| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/03636/И |
| Дугаар | 181/ШШ2020/00370 |
| Огноо | 2020-02-04 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2020/00370
| 2020 оны 02 сары04 өдөр | 181/ШШ2020/00370 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Б - ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б С Ш У С Я -д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин 42,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранбулаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай анхан шатны шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл томилогдоогүй. Энэ хооронд давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шатны шүүхийн тогтоол зэрэг гарсан. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж гарсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Боловсрол соёл шинжлэх ухааны яамд 5 удаа шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажилтан томилохыг шаардсан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ажилтан томилсон шийдвэр гараагүй.
Иймд сарын 3,000,000 төгрөг буюу ажилд томилогдоогүй 14 сарын нийт дүн болох 42,000,000 төгрөгийг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гарснаас хойш Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамд удаа дараа ажил эгүүлэн тогтоолгох шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ерөнхий сайд, хууль зүйн яамд хандсан боловч өнөөдрийг хүртэл Г.Б ыг ажилд эгүүлэн аваагүй.
Г.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйл, 69 дүгээр зүйлд заасны дагуу цалин хөлсөө нэхэмжилж байгаа. н.Баатарбилэг сайд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Г.Б т хохирол учирч байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг цааш дамжуулж өгнө үү гэж хүсэж байна. Мөн Г.Б ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хурал болохоос 20 хоногийн өмнө н.Цэдэвсүрэн даргатай Д.Наранбулаг өмгөөлөгч, Г.Б захирал нар ирж уулзсан байсан. Дараа нь би н.Цэдэвсүрэн даргатай уулзахад удирдлагын түвшинд ярилцаж байгаа, удахгүй шийдэгдэнэ гэх хариуг хэлсэн” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б С Ш У С Я анд холбогдуулан цалин 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2016 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Б ыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож...” шийдвэрлэсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2352 дугаар магадлалаар 3 дах заалтанд өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 589 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч Б С Ш У С Я нь Монгол Улсын Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс биелүүлж, Г.Б ыг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2016 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойшхи хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Б С Ш У С Я наас шаардах эрхтэй.
Б С Ш У С Я Монгол Улсын Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар үл биелүүлж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоохгүй байгаа нь Г.Б ын хөдөлмөрлөх, цалин хөлс авах зэрэг үндсэн эрхийг зөрчиж байгаа тул 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2016 тоот шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 14 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заанаар нэхэмжлэгч Г.Б т Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2016 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэлд дурьдсан 14 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох үндэслэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2016 дугаар шийдвэрээр сүүлийн 3 сарын цалингийн дундаж 4.203.556 төгрөг гэж тооцсон боловч нэхэмжлэгч нь нэг сарын цалинг 3,000,000 төгрөгөөр тооцон нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2016 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 14 сарын хугацааны цалин 42,000,000 төгрөг шаардсан байх тул хариуцагч Б С Ш У С Я наас 42,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Б С Ш У С Я наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 42,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б С Ш У С Я наас 367,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР