| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2019/03300/И |
| Дугаар | 181/ШШ2020/00357 |
| Огноо | 2020-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2020/00357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.А,
Хариуцагч: Б.Э нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,180,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одбаатар, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Иргэн М.А, Б.Э нар нь Хтай 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 1520020640 тоот зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Банк 1520020640 тоот зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг зээлдэгч М.Аын Х дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,122,466 төгрөг, зээлийн хүүд 797,992 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,659 төгрөгийг төлсөн.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1520020640 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлөлт хийж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 103 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Х нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1520020640 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт зээлийн үлдэгдэл 5,877,533 төгрөг, зээлийн хүү 300,813 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,154 төгрөг буюу нийт 6,180,500 төгрөгийг М.Ас гаргуулж өгнө үү.
Хариуцагч Б.Эын хаяг тодорхойгүй байсан учраас банк зээлийн гэрээний үүргийн зээлдэгч М.Ааас бүхэлд нь гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч М.А шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч М.А, Б.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 6,180,500 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Эын хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлээр шаардаж буй 6,180,500 төгрөгийг бүхэлд нь М.Ааас шаардаж байна.
Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч М.Ад 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь мөн өдрүүдэд тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр болох талаар хариуцагчид 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуралдаанд ирээгүй байна.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй, тус шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн этгээдийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
“Х” ХХК болон М.А, Б.Э нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1520020640 тоот Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Х” ХХК нь өрхийн хэрэглээний зориулалтаар 7,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 18%-ийн хүүтэй байхаар тохирч шилжүүлэх, зээлдэгч М.А, Б.Э нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний хооронд сар бүр тогтоосон хэмжээгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Зээлийн гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2-д тус тус заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэргийн баримтаар зээлдүүлэгч “Х” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 7,000,000 төгрөгийг хариуцагч М.Аын 1520020640 тоот дансаар шилжүүлэн олгосон болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас үзвэл зээлдэгч нар 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1,122,467 төгрөг, зээлийн хүүд 797,993 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,660 төгрөг буюу нийт 1,923,120 төгрөгийг хуваарь зөрчин буцаан төлсөн бөгөөд мөн өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогдож байна.
Гэрээний үүргийн зөрчлийг арилгуулах талаар зээлдүүлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэх хуудас, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шаардах хуудас хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15.00 цагаас өмнө зөрчлийг арилгаагүй, үр дүн гараагүй тул зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр цуцалсан нь зээлийн гэрээний 5.1.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь зохицуулалтад нийцжээ.
Зээлийн гэрээ ийнхүү цуцлагдсанаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдахгүй, гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг хэвээр хадгалагдах тул шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлийн үндсэн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн зээл 5,877,533 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар бодогдсон хүү 300,813 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,154 төгрөгийг тус тус шаардах эрхтэй гэж үзлээ.
Зээлийн гэрээнд М.А, Б.Э нар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх боловч нэхэмжлэгч зөвхөн М.Ааас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т нийцжээ.
Иймд хариуцагч буюу зээлдэгч М.Ааас 6,180,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг тус тус баримтлан М.Ааас 6,180,500 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгож, Б.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ааас 113,838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй ба эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА