Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 83

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолоор баталж ирүүлсэн Б.Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201601070264 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                    Л.Отгончимэг

 Улсын яллагч                                                     Б.Алтанцэцэг          

 Шүүгдэгч                                                       Б.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой,  оператор жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ганцаараа Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 7 дугаар гудамжны 14 тоот хашаанд оршин суух, УД69112714 дугаарын регистертэй, Боржигон овгийн Базарпүрэвийн Ган-Эрдэнэ.

         Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

          Яллагдагч Б.Ган-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний орой Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 7 дугаар гудамжны 14 тоотод хамтран амьдрагч Ц.Нямсүрэнтэй архидан согтуурч маргалдан баруун дал орчимд хутгаар хатгаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 10 сарын 31-ний орой 22 цагийн үед Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Рашаантын 7 дугаар гудамжны 14 тоотод гэртээ мах идэж байхад Нямсүрэн нь гаднаас халамцуухан, хагас шил архи барьчихсан орж ирсэн. Би тэр архинаас нь жижиг аягаар хийж өгөхөөр нь хоёр татсан. Тэгээд Нямсүрэн нь ярих ярихгүй юм яриад намайг есөн шидээр хэлээд байхаар нь би “архи уусан газар руугаа яв, эсвэл ажил дээрээ очиж хоно” гэж хэлэхэд үгэнд орохгүй агсраад байхаар нь эхлээд аяга авч шидсэн оноогүй, дараа нь хутга холуур шидсэн ч багананд ойгоод Нямсүрэнгийн даланд нь зоогдоод хутга нь газар унасан байсан. Нямсүрэн “нуруугаар халуун оргиод байна” гэхээр нь хартал цус гарч байхаар нь орны даавуугаар боож өгөөд эмнэлэг явуулсан. Бид 2 танилцаад 4-5 жил хамтран амьдарч байгаа, одоо ч гэсэн хамт амьдарч байна. Хохирогчоос уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хэрэг бүртгэлтэд хохирогч Ц.Нямсүрэнгийн өгсөн : “...Би 2016 оны 10 сарын 31-ний орой найз Болороотой хамт “Ерөөл” нэртэй 0.5 литрийн 1 шил архи хувааж уугаад дахин нэг шил “Ерөөл” архи аваад талыг нь гэртээ авч орсон. Гэртээ ороод Ган-Эрдэнэд архинаасаа аяганд хийж өгч уулгасан. Ган-Эрдэнэ намайг “архи ууж ирлээ, архи уусан газраа очиж хоно, ажил дээрээ очиж унт” гэж хөөгөөд байхаар нь миний уур хүрээд өөдөөс нь хэрэлдсэн. Би түүнийг хэл амаар доромжилсон юм шиг байна. Ган-Эрдэнэ надтай хэрэлдэж байхдаа аяга авч шидэхэд аяга нь хажууд унасан. Тэгээд би сандал дээр суугаад хувцасаа өмсөж байтал ар нуруугаар халуу оргиод эхэлсэн. Ган-Эрдэнэд нуруугаа харуултал цус гарч байна гэж хэлээд орны даавуугаар ороосон. Сүүлд нь харахад савтай махан дотор байсан хутгыг над руу шидсэн байсан. Би архи уухаараа агсам зантай, эргэн тойрныхоо хүнийг доромжлоод байдаг гэсэн. Би баруун даландаа хутгаар хатгагдаж 4 оёдол тавиулсан, одоо зовиур байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/

 

Хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 3-8/

 

Согтуурлын зэрэг шалгасан тухай “ Б.Ган-Эрдэнийн согтуурлын зэргийг шалгахад  0.078 хувь байсан” гэх тэмдэглэл /хх-н 17/

 

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай “Ажлын хэсэг нь 7 сантиметр урт, 10 сантиметр урт цагаан өнгийн бариултай, ажлын хэсэгтээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хаана үйлдвэрлэгсэн нь тодорхойгүй 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцов” гэсэн тогтоол /хх-н 21/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 сарын 1-ний өдрийн 09 шэ/395 тоот актын:

  1. Ц.Нямсүрэнгийн биед баруун далны дунд хэсэгт оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Уг шарх нь ташуу чиглэлтэй, ир мөр нь доош харсан байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ө.Шаарийбуу гэсэн дүгнэлт /хх-н 28/

 

Б.Ган-Эрдэнэ нь “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41/ /болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/395 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

      Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 7 дугаар гудамжны 14 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Нямсүрэнг “архи ууж ирлээ” гэж уурлан хоорондоо маргалдаж, улмаар түүний баруун дал орчимд хутга шидэж биед нь баруун далны дунд хэсэгт оёдолтой шарх гэмтэл бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Нямсүрэн нь гаднаас халамцуу орж ирээд над руу агсраад байхаар нь би хутга авч шидсэн. Түүний авчирсан архинаас нь би 2 татсан байсан” гэсэн мэдүүлэг болон хэрэг бүртгэлийн шатанд хохирогч Ц.Нямсүрэнгийн “гэртээ ороод Ган-Эрдэнэд архинаасаа уулгасан. Ган-Эрдэнэ намайг “архи ууж ирлээ, архи уусан газраа очиж хоно, ажил дээрээ очиж унт” гэж хөөгөөд байхаар нь миний уур хүрээд өөдөөс нь хэрэлдсэн. Би түүнийг хэл амаар доромжилсон юм шиг байна. Ган-Эрдэнэ эхлээд над руу аяга шидсэн боловч оноогүй. Тэгээд би сандал дээр суугаад хувцасаа өмсөж байтал ар нуруугаар халуун оргиод эхэлсэн. Ган-Эрдэнэд нуруугаа харуултал цус гарч байна гэж хэлээд орны даавуугаар ороосон. Сүүлд нь харахад савтай махан дотор байсан хутгыг над руу шидсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2016 оны 11 сарын 1-ний өдрийн 09 шэ/395 тоот актын “Ц.Нямсүрэнгийн биед баруун далны дунд хэсэгт оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримт, согтуурал шалгасан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Б.Ган-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Б.Ган-Эрдэнэ нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай хандсан болох нь хамтран амьдрагч Ц.Нямсүрэнтэй “архи ууж ирлээ, архи уусан газартаа эсвэл ажил дээрээ очиж унт” гэх зэргээр хоорондоо хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогдов.

 

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг хохирогч, шүүгдэгч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ц.Нямсүрэн нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-н 24-25/

Мөн хохирогч Ц.Нямсүрэн нь “Ган-Эрдэнэ бид хоёр эвлэрч, эвтэй найртай хамт амьдарч байгаа тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг /хх-н 57/ хэрэгт ирүүлжээ.

      Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-41/ тогтоогдсон болно.    

           Иймд шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэргийн хохирогч Ц.Нямсүрэн нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж мэдүүлж, эвлэрсэн талаарх хүсэл зоригийг илэрхийлсэн хүсэлтийг бичгээр хэрэгт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгавал зохино.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2,  208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Базарпүрэвийн Ган-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Базарпүрэвийн Ган-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Хохирогч Ц.Нямсүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  5. Б.Ган-Эрдэнэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тогтоож ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ган-Эрдэнэд урьд оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Б.Ган-Эрдэнэд болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ган-Эрдэнэд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА