.Нямтуяагийн гаргасан бүртгэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна. Г.Нямтуяад нь бүртгэл хөтлөх эрх хэмжээ байхгүй. Цалин хассан бүх бүртгэл нь Г.Нямтуяагийн нэр дээр явж байгаа.

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилласан байхад Г.Нямтуяагийн бүртгэлд ажиллагаагүй гэж тодорхойлсон байна. Г.Нямтуяад бүртгэл байгаа бол тэр нь хэрэгт авагдах ёстой. Хавтаст хэргийн 65 дугаар хуудаст авагдсан баримт нь зөвхөн Д.Г тэй холбоотой баримт байна. Хөдөлмөрийн дотоод журам Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд заасан зохицуулалтаар зохицуулагдана.

Хөдөлмөрийн дотоод журамд хурууны хээгээ бүртгүүлээгүй бол ажлын 4 цаг хасна гэж зохицуулсан зүйл байхгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч цалин хөлсийг хийснээр болон цагаар олгоно гэж хэлсэн. Хурууны хээг бүртгүүлээгүй байна гэдэг нь 4 цагийг ажиллагаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Байгууллагын дотоод журмаараа үүнийг тогтоож өгсөн бол манайх үүнтэй маргахгүй. Нэхэмжлэгчийн 10 сараас 4 цагийг хасаж цалин хөлснөөс суутгал хийсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу зөвхөн тушаалын үндсэн дээр цалин хөлснөөс суутгал хийдэг.

Д.Г-ийг шүүхэд гомдол гаргасны дараа Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал нь сахилгын шийтгэл оногдуулсан. Гэтэл сахилгын шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй. Хэзээ өгсөн үүрэг даалгаврыг яаж биелүүлээгүй талаар Д.Г эс тайлбар аваагүй. А.Баасандагва дарга нь өөрийн үзэмжээр сахилгын шийтгэл оногдуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Иймээс сахилгын зөрчил тогтоосон хэлбэр байхгүй.

Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол дээр сахилгын зөрчлийг тогтоохдоо ажилтантай уулзсан тэмдэглэл, зөрчлийг тогтоосон үйл баримтуудыг хавсаргах ёстой. Гэтэл зөрчлийг тогтоосон үйл баримт байхгүй.

600 минутыг яаж гаргасан шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тодорхой болсон. Ажилласан цагийг ажиллаагүй, хурууны хээ бүртгүүлээгүй үйлдлийг 4 цагаар хасаж тооцоод 600 минутыг гаргасан байна. Үүнийг нь 600 минут гарсан гэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд тодорхой ажилтнууд нь илүү эрх дарх эдлээд, хамгийн их үүрэг даалгавар авч ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтнаа ялгаварлан гадуурхаж байна.

Хавтаст хэрэгт хамтын гэрээг нотлох баримтаар өгсөн. Хамтын гэрээнд ажил олгогчийг төлөөлж А.Баасандагва гэх хүн ажилтныг төлөөлж Д.Г  гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар сарын 12.8-т хамтын гэрээ, хэлэлцээр хийснээс хойш нэг жилийн дотор ажлаас халахыг хориглоно гэж заасан. Иймээс хамтын гэрээ нь өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Мөн хамтын гэрээ хэлэлцээртэй холбогдуулж сахилгын шийтгэл оногдуулахыг хориглодог. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хамтын гэрээг хүчин төгөлдөр бус гэж ярьж байна.

1995 онд Монгол улс нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн 135 конвенцид хамтын гэрээ байгуулагдсанаас хойш нэг жилийн дотор тухайн хамтын гэрээнд гарын үсэг зурсан этгээдүүдэд хамт олны зөвшөөрөлгүй сахилгын шийтгэл оногдуулахыг хориглодог. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Монгол Улсад  нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенци дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Хамтын гэрээнд ажилтныг төлөөлж орсон Д.Г д ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэл оногдуулсан бол хамт олны зөвшөөрлийг авч, хамт олны хурал хийсэн үйл баримтыг хавтаст хэрэгт өгөх ёстой.

Гадуур ажилласан ажлын бүртгэлийг Г.Нямтуяа хөтөлнө гэсэн бичгээр гаргасан тушаал, дүрэм журам байхгүй байна. Гадуур ажлын бүртгэлийг 2019 оны 10 сарын дундуур хөтөлсөн гэж тайлбарласан боловч хамгийн эхний бүртгэл нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Г.Нямтуяа өөрийгөө бүртгэсэн гэж хэлсэн. Г.Нямтуяагийн 10 дугаар сард гаргасан бүртгэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Эрх хэмжээгүй этгээд бүртгэл хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Г ийг “Х Х Н О Б ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/01 дугаар “Д.Г-ийг ажилд томилох тухай” тушаалаар Хуулийн мэргэжилтэн албан тушаалд томилон ажилд авсан.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл”-ийн 131.1. “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурьдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.1-т “сануулах”, Компанийн дүрмийн 7.9.9 “Компанийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах”, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1.3. “Хөдөлмөрийн хууль, энэ журам,  хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр ажилтанд сахилгын арга хэмжээ авах, 12.1-т “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хариуцсан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, ажил, мэргэжпийн алдаа гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, ажилтанд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна. 12.7-д “Ажилтны ажлын цаг таслалт (хоцролт) 1 улирлын нийлбэр дүнгээр минут хүрсэн бол сахилгын хариуцлага тооцох үндэслэл болно” дэх хэсгийг тус тус үндэслэн “Х Х Н О Б ” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/37 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Захиргаа,  хууль эрх зүйн хэлтсийн Хуулийн мэргэжилтэн Д.Г  нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, ажилтны ажлын цаг таслалтын 1 сарын нийлбэр дүн 600 минутаас хэтэрсэн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэж сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Нэхэмжлэгч тус компанийн хуулийн мэргэжилтэн Д.Г ийн 2019 сны 10, 11 дүгээр сарын цалинг тооцохдоо “Х Х Н О Б ” ТӨХХК- ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/01 дугаар тушаалаар саталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ийн 6 дугаар зүйл “Ажлын цаг, амралтын хугацаа,чөлөө олгох”-ийн 6.6 “Ажилд ирэх, ажлаас тарахдаа ажилтан хурууны хээгээр мэдрэх цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлнэ...”, 6.7 “Ажилтан тогтоосон хуваарь, цаг ажлын байранд тогтмол ажиллах үүрэгтэй бөгөөд гадуур албан ажлаар явах тохиолдолд шууд удирдах ажилтандаа, түүний эзгүйд харъяалах удирдлагадаа мэдэгдэж, гадуур ажлын тэмдэглэлд холбогдох мэдээллийг бүртгүүлнэ. Хариуцсан ажилтан гадуур ажлын тэмдэглэл хөтлөх бөгөөд тухайн ажилтан гарын үсэг зурсан байна” дэх заалтыг үндэслэн журмын 6.8 “Журмын 6.7 болон 6.8-д заасан цаг ашиглалт, цагийн бүртгэлийн нэгдсэн тайлан нь ажилтны сарын цалинг тооцох үндэслэл болно. Хүний нөөц нь цаг ашиглалтын явцын тайланг cap бүрийн 15-нд, нэгдсэн тайланг cap бурийн 25-ны дотор гаргана.  Нэгдсэн тайланг Захиргааны асуудал хариуцсан хэлтсийн даргаар хянуулж Санхүүгийн асуудал хариуцсан хэлтэст хүргүүлнэ” гэсэн заалтын дагуу цаг бүртгэлийн төхөөрөмж, захирлын баталгаажуулсан цагийн бүртгэлийг үндэслэн Д.Г-ийн 10 сард тасалсан 12 цагийн цалинд 145976 төгрөг, 11 сард тасалсан 34 цагийн цалинд 544,000 төгрөгийг тус тус хасч тооцсон болно” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн 3 шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах, цалин хасах арга хэмжээг авсан.

Д.Г  нь цагийн бүртгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх шиг байна. Хөдөлмөрийн дотоод журамд хүний нөөцийн хэлтэс, хүний нөөцийн мэргэжилтэн гэж бичсэн боловч одоогоор энэ бүтэц зохион байгуулалт байхгүй. Г.Нямтуяа нь гүйцэтгэх захирлын туслах мөн архив, бичиг хэрэгч гэдэг утгаараа компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах бичиг баримтыг бүртгэх, хөтлөх, архивлах бүрэн эрхтэй.

Ерөнхий нягтлан бодогч цагийн бүртгэлийг анхан шатнаас нь эхэлж цалинг боддог. Архив бичиг хэрэг, гүйцэтгэх захирлын туслах компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож бичиг баримт хөтөлж байгаа хүнд давхар цаг бүртгэлийн ажлыг хариуцуулах нь харш үйлдэл биш гэж үзэж байна.

Г.Нямтуяагийн хөтөлсөн цагийн бүртгэл дээр хяналт хариуцсан дарга А.Баасандагва гарын үсэг зурдаг. Хурууны хээгийн бүртгэл, цахим бүртгэл зэргийг үндэслэж ерөнхий нягтлан бодогч цалинг бодож олгодог. Ажилтнууд нь ажлын байрны тодорхойлолтод заасан хуваарийн дагуу ажил үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Хувийн ямар нэгэн таагүй харилцаанаас удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхгүй байх нь өөрт олгосон арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болохгүй.

Тус байгууллага нь хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгжүүлэх ёстой гэж ярьдаг боловч хэрэгжихгүй явсаар байгаад 9 сард гүйцэтгэх захирлын тушаал гарч ажлын цагийг үндэслэж цалин хөлсийг тооцож олгох, ажлын цаг ашиглалтад хяналт тавих шаардлага гаргасны улмаас 10 сараас хэрэгжиж эхэлсэн.

Хувь хүний таарамжгүй харилцаанаас болж хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байх нь хөдөлмөрийн дотоод журамд заасан хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна” гэв.  

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Г  нь хариуцагч Х Х Н О Б  ТӨХХК-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын дутуу олгосон цалин 145,976 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын дутуу олгосон цалин 431,629 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь ажилаа тасалсан учир дутуу цалинг дутуу олгосон, 600 минутаас дээш хугацаагаар ажлаа тасалсан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Х Х Н О Б  ТӨХХК-ийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/37 тоот тушаалын 1 дэх заалтаар “Захиргаа, хууль зүйн хэлтсийн Хуулийн мэргэжилтэн Д.Г  нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, ажилтны ажлын цаг таслалтын 1 сарын нийлбэр дүн 600 минутаас хэтэрсэн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай ” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Компанийн дүрмийн 7.9.9, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3, 12.1, 12.7 дэх хэсгийг тус тус үндэслэн ажил олгогч Д.Г д сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 24 дэх тал/

 

Нэхэмжлэгч нь “намайг гадуур ажилтай байх хугацаанд намайг ажил тасалсан гэж 2019 оны 10 дугаар сарын дутуу олгосон цалин 145,976 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын дутуу олгосон цалин 431,629 төгрөг хассан. 10 дугаар сард ирсэн, буцсан цагаа бүртгүүлээгүй нь үнэн. Харин 11 дүгээр сард цагийн тооцоо нь зөрүүтэй, миний бие цагаа бүртгүүлсэн байхад гадна ажлын дэвтэрт бүртгүүлээгүй гэж сахилгын шийтгэл ногдуулж, ажиллаагүй гэж үндэслэлгүй цалин хассан” гэж, хариуцагч нь “10 дугаар сард цагийн бүртгэл хийгээгүй, 11 дүгээр сард гадуур ажлын дэвтэрт бичилт хийгээгүй, ажил тасалсан нь 600 минутаас хэтэрсэн байх тул сануулах сахилгын шийтгэл ногдуулж, цалин хассан” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон татгалзлын үндэслэлийн тус тус тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.” гэж заасан бөгөөд ажилтан ажилдаа ирж, явах цагийг бүртгүүлээгүй, мөн ажлын цагаар ажлын байрандаа байгаагүй тохиолдолд цалингаас ажлаагүй цагийн мөнгийг хасаж тооцох нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сард ажилдаа ирсэн, явсан цагийг бүртгүүлээгүй үйл баримтад маргаагүй бөгөөд уг хугацааны цалинг хасаж тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Харин, Х Х Н О Б  ТӨХХК-ийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/37 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, ажилтны ажлын цаг таслалтын 1 сарын нийлбэр дүн 600 минутаас хэтэрсэн гэх үндэслэлийг дурьдсан.

 

Нэхэмжлэгч Д.Г  удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, уг үүрэг даалгавар нь хэзээ өгсөн үүрэг даалгавар эсэх нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан хугацаанд хамаарч байгаа эсэхийг тодруулах боломжгүй байна.

 

 Түүнчлэн, хавтаст хэргийн 65 дахь талд авагдсан 2019 оны 10, 11 дүгээр сар гэх баримтад Д.Г-ийн ажлын цагийн таслалтыг 30 цаг 10 минутаар тооцсон бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй байна.

 

Х Х Н О Б  ТӨХХК-ийн гарын хурууны цахим бүртгэлийг хэвлэж шүүхэд нотлох баримтаар гаргасан бөгөөд уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй боловч талууд маргаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно. /хх-ийн 86-89 дэх тал/

 

Х Х Н О Б  ТӨХХК-ийн гарын хурууны цахим бүртгэлээс үзэхэд Д.Г  нь ажил тасалсан гэж байгаа өдрүүдэд өглөө, оройны бүртгэлийг хийсэн байх бөгөөд гэрч Г.Нямтуяа “Д.Г тэй нэг өрөөнд суудаг байхгүй хугацааг нь бүртгэсэн юм” гэж мэдүүлэх боловч гэрч Г.Нямтуяа нь хариуцагч байгууллагын даргын туслахын албан тушаалд ажилладаг, нэгдмэл сонирхолтой этгээд тул мэдүүлгийг үнэн зөв эсэхэд эргэлээтэй гэж үзэв.

 

Х Х Н О Б  ТӨХХК-ийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/37 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нь Д.Г-ийн ажлын цаг таслалтын 1 сарын нийлбэр дүн 600 минутаас хэтэрсэн үйл баримтыг баримтаар нотлоогүй тул хариуцагч Х Х Н О Б  ТӨХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын дутуу олгосон цалин 431,629 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 218.1.11-т зааснаар   Х Х Н О Б  ТӨХХК-ийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/37 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, хариуцагч Х Х Н О Б  ТӨХХК-иас 431,629 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г д олгож, 10 дугаар сарын дуруу олгосон цалин 145,976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,400 төгрөг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР