Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 111

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, 201714000198 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-г бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан Б.Б-д 2 жил хорих ялыг оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “5.6 дугаар зүйлийн 2-т” гэснийг “5.6 дугаар зүйлийн 4-т” гэж, 7 дахь заалтын “бусдын батлан даалтад өгөх” гэснийг “хувийн баталгаа гаргах” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “...Энэ хэрэг бол анхнаасаа улс төрийн шинжтэй үүссэн тул маш их хэлмэгдэж өнөөдрийг хүртэл хохирсоор байна. Энэ гэмт хэрэгт буруутгаад байгаа гол асуудал бол би нийгмийн ажилтны хуулиар хүлээсэн үүргийн дагуу хяналт тавьж ажиллахдаа бэлэн мөнгөтэй харьцсан асуудал байдаг болохоос биш гэмт хэрэг хийх санаа зорилготой, хүн хохироох гэсэн зүйл огт байхгүй. Надад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний байгууллагын дарга Х.Э сахилгын шийтгэл оногдуулж нэг жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан. Надад хөгжлийн бэрхшээлтэй охиноо алдаад оршуулгын зардал хүсч ирсэн иргэнийг хохироож, мөнгийг хуурч мэхлээд авчихъя гэсэн санаа бодол, сэтгэл огт байхгүй. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага болон холбогдох газарт шалгуулах хүсэлтийг би өөрөө анх гаргасан. Би гэмт хэрэг хийгээгүй.

Н.Э гэдэг хүнийг би огт танихгүй. 2016 оны 05 дугаар сарын 26-нд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оршуулгын зардал олгох материал орж ирсний дагуу цаг алдалгүй материалыг нь шивээд явуулсан бөгөөд маргааш нь оршуулгын зардалд 465,000 төгрөг шилжсэн тухай мэдээлэл ирсэн. Ажиллаж байх хугацаанд оршуулгын зардлын үйлчилгээг огт олгож байгаагүйгээс гадна 200,000 төгрөгөөс дээш халамж үйлчилгээ авбал заавал дахин шалгаж холбогдох хүмүүст мэдэгдэх үүргийнхээ дагуу хяналтын мэргэжилтэн Д, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн Г болон Б дарга нарт утасдаж асуухад “хуулийн хүрээнд шийдвэрлээ, эргээд та нар өөрсдөө хариуцлагаа хүлээнэ шүү, манай дээр анх орж ирж байгаа болохоор сайн хянаж шалга” гэж хэлсэн. Урьд өмнө нь би жирэмсэн, нярай эхийн үйлчилгээний мөнгийг зогсоох ёстой байтал нягталж шалгаж зогсоогоогүй шалтгаанаар 2 сар илүү олгосон 80,000 төгрөгийг өөрөө халамжийн санд төлж байсан учир дахин алдаа гаргахаас урьдчилан сэргийлж Г.Э ажил дээрээ дуудаж мөнгийг нь илүү олгосон байж магадгүй тул шалгаж тодруулаад баттай болгож байгаад хариу өгөхөөр болж 250,000 төгрөгийг авч үлдсэн. Ингээд шалгаж дуусаад 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ дуудаж өгсөн. Надад хүнийг хуурч мэхлэх шалтгаан байгаагүй. Г.Э гэдэг хүнд миний талаар муу хүн мэтээр худал мэдээлэл өгч, оршуулгын тэтгэмжийг чинь Б.Б дутуу олгосон, одоо зөрүү мөнгө олгоно гэж өргөдөл бичүүлж авсныхаа дараа 1,000,000 төгрөгийн зөрүү мөнгө гэж 535,000 төгрөг нэмж олгосон байдаг. Ингэж хүнд хууль бус мөнгө өгч миний эсрэг өргөдөл бичүүлэн авч, ёс зүйгүй байдал гаргасан.

Халамжийн сангийн 200,000 төгрөгийг залилан мэхэлсэн гэж үзсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэргэнцэр олгосон асуудлаар буруутгаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Нийгмийн халамжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.12, Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журамд зааснаар нийгмийн ажилтны үүргийнхээ дагуу ажлаа хийсэн. Тухайн үед тусгай хэрэгсэл нийлүүлдэг “Номгон хаш” ХХК-д тэргэнцэр тасарсан тул Г.О-г хувь хүнтэй холбон өгч тэргэнцэр зээлээр авахад тусалсан байхад бас мушгиж, намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Надад хуурамчаар баримт бичиг бүрдүүлсэн зүйл огт байхгүй. Тэргэнцрийн мөнгө 200,000 төгрөг Г.О-ийн нэр дээр орсон бөгөөд уг мөнгийг өөрөө аваад тэргэнцэр авсан хүний данс руу шилжүүлсэн. Х.Э дарга намайг ажлаас халах зорилгоор Г.Э-д мөнгө өгч миний эсрэг өргөдөл бичүүлсэн. Эдгээр байдлыг онцгойлон анхаарч, намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хохирогч Г.Э, гэрч Ц.Г нарын мэдүүлэг зөрүүтэй байхад харьцуулан үнэлэлт өгөөгүй нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг зөрчсөн. Мөн тогтоолын тодорхойлох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлээгүй нь хуулийг ноцтой зөрчсөн. Гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт зорилго, цаг хугацаа, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хэрэг гарсан байдал, нотлогдсон эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Хохирогч Г.Э, гэрч Ц.Г нарын мэдүүлгээр хэргийн бодит байдал нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх “Б.Б нь тухайн үед сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нь хохирогч нарт итгэл, үнэмшил төрүүлэхэд хялбар байсан” бөгөөд тэдгээрийн эд зүйл, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн идэвхтэй үйлдлээр өөрийн мэдэлд шилжүүлэн захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлсэн гэж дүгнэлт хийхдээ залилан мэхлэх гэмт хэргийн шинж, тухайн хэрэгт гэмт этгээд хөрөнгийг шууд өөрийн мэдэлд, өөртөө авах зорилгоор идэвхтэй үйлдэл гаргаж буцаан өгөхгүй, ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа онцлогтой гэдгийг анхаарч үзээгүй. Тэргэнцрийн үнэ болох 200,000 төгрөгийг Б.Б өөрийн мэдэлд буюу өөртөө авах зорилгогүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Энэ хэрэгт буруутгахдаа түүний нөхөр Л.М-ын “данс руу мөнгө орсон” гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Г.О тэргэнцэр авахыг хүсэх үед гэрээт байгууллагад тэргэнцэр байгаагүй тул түүний өгсөн мөнгөөр Д.Э-аас тэргэнцэр авч Г.О-д өгсөн болох нь нотлогдсон байхад Б.Б-г тухайн мөнгийг өөртөө шилжүүлэн авах гэсэн зорилгодоо хүрэхийн тулд идэвхтэй үйлдэл гаргаж, өөрт шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь өмчлөх эрхийг өөртөө олж авах гэсэн шинжийг шаарддаг ба өөрийн өмчлөлд мөнгийг шилжүүлэн авахдаа өмчлөгч, эзэмшигчид мөнгийг хариу төлбөргүй, буцаан өгөхгүй эсвэл хагасыг нь өгнө гэсэн санаа зорилготой байх бөгөөд энэхүү зорилго нь гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө бий болсон байх шинжийг агуулдаг. Харин хэрэгт энэ байдал нотлогдоогүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсгийг буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн. Мөн гэрч Б.Б-ын шүүх хуралдаанд хэлсэн мэдүүлгийг тэмдэглэлд өөрчилж тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх заалтыг зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Б-ыг цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б Орхон аймгийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа ашиглан хохирогч нарт итгэл үнэмшил төрүүлж, 2 хүнийг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна. Нөхрийнхөө дансаар мөнгийг шилжүүлсэн болох нь нотлогдсон. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг тус бүрд нь ял оногдуулах байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульчилж уг зүйлийн 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор заажээ.

Прокуророос шүүгдэгч Б.Б-ыг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Г.Э-ийн асаргаанд байсан хүүхэд нас барж, оршуулгын зардлын мөнгөнөөс 250,000 төгрөгийг залилан мэхэлсэн гэж ялласан боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч дээрх мөнгийг авснаас хойш 2 хоногийн дараа хохирогчид буцаан өгсөн байх бөгөөд үнийн дүн, тооцоололын үндэслэлийг шалгах зорилгоор авч үлдсэн гэсэн шүүгдэгчийн тайлбарыг няцаах, залилан мэхлэх зорилгоор авсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн энэ асуудлаар гомдол гараагүй, цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээгүй байхад хохирогч гэх этгээдэд уг мөнгийг буцаан өгсөн тул Б.Б-ыг шунахайн сэдэлтээр 250,000 төгрөгийг буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах зорилгоор өөрийн мэдэлдээ оруулсан гэж үзэх боломжгүй.

Шүүгдэгч Б.Б-гийн 2016 оны 10 дугаар сард Г.О-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэргэнцэр олгохдоо “Номгон Хаш” ХХК-иас бэлэн мөнгөөр тэргэнцэр авсан гэж хуурамч баримт бүрдүүлэн халамжийн сангийн 200,000 төгрөгийг өөрийн нөхөр Мөнхжаргалын данс руу шилжүүлэн аваад өөрт байсан тэргэнцрийг өгсөн нь тогтоогдсон байх боловч уг үйлдлийн улмаас учирсан хохирол нь үлэмж хэмжээнд хүрэхгүй байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн дээрх хоёр үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 40 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Орхон аймгийн прокурорын газраас Б.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

                      ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                       ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН