Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 978

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00715 дугаар шийдвэртэй, М.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2037 дугаар магадлалаар М.Нгээс 54 427 950 төгрөгийг гаргуулж Н.Шархүүд олгохоор шийдвэрлэсэн. Улмаар миний өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хороолол 45 дугаар байрны 18 тоот 53.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 95 064 387 төгрөгийн 70 хувь 66 545 071 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмыг зөрчин явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчин байрны үнийн талаар өмчлөгчтэй харилцан тохиролцоогүй байж үнэлгээчин тогтоосон. Уг үнэлгээчин байрны үнийг тогтоохдоо байрны зах зээлийн үнийг 95 064 387 төгрөгөөр тогтоосон ба тухайн үнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хүчин төгөлдөр барилгын норм стандартыг баримтлаагүй ба зах зээлийн үнэ ханш байршил зэргийг харгалзан үзэлгүй хуульд заасан журмыг зөрчин байрны үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон байна. Иймд анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Байрны үнийн талаар өмчлөгчтэй харилцан тохиролцож, тодорхой үнийн санал авсны дараа үнэлгээчин тогтоох ёстой байсан гэж үзэж байна. М.Нгээс санал аваагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2037 дугаар магадлалаар М.Нгээс 54 427 950 төгрөгийг гаргуулж, Н.Шархүүд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, М.Нгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо өнөр хороолол Москвагийн гудамж 45 дугаар байрны 18 тоот 53.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөрт битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч М.Н, төлбөр авагч Н.Шархүү нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад үнийн талаар тохиролцоогүй, шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Талууд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж үнэлгээ тогтоон, үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэлгээг талуудад 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/30639, 3/30640 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн. Нэхэмжлэгч М.Н үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн үндэслэлээр гомдол гаргасан боловч, үндэслэлээ нотлох баримтаар шүүхэд гаргаагүй, нотлоогүй, шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч М.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг шүүх хэрэглээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь шинжээч үнэлгээ тогтоохдоо “хүчин төгөлдөр барилгын норм стандартыг баримтлаагүй, зах зээлийн үнэ ханш, байршил зэргийг харгалзан үзээгүй” гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой, баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов” гэжээ. Гэтэл хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох мэдэгдлийг хэрэгт хавсаргасан мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчмыг хангаж хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хангаагүй мөн хэрэгт өмгөөлөгч оролцуулах хүсэлт шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан боловч хүсэлтүүдийг аваагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хорооллын 45 дугаар байрны 18 тоот 53.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95 064 387 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Н нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр авагч Н.Шархүүд төлөх 54 427 950 төгрөгийн төлбөр төлөх үүргээ сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага хугацаа тогтоож, шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна. /хх 25-32/

 

Нэхэмжлэгч М.Н төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас түүний өмчлөлд бүртгэгдсэн /нэг хүний өмчлөлийн/ дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, үүний тулд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад хэн аль нь шинжээч томилуулах талаар бичгээр хүсэлт гаргажээ. /хх34,35/

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нараас гаргасан дээрх хүсэлтийг тусгасан тэмдэглэл үйлдэж, тэдгээрийн гарын үсгээр баталгаажуулснаар талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзэж, тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгож, үнэлгээ хийлгэхээр “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх33, 36/

 

Шинжээч дээрх хөрөнгийн үнэлгээг хийж, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэ 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 95 064 387 төгрөг болохыг тогтоож, энэ тухай тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлж, үүнийг төлбөр төлөгч Л.Нямсүрэнд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлснийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх 37-45/

 

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “шинжээч үнэлгээг хийхдээ барилгын норм, стандарт баримтлаагүй, зах зээлийн үнэ ханш, байршил зэргийг харгалзан үзээгүй” гэх үндэслэл заасан байх боловч уг үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаанд гаргаагүйг шүүх зөв дүгнэжээ.

 

Мөн хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, өмгөөлөгч авах мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж гомдолдоо дурдсан байх боловч шүүх дээрх хүсэлт тус бүрийг хэлэлцээд “нэхэмжлэгчид 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулсан, сонгосон өмгөөлөгч нь хүндэтгэх шалтгаантай байдлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийх талаар мэдэгдсэн” гэх үндэслэл зааж хэрэгсэхгүй болгосон байна. /хх58,59/ Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн, талуудын мэтгэлзэх эрхийг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд дээрх хугацаанд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА