Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2020/00104/И |
Дугаар | 181/ШШ2020/00299 |
Огноо | 2020-01-28 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2020/00299
2020 оны 01 сары28 өдөр | 181/ШШ2020/00299 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Ж-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ө Ф ХХК -д холбогдох
Гэрээний үүгийн гүйцэтгэлд 39,895,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Г.Ж нь Монгол улсын Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийг үндэслэн харилцан тохиролцож 2016 оны 08 сарын 31-ний өдөр Гариг Констракшн ХХК, Ө Ф ХХК-тай Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Монтед цогцолбор хорооллын 1 блок байрны 50.5 метр квадрат талбайтай 2 өрөө байрыг 39,895,000 төгрөгөөр худалдан авахаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.
Дээрх гэрээний 3.1-т заасны дагуу Гариг Констракшн ХХК-д захиалагч тал төлбөрөө 100% хувь төлнө гэсний дагуу Гариг Констракшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 47101142 дугаар дансанд 39,895,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар 31-ний өдөр бүрэн төлсөн юм. Гэтэл Ө Ф ХХКомпаниас 2017 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 41 дугаартай Орон сууц захиалгын гэрээ цуцлах тухай албан бичгийг надад өгсөн.
Ингээд Ө Ф ХХК-ийн удирдлагуудтай уулзаж байраа авах эсвэл байрны төлбөрт 39,895,000 төгрөг төлсөн мөнгөө буцаан авах талаар хүсэлт гаргасан боловч бид таны мөнгийг аваагүй учир өгсөн Гариг Констракшн ХХК-иас хохирлоо барагдуул гэж удаа дараа хэлсээр өнөөг хүрээд байна. Гариг констракшн ХХК, Ө Ф ХХК-иуд нь үгсэн хуйвалдаж байр ашиглалтад орох хугацаа дөхөөд ирэхээр иргэдийн мөнгийг 6-7 сарын хугацаанд эргэлдүүлж байраа босгож авсан хэрнээ, иймэрхүү байдлаар иргэдийг хохироож байгааг зөвтгөх үндэслэлгүй байна.
Г.Ж нь гэрээний үүргийн зөрчилгүй гэрээний дагуу байрны төлбөрөө төлсөн атал өнөөдрийг хүртэл байргүй, мөнгөгүй болсонд гомдолтой байна.
Иймд Ө Ф ХХК-иас байрны төлбөр болох 39,895,000 төгрөгийг гаргуулж өгнө үү”гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнгөт фасат ХХК нь 2011 онд Барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан бөгөөд захирлаар Б.Мөнхбат ажилладаг билээ.
Манай Ө Ф ХХК нь 2016 онд “Монтед-84 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, барилгын ажил гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд Гариг констракшин ХХК, захирал Д.Мөнхтөртэй 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр №09 дугаартай “орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан байдаг.
Тус гэрээний 1.2-т зааснаар захиалагч Гариг конштракшн ХХК нь 40.8-81.4 м.кв талбайтай нийт 10 ширхэг байрыг /526.2 м.кв/ 1 м.кв-ийг нь 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт 63,144,000 төгрөгийг захиалга хийсэн билээ.
2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Гариг констракшин ХХК, захирал Д.Мөнхтөртэй байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №09 дугаартай гэрээг үндэслэн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг ГЖамъянсүрэнтэй Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол, Алтай гудамж 431 а, 432 б, 433 а тоот байршилд баригдаж буй орон сууцны барилгын 1 дүгээр блок байрны 50,5 м.кв 2 өрөө байрыг захиалсан гэрээг байгуулсан.
Гэвч Гариг констракшин ХХК, захирал Д.Мөнхтөртэй байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №09 дугаартай гэрээг тус гэрээний 3.2-т заасан төлбөр төлөх графикийн дагуу төлбөрөө төлөөгүй тул үндсэн гэрээг цуцалсан.
Гариг констракшин ХХК-тай байгуулсан үндсэн гэрээ цуцлагдсан учраас №09/01 дугаартай гэрээний захиалагч Г.Ж д гэрээ цуцлагдсан болохыг албан ёсоор мэдэгдсэн.
Нэхэмжлэгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Гариг констракшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 4710111142 тоот харилцах дансанд 39,895,000 төгрөгийг бүрэн төлсөн... Мөн гэрээний 3.1-т Гариг констракшн ХХК-д захиалагч тал төлбөрөө 100 хувь төлнө” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Ж нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 39,895,000 төгрөгийг гэрээний дагуу Гариг констракшн ХХК-д шилжүүлсэн нь тодорхой бөгөөд Гариг констракшн ХХК-иас миний харилцах дансанд / Хаан банкны 5009446608 тоот/ Г.Ж гийн захиалсан байрны төлбөр гэсэн утгатай мөнгө шилжиж ирээгүй болох нь дансны хуулгаар нотлогдоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг хнирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж зааснаар хариуцагч гэх Өнгөт фасат ХХК нь нэхэмжлэгч Г.Ж гийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал байхгүй болох нь нэхэжпэгчийн нэхэжпэлийн шаардлагад тодорхой дурьдагдсан байх тул Өнгөт фасат ХХК нь хариуцагч биш бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан жинхэнэ хариуцагч биш болох нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Г.Ж гийн нэхэмжилсэн орон сууцны үнэд төлсөн 39,895,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.” гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч Ө Ф ХХК-д холбогдуулан 39,895,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ө Ф ХХК нь Гариг констракшн ХХК-ийг хариуцна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Г.Ж , Ө Ф ХХК, Гариг констракшн ХХК нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 25 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хороолол, Алтай 14 дүгээр гудамж 431А, 432Б, 433А тоот хаягт баригдаж буй орон сууцны барилгын 1 дүгээр орц, 6 дугаар давхар, E загварын 50,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, уг гэрээний төлбөрийг 100 хувь Гариг констракшн ХХК-д төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Ө Ф ХХК, Гариг констракшн ХХК нар нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 25 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үндсэн дээр Гариг констракшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 4710111142 тоот дансанд 39,895,000 төгрөгийг орон сууцны захиалганд зориулж 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдов.
Хариуцагч Ө Ф ХХК нь “...Гариг констракшн ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 09 дугаартай “Орон сууц захиалгаар байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж 10 орон сууц худалдахаар тохиролцсон. Манай талд 291,345,000 төгрөг шилжүүлсэн. Бид гэрээнээс татгалзаж, 56,000,000 төгрөг буцааж шилжүүлсэн боловч Гариг констракшн ХХК-ийн захирал Д.Мөнхтөр сураггүй алга болсон. Манай компани хариуцахгүй, Гариг констракшн ХХК хариуцна. Г.Ж гийн нэрээр мөнгө шилжиж орж ирээгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан.
Гариг констракшн ХХК болон Ө Ф ХХК нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 09 дугаартай “Орон сууц захиалгаар байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу нийт 526,2 мкв талбайтай 10 орон сууцыг 1 м.кв талбайг 1,200,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу Гариг констракшн ХХК нь Ө Ф ХХК-иас орон сууцыг бусдад худалдан борлуулахаар тохиролцсон байна.
Дээрхи гэрээний дагуу Г.Ж , Ө Ф ХХК, Гариг констракшн ХХК нар гэрээ байгуулсан бөгөөд Ө Ф ХХК нь Г.Ж тэй гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй.
Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6-д зааснаар нэхэмжлэгч нь Гариг констракшн ХХК болон Ө Ф ХХК-ийн хэн нэгнээс нь шаардах эрхтэй.
Хариуцагч Ө Ф ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэгч Г.Ж тэй байгуулсан гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурсан, Г.Ж д гэрээнд заасан орон сууц худалдах, худалдан авах гэж байгааг мэдэж байсан, гэрээнд Гариг констракшн ХХК-д орон сууц захиалгын мөнгийг шилжүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Гариг констракшн ХХК-д шилжүүлсэн үйл баримт нь гэрээний хүсэл зоригт нийцсэн бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч Гариг констракшн ХХК болон Ө Ф ХХК нарын хоорондын төлбөр тооцооны асуудал нь нэхэмжлэгч үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж, орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөр 39,895,000 төгрөгийг шаардахад саад болохгүй юм.
Хариуцагч Ө Ф ХХК нь нэхэмжлэгч Г.Ж гийн нэрээр мөнгө манай компанид шилжиж орж ирээгүй гэж маргах атлаа уг үйл баримтыг баримтаар нотлоогүй.
Г.Ж , Ө Ф ХХК, Гариг констракшн ХХК нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 25 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан атлаа орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 39,895,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Ө Ф ХХК-аас 39,895,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ж д олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Ө Ф ХХК нь Гариг констракшн ХХК-д холбогдуулан гэрээний хохирол шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч хариуцагч Ө Ф ХХК-иас 39,895,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ж д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө Ф ХХК-иас 357,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ж д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР