Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0626

 

“Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ц.Түмэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлоор, “Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/110 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 729 дүгээр захирамжаар “Техник форум” ХХК-д хүнд даацын машин механизмын зогсоолын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 га газрын эрхийг “Их сумьяа” ХХК-аас шилжүүлэн шийдвэрлэсэн байдаг.

Тус газар нь Дэд станцын хамгаалалтын бүс болон цэвэрлэх дэд станцаас Рашаантын цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын хамгаалалтын бүсэд хамрагдаж байсан тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/110 тоот захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн юм.

Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх хэсэг”-т “Техник форум” ХХК нь тухайн газарт орсон хамгаалалтын бүсэд хамаарах 10000 м2 газрыг хасаж, үлдсэн 70000 м2 газрыг цаашид эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах” шаардлагаасаа татгалзсан гэсэн атлаа “нэхэмжлэгчийн газрыг бүхэлд нь цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй, 70000 м2 газрыг хэвээр үлдээх байсан гэж үзэж байна” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр зөрчилтэй байна.

Мөн “Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэл биш” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Шүүх хуралд нэхэмжлэгчийн хүсэлтээр ‘'Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компаний инженер гэрч Н.Төрболдийн мэдүүлэг нь Нийслэлийн Засаг даргад хандсан “Хамгаалалтын зурвас чөлөөлөх тухай” Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/1826 тоот албан бичгийн эсрэг утгатай мэдүүлэг өгсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны 496 тоот шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... нэхэмжлэгч даалгах нэхэмжлэлээсээ татгалзсан гэсэн атлаа 70000 м.кв газрыг хэвээр үлдээх байсан гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр зөрчилтэй ...” гэжээ.

Нэхэмжлэгч нь эрчим хүчний хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр 80000 м.кв газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлэгдээгүй байхад “10000 м.кв газрыг хасаад үлдэх 70000 м.кв газрыг эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хамт шийдвэрлүүлэх боломжгүй юм. Учир нь эхний нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсний дараа зохих журмын дагуу захиргааны байгууллагад хандаж, эрчим хүчний хамгаалалтын бүсэд хамаарах газрыг хасч, үлдэх газрыг эзэмших эрхээ баталгаажуулж авахаар хариуцагчид өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Шүүх хариуцагчийг зохих журмын дагуу зөвхөн эрчим хүчний хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг шалган тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг зөрчилтэй гэж үзэхээргүй байна. 

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд хариуцагч нь хуулийн энэхүү заалтыг зөрчиж анхнаасаа нэхэмжлэгч “Техник форум” ХХК-д газар эзэмшүүлсэн байх тул “нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, холбогдох бусад баримтуудыг харьцуулан үнэлж хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн “гэрчийн мэдүүлэг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2014 оны 1/1826 дугаар албан бичгийн эсрэг утгатай байсан нь шийдвэрт нөлөөлсөн ...” гэх гомдол үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч нь уг газрыг бусдаас шилжүүлэн авсан бөгөөд уг маргаан нь Эрчим хүчний тухай хуульд заасан хамгаалалтын бүс газартай давхцсантай холбоотой маргаж байх тул хэргийг шийдвэрлэхэд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг хэрэглэх шаардлагагүй юм.

Шүүхийн шийдвэр нь хариуцагчаас “... дэд станцын хамгаалалтын бүс газрыг тогтоож, түүнтэй давхцуулан олгосон нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын хэмжээг багасгаж шийдвэрлэхэд, мөн нэхэмжлэгч нь тус 80000 м.кв газрыг “Хүнд даацын машин механизмын зогсоол”-ын зориулалтаар эзэмшиж байснаас үзвэл агаарын шугамын трассын хамгаалалтын бүсийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг зөрчигдсөн гэж шууд үзэхээргүй байх тул шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр эзэмшихэд тус тус саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 496 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “... 32 дугаар зүйлийн 32.1,” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Б.Төмөрбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ