Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/377

 

 

 

 

 

 

 

 

   2023        05          29                                     2023/ШЦТ/377

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,   

улсын яллагч Б.Энх-Амгалан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ц, түүний өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч, Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000293 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын ..-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, *******хотхон, ******* байр, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Б.Б /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр .. дугаар байр, .. тоотод төрсөн эцэг С.Б-тай маргалдаж, улмаар түүний хүч хэрэглэж, дахин хүч хэрэглэхээр заналхийлсэн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, амь хохирогчийн толгойн тус газарт 35 см орчим урттай төмрөөр цохиж, гавал тархины хүнд гэмтэл учруулан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:Аав маань уурлаад бухимдсан. Би айгаад юу болсноо санадаггүй. Дараа нь дүрслэн бодож байцаалтаа өгсөн. Би юу ч санадаггүй. “Ямаа самналтад явна” гэж ярьж байсан. Маргаан ямар хугацаанд үргэлжилсэн болохыг мэдэхгүй байна. Аав маань тэр тонгоргийг байнга биедээ авч явдаг байсан. Машины урд хайрцгандаа, гэртээ ширээн дээрээ тавьдаг байсан. Амь хохирогчийн араас нь цохисон гэдгээ санахгүй байна. Ааваасаа маш их айдаг байсан. Манай ах аавтай хамт ажиллах боломжтой байсан ч олон жил зайгаа барьсан. Манай эгч нар эмэгтэй учир ажиллах боломжгүй байсан. Эгч нар ч надад “аавдаа тусал” гэж хэлдэг байсан. Би үүнээс болж гэр бүлээсээ салсан байсан. Маргаан болоход би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Цагдаад би өөрөө дуудлага өгсөн. Би маш их гэмшиж, харамсаж байна. Оронд нь би үхсэн бол дээр байсан гэж бодох юм. Би одоо Москва хороололд эгчтэйгээ байгаа. Хэргийн газраас гарч ирсэн хутга нь гал тогоонд байсан хутга. Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө нь мах эвдээд ширээний доор нүдүүр байсан гэж санаж байсан. Би санахгүй байна. Аав маань маш хөдөлмөрч хүн байсан. Хатуу ширүүн авир, тэвчихийн аргагүй үйлдэл гаргадаг байсан. Сэтгэл санааны хувьд хэцүү байсан. Би биеэ даагаад явах боломжтой байсан хэдий ч, аавтай хамт ажиллахгүй гэхээр аав ээж, эгчийг маань дарамталдаг байсан. Тиймээс чимээгүй, “за яахав” гэж бодоод тэвчиж ирсэн. Би тэр өглөө эхнэр, хоёр хүүхдээ үнсээд, “ажилдаа яваад ирье” гээд гараад явсан. Хэрэг гарахаас 14 хоногийн өмнө ******* аймагт очоод аав архи уугаад намайг зодсон. 2 жилийн өмнө хадланд гараад “морины ногоон өвс авсангүй” гээд хутгаараа дайраад гарын бугуй хэсэгт зүсэгдсэн. Энэ талаар цагдаагд мэдэгдэж байгаагүй. Гэр орноор нь хүн ирдэггүй, догшин ширүүн хүн байсан. Эгцэлж харж чаддаггүй байсан. Ойр хавийнхаа хүмүүст шалтгаангүй уурладаг байсан. Аав ахыг өөрийн үгээрээ хажуудаа байлгах гээд байдаг байсан учир ах тэвчиж чадахгүй аавтай утсаар ч яриагүй 3 жил болж байгаа. Аав хэрээс хэтэрсэн авир өдөр бүр гаргадаг байсан. Би хүүхэд, гэр бүлийнхээ төлөө сэтгэл маань гол харлаж байна. Би итгэл дүүрэн амьдрах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:Би нас өндөр болсон. Миний эрүүл мэнд муу байгаа. Намайг хагалгаанд орсон байхад хүү Б.Б маань ийм асуудалд орсон. Б.Б намайг асарч хамгаалж, хэдхэн хоногийн хугацаанд намайг сайхан асарсан. Цаашдаа ч асаргаанд байх шаардлагатай. Би амь хохирогчтой олон жил ханилсан. Б.Б-ээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Тухайн үед би корона гээд эмчилгээнд явах гэж байсан. Гэрээсээ гарах гэж байтал хүү орж ирсэн. Талийгаачид банштай цай хийж өгөөд гарсан. Би 8 өнгөрөөгөөд гарах гэж байсан. Цай ууж байхдаа амь хохирогч болон Б.Б нар хоорондоо юм ярьсан зүйлгүй зүгээр үлдсэн. Амь хохирогч нь маш хэрцгий, хурц ааштай, догшин ааштай хүн байсан. Үр хүүхэддээ аавтайгаа аятайхан харьц гэж хэлдэг байсан. Б.Б-ийг  эрхшээлдээ байлгах гэдэг байсан. Би амь хохирогчтой 1978 оноос хойш хамт амьдарч байгаа. Нэг хүүхэдтэй болоод зүгээр байсан. 5 жилийн дараагаас хачин ааш авир гаргаж эхэлсэн. 10 жилийн дотор байнга зоддог болсон. Сүүлийн үед хурц ааш гаргаж хаалгаа түгжээд зурагтын дуу чангалаад зоддог байсан. Би цагдаад хэлье гэж боддоггүй байсан. Дахиж тэгэхгүй гээд гуйдаг байсан. Б.Б ч биш бүх хүүхдүүддээ ширүүн хүн байсан. Байгаа үед нь харцнаас нь хөдөлж чаддаггүй байсан. Нас биед хүрсэн ч тийм л байсан.Б.Б-ийн эхнэрийг мессежээр дарамтлаад, хөөж явуулдаг байсан. Б.Баавынхаа занг тэвчихгүй явахаар нь би дууддаг байсан. “Аавдаа ирж тусал, намайг дарамтлаад байна” гэж хэлдэг байсан. Би талийгаач, Б.Б  хоёрыг эвлэрүүлэхийг хичээж байсан. Б.Б талийгаачийн үгэнд нь ороод явдаг байсан. Б.Бнадад “таныг бодоод явж байна” гэдэг байсан. Б.Б-ийн ах нь талийгаачтай нэг бус удаа барилцаж авч байсан. Хоорондоо таардаггүй байсан. Хэрэг гардаг өглөө Б.Б хэвийн байсан. “Ээж сайхан амарсан уу” гээд орж ирсэн. Талийгаач өмнөх өдөр нь “амралтанд явъя” гэхээр нь би “явахгүй” гэхэд над руу буцалсан ус цацаж байсан. Би тэгээд араас нь ороод тайтгаруулж байсан. Болохгүй зүйл өөдөөс нь хэлбэл “пизда” гээд намайг буруутгадаг байсан. Оёдлын машинаар зодож байсан гэдэг үнэн. Талийгаачийн хууль бус үйлдлээс шалтгаалж гар хугарч байсан. Эрүү далийж, 2 хавирга хугарч байсан. Цагдаад хэлбэл “би чамайг ална” гэж хэлдэг байсан. Талийгаач нь хүнээр хутга хийлгүүлээд хутга бариад явдаг байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 05-ны *******08 цагийн үед хүү Б.Борж ирсэн. Би тэр үед эмчилгээ хийлгэхээр явах гээд гадуур хувцсаа өмссөн байсан. Нөхөр Б, хүү Б.Б нарт цай аягалж өгөөд гараад явсан. 12 цаг өнгөрч байхад зээ охин над руу залгаад “баларлаа, өвөө нас барчихлаа” гэж хэлсэн. *******Намайг гарах үед Б.Б, Б хоёр гал тогооны ширээний ард дөнгөж суугаад үлдсэн. Юу ярьсан талаар мэдэхгүй. *******Яг яагаад Б.Б нь аавынхаа биед халдсан эсэх талаар би мэдэхгүй байна. Ер нь бол Б нь ширүүн, ууртай зантай хүн байсан. Б.Б гэлтгүй ер нь л хүүхдүүдээ загнаж, зодож, уурлаж, уцаарлаж байдаг байсан. Ажил хийх гэж байнга муудаж, сайндаж байдаг байсан. Б.Б ажлыг нь хийхгүй болчихвол над руу уурлаад хэцүү байдаг байсан. Б намайг суусан цагаасаа 2 жилийн дараагаас эхлээд өдийг хүртэл байнга л зодож байсан. Санхүүгийн дарамт, сэтгэлзүйн дарамтад байнга байлгадаг байсан. 1982 он хавьцаанаас л эхлээд Б намайг ганц хоёр цохиж авдаг болсон. Ер нь л өөдөөсөө үг хэлүүлэх дургүй байсан. Тэгээд “хуц” гээд хэлэхээр л үсдэж чирч аваад зоддог байсан. Тухайн үедээ тээврийн жолооч хийдэг байсан. Гэртээ байхаасаа байхгүй нь их. Гэртээ ирэхээрээ л намайг үсдэж авах, аль эсвэл цохих, алгадах зэрэг үйлдлүүдийг хийдэг байсан. ******* оноос хойш гэмтэл учиртал зодож эхэлсэн. Нэг өдөр том охиноо сургуульд шилжүүлж оруулах санаатай найзтайгаа уулзаад ирэхэд Б  урдаа ганжин тавьчихсан “яасан их дэмий тэнэдэг юм” гээд уурлаад сууж байсан. Би ажил бүтээсэн талаараа хэлээд хэрүүл эхэлсэн. Намайг төмөр сандлаар цохиод миний гарыг хугалж байсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлж эдгээж байсан. Би цагдаад нэг ч удаа хэлж байгаагүй. Намайг зодчихоод дараа нь аргадчихдаг, би бас дороо л эвлэрээд уучилчихдаг юм. Үүний дараа бас ахиад муудалцаад, би Чойрт очоод хэсэг байж байгаад хүүхдүүдээ аваад 1997 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн. Б  намайг хаалгаа түгжиж байгаад зурагтаа чангалж байгаад л зоддог байсан. Ер нь бол жилдээ нэг удаа ёс юм шиг зоддог байсан. Би янз бүрийн юм болохоор л нуучихдаг, айгаад хэлж чаддаггүй байсан. Б  уурлахаараа аяга таваг, гарт дайралдсан зүйлээ аваад шидчихдэг байсан. Хамт машин тэргэнд явж байхад шууд л гараараа гэнэт төсөөлөөгүй байхад нүүр, ам, хамар луу гараа саваад цохидог байсан. Одоо Б д зодуулснаас болж миний хамар хугархай, нүд муу юм хардаг, нэг чих юм сонсдоггүй, шүд ам бол бүүр байхгүй, бүгд хиймэл, эрүүний яс хугарч байсан. Ах, дүү нараасаа Б гийн үйлдлийг нуудаг байсан. Хүүхдүүд бол “болиоч ээ, ааваа ээжээ” гэж дэмий л орилно. Б  өрөөнийх нь хаалгыг түгжиж байгаад л намайг зоддог байсан. Б  ер нь бол түргэн, огцом ууртай, уурлахаараа гарах гарахгүй ааш авир гардаг, сэтгэцийн өвчтэй болов уу ч гэж сүүлдээ бодох болсон. Хэдэн хүүхдээ бодоод зодуулаад уйлаад тэвчээд явдаг байсан. *******Б.Б нь миний хамгийн бага хүү, маш томоотой, миний хэлсэн ярьснаас гардаггүй, хичээл номдоо сайн, сургуулиас зохиосон арга хэмжээнд санаачлагатай оролцдог. Хүүхдүүддээ хайр халамжтай, эхнэрээ маш их хайралдаг. Б.Б ер нь бол ааваасаа маш их айдаг, багаасаа л айж өссөн. Цонхны гадна аавынх нь машин ирэхээр л зугтаагаад гүйдэг байсан. Нэг удаа би гэрээ цэвэрлэж байсан чинь нэг цаас байхаар нь аваад хартал Б.Б “ээжээ танд би хайртай шүү, амьдрах арга алга” гэх утгатай зүйл бичээд үлдээсэн байсан. Тэр үед Б.Б 4, 5-р анги л байсан. Би хүүгээ тэврээд бид хоёр ярилцаад уйлж байгаад аргадаж байсан. Тэрнээс бусдаар миний хүү намайг зовоож байгаагүй. Б  нь Б.Б-ийг байнга биш ч гэсэн, тусдаа гартал нь зодож өсгөсөн. Тэгээд нэг юм айлын охин дагуулж ирээд тусдаа гарах гэтэл нөгөөхийг нь Б  зөвшөөрөөгүй, “ажил хийлгүй дэмий тэнэж авгай хүүхэд эргүүллээ, би чамд ажил сургах гэхээр дэмий тэнэлээ” гээд тэр хоёрыг нийлүүлдэггүй байсан. Нэг удаа Б гаас болж Б.Б, н.З хоёр хэсэг салж байсан. Б.Б-ийг Б  байнга хөдөө ажлаа хийлгээд байлгаж байх санаатай байсан. Нөгөөх нь явахгүй болохоор над руу “чи хүүхэддээ хэл” гээд уурлаад байдаг байсан. Намайг хэлэхээр надад санаа нь зовоод Б.Б  дуртай дургүй хөдөө явдаг байсан. Явсан ч гэсэн ажлыг нь сайн бүтээгээд сайн хийгээд ирдэг байсан. Б.Б-ийг8-р анги төгсөхөд нь “Хятад хэл сур” гээд БНХАУ-д цэргийн сургуульд аваачаад мөнгө төгрөг ч өгөлгүй хаячихсан. Б.Б ч гэлтгүй манай хүүхдүүд, би ч бүгд Б гаас айдаг байсан. Би хүүгээ ийм зүйл хийснийг гайхаад итгэж өгөхгүй байна. Ер нь бол аавынхаа дарамтнаас үүссэн үйлдэл гэж бодож байна*******” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 72-75 дахь тал),

4.Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 49 минутад эгч Б над руу залгаад “аав өнгөрсөн байна, хурдан ир” гэсэн. *******Аав Б , ээж Ц нар ******* аймагт гэр бүл болоод дундаасаа 4 хүүхэд төрүүлсэн. Хамгийн бага нь Б.Б юм. Б.Б эхнэр, 2 хүүхэдтэй тусдаа гарсан. Аав, ээж 2 маань гэртээ хоёулахнаа л амьдардаг. Б.Б бид 2 аавын мал аж ахуйн ажилд туслаад л явж байдаг хүмүүс юм. Аав *******. аймагт хэд хэдэн суманд 10,000 гаруй тооны бог бод нийлсэн малтай. Түүнийхээ ашиг шимээр бид амьдардаг. Манай гэр бүл 1990 оноос хойш мал ахуйгаа өсгөөд тэрнээс хойш өнөөдрийг хүртэл энэ чиглэлийн ажлаа хийгээд амьдарч байгаа. Б.Б багаасаа л аавтай хамт жолоочийг нь хийгээд хамгийн ойр байдаг хүн нь юм. Аав машинаа өөрөө барих үедээ бариад, ихэнхдээ л Б.Б барьдаг. Ойрын үед манайхан ямаа самнах бэлтгэл ажил гээд нилээд ажилтай, завгүй байсан. Өнөөдрийн хувьд мөн л тэр ажлаар аав, дүү 2 гарч орох гэж л аавынд очсон байх. Би бол хамгийн сүүлд аавтай цагаан сарын дараахан уулзсан. Харин дүүтэйгээ цагаан сараар л уулзсан. Утсаар бол холбоотой л байсан. Аав ноднингоос хойш койнд мөнгө оруулаад бид нарыг хориглоод байхад тоохгүй зөрүүдлээд ноолуур, арьс ширний мөнгөө бүгдийг оруулсан. Саяхан хүртэл адуу мал зараад бас койн авсан гэж бидэнд хэлсэн. Тэрнээс болоод бид нар “боль” гэж аавд хэлэхээр аав уурлаад үгэнд ордоггүй байсан учраас миний хувьд ойлгохгүй болохоор сүүлийн үед тоохгүй хаясан. Дүү магадгүй энэ асуудлаар аавтай маргалдсан байх гэж бодож байна. Өөр муудалцах шалтгаан тэдэнд байхгүй. *******Аавын хувьд ааштай, хатуу чанга зантай зөрүүд хүн. Хэний ч үгэнд орохгүй санаснаараа л явдаг. Дүү Б.Б бол их дөлгөөхөн, архи дарс амсахгүй, ажлын төлөө л явдаг хүн. Манай гэр бүлийн ажлыг тэр хүн л нугалдаг байсан. Аавд загнуулаад л, зөрүүдлээд байхаар нь сонсоогүй юм шиг ажлаа хийгээд хөдөө голдуу л байдаг. Байнга л хөдөө мал хуйгаа янзлаад ирэн очин байдаг. Гэр бүлийнхэндээ хайртай, эвтэй найртай бид нарын үгнээс гардаггүй. Жинхэнэ ажлын төлөө төрсөн хүн. Хамгийн бага нь энэ тэр гээд эрхэлж өсөөгүй юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дахь тал),

5.Гэрч Г.З-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******Манай хадам аав Б  нь их ууртай, догшин, өөрийнхөөрөө байлгах хүсэлтэй хүн. *******Б.Бнь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хэдэн цагт гэрээсээ гарч явсан гэдгийг нь мэдэхгүй байна, өглөө бид нарыг унтаж байхад үнсээд гарсан. Машин тэрэг оношилгоонд оруулах шаардлагатай, тэгээд аавтайгаа ямаа самнах ажлаа ярина гэж, өмнөх өдөр нь надад ярьж байсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Угаасаа архи уудаггүй, хаа нэг уухаараа ганц нэг лааз пиво л уудаг байсан*******” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 101-104 дэх тал),

6.Гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******Би Б.Б-ийн хадам эгч нь юм. Б.Б их элгэмсэг, хүүхдүүдэд их сайн, их нийтэч, тусархуу зөөлөн сэтгэлтэй. *******Б.Б болон Б  хоёрын харилцааг Заяагаас сонсоход таарамжгүй харилцаатай юм байна гэж ойлгож байсан. Аав нь Б.Б-ийг загнаад байх юм гэж надад хэлдэг байсан*******” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь тал),

7.Гэрч О.Д-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******Би 1999 онд цэргээс халагдаад ах Б  нь малчнаар ажилд авсан. *******Б  ах ер нь бол сайн хүн. Гэхдээ ааш зангийн хувьд жаахан огцом ууртай. Утас шөрмөсөөр ярихаараа ууртай. Б  гэх хүнийг чи таних уу гээд орилоод байдаг. *******Б  ах хүүгээ унтлаа гээд загнаж, зандарч байсныг бол харж байсан. Ер нь жаахан Б.Б-ийг загнаж, зандарсан хандлага харилцаатай байдаг. Надад хэлэхдээ “хүүхэд том болох хог юм, үгэнд орохгүй” гэж хэлдэг байсан. Харин Б.Б “аав хусуулчихлаа, өглөө унтлаа” гээд цохисон гэж ярьдаг байсан*******” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дахь тал),

8.Гэрч П.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* давхарт ******* хүний хөгжил нэртэй байгууллагыг сэтгэл зүй, сэтгэл судлал, бясалгалын чиглэлээр сургалт зөвлөгөө өгч ажиллуулдаг. *******2021 оны 5 дугаар сард Б.Бг эх залуу эгч Б-ийн хамтаар “сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй байна” гээд ирээд зөвлөгөө авч байсан. Тухайн үед Б.Б нь надад өөрийн сэтгэл санааны хямралтай байгаа шалтгаанаа аавтайгаа холбож ярьж байсан. Бусад хүүхдүүдээсээ өөр харьцдаг, гадуурхдаг, тэгсэн хэр нь хамаг хүнд хүчир ажлуудаа хийлгэдэг, мөн аав нь хамаг хүнд хүчир ажлыг нь хийлгэж байгаа хэдий ч мөнгө төгрөг бага өгдөг, цалин муу өгдөг, аав нь өөрийг нь байнга хяналтандаа байлгадаг, аавтайгаа тохирч нийцэхгүй хямраад байна гэж ярьж байсан санагдаж байна. Ер нь олон жил дарамтлуулж байгаа учраас далд ухамсарт нь бүрэн сууж ааваасаа их айсан айдастай, гомдсон байсан гэж тухайн үедээ би дүгнэж байсан. Би тайван байлгах бясалгал дасгал хийх хэрэгтэй гэх зөвлөгөөг өгч байсан. Уг нь бол аав хүн бол айл гэрийн ноён нуруу, хүүхдийн үлгэр жишээ байх ёстой, гэтэл дарамтлаад гадуурхаад байхаар нь тааламжтай байхгүй эсрэгээрээ сэтгэл дундуур гомдолтой явж байсан санагдаж байна. Үүний дараа 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ирж энергийн оношилгоонд орсон. 6 удаагийн энергийн засал хийлгэх шаардлагатай, ер нь бол энергийн алдагдалтай байсан. 6 удаа ирж энергийн засал хийлгэх байснаас 2 удаа ирж энергийн засал хийлгэж байсан. *******Би Б.Б-ийг үзэхэд сэтгэл санааны байдал хямралтай, тайван бус, гутралтай, гомдолтой гэж оношилж байсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал),

9.Гэрч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сарын 05-ны өглөө 08 цаг 30 минутаас ээлжийн хуваарийн дагуу ******* чиглэлийн дагуу үүрэг гүйцэтгэж байх үед 10 цаг 40 минутад “би аавтайгаа муудалцаад цохиод унагаасан, сэрэхгүй байна” гэх дуудлага мэдээлэл *******,******* тоотод ******* дугаарын утаснаас ирсний дагуу 10 цаг 49 минутад эргүүлийн цагдаа жолооч, ахлагч Г.М-ын хамтаар очиж шалгахад иргэн ******* нь хаалга нээсэн. “Аав чинь хаана байна” гэж асуухад “тэр цаана коридорт хэвтэж байгаа” гэж хэлсэн. Өөрөө хоёр гараа өгөөд байхаар нь би М-ыг “гавлаж байгаарай” гэж хэлээд цааш очиж цогцсыг харахад газарт доошоо цаашаа хана руу харсан байдалтай эрэгтэй гавлын ясандаа гэмтэл авч нас барсан байдалтай цогцос хэвтэж байсан. Ингээд жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд болсон явдлыг мэдэгдэж 103-т дуудлага өгсөн. *******Б.Б-ээс болсон явдлыг асуухад “аав Б даа багаасаа зодуулж өссөн, аав дээрээ ажлын талаар ярилцах гээд ирэхэд уурлаад намайг цохисон, тэгэхээр нь миний уур хүрээд төмөр нүдүүр ширээн доороос аваад аавынхаа араас нь явж байхад нь толгой хэсэг рүү нь удаа дараа цохиж унагаасан” гэж хэлсэн. Тухайн үед амнаас нь үл ялиг архи үнэртэж байхаар нь асуухад ******* нь “аавыгаа цохих үедээ архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан, дараа нь үхсэн гэдгийг нь ойлгоод амиа хорлох зорилготой архи уугаад, амиа хорлох гээд би чадаагүй болохоор нь цагдаагийн байгууллагад өөрөө дуудлага өгсөн” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед манай цагдаа жолооч Г.М нь энгэрийн камер дээрээ бичлэг хийж баримтжуулан авсан байгаа. Гал тогооны өрөөний газарт хутга, тамхины иш, ширээн дээр тал шилтэй архи, коридорын шалан дээр цус мэт зүйлээр бохирлогдсон нүдүүрийн төмөр доошоо харсан байдалтай гар утас, сервантны хагарсан шил, мөнгөн аяга гэх мэт зүйлс байсан*******” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал),

10.Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******Би тухайн өдөр томилгооны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Дэслэгч Б-ны хамт “аавтайгаа хэрэлдээд нэг цохисон чинь босож ирэхгүй байна” гэх дуудлага дээр 10 цаг 49 минутад очиход хаалгыг Б.Б тайлж өгсөн. Юу болсон талаар асуухад “аав дотор хэвтэж байгаа урдаас 2 гараа өгөөд намайг гавлаа” гэж өгсөн. Дэслэгч Б цааш орж харсан чинь коридорын шалан дээр хана руу харсан байдалтай дээгүүр нь цагаан хөнжил нөмөрсөн, нас барсан, ямар ч хариу үйлдэл хийхгүи хувцас нь нилэнхийдээ цус мэт зүйлээр бохирлогдсон, хана болон шал цус болсон байсан. 10 залгаж бүрэлдэхүүн дуудсан. Бүрэлдэхүүнийг ирэхээс өмнө 103 ирсэн. “Нас барсан байна” гэж хэлсэн. Бүрэлдэхүүн иртэл хэргийн газрыг хамгаалалтад авсан. Хэргийн газрын бүрэлдэхүүн мөрдөгч А-аар ахлуулсан баг ирж хэргийн газарт ажилласан. Энэ хооронд Б.Б гэх залуу “өглөө аав дуудсан, машин оношилгоонд оруулахаар, тэгээд өөр газарлуу аав явна гэж хэлсэн бөгөөд би явахгүй гэхэд аав миний үгэнд ордоггүй чи хэн бэ гээд шанаадсан, би босоод явтал миний араас аяга шидсэн, тэгээд аав босоод цааш өрөө рүүгээ ороход нь миний гэнэт уур хүрээд аавын хойноос гал тогооны өрөөнөөс цайны шаар нүддэг элдүүр буюу нүдүүрээр араас хэд хэдэн нүдээ аниад цохисон, хар багаас минь намайг дээрэлхэж байсан” гэж уйлж байсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь тал),

11.Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:*******2022 оны 3 дугаар сарын 05-ны өглөө 07 цаг өнгөрөөд 08 цаг болж байх үед ******* байранд аав, ээжийнхээ гэрт очсон. 2022 оны 3 дугаар сарын 08-ны өглөө бид нар *******аймаг руу явж ямаа самнах ажилтай байсан болохоор тэр ажлын бэлтгэл ажлыг хийх зорилготой аав, ээж дээрээ очсон. Би аав, ээжийнхээ гэрт ороод гал тогоонд аав бид хоёр ажил хэргээ яриад, цай унд уугаад суусан. Ээж цайгаа уучихаад гадагшаа гараад явсан. Хаашаа явсан гэдгийг нь асуугаагүй. Би аавтайгаа хөдөө явах ажлаа яриад байж байсан. Аав маань надад “20 хүн авч явна шүү” гэж хэлсэн байсан. Тэгсэн “сүүлд 5 хүн нэмэгдчихлээ ааваа, хивэг тэжээл ачна” гээд хэлсэн чинь аав маань “би чамд 20 хүн ав гэж хэлсэн болохоос яагаад 5 хүн нэмээд байгаа юм, том толгойтой пязду вэ” гэж надад хэлсэн. Би аавдаа “20, 25 хүний ялгаа юу байхав дээ, цугалчихсан юм чинь аваад явчихъя” гэж хэлсэн. Тэгсэн аав надад “том тэрэг дээр хивэг тэжээл ачна, тийм олон хүн багтахгүй, пязду наахуу дандаа хүний үгээс зөрнө” гэж огцом ууртайгаар ширүүн харж надад хэлээд, миний зүүн хацар луу баруун гараараа цохисон. Би босоод ширээ буйдан хоёрын голд зогсоод аав руу “та одоо яагаад ийм түргэн ууртай байдаг юм бэ, иймхэн юмнаас болоод цохиод байхдаа яадаг юм бэ, насаараа би тантай ажил хийж байна, үгнээс чинь зөрж үзээгүй, ойрхон байхаар цохиж зодно, хол байхаар утсаар хашхирч гуагчина” гээд аавд хэлсэн чинь аав босож ирээд над руу цай ууж байсан мөнгөн аягаа авч шидсэн. Цаашаа коридор луу зурагтын хана өнгөрөөд явсан. “Чи муу пязда наахуу, том толгойтой, чи ер нь бүүр үгэнд орохоо байж ээ” гээд амандаа юм бувтнаад явж алхаж харагдсан. Би айсандаа том өрөөний гал тогооны ширээний доод талд борц нүддэг нүдүүр байсныг нь баруун гараараа аваад араас нь очоод толгой хэсэгт нь 1-2 удаа цохисон. Аав шууд газарт унаад өгсөн. Би харж чадахгүй хөнжил хаяад дотор муухайраад гараа харсан чинь цус болчихсон байхаар нь гараа угаасан. Би яахаа мэдэхгүй айсандаа амиа хорлоё гэж бодоод сервантанд байсан архинаас задлаад стаканд хийж байгаад 3-4 удаа уусан. Амиа хорлох гэсэн боловч хоёр жаахан хүүхэд маань нүдэнд харагдаад хоёр хүүхэддээ хорогдоод амиа хорлохоо больсон. Хэсэг хугацааны дараа 103 дуудлага өгсөн. Дараа нь 102 луу залгасан. Хүлээж байх зуураа 2 ширхэг тамхи гал тогооны цонхны хажууд татсан. Тэгээд удалгүй гаднаас эргүүлийн цагдаа нар орж ирсэн. Би болсон явдлыг тайлбарлаад гараа өгөөд гав зүүгээд уйлсан. Хэсэг хугацааны дараа намайг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Яагаад ийм зүйл болсон шалтгаан нь ер нь гэр бүлийн харилцаа ааваас айсан. Айдас дунд байсан. Багаасаа ааваасаа айсан. Айдас дунд өссөн. Аав маань их түргэн ууртай улангассан нүдтэй. Юм л бол уцаарлаж уурлаж зоддог байсан. Намайг бага байхад цагдаад мэдэгдэнэ гэх асуудал бол төрсөн эцэг гэдэг утгаараа болохгүй зүйл гэж боддог байсан. Ер нь бол зүгээр энгийн зоддоггүй байсан. Заримдаа усанд орохдоо баруун гараа зүүн мөрөндөө хүргэж чадахааргүй, даагдахгүй болтол нь зоддог байсан. Аав маань гарт баригдсан зүйлээр л зодож нүддэг байсан. Гар хөл гээд ер нь бол зодуулж цохиулаагүй газар миний биед байхгүй. Аав маань нэг уурлахаараа юу хийж байгаагаа мэдэхгүй, уур нь гарахаар тайвширч мэдэхгүй, аргадаж мэдэхгүй. 2010 он хавьцаа байх Налайхад наадам болох гээд уяаны моридууд ирсэн байсан. Би морин дээрээ байж байтал нэг морь зугтахаар нь араас нь хөөж байгаад архины хагархай шилэн дээр гишгээд хөлөө зүссэн. Би ахыгаа хотоос дуудаад эмнэлэг орж оёдол хийлгэсэн. Маргааш нь би гэртээ үлдэх болов уу гэж бодсон чинь аав “явъя бос чи” гээд намайг аваад *******. аймаг руу явсан. Замд машинд доргих бүрт хөлний оёдол өвдөж байсан. Тэр болгоныг аавдаа айгаад хэлж чадаагүй. *******.т очоод наадам болоод морь гишгүүлэх хүн байхгүй байна гээд намайг босож гишгүүлсэн. Газарт даралттай гишгэх тусам миний хөлний оёдол өвдөж цус гараад, 2 оёдол нь задраад, өөх нь гарсан байсан. Би мөн л ааваас айгаад тэр болгоныг хэлээгүй. Ер нь ингээд ярих юм бол зөндөө ааваас айх шалтгаан байсан. Чанга дуугарахад л би айдаг. Тийм болтлоо дарамтлуулж өссөн. Тэглээ гээд би бас аавыгаа буруутгаагүй, өдийг хүртэл аавыгаа гэж явдаг байсан. Аавыгаа цагдаад өгье гэсэн атгаг санаа байгаагүй. Ийм юм болно гэж яаж мэдэх вэ дээ, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Намайг ганцааранг нь зоддоггүй байсан. Манай ахыг бас зодож байсан. Ээжийг маань зодож байсан. Ер нь аавын ах дүү нар нь болох *******д амьдардаг Ж, Х нар ч мэдэж байгаа. Би аавыгаа гал тогооны ширээний доод талд байсан нүдүүр төмрөөр 1-2 удаа цохисон. Тэр нүдүүр төмрийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хавьцаа байх аавын гэрт очиж ууц эвдэхэд туслах үед гал тогооны ширээн доор байсан цаасан хайрцаг дээр байсныг анзаарч харсан юм. Тухайн үед хонины аарцаг хугалах гээд цохих юм хайж байхад тэнд тэр нүдүүр төмөр байхыг нь анзаарч харж байсан юм. Хажууд нь байсан мод хагалдаг сүхийг аваад хонины аарцгийг хувааж байсан юм. Аав тухайн үед цаашаагаа алхаж байхдаа “пязда, ална” гээд шүдээ зуугаад алхаж байсан. Өрөөнд нь өөрийнх нь хэрэглэдэг тонгорог байдаг болохоор тэрийг л авах гээд явчихлаа даа гэж бодоод айсандаа би аавыгаа нүдүүр төмрөөр цохисон. Тухайн үед миний сэтгэл санаа маш их айсан байсан, шууд л толгойд аав нөгөө тонгорогоо авах гэж байна гэж л бодогдоод айчихсан*******” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 3-6 дахь тал),

12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн “Талийгаачийн биед гавал тархины хүнд гэмтэл, ил хугарал, баруун чамархайн хуйханд ил шарх, гавлын дух, зулай, чамархай, дагз, суурь, баруун хацар, хоншоор яс, баруун, зүүн нүдний ухархайн дээд ханын олон тооны хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны урагдал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн тархины эдийн няцрал, баруун гарын долоовор хурууны шивнүүр ясны ил хугарал, баруун чихний урд хэсэгт шарх, баруун нүдний алим, баруун нүдний доод зовхи, баруун чамархай, шанаа, баруун сарвуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүгэгдсэн байх боломжтой. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн шинжилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 135-139 дэх тал),

13.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *******дугаар “******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байна. Сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 194-195 дахь тал),

14.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 7-32 дахь тал),

15.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 34-38 дахь тал),

16.Амь хохирогч С.Б гийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дахь тал),

         17.Шүүгдэгч Б.Б-ийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 51-56 дахь тал),

        18.Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),

        19.Илтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал)

        20.Гэрч Б.Б-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дахь тал),

        21.Гэрч С.Г-н мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 97-99 дэх тал),

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 113 дахь тал), суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 118-119 дэх тал), бакалаврын дипломын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 120 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 123-124 дэх тал), ******* дүүргийн ******* дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 125 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 147 дахь тал) зэрэг болно.

 

  1.      Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 08-10 цагийн орчим .. дугаар байранд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, эцэг С.Б г алсан үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг нь гэмт хэргийн субьектив шинжийн хувьд өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Түүнчлэн эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэсэн шинжийг өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодь, сэтгэл санааны хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэлийн хүчтэй цочролт, давчдалт нь хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болж үүсч, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд хохирогчийн хууль бус үйлдэл нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэмт этгээдийн санаа шууд болон шууд бус хэлбэрээр илэрч болохыг ойлгоно.

Энэ гэмт хэргийн тухайд амь хохирогч С.Б , шүүгдэгч Б.Б нар нь эцэг, хүү бөгөөд С.Б  нь эхнэр *******г “1982 оноос зодож эхэлсэн, жил бүр ёс юм шиг гэрийнхээ хаалгыг түгжээд, зурагтынхаа дууг чангалж байгаад зоддог”, харин *******-г“хүүхэд байхаас нь зодож, загинадаг, Б.Б амиа хорлохоор захиа үлдээж байсан, хэрэг гарахаас өмнө 14 хоногийн өмнө согтуурсан үедээ зодсон, 2 жилийн өмнө “морины өвс авсангүй” гэх шалтгаанаар хутгаар гарыг нь зүссэн” зэргээр шүүгдэгчид болон түүний эхэд удаан хугацааны турш бие махбодь, сэтгэл санааны хувьд хүчирхийлэл үзүүлдэг байсныг С.Б гийн эхнэр болох түүний хууль ёсны төлөөлөгч *******, түүний охин болох гэрч Б.Б, түүний бэр болох гэрч Г.З түүний малчин гэх гэрч О.Д, шүүгдэгч Б.Б нар нотолж мэдүүлдэг төдийгүй, Б.Б нь хүчирхийллээс шалтгаалан “******* хүний хөгжил” гэх байгууллагын сэтгэл зүйч болох гэрч П.Т-д хандаж, сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байсан зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Дээрх гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч ******* нь амь хохирогч С.Б гийн гэрт гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй, “ямаа самнах ажил” ярилцахаар очсон боловч, тухайн ажлын зохион байгуулалтаас шалтгаалан үл ойлголцон маргалдсан хэдий ч, С.Б гийн ******* рүү мөнгөн аяга шидэх, “ална, пизда” гэх зэргээр хараасан буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн хууль бус үйлдэл, мөн олон жилийн бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн айдас зэрэг нь санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирдох шалтгаан нөхцөл болж, түргэн зуур нүдүүр гэх төмрөөр С.Б гийн толгойн тус газар нь цохиж, түүний амь насыг хохироосон Б.Б-ийн үйлдэл нь “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, гэмт хэрэг төгссөн гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасан бөгөөд дээрх байдлаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг хэргийн үйл баримтыг харилцан нотолсон, зөрүүгүй, үнэн зөв, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үнэлж хэргийн нөхцөл байдлыг тогтоосон болно.

Шүүгдэгч Б.Б-ийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж С.Б г алсан үйлдэл нь дээрх шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал болон талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохын зэрэгцээ, прокуророос Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүнийг алах болон хүний амьд явах эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялган зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, *******гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ц нь шүүх хуралдаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү”,

шүүгдэгчийн өмгөөлөгч *******“1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг хасаж, ялыг эдэлсэн тооцож өгнө үү”,

шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж тус тус санал, дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Б.Б-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.5-д заасан “өөрийгөө илчилсэн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.3, 1.4, 1.7-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал нь уг гэмт хэргийн үндсэн шинжид хамаарах тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, .. настай), үйлдсэн гэмт хэргийн хохирол (хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн), хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд өмгөөлөгч нараас гаргасан “Хорихоос өөр төрлийн ял оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь, шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг цогцоор нь харгалзах учиртай бөгөөд тус гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг үйлдэгддэг, мөн хүний амь нас, амьд явах эрхийг нөхөн сэргээх боломжгүй байдгаараа гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюулын шинж чанарыг илтгэх тул шүүгдэгчид хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуульд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

 

III. Бусад асуудлаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 387 (гурван зуун наян долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр нүдүүр 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, эвдэрхий мөнгөн аягыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д буцаан олгож, компакт диск 4 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2.Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийн эдлэх 2 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 387 (гурван зуун наян долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр нүдүүр 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, эвдэрхий мөнгөн аягыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д буцаан олгож, компакт диск 4 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

            7.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            8.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР