| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/03626/И |
| Дугаар | 181/ШШ2020/00327 |
| Огноо | 2020-01-30 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2020/00327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Н- ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н Ш Ш Г Г ө холбогдох
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс аливаа шийдвэрээр мөнгө болон эд зүйлсийг гаргуулж бусдад олгох тухай ямар ч шүүхийн шийдвэр гараагүй, аливаа шүүхийн шийдвэрээр бусдад төлөх ямар ч төлбөр байхгүй болно.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Н Эрдэнэт үйлдвэр ХХК-д төлөх төлбөртэй, төлбөр төлөгч харьцаж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 226/02 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр 356,312,020 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор төлөхийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 221/01 дугаар зарлан дуудах мэдэгдлээр мэдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх ажиллагаануудыг дахин явуулж иргэн миний эрх ашгийг хөндөж 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 226/07 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр 571,521,180 төгрөгийг төлөх, мөн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 229.09 дугаар мэдэгдлээр Н Ш Ш Г Г т 09 цаг 00 минутад ирэхийг даалгасан.
Н Ш Ш Г Г -ын шийдвэр гүйцэтгэгч Б.Ононтамираас ямар үндэслэлээр иргэн надад холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг асуухад Улсын дээд шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаар тогтоол, уг тогтоолын үндэслэн бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн ажиллагаа явуулж байгаа талаар хэлсэн.
Ц.Нацагдорж нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцоогүй бөгөөд уг иргэний хэрэг нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Гантуяа, С.Чинбат Эн Си Корп ХХК-д холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 665 дугаар шийдвэрийг гаргасан, Нийслэлийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК болон Эн си корп ХХК-ийн байгуулсан 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 46 тоот гэрээг цуцалж, Эн си корп ХХК-аас 354,445,000 төгрөг гаргуулж, Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гэрээний дагуу шилжүүлсэн ДСП-6 маркийн цахилгаан зуухыг гаргуулж, Эн си корп ХХК-д тус тус олгож, М. Чинбат, Ч.Гантуяа нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж заасан.
Ц.Нацагдорж нь Эн Си корп ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд Ц.Нацагдоржийг дээрх хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч мэтээр үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Дээрх шүүхийн шийдвэрүүдээр Эн Си корп ХХК-аас 354,445,000 төгрөг гаргуулж, Эрдэнэт үйлдвэр ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд иргэн Ц.Н гаас 354,445,000 төгрөг гаргуулж, Эрдэнэт үйлдвэр ХХК-д олгохоор шийдвэрлээгүй юм.
Н Ш Ш Г Г -ын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Ц.Н гийн гэрийн дундын эд хөрөнгө болох Samsung 51 инчийн телевизор, ханын стенк, бор өнгийн буйдан, цагаан өнгийн буйдан, ширээ, хөргөгч, ус цэвэршүүлэгч, гал тогооны тавилгыг битүүмжилсэн бөгөөд эдгээр эд хөрөнгөнүүд нь Ц.Н гийн гэр бүлийн хөрөнгө болохоос Эн Си корп ХХК-ийн хөрөнгө биш юм.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмыг тусгайлан зохицуулсан, Эн Си Корп ХХК-аас шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар гаргуулах ёстой атал Н Ш Ш Г Г -ын 226 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ононтамир нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй иргэн Ц.Н гаас төлбөр гаргуулахаар ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Тухайн үед Ц.Нацагдоржийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор Эрдэнэт үйлдвэр ХХК-д Эн си корп ХХК нь 354,445,000 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар ямар ч мэдээлэл байгаагүй байхад үндэслэлгүйгээр удаа дараа ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээс санаатай зайлсхийвэл эрүүгийн гэмт хэрэг болно гэж тулгаж мэдэгдлүүд дээр гарын үсэг зуруулсан.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Эн Си Корп ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр ХХК-д төлөх 356,312,020 төгрөгийг төлбөр төлөгч Эн Си Корп ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Н намайг төлөх мэтээр үзэж иргэн Ц.Н д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү ” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 665 дугаар шүүхийн шийдвэрээр Эн Си Корп ХХК-аас 354,445,000 төгрөгийг гаргуулж Эрдэнэт үйлдвэр ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, 11.2-т зааснаар Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу төлбөр төлөгч Эн Си Корп ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлсэн боловч төлбөрийн шаардлага хангаагүй тус компани нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Шим ХХК-ийн байр, 1 давхар, 2 дугаар корпуст үйл ажиллагаа явуулдаггүй, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд үнэт цаас бүртгэлтэй эсэх, ашигт малтмал, газрын тосны газарт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй эсэх, нийслэл болон 9 дүүргийн газар зохион байгуулалтын албанд эзэмшил ашиглалтад газар бүртгэлтэй эсэхийг тодруулахад эд хөрөнгөгүй болох нь тогтоогдсон.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын лавлагаагаар Эн Си Корп ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Чинбат 60 хувь, Ц.Н 40 хувь эзэмшдэг нь тогтоогдсон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасны дагуу “Төлбөр төлөгч нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухай хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж тус тус заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 665 дугаар шийдвэрээр Эн Си корп ХХК-иас 354,445,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Тус шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 23-ны 4364 дугаартай Шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
2019 оны 12 дугаар сраын 10-ны өдрийн 201025040840 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Ц.Н гийн “зурагт самсунг 51 инч, хананы стенк, бор өнгийн буйдан, хүрэн бор өнгийн ширээ, хар өнгийн хөргөгч, цагаан өнгийн ус шүүгч, хар өнгийн гал тогооны тавилга” зэрэг хөдлөх хөрөнгийг битүүмжлэн авчээ.
Нэхэмжлэгч Ц.Н нь Эн Си корп ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр 2008 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн, тус хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн болох нь Эн Си Корп ХХК-ийн дүрмээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Эн Си Корп ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааны явцад Ц.Н гийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний зэрэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан.
Хязгаарлагдмал хариуцлагатай хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанид оруулсан хөрөнгө, эсхүл санхүүгийн сонирхлоор худалдан авахад зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр л хуулийн этгээдийн бусдын өмнө хүлээх хариуцлага нь хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн бусдад төлөх төлбөрийг түүний хувьцаа эзэмшигч төлөхгүй, харин хуулийн этгээд үүнийг бүрэн хариуцах ёстой юм.
Дээрхи агуулгаар хуульд “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу гарсан шүүхийн шийдвэртэйгээс бусад ямар ч тохиолдолд ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг хариуцах, нөхөх хариуцлага хүлээх ёсгүйг тодорхой зааж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалан хуульчилсан байна.
Харин “гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн заалтаар ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх тохиолдлын хариуцлагын хэмжээг зааж, мөн хязгаарласан ба өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээ гэдэг нь тухайн компанийн хувьцааг эзэмшихийн тулд хувьцаа эзэмшигчээс компанид оруулсан хөрөнгөд хамааралтай ойлголт бөгөөд ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь зөвхөн ийнхүү оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ хариуцлага хүлээхээс биш эзэмшиж буй хувьцааныхаа хувь хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээх агуулга биш.
Энэ хэргийн тухайд Эн Си Корп ХХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмшигч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хариуцлага хүлээхээр заасан эзэмшиж буй хувьцаанд нь ногдох хөрөнгө гэж үзэх бөгөөд оруулсан энэ хөрөнгө нь Эн Си Корп ХХК-ийн нэрээр бусдын өмнө тус компанийн хүлээсэн үүрэгт төлбөр болж төлөгдөж байгаагаараа нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлагаа хүлээж байгаа юм.
Эн Си корп ХХК-ийн блансад тусгагдаж, тухайн компанийн нэр дээр бүртгэгдсэнээр компанийн өмч болох бөгөөд Эн Си корп ХХК-ийн бүхий л өмч, хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь хувьцаа эзэмшигч Ц.Н нь өөрийн эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр хариуцлагаа хүлээж байгаа гэж үзнэ.
Ийнхүү хувьцаа эзэмшигч Ц.Н гийн хуулиар хүлээх хариуцлага нь Эн Си Корп ХХК-д оруулсан хөрөнгөөр хязгаарлагдаж, эзэмшиж буй хувьцаанд ногдох хөрөнгөөр тодорхойлогдож байгаа тул Эн Си Корп ХХК-ийн хувьцааг эзэмшихтэй холбоогүй өөрийн компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр Эн Си корп ХХК-ийн үүргийг хариуцах үндэслэлгүй болно.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч Ц.Н гийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй тул Эн Си Корп ХХК-ийн өмчлөлөөс бүрэн тусгаарлагдмал байж, компанийн өмчлөлөөс ялган зааглах бүрэн боломжтой байдлаар ашиглагдаж байсан тухайн хөдлөх эд хөрөнгийг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан “зааглагдаагүй эд хөрөнгө” гэж үзэхгүй.
Иймд Н Ш Ш Г Г Эн Си Корп ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааны явцад Ц.Н гийн хувийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа, болон бусад мэдэгдэл нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй...” гэж заасанд нийцээгүй гэж үзнэ.
Түүнчлэн, арбитрын шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа нь тусдаа гүйцэтгэх хуудас бичигдсэн, тусдаа ажиллагаа байхад нэгтгэх ажиллагаа хийлгүйгээр хамтад нь гүйцэтгэж байгаа нь учир дутагдалтай болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд Н Ш Ш Г Г -ын Ц.Н гийн хувийн өмчид холбогдуулан явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Эн Си Корп ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах ажиллагаа хийхдээ Ц.Н гийн хувийн өмчид холбогдуулан явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР