Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0611

 

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0611

Улаанбаатар хот

 

“”“СММ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүн шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогчид: Нэхэмжлэгч “СММ” ХХК-ийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид болох Б.А, Ц.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-Э, Ц.С, Ц.М-Э, гуравдагч этгээд “БА” ХХК-ийн төлөөлөгч Д.Б нар;

Нэхэмжлэгч: “СММ” ХХК

Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон тус аймгийн Худалдан авах ажиллагааны газар, маргаан бүхий тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “Б-А” ХХК

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэр;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, Ц.М, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-Э, тухайн тендер шалгаруулалтын Үнэлгээ хорооны дарга Ц.М-Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд “Б-А” ХХК-ийн захирал Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч У.М нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 115/2025/0011/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “СММ” ХХК-аас Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон тус аймгийн Худалдан авах ажиллагааны газар, маргаан бүхий тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан

1.1. Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот дүгнэлтийн “Б-А” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах,

1.2. “СММ” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах,

1.3. Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/94 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах,

1.4. “СММ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах,

1.5. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Б-А” ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн УТУТ2401502400-11/ХХХХ  дугаартай “Дорноговь аймгийн АШУҮИС-ийн цогцолборын барилга барих ажлын гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах...”-аар маргаж байна.

 

2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.5, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.10 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, БШУЯ/2024010ХХХХ  дугаартай, АШУҮИС-ийн салбар сургуулийн цогцолборын барилга барих (Дорноговь, Сайншанд) ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот дүгнэлтийг болон захиалагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 03/94 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 30.3.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 113 дугаар зүйлийн 113.7 дахь зүйлүүдэд заасныг баримтлан Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Б-А ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн УТУТ2401502400-11/ХХХХ  дугаартай, Дорноговь аймгийн АШУҮИС-ийн цогцолборын барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ-г илт хууль бус болохыг тогтоосугай.

3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн бусад шаардлага болох, СММ ХХК-тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд, тус компанитай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн тухайн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээд “Б-А” ХХК-ийн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:

3.1. “СМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “Б-А” ХХК-ийн хувьд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 115/ШШ2025/0017 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна.

...Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасны дагуу сургуулийн барилгын ажлын явц, гүйцэтгэлд газар дээр нь үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргаж, шүүхээс нотлох баримт цуглуулахыг шаардсан боловч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ зөрчиж, үзлэг хийлгэх хүсэлтийг хангасангүй.

3.2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч компани Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй нь тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бүрдсэнийг харгалзан үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хорооны 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1 тоот дүгнэлт болон Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/94 тоот албан бичгийн талаар нэхэмжлэгч тал Сангийн яаманд гомдол гаргаагүй байдаг.

3.3. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасан “...шийдвэрлэж, хариу өгсөн асуулдлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэснийг үндэслэн урьдчилан шийдвэрлэх журмыг биелүүлэх шаардлагагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. “СММ” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлттэй холбоотой асуудлаар Сангийн яаманд гомдол гаргасан байдаг ба Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т заасныг баримтлан зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг даалгасан. Ийнхүү даалгасны дагуу Үнэлгээний хороо 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1 тоот дүгнэлтийг гаргаж, “Б-А” ХХК-ийг шалгаруулсан.

3.4. Үнэлгээний хороо нь Сангийн яамны 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн албан тоотын дагуу тендер шалгаруулалтыг явуулж, 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дүгнэлтээ гаргаж, тендерт оролцогчдод мэдэгдсэн байх ба энэхүү дүгнэлттэй холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгч компани явуулаагүй асуудал дээр анхан шатны шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй гэсэн хууль бус дүгнэлт хийжээ.

3.5. “Б-А” ХХК нь 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тодруулгаараа холбогдох шаардлагатай мэдээллүүдийг хавсарган өгсөн төдийгүй техник тоног төхөөрөмж, боловсон хүчин, дотоодын давуу эрх, хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй талаарх бичиг баримтуудыг зохих журмын дагуу гаргаж өгсөн нь хуульд нийцсэн үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд тэдгээр бичиг баримтыг үнэлж дүгнэх нь Үнэлгээний хорооны эрх хэмжээний асуудал юм.

3.6. Мөн нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг хүчингүй болгох шаардлага гаргасан байдаг бөгөөд шүүх тус гэрээг илт хууль бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэнгүй.

Иймд Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 115/ШШ2025/0017 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөхийг хүсье.” гэжээ.

4. Хариуцагч аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-Э, хариуцагч Дорноговь аймгийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.С, хариуцагч АШУҮИС-ийн салбар сургуулийн цогцолборын барилга, /Дорноговь, Сайншанд сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны дарга Ц.М-Э нар давж заалдах гомдолдоо:

4.1. “СМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргын ажиллагааны газар, Тамгын газар болон тус аймгийн Худалдан авах БШУЯ/2024010ХХХХ  дугаартай “АШУҮИС-ийн салбар сургуулийн цогцолборын барилга /Дорноговь, Сайншанд сум/-ын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 115/ШШ2025/0017 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

...Анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 30.3.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Б-А" ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн УТУТ2401502400-11/ХХХХ  дугаартай, “Дорноговь аймгийн АШУҮИС-ийн цогцолборын барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ”-г илт хууль гэж дүгнэж шийдвэрлэжээ.

Захиалагчийн зүгээс БШУЯ/2024010ХХХХ  дугаартай “АШУҮИС-ийн салбар сургуулийн цогцолборын барилга /Дорноговь, Сайншанд сум/-ын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендерийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 2 удаа үнэлсэн бөгөөд үнэлгээний үр дүнг үндэслэн сонгон шалгаруулалтын журмаар шалгасан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан байдаг. Гэтэл шүүхээс "...гэрээ шууд байгуулсан" гэж дүгнэн гэрээг илт хууль бусад тооцсон нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт гаргасан болохыг нотолж байна. Иймд шүүх хуульд нийцээгүй дүгнэлт болон шийдвэрийг гаргасан байна.

4.2. Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Б-А” ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн УТУТ2401502400-11/ХХХХ  дугаартай, “Дорноговь аймгийн АШУҮИС-ийн цогцолборын барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ”-г илт бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тухай дурдсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй үндэслэлээр дүгнэлт хийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэснийг зөрчин шийдвэр гаргасан.

4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.7-д “Шүүх энэ хуулийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар гэрээ илт хууль бус болохыг тогтоосон бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг буцаах, эсхүл тэр даруй зогсоох нь нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болох хугацаа, журмыг зохигчдын саналыг харгалзан тогтооно.” гэж заасан байх бөгөөд хуулийн хүрээнд гаргах үр дагаварыг урьдчилан тооцож Шинжээч томилуулах тухай хүсэлт гаргахад үндэслэлгүй хэмээн хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн боловч шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 30.3.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Б-А” ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн УТУТ2401502400-11/ХХХХ  дугаартай, “Дорноговь аймгийн АШУҮИС-ийн цогцолборын барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ”-г илт хууль гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль үндэслэлтэй байх, заавал биелүүлэх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

 

4.4. Үнэлгээний хорооны 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1 тоот дүгнэлтийг гаргаж, “Б-А” ХХК-ийг шалгаруулсан. Уг дүгнэлтийн хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахаагүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтыг зөрчин захиргааны хэрэг үүсгэсэн шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцээгүй.

4.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д заасан хүрээнд шүүхийн шийдвэр гаргахаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ 113.6-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр гаргаагүй нь хэргэлэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 115/ШШ2025/0017 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөхийг хүсье.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, Б.А нарын гаргасан давж заалдах гомдолдоо:

5.1....Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд гаргасан “даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд,

“СММ” ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

  • Үнэлгээий хорооны 2025.01.24-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн “Б-А” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан” хэсгийг хүчингүй болгуулах,
  • “СММ” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах,
  • Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025.01.24-ний өдрийн 03/94 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах,
  • 2024 оны 12 сарын 31-ний өдрийн УТУТ2401502400-11/ХХХХ  дугаар, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар болон “Б-А” ХХК нарын хооронд байгуулагдсан “Дорноговь аймгийн АШУҮИС-ийн салбар сургуулийн цогцолборын барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах
  • “СММ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг Дорноговь аймгийн засаг даргын тамгын газарт тус тус даалгах;

 

      1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас захиргааны байгууллагад холбогдуулан захиргааны акт гаргахыг “...даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж дүгнэсэн. Учир нь даалгах агуулгаар захиргааны акт гаргах эрх хэмжээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу Үнэлгээний хороо болон захиалагч нарт олгогдсон байгаа гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-т “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдэг нь дараах байдлаар үндэслэлгүй. Дээрх маргаан бүхий харилцаа нь Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүх харьяалан авч шийдвэрлэхгүй маргаанд хамаарахгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 5 нэхэмжлэлийн шаардлагаас 3 нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь тендертэй холбоотой маргааныг захиргааны хэргийн анхан шатны шүүх харьяалан авч шийдвэрлэнэ гэдгийг харуулж байна. Түүнчлэн, ЗХШХШТХ-ийн 106.3.4.-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах,” гэж заасны дагуу даалгах шийдвэрийг анхан шатны шүүх гаргах эрх хэмжээ нь захиргааны процессын хуулиар олгогдсон учир нэхэмжлэгчийн гаргасан захиргааны байгууллагад захиргааны акт гаргахыг “даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг захиргааны хэргийн анхан шатны шүүх харьяалан шийдвэрлэх боломжтой байна.

 

      1. Дээрх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж байгаа нь уг хэрэгт хариуцагчаар оролцож буй этгээдийг дахин хууль бус шийдвэр гаргахыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Шүүхийн шийдвэрийн 11.1 дэх хэсэгт “...”СММ” ХХК-ийн оролцсон тендер шалгаруулалтын захиалагчаас гаргасан өмнөх шийдвэрүүд хүчингүй болсон, нөгөө талаар тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин явуулах үйл ажиллагааны явцад “СММ” ХХК-ийн тендер хянагдаагүй … шийдвэрүүдийг гаргах эрх хэмжээ нь Үнэлгээний хороо болон захиалагч нарт олгогдсон” гэх дүгнэлтийг хийсэн байдаг.

Тус үндэслэлээрээ анхан шатны шүүх захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдах боломжгүй гэдэг агуулгаар дүгнэлт хийсэн байна. Гэвч тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдаж байгаа зүйл огт биш буюу захиргааны сонгох боломжид халдаж буй хэрэг биш юм. Маргааны үйл баримтын хувьд тус тендер шалгаруулалтад хоёр компани оролцсон, тус компаниудын тендерийг шаардлага хангасан гэж үзсэн бөгөөд дотоодын давуу эрх олгох нөхцөлд үндэслэн “Б-А” ХХК-ийн тендер хамгийн сайн тендерээр шалгарсан билээ. Харин тус компанид дотоодын давуу эрх олгох үндэслэлгүй байсан нь тогтоогдохын зэрэгцээ шаардлага хангаагүй баримтуудын илгээсэн, илгээх ёстой баримтыг илгээгүй (Зээлийн мэдээллийн лавлагааг ирүүлэхийг шаардсан атал банкны тодорхойлолт ирүүлсэн) зэрэг нөхцөл байдлын улмаас тус компанийн тендерийг шаардлага хангаагүй гэдгийг тогтоосон байдаг.

Эсрэгээрээ нэхэмжлэгч “СММ” ХХК-ийн тендерийн баримт бичигт ямар нэгэн алдаа дутагдал гарсан зүйл байхгүй, захиалагчаас шаардсан баримтуудыг шаардлагад нийцүүлэн хүргүүлсэн боловч зөвхөн үнийн саналаар хасагдсан байдаг. Хариуцагч нарын хувьд ч анхан шатны шүүхэд мэтгэлцэхдээ нэхэмжлэгчийг шаардлага хангаагүй баримт бичиг ирүүлсэн гэх агуулгаар огт маргадаггүй бөгөөд зөвхөн ““Б-А” ХХК дотоодын давуу эрх олгох нөхцөл тогтоогдсон тул үнийн санал нэхэмжлэгчийн үнийн саналаас бага байгаа тул тус компанийг шалгаруулсан” гэж тайлбарлаж, мэтгэлцсэн. Нэхэмжлэгчийн анх илгээсэн баримт бичиг өөрчлөгдөөгүй, тус баримт бичгийг үнэлж шаардлага хангасан гэж хариуцагч нарын зүгээс шийдвэрлэж байсан үйл баримт өөрчлөгдөөгүй байхад түүнийг дахин үнэлэх, хянах үндэслэлгүй юм. Харин ч дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх учиртай гэж үзэж байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэгэнт гуравдагч этгээдийн тендер шаардлага хангаагүй гэдэг нь тогтоогдсон тул тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг хангасан гэж дүгнэгдэж байсан нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх учиртай юм. Тодруулбал тус тендерт хоёр оролцогч оролцон нэг оролцогчийн тендерийн баримт бичиг шаардлага хангаагүй нь тогтоогдсон бол захиргааны байгууллагын сонгох боломж яригдах боломжгүй буюу үлдэж буй шаардлага хангасан тендерт оролцогчтой гэрээ байгуулах нь илэрхий ойлголт билээ. Иймд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээрээ захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдаж байгаа хэрэг биш байх тул даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

    1. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх тухайд: Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх зорилгоор шүүхэд хандсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй, ямар байдлаар сэргээх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээрт маргаан бүхий тендерийн Үнэлгээний хорооны 2025.01.24-ний өдрийн 01 тоот дүгнэлт болон захиалагч Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2025.01.24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/94 тоот албан бичгийг хүчингүй болгосон боловч тэдгээр шийдвэр хүчингүй болсны үр дагавар нь тодорхой бус байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх боловч, эдгээр тендер шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр зэргийг хүчингүй болгосны үр дагаврыг тодорхой болгох ёстой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүхэд маргахдаа тендер шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь тус тус хүчингүй болсон тохиолдолд тэдгээрийн эрх зүйн үр дагаварт тендерийн шаардлагад нийцсэн гэж дүгнэгдсэн нэхэмжлэгч “СММ ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулах, нэхэмжлэгч “СММ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг тус тус даалгах агуулгаар харилцан холбоо хамаарал бүхий шаардлагууд байсан. Гэтэл дээрх тендерийн холбогдох шийдвэрийг хүчингүй болгосон атлаа “СММ” ХХК-д холбогдох даалгах нэхэмжлэлийн шаардлагатай хэсгийг захиргааны хэргийн шүүх харьяалан авч шийдвэрлэхгүй гэж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг сэргээх бодит нөхцөл байдлыг зөрчиж байна.

 

Хэрвээ “СММ” ХХК болон “Б-А” ХХК нарын тендерийг хууль ёсны дагуу тендерийг үнэлж, хянасан бол тухайн тендерийн шаардлагад нийцсэн учраас нэхэмжлэгч компани шалгарах ёстой байсан. Ийнхүү захиргааны байгууллагын хууль бус тендер шалгаруулалтад нийцэхгүй, тендерийн дутуу баримт бичиг явуулсан компанийг шалгаруулсан хууль бус үйлдлийг хүчингүй болгосон боловч нэхэмжлэгчийг шалгаруулахгүй байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “СММ” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах болон тус компанитай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын газарт тус тус даалгаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас гаргасан давж заалдах гомдлоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэсэн заалтыг үндэслэн хэргийг бүхэлд хянав.
  2. Захиалагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “АШУҮИС-ийн салбар сургуулийн цогцолборын барилга барих /Дорноговь аймаг, Сайншанд/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/2024010ХХХХ  дугаартай, 25,101,600,000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт “СММ” ХХК 24,802,222,222 төгрөг, “Б-А” ХХК 25,101,600,000 төгрөгийн үнийн санал гаргасан байна.
  3. Тендерт оролцогч “Б-А” ХХК-ийн хувьд тендерийн баримт бичигтээ /4-р хх-ийн 191-228 тал/ “Дотоодын давуу эрх” тооцуулах хүсэлт, холбогдох баримтуудын хамт хавсаргаж, хүргүүлснийг хүлээн авч Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар хуралдааны тэмдэглэлд дурдсанаар “Дотоодын давуу эрх”-ийн зөрүүг Захиалагчаас баталсан тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 31-д “Давуу эрх олгох”, 31.1-д “Захиалагч нь өгөгдлийн хүснэгтэд заасан мэдээлэл, баримт бичгийг ирүүлсэн бол хуулийн 8.4, 8.7-т зааснаар үнийг хууль болон холбогдох аргачлал, зааврын дагуу хийсвэрээр бууруулж тооцно” гэж заасны дагуу тооцсон дүн 23,218,980,000 төгрөг болгон “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр “Б-А” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг гаргаж, төсвийн Ерөнхийлөн Захирагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  1. Үнэлгээний хорооноос гаргасан дээрх шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтын 8.7.2.-т “эцсийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн байх оролцогч энэ хуулийн 8.3-т зааснаас дээш төсөвт өртөгтэй ажлыг дангаар гүйцэтгэхээр, эсхүл гэрээний үүргийн 50-иас доошгүй хувийг гүйцэтгэж, энэ хуулийн 6.3.2-т заасан эрх эдлэх түншлэлийн гишүүний хувиар гүйцэтгэхээр санал ирүүлсэн бол тендерийн үнийн дотоодын бараанаас бусад хэсгийн үнийн 7.5 хувиар.” гэсэн заалт, Сангийн Сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар баталсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, зааврын 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтын “Ажил гүйцэтгэх тендерт энэ аргачлал, зааврын 8.8-д зааснаар давуу эрх олгосон бол тухайн барааны хэсгийн үнийг хассаны дараах тендерийн харьцуулах үнийг “А” ангиллын хувьд 5 хувиар, “Б” ангиллын хувьд 7.5 хувиар тус тус бууруулна” гэснийг зөрчиж Тендерийн нийт төсөвт өртөг болон “Б-А” ХХК-ийн тендерт ирүүлсэн үнэ болох 25,101,600,000 төгрөгөөс шууд 7.5 хувиар тооцоолол хийж 1,882,620,000 төгрөгийг хасч 23,218,980,000 төгрөгөөр “Б-А” ХХК-ийн тендерт ирүүлсэн үнийг хийсвэрээр тооцож хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

  1. Энэ талаар Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/224 дүгээр “Гомдол хянасан тухай” албан тоотын “...5 дахь хэсэгт ...давуу эрхийг хэрхэн тооцсон талаар материал байхгүй, ... баримт ирүүлээгүй, материал дутуу байхад дотоодын давуу эрх тооцсон асуудлыг ... шаардлага хангах эсэхийг нягтлах нь зүйтэй” гэж /1-р хх-69 тал/ дээрх асуудлыг тодруулж, нягтлан шалгахыг хариуцагч Үнэлгээний хороонд даалгасан байхад хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дахин хуралдаж, тус хуралдаанаар хэлэлцсэн гэх боловч энэ талаар тооцоолол хийсэн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны явцад дотоодын давуу эрхийг хэрхэн тооцож үнийг хийсвэрээр бууруулж, хамгийн бага үнийн санал өгсөн гэж үзэж байгаагаа тайлбарлаж, нотолж чадаагүй байна.
  2. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатаас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03/10887 дугаар албан бичгээр /1-р хх-ийн 103 тал/ Дорноговь аймгийн худалдан авах ажиллагааны газарт “Танай байгууллагаас зарласан БШУЯ\20240101004 дугаартай ... тендерт оролцогч гомдол гаргасан байна. ...хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсгийг үндэслэн Захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж байна” гэж мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж 7 дугаар тэмдэглэлдээ Сангийн яамнаас гомдол гаргасан тул тендерийн материалыг бэлтгэж явуулах талаар хэлэлцжээ.
    1. Үүнээс үзвэл, энэ хугацаанд хариуцагч /Захиалагч/-аас ямар нэгэн үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан болохыг мэдсэн болох нь нотлогдож байна. /1-р хх-101 тал/
    2. Гэтэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга БШУЯ/2024010ХХХХ  дугаартай тендертэй холбоотой Захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн, энэхүү шийдвэрийг мэдсэн атлаа Дорноговь аймгийн Засаг дарга 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А/931 дүгээр захирамж гаргаж, Тамгын газар нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр УТУТ2401502400-11/ХХХХ  дугаартай ...барилгын ажил гүйцэтгэх гэрээг “Б-А” ХХК-тай байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.2-т “энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон.”, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана.” гэсэн заалтыг зөрчиж дээрх гэрээг байгуулжээ.
    3. Сангийн яам нь нэхэмжлэгч “СММ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бичгээр гаргасан гомдлыг хянаад 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 03/224 дүгээр албан бичгээр Захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03/1781 болон 03/1782 тоот шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, мөн хуулийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг Дорноговь аймгийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдэж хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн байна.
    4. Гэтэл хариуцагч “АШУҮИС-ийн салбар сургуулийн цогцолборын барилга барих /Дорноговь аймаг/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж ... “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр “Б-А” ХХК-ийг шалгаруулж тендерийг төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх ба хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 09 дугаартай хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч “СММ” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг хуралд танилцуулаагүй, хянан хэлэлцүүлээгүй, огт үнэлээгүй, зөвхөн “Б-А” ХХК-аас ирүүлсэн тодруулга материалыг танилцуулан бусад тендерийн үндсэн материалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан нь Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/224 дүгээр албан бичгээр өгсөн шийдвэр үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл болжээ.
    5. Мөн Хариуцагч Үнэлгээний хорооны дээрх үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэсэн заалт, “Тендер үнэлэх” харилцааг зохицуулсан 27 дугаар зүйл, Захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх харилцааг зохицуулсан 28 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн, нэхэмжлэгч “СММ” ХХК-ийн тендерт оролцож шударгаар өрсөлдөх эрхийг хязгаарласан байна.
  3. Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан “АШУҮИС-ийн салбар сургуулийн цогцолборын барилга барих, ажлыг гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичиг”-ийн ТЗШ 18.2 дахь заалтын “Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт бичиг”-т Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс тендер шалгаруулалт зарласан өдрөөс хойш авсан, шалгах боломжтой QR код бүхий “Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт”-ыг ирүүлнэ. Уг тодорхойлолтод төлөгдөж дуусаагүй зээлийн мэдээлэл “Хэвийн” бус байгаа тохиолдолд татгалзах үндэслэл болно. (Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолтыг www.sainscore.mn, www.burenscore.mn хаягаар хандан авна. Харилцагч банкны тодорхойлолтыг тендерийг үнэлэхэд харгалзан үзэхгүй” гэж тодорхой заасан байх ба тендерт оролцож шалгарсан гэх “Б-А” ХХК нь уг тодорхойлолтыг тендерийн материалдаа огт ирүүлээгүй байхад Үнэлгээний хороо тендерийн материал бүрэн ирүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
  4. Гуравдагч этгээд “Б-А” ХХК-ийн тендерийн материалд хавсаргасан харилцагч Төрийн банкны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19/07-854 дугаартай албан бичиг нь:

Нэгдүгээрт: зээлийн мэдээллийн сангийн албан ёсны лавлагаа биш, Хоёрдугаарт: уг албан бичгийн агуулга нь “Б-А” ХХК-аас Төрийн банкнаас авсан зөрчилтэй /хэвийн бус/ зээлийг төлөн зээлийн ангиллаа дээшлүүлэх хүсэлт гаргасан тухай байна.

    1. Өөрөөр хэлбэл “Б-А” ХХК тендерийн материал өгөх үед буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн зөрчилтэй /хэвийн бус ангилалтай зээл/ байсан болох нь тогтоогдож байхад Үнэлгээний хороо хянаж шалгалгүй “тендерийн шаардлага хангасан материал” гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
    2. Хариуцагч Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаартай хурлын тэмдэглэлээс үзэхэд, тус хурлаар “СММ” ХХК болон “Б-А” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалуудыг хянаж үнэлсэн асуудлаар нэг ч өгүүлбэр байхгүй байх ба зөвхөн Үнэлгээний хорооны дарга Ц.М-Э хурлыг нээж, “...“Б-А” ХХК-аас тодруулгын хариу ирсэн байна. Үнэлгээний хорооны гишүүд ирсэн материалтай танилцаад шийдвэрээ хэлээрэй” гэсний дагуу гишүүд “...“Б-А” ХХК-ийг шалгаруулах саналтай байна. Бүгд дэмжсэн” гэснээс өөр асуудал огт хэлэлцээгүй байхаас гадна уг хурлын тэмдэглэлд үнэлгээний хорооны гишүүд болох Э.Э-А, Э.Э гарын үсэг зураагүй байна.
    3. Мөн хурлын тэмдэглэлд “...“Б-А” ХХК-ийн нарийвчилсан үнэлгээг хавсаргаж тендерийн баримт бичигт оруулна” гэснээс үзэхэд, хариуцагч Үнэлгээний хороо нь хурлаар хэлэлцээгүй нарийвчилсан үнэлгээг тендерийн баримт бичигт хавсаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна.” гэж заасныг зөрчжээ.
    4. Тодруулбал, дээр дурдсан Үнэлгээний хорооны хуралд ямар нарийвчилсан үнэлгээ танилцуулсан, хэрхэн хянан хэлэлцсэн, санал дүгнэлт өгсөн баримт 09 дугаартай хурлын тэмдэглэлд тусгагдаагүй байна.
  1. Дээр дурдсан маргаан бүхий үйл баримтад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн “АШУҮИС-ийн салбар сургуулийн цогцолборын барилга барих /Дорноговь, Сайншанд/ ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот дүгнэлтийг болон захиалагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/94 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Б-А ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн УТУТ2401502400-11/ХХХХ  дугаартай, Дорноговь аймгийн АШУҮИС-ийн цогцолборын барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоож, энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.
  2. Харин нэхэмжлэгчийн “...даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг “...тухайн маргаан бүхий тендер шалгаруулалтын захиалагчаас гаргасан өмнөх шийдвэрүүд хүчингүй болсон, ...тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин явуулах үйл ажиллагааны явцад “СММ” ХХК-ийн тендер хянагдаагүй ... тендерийг хэрхэн үнэлж, дүгнэсэн талаар шийдвэр байхгүй ... нэхэмжлэгчийн даалгах шаардлагуудад дурдагдаж буй хамгийн сайн тендерээр үнэлэх болон гэрээ байгуулах эрх олгох шийдвэрүүдийг гаргах эрх хэмжээ нь ...хуульд заасны дагуу Үнэлгээний хороо болон захиалагч нарт олгогдсон...” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасантай нийцэхгүй байна.
  3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 50, 51 дүгээр зүйлд зааснаар тендерийг хянан үзэх, үнэлэх, шалгаруулах эрх нь захиалагч болон тендерийн үнэлгээний хороонд хуулиар олгогджээ.
    1. Гэтэл хариуцагч Дорноговь аймгийн худалдан авах ажиллагааны газар нь Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/224 дүгээр албан бичгээр мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй байна.
    2. Иймд нэхэмжлэгч “СММ” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагааг явуулж, зохих шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2025/0017 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 3 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1, 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “СММ” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагаа явуулах, зохих шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ШҮҮГЧ                                            С.МӨНХЖАРГАЛ

           ШҮҮГЧ                                             Н.ДОЛГОРСҮРЭН

           ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА