Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/00298

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны01 сары28 өдөр

                              181/ШШ2020/00298

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Ш.Б-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Я.Д-д холбогдох

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,590,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б , хариуцагч Я.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө нь Я.Д ийг таньдаг байсан. Я.Д  нь 3,000,000 төгрөг яаралтай хэрэгтэй байна. Удахгүй Солонгосоос мөнгө орж ирнэ, тэгэхээр өгье гээд өөрийн эзэмшлийн хашаа байшингийн бичиг баримтыг авч над дээр ирсэн. Анх 3,500,000 төгрөг зээлье гэж байсан ч надаас 3,300,000 төгрөгийг авсан.

Би Я.Д ид итгээд хашаа байшингийнх нь бичиг баримтыг авахгүйгээр тус мөнгийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж өгсөн. Тухайн үед Я.Д  нь хүүг их байна гэж хэлж байгаагүй.

Я.Д  нь гэрээнд заасан хугацаанд мөнгийг шилжүүлж байсан. Би үндсэн зээлийн хугацаа дуусаж байгааг хэлэхэд Солонгос улсаас их хэмжээний мөнгө орж ирнэ, 2 байрныхаа нэгийг зарчихвал мөнгийг хурдан төлнө гэж хэлж байсан.

Я.Д  нь 12 сар хүртэл хүүг төлсөн. 2019 оны 11 сараас эхлэн утсаа авахгүй, утас нь холбогдохгүй байсан. Сүүлд нэг удаа холбогдоход би Солонгос явах гэж байгаа виз гарсан, чиний мөнгийг өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь Солонгос явах гэж байна гэж бодоод шүүхэд хандсан.

Иймд хариуцагчаас нийт 5,590,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 3,300,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Тодорхой хэмжээгээр төлж байсан. Гэхдээ хүү нь маш өндөр байсан. 3,298,900 төгрөгийг төлж байсан. Гэрээнд заасны дагуу 3 сарын хүүг төлөх хүсэлтэй байна. Гэрээг цааш нь сунгаж байгаагүй. Ш.Б  удаан хугацаанд дарамталж байсан. Надад зээлсэн мөнгөө хулгайн ан хийж өгсөн. Гэхдээ энэ талаар би сүүлд мэдсэн” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б  нь хариуцагч Я.Д ид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Я.Д  нь Ш.Б аас авсан 3,300,000 төгрөгийн 3,298,900 төгрөгийг төлсөн. Гэрээнд заасны дагуу хүүг 3 сараар тооцож өнгө үү гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 3,500,000 /гурван сая таван зуу/ төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр гурван сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулахаар тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа гурван сар тул нэхэмжлэгч нь гурван сарын хүү төлөх үүрэг хүлээнэ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3,298,900 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /дээрхи үйл баримтад талууд маргаагүй болно/

 

Талуудын зээлийн гэрээний хүү нэг сарын 280,000 төгрөг, гурван сарын хүү 840,000 төгрөгийн үүрэг хүлээсэн ба хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 3,298,900 төгрөгөөс зээлийн хүүгийн төлбөрийг хасаж тооцон, үлдэх 2,458,900 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт тооцсон болно.

 

Хариуцагч нь зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 841,100 төгрөгийг төлөх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, талуудын хоорондын зээлийн гэрээний 3-д “Хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги 0,5 хувь болно” гэж тус тус заажээ.

 

Зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 841,000 төгрөгийн 50 хувиар буюу 420,550 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Я.Д оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,261,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж болон бусад зардалд 100,000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлд дурьдсан ба уг шаардлагыг тодруулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгө гэж тайлбарласан тул бие даасан шаардлага гэж үзээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Я.Д оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,216,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,373,350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Д оос 33,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР