Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0855/З |
Дугаар | 259 |
Огноо | 2017-06-28 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 259
Ц.Батмягмарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулзаяа, Н.Тайван нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 88 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0317 дугаар магадлалтай, Ц.Батмягмарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 88 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.4, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Батмягмарын гаргасан “Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох, 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Барилгын политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0317 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 88 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан Ц.Батмягмарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Ц.Батмягмарын “Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоолгох, 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ногдох олговрыг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ....Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/46 дугаартай тушаалыг дараах үндэслэлээр илт хууль бус акт гэж үзсэн болно. Үүнд:
Төрийн албаны үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын агуулга нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуулиар тогтоосон журмын дагуу үйл ажиллагаа явуулах байдлаар илэрдэг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас болон төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх үндэслэлийг тоочин хуульчилсан байхад хариуцагч Хөдөлмөрийн сайд маргаан бүхий Б/46 тушаалыг гаргахдаа хуулиар тогтоосон үндэслэл, журмыг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-д зааснаар Үйлдвэр-Урлалын политехник коллежийн захирлыг томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй боловч нэхэмжлэгчийг захиргааны санаачилгаар чөлөөлөх нөхцөл байдал бий болоогүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр буюу “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор” гэсэн үндэслэлээр чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсний дагуу илт хууль бус захиргааны акт болсон.
Хөдөлмөрийн сайдын Б/46 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцээгүй.
Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор” гэж захиргааны актын зорилгыг тодорхойлсон, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа энэхүү маргаан бүхий актыг гаргах болсон нөхцөлийг Ц.Батмягмарыг Үйлдвэр-Урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Хөдөлмөрийн сайдын 2014 оны Б/06 дугаартай тушаал хууль зөрчсөн байсан учраас гэж тайлбарласан. Гэвч энэ нь дээр дурдсанчлан захиргааны санаачилгаар төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх, халах хуульд заасан үндэслэл биш юм. Цаашилбал, Үйлдвэр-Урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүнийг чөлөөлж дахин түр орлон гүйцэтгэгч томилсон явдал нь маргаан бүхий актын үндэслэлд дурдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилго”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмнөх Хөдөлмөрийн сайдын хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгож, алдаа дутагдлаа засварлах” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй болохыг илтгэж байна. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргах ажиллагааг Хөдөлмөрийн сайд хэн нэгний гомдлоор бус өөрөө санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд акт гаргах болсон бодит нөхцөл байдлыг өмнөх алдаагаа залруулах гэж тайлбарласан, актын зорилгыг холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах гэж дурдсан байсан боловч эцэстээ гаргасан шийдвэр нь өөрөө хууль зөрчсөн учраас зорилгодоо нийцээгүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй учраас илт хууль бус акт болсон гэж үзэж байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Ерөнхий сайдад хандсан албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагдсанд анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй.
Хууль хэрэглээний тухайд:
Шүүхээс маргаан бүхий актууд гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.9 дэх заалтуудад захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх тохиолдлуудыг хуульчилж өгсөн бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/46 дугаартай тушаал нь хуулийн дээрх заалтад заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудад байхгүй, эрх зүйн илт болон илэрхий алдаа байхгүй байх тул маргаан бүхий акт нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь:
Маргаан бүхий актыг гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” бол тухайн акт илт хууль бус болох тухай заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай тогтоолын 6-д “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт -захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон нэмэлт хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт хамааруулж үзнэ” гэж тайлбарласан байна.
Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/46 дугаартай тушаал нь Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдсанчлан дараах шинжийг агуулж байна. Үүнд:
-бүрэн эрхээ хэтрүүлсэн буюу хуульд заасан үндэслэлээс гадуур төрийн албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн,
-тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Ц.Батмягмарыг Үйлдвэр- Урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалдаа холбогдох хуулийн заалтыг хэрэглээгүй, зөвхөн тухайн захирлын албан тушаалд төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөх эрхийг Хөдөлмөрийн сайдад өөрт нь олгосон хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн тул Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/46 дугаартай тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн дагуу мөн л илт хууль бус акт болсон байна.
Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 88 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ц.Батмягмарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүхийн магадлал гарсан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ц.Батмягмарын давж заалдах гомдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Тодруулбал:
Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу гэж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн "Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт....илт хууль бус болох ... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна". Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийн “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэх зохицуулалтууд нь тус хуулиуд дагаж мөрдөгдсөн цаг хугацаанаас өмнө гарсан үйл баримт, захиргааны актыг хянан шийдвэрлэхэд буцаж үйлчлэх талаар хуульд тусгайлан заагаагүй тул 2014 оны 03 болон 2015 оны 03 дугаар сард гарсан захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль зүйн боломжгүй” гэж дүгнэжээ.
Гэтэл нэхэмжлэгч Ц.Батмягмар нь шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл, тухайн цаг хугацаанд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж зохих дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийн талаар тодорхой тайлбарлаж түүнийг нотолсон баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгааг давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.
Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002 он), Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх эсэхтэй холбоотой хууль хэрэглээний байр суурь зөрүүтэй, нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүхийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглэх талаар хуульд тусгайлан заагаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх хэрэглэгдэх хууль зүйн боломжгүй” гэсэн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэсэн заалтад нийцээгүйн улмаас мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэнгүй.
Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Батмягмарын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Барилгын Политехникийн коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 12 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тухайн актыг хүлээн авсан эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор байхаар тогтоосон бөгөөд хуульд заасан энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үр дагавар үүсгэхийг мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан байна.
Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалын талаар 2014 оны 04 дүгээр сарын 11, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалын тухайд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар байжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь илт хууль бус актын тухайд нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарах талаар зохицуулсан, цаг хугацааны хувьд маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш буюу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэжээ.
Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар зохицуулагдахыг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.Батмягмарын нэхэмжлэлтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасантай нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан бусад асуудлаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0317 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ