Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч  Д.З

Хохирогчийн өмгөөлөгч С.Э

Хохирогч Г.А

Шүүгдэгч Э.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И  овогт Э-н И холбогдох эрүүгийн ... тоот хэргийг ...-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны.. . дугаар сарын... .-ны өдөр Дорноговь аймгийн.... төрсөн, ... настай, халх, эрэгтэй, ... боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэрийн ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн .... тоотод оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй, И овгийн Э-ын И /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хамт ажилладаг Г.А “хүнд архи аягалж өглөө” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж тархи доргилт, хамар ясны хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхинд болон скелерт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар шанаагаар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвгөнд цус хуралт, зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Э.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19:00 цагийн орчим хуучин ажлын газрын хүмүүстэй ... сумын ... багийн нутаг дэвсгэрт байх ... нэртэй газар орж хоол идсэн. Тэгээд би урьд өмнө нь эр эмийн харилцаатай байсан, Г.А гэх эмэгтэйтэй хамт гараад бид хоёр мэргэжлийн хяналтын байрны урд Г.А-ийн машин дотор 1 шил 0,75 литрийн архи, 2-3 лаазтай пиво хувааж уусан.  Тэгээд уугаад байж байх үед намайг ажлын газрын О гэх хүнтэй уулзаад яваад байгаа юм биш үү гэж хэлээд бид хоёрын дунд хардалтаас болоод хэрүүл эхэлсэн. Тэгээд нэлээн ширүүн хэрүүл болоод А намайг хэсэг газар маажаад надтай хэсэг ноцолдсон. Тэгээд би тэрнээс хойш сайн санахгүй байгаа. Учир нь би нэлээн архи уучихсан байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш өглөө нь Г.А залгаад чи намайг зодчихсон гэж хэлсэн. Тэгээд би А-г зодсон талаар мэдсэн гэжээ. /хх-ийн 59/

Шүүгдэгч Э.И шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 04 сарын 24-нд билүү 25-нд ажлынхантайгаа хоол идэхээр гарсан. Тэндээсээ А бид хоёр гараад А-ийн гэрийн гадаа ирж машинд архи, пиво уусан. Тэгээд 02 цагийн үед гэр гэр лүүгээ орохоор салсан. Маргааш нь А залгаад зодсон талаар надад хэлсэн. Тэгж л би түүнийг зодсоноо мэдсэн. Миний буруу, хохирлыг төлж барагдуулна. Хамрын хагалгаанд оруулж өгнө гэв.

Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажлын газрын хүмүүстэй ... сумын ... баг ... гэх нэртэй газар орж хоол идсэн. Хоолонд орж байх үед И хамт байсан. Тэгээд манай ажлын газрын хүмүүс тухайн газраа үлдсэн. Харин И бид хоёр 23 цагийн орчим тухайн газраас гараад такси барьж яваад 145-р байрны гадна байх миний машин дотор би 1 лааз пиво уусан. Харин И 1 шил архи, 1 лааз пиво уусан. И намайг хоол идэж байх үед хүнд архи аягалж өглөө гэж хэлээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд би чи ч гэсэн тэрэнтэй уугаад байсан биз дээ гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгээд нэлээн ширүүн хэрэлдээд миний нүүр рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. Би тэгээд балмагдаад цааш юу болсон талаар санахгүй байна. Тэгээд И машинаас буугаад явчихсан. Би гэр лүү ороод толинд харахад миний царай аймар болчихсон байсан. Тэгээд би унтаад өглөө босоход нүүр нэлэнхийдээ хавдчихсан, хөл жоохон өвчин орчихсон байсан. Тэгээд дүү О ирээд хамт эмнэлэг ороод цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. /хх-ийн 09-10/

Хохирогч Г.А шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 сарын 25-нд ... ресторанд ажлынхантайгаа хоолонд орсон. Тэндээс И-ын хамт гараад манай гэрийн гадаа таксигаар ирээд миний машинд архи, пиво уусан. Тэгээд маргалдаад И намайг зодсон. Маргааш нь манай дүү намайг эмнэлэгт үзүүлж эмнэлэгт хэвтсэн. Миний хамранд хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Судалж үзээд 7,200,000 төгрөгөөр хийдэг юм билээ. Мөн хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мөн MRI зурга авхуулах, үзлэг хийлгэх гэх зэргээр зардал гарсан. Нийт 8,510,520 төгрөгийн зардал гарсан үүнээс И-ын төлсөн 250,000 төгрөгийг хасаж үлдэх 8,260,520 төгрөгийг нэхэмжилнэ. Гэхдээ хамрын хагалгаа хийлгээд өгвөл заавал 7,200,000 төгрөгийг авна гэхгүй. Харин бодит гарсан 1,060,520 төгрөгийг гаргуулна гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Г.А нь нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 1,197,900 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.И-аас гаргуулж эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 13/

Насанд хүрээгүй гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ээж А ажлын газрын хүмүүстэй хоол иднэ гээд гараад явсан. Тэгээд 23:00 цаг өнгөрч байх үед ээж гэртэй ирсэн. Тэгээд удалгүй утас нь дугараад ээж гэрээс гараад явсан. Гэрийн гадна хүн хашхираад байхаар нь ээж рүү залгатал манай ээж утсаа авахгүй байсан. Тэгээд ажлын газрын хүн нь залгаад ээж чинь манайд хононо гэж хэлсэн. Тэгээд би унтаад өгсөн. Харин манай ээж 04-05 цагийн орчим үүрээр орж ирсэн. Тэгээд өглөө хартал ээжийн нүүр нь аймар болчихсон байсан тэгээд ээжийн дүү нь ирээд ээжийг эмнэлэг рүү аваад явсан. ....Э.И нь манай ээж А-ай хамт ажилладаг хүн. Тэгээд ээж утсаа авахгүй байхаар над руу бараг 20-30 удаа залгадаг. Тэгээд намайг чи хаана яваад байгаа юм бэ? хариач, ээж чинь хаагуур яваад байгаа юм бэ? гэж байнга залгадаг. Би танихгүй юм байж битгий ингэж хамаагүй мессеж бичээд бай гээд би хэлтэл иргэний үнэмлэхээ авсан бол болоо гэсэн юм ярьсан. 2022 оны 09-р сарын орчим манай ээж рүү Э.И залгаад байсан. Ээж утсаа авахгүй дууг нь хаачхаад унтаад өгсөн байсан. Тэгээд над руу залгахад нь би аваад ээжид өгсөн чинь наад гөлөгтөө утсаа ав гэж хэл гэж хэлж байсан. Тэгээд манай гэрт байнга согтуу орж ирдэг. Мөн 2021 оны зун манай гэрийн үүдэнд ээжийг нүүр хэсэгт цохиж байхыг би харсан. 2023 оны 03, 04 сарын орчим нэг удаа манай гэрт согтуу орж ирээд буйдан дээр суусан тэгэхээр нь би харсан чинь Ларьдмаа шиг харцтай пизда вэ? гэж намайг хэлж байсан. Би энэ талаар нь ээжийн дүү болон эгч нарт хэлсэн чинь энэ үйл явдлыг нь манай ээжийг эгч дүү нар Э.И-ын эхнэрт хэлсэн юм гэсэн. Тэгээд тэр явдлаас болж намайг байнга харааж үзэн яддаг болсон. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны болсон хэргийн талаар гомдол гаргах гээд цагдаа дээр ирэхэд Э.И нь машинтай дагаад ард ирчихсэн өөдөөс инээгээд зогсож байсан. Энэ мэтчилэн байнга харааж зүхэж доромжилдог гэжээ. /хх-ийн 19-20/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тэмдэглэл /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/

Дорноговь аймгийн ... багийн засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-31, 61/

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ...-ны өдрийн ... дугаартай шинжээчийн 1.Г.А-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.Г.А-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд доод зовхинд болон скелерт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар шанаагаар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд цус хуралт, зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Г.А-ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 34-35/

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын ...-ний өдрийн тогтоол /хх-ийн 52-54/

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ...-ны өдрийн ... дугаартай албан тоот, хохирлын тооцоо /хх-ийн 63-64/

Хохирлын тооцоо, баримтууд /хх-ийн 65, 90-35/

Иргэний нэхэмжлэгчид хохирол төлсөн баримт /хх-ийн 66/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 67-68/

... эмнэлгийн хохирлын баримтууд /хх-ийн 90-96/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Э.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хамт ажилладаг Г.А-тай үл ялах шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж тархи доргилт, хамар ясны хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхинд болон скелерт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар шанаагаар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвгөнд цус хуралт, зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Э-ийн /хх-ийн 19-20/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ...-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Э.И-ын гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Г.А нь нийт 8,510,520 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Э.И-ын төлсөн 250,000 төгрөгийг хасаж үлдэх 8,260,520 төгрөгийг нэхэмжилдэг. Хэрэгт авагдсан баримтаар 7,200,000 төгрөгийн ... гэх байгууллагын нэхэмжлэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн хохирогч Г.А нь ямар мэс ажилбарт, хэн гэх эмчийн заавраар орох шаардлагатай нь тодорхой байна. Иймд 7,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх энэ шийтгэх тогтоолоор хангах боломжгүй тул баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. Харин нотлох баримтаар тогтоогдсон нийт 1,310,520 төгрөгийн эмчилгээний зардлаас шүүгдэгчийн төлсөн 250,000 төгрөгийг хасаж үлдэх 1,060,520 төгрөгийг шүүгдэгч Э.И-аас гаргуулж хохирогч Г.А-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувьд шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,197,900 төгрөгийг төлж барагдуулсан нь Төрийн банкны төлбөрийн баримтаар нотлогдож байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Э.И-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,197,900 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг нотлох баримтын хүрээнд төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, насанд хүрээгүй гэрч, хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овгийн Э-ын И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын И-ыг Дорноговь аймгийн .... сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.И-аас 1,060,250 төгрөгийг гаргуулж хохирогч Г.А-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шүүгдэгч нь 1,197,900 төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Э.И нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээг 1 сарын хугацаанд авах үүрэг хүлээлгэж, хохирогч Г.А болон түүний насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцах, оршин суух газарт нь очихыг хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авсугай.     

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И нь үүрэг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.И-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.Б