| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0049/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Х
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Э-ын Э-д холбогдох эрүүгийн эрүүгийн ... тоот хэргийг ...-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн,.. . настай, ..., эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэрийн .... хүүхдийн хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суудаг, урьд Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 5 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, Ж... овогт Э-ын Э /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 07 цагийн орчимд Дорноговь аймгийн .... сумы.. . багийн ... тоотод өөрийн эхнэр О.М-ыг гар утсаа аваагүй гэрт хүмүүс цуглуулж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шалтгаанаар зодож биед нь цээжний баруун талд 10 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, хоёр талын гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх Дорноговь аймгийн ... тоотод амьдардаг. Би ... аймгийн .... суманд .... /тээврийн жолооч ажилтай/ хийдэг. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ... аймгаас .... хотод ирсэн. 19 цаг 30 минутад эхнэрийн гар утас руу залгаж видео дуудлагаар холбогдож юу хийж байгаа талаар асуухад манай эхнэр нүүрэн дээрээ маск тавиад гэртээ амарч байна гэж ярихад архи уусан юм шиг санагдахаар нь би “чи архи уусан нь уу” гэж асуухад “би архи уугаагүй” гэж хэлээд “хуц хуц” гээд л гар утсаа салгасан. Дахин би эхнэрийн гар утас руу зөндөө залгасан боловч гар утсаа аваагүй. Тэгээд би манай доод давхарт амьдардаг Б-ын гар утас руу залгаж “манай эхнэр гар утсаа авахгүй байна завтай бол манай гэр лүү ороод гар утсаараа манай эхнэртэй яриулаад өгөөч” гэж хэлсэн. Б-ын хүүхэд манай гэр лүү манай эхнэрт намайг “ярь гэж байна” гэж хэлсэн. Манай эхнэр миний гар утас руу залгаагүй. Тэгээд манай охин Ү руу залгаж “ээж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу” гэж асуухад мэдэхгүй гэж ярьсан. Манай охин тухайн үед бүжгийн бэлтгэлтэй байсан. Тэгээд охин хэсэг хугацааны дараа гэр лүү харьж манай байрны орц гэрэлгүй тул би охины видео дуудлагаар холбогдож ярьж байгаад манай охин гэр лүү ороход манай эхнэр охины гар утсыг булаагаад авсан. Тэгээд гар утас нь холбогдохгүй болсон. Охины ярих үед манай гэрт Э, А нар манай гэрт сууж байгаа харагдсан. Тэгээд би .... хотоос ... сум руу явах жижиг суудлын тээврийн хэрэгсэлд сууж маргааш нь буюу 05 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг 40 минутад орж ирсэн. Тэгээд би гэртээ орж ирэхэд жижиг өрөөнд манай эхнэр сууж байхаар нь би шууд очоод “чи намайг яаж доромжлоод байгаа юм” гээд баруун гуя хэсэг рүү нэг удаа өшиглөөд, нүүр хэсэг рүү нэг удаа алгадаад автал нүүрээ гараараа дараад орон дээр хана налаад суухаар нь баруун хавирга хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохиод “А яагаад манай гэрт ирсэн юм” гэтэл “Э дуудсан” гэсэн тэгэхээр нь би “худлаа яриад бай” гэтэл “үнэн” гэхээр нь би “Э-ээс залгаж асууя” гээд утсаар залгаад “А-ыг чи гэрт дуудсан биз дээ” гээд манай эхнэр асуутал Э “тийм ээ” гэхээр нь би “чи ямар дураараа юм бэ айлд эрэгтэй хүн дуудлаа” гэтэл “тийм би угаасаа дураараа” гээд “М эгч таныг зодоод байгаа юм уу” гэж хэлээд утас нь тасарсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар манай гэрт орж ирсэн гэжээ. /хх-ийн 64-65/
Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 5 сарын 6, 7-нд бид хоёр маргаантай байсан юм. Тэгээд би хот яваад өгсөн. 10-нд охинтойгоо видео дуудлагаар холбогдож ярьж байгаад манай охин гэр лүү ороход манай эхнэр охины гар утсыг булаагаад авсан. Тэгээд гар утас нь холбогдохгүй болсон. Охины ярих үед манай гэрт Э, А нар манай гэрт сууж байгаа харагдсан. Тэгээд маргааш буюу 11-нд би Замын-Үүдэд ирээд гэрт хүн цуглууллаа гэж би уурлаад ийм асуудал болсон. Миний буруу гэв.
Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 05 сарын 10-ны орой 18:40 цагийн үед хамт ажилдаг найз Э гэх эмэгтэйтэй ойрд уулзсангүй гээд Замын-Үүд сум ... тоот гэртээ дуудаж ирүүлээд бид хоёр нэрийг нь санахгүй байна 2 шил вино уусан. Тухайн үед манай гэрт манай хүү, охин, найз Э бид дөрөв байсан, тэгээд удалгүй 20:30 цагийн орчимд би Э.Ү охиноо... сумын Ерөнхий боловсролын сургуульд бүжгийн бэлтгэлд нь хүргэж өгөөд гэртээ ирж Э-тэй вино үргэлжлүүлж уугаад дуусаж байтал Э-г гэрт нь хүргэж өгнө гээд манай ажлын А гэх залуу манай гэрт орж ирээд суусан. Манай охин Э.Ү аавтайгаа видео калл хийгээд гэрт ороод ирсэн. Тэгэхээр нь би охиныхоо утсыг аваад тасалчихсан тэгтэл утас нь цэнэггүй болоод унтарчихсан. Тэгээд охиноосоо “юу?” болсон талаар асуутал “аав нь бүжгийн бэлтгэлтэй байхад нь залгаад гэр рүүгээ видео калл хийгээд яв” гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд А манай охиныг буцаагаад бүжгийн бэлтгэлд нь хүргэж өгөөд эргэж ирж Э-г аваад тэр хоёр гэр рүүгээ явцгаасан. Би тэгээд Э.Э хүүтэйгээ гэртээ хоёулаа байж байгаад тэр шөнийн 00:10 цагийн орчимд охин Э.Ү-г бүжгийн бэлтгэлээс нь аваад гэртээ ирээд хоёр хүүхэдтэйгээ унтсан. 2023 оны 05 сарын 11-ний өглөөний 07:00 цагийн үед хүн хаалга тогшоод охин Э.Ү хаалга нээгээд гэнэт “ааваа” гэхээр нь хартал манай нөхөр ороод ирсэн. Би “сайн уу” гэтэл намайг шууд зодоод эхэлсэн миний биеийн аль хэсэг рүү яаж цохисон талаар сайн санахгүй байна. Миний хоёр гуя хөхрөөд хөндүүртэй, баруун талын хавирга хөндүүртэй байгаад байсан. Уул нь манай нөхөр ... хотод ээж А-ийн гэрт байсан юм аа. ... сум руу ирнэ гэж надад хэлж байгаагүй. Намайг гэрт хүн цуглуулж утсаа авахгүй архи уусан гэж уурлаад шууд хүрээд ирсэн байх. Утсаа аваад ярихаар хүмүүсийн дэргэд намайг янхан гэх мэтээр харааж доромжлоод найз нөхөдтэй минь хардаж сэрдээд хэцүү байдаг, тэгээд би утсаа аваагүй юм. Тухайн өдрийн өглөө намайг зодож байгаад намайг найз Э рүүгээ залгаад “яах гэж А-тай манай гэрт орж ирсэн юм бэ?” гэж асуу гээд байсан тэгээд би Э-тэй утсаар уйлаад ярьсан тэгтэл “таныг нөхөр чинь зодоод байгаа юм уу” гэж байсан тэгэхээр би утсаа тастсан. Тэгээд манай нөхөр намайг “утсаа авахгүй гэрт хүн цуглуулж архи уулаа” гээд уурлаад намайг загнаад байж байтал хаалга тогшоод цагдаа орж ирээд манай нөхрийг дагуулаад явсан. Эхлээд зүүн шанаа хэсэг рүү нэг удаа алгадсан тэгээд бусдыг нь мэдэхгүй байна. Одоогоор хоёр гуя хөхөрсөн, хөндүүртэй тэр өдрийнхөө 15:51 цагийн үед гэмтлийн эмчид үзүүлсэн. Цээжний баруун талын 10 дугаар хавирганы хугаралтай байна гэсэн. Өмнө зодож байгаагүй, байнга ажлын хүмүүстэй хардаад хэрүүл маргаан үүсгээд байдаг. Би нэр хүндээ бодоод цагдаад энэ талаар хандаж байгаагүй. Би архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Би ... ажилд ороод 2 жил орчим болж байна. Энэ хооронд 4-5 удаа архи хэрэглэсэн. Надад санал гомдол байхгүй гэжээ. /хх-ийн 44-45/
Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн О.М нь нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 87,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.Э-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 50-51/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/
Иргэний нэхэмжлэгчид хохирол төлсөн баримт /хх-ийн 53-54/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 70-83/
Дорноговь аймгийн ... багийн засаг даргын тодорхойлолт, иргэний цахим үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тухай хайлтын системийн баримт /хх-ийн 86-90, 95-98/
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ...-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.О.М-ы биед гэмтэл тогтоогдлоо. 2.О.М-ы биед цээжний баруун талд 10-р хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, хоёр талын гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтлүүдийн хавирганы хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний доод зовхи, хоёр талын гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.О.М-ы биед үүссэн гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17-18/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 99-102/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 07 цагийн орчимд Дорноговь аймгийн ... багийн ... тоотод өөрийн эхнэр О.М-ыг гар утсаа аваагүй гэрт хүмүүс цуглуулж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шалтгаанаар зодож биед нь цээжний баруун талд 10 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, хоёр талын гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ...-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Э.Э-ын гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч О.М нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж,
Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувьд шүүгдэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 87,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирол төлсөн баримт /хх-ийн 53-54/-аар нотлогдож байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 87,000 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Э-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Э-ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БО