Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2020/00166

 

 

 

 

  

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

      

Нэхэмжлэгч: “З” ХХК -ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Ү” ХХК,

Хариуцагч: “ҮГ” ХХК -уудад холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82,393,766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэн, хариуцагч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болор-Эрдэнэ, хариуцагч “ҮГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ, хариуцагч нарын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“З” ХХК нь “Ү” ХХК-тай 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн “Бараа нийлүүлэх болон борлуулах талаар хамтран ажиллах гэрээ”-г байгуулан ажилласан ба энэхүү гэрээгээр нийлүүлэгч “З” ХХК нь бараа буюу дарсыг борлуулагч “Ү” ХХК-д нийлүүлэх, “Ү” ХХК нь нийлүүлсэн дарсны үнийг тогтоосон хугацаанд төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байдаг.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т “Борлуулагч тал нь нийлүүлэгч талтай cap бүрийн эцэст борлуулалтын тооцоо хийнэ. Нийлүүлэгч нь тухайн хугацаанд борлуулагдсан нийт барааны үнийн дүн дээр үндэслэн нэхэмжлэлийг борлуулагчид өгнө. Борлуулагч төлбөрийг нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор гэрээнд заасан дансанд шилжүүлнэ” гэж, 3.3-т “Борлуулагч төлбөрийг хугацаандаа хийгээгүй тохиолдолд нийлүүлэгч өдрийн 0.5%-ийн алданги тооцон үнийн дүн дээр нэмнэ” гэж заасан.

Тус компани “Ү” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “ҮГ” ХХК-д дарс нийлүүлсэн. Хамаарал бүхий компани учир “Ү” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу дарсыг “ҮГ” ХХК-д нийлүүлсээр ирсэн бөгөөд хариуцагч нар хүлээн авч байсан нийлүүлсэн дарсны үнийг төлөх гэрээний үүргээ биелүүлэхгүй, өнөөдрийн байдлаар “ҮГ” ХХК-тай тооцоо нийлсэн актаар 51,595,844 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэхүү үлдэгдэл тооцооны талаар талуудын хооронд маргаан байхгүй.

51,595,844 төгрөгийн үлдэгдэл нь “Занаду Вайнес” ХХК-ийн олон удаагийн нийлүүлэлтийн нийлбэр дүн бөгөөд талууд cap бүр тооцоо нийлсний үр дүнд нийлүүлэгч “З” ХХК нь “ҮГ” ХХК-ийн “Good price” дэлгүүрт нэхэмжлэхийг хүргүүлдэг байсан. Гэрээний 3.2, 3.3 дахь заалтуудын дагуу 51,595,844 төгрөгийн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйн алдангийг нэхэмжлэл гаргах энэ өдөр хүртэлх хугацаагаар тооцон үзэхэд нийт алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас давсан тул алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д нийцүүлэн 30,797,922 төгрөгөөр тооцсон.

Иймд “Ү” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “ҮГ” ХХК-д дарс нийлүүлсэн дарсны үнэ 51,595,844 төгрөгийг “ҮГ” ХХК-аас, бичгээр гэрээ байгуулсан үндэслэлээр 30,797,922 төгрөгийн алдангийг “Ү” ХХК-аас тус тус гаргуулж өгнө үү. Дарс хүлээн авч, тооцоо нийлж, төлбөр төлж байсан тул “ҮГ” ХХК ч гэсэн алдангийг хариуцах ёстой гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ү” ХХК нь 1996 онд байгуулагдсан. 1996-2013 он хүртэл худалдаа үйлчилгээний салбарт бизнес эрхэлж байсан. 2008 онд худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байх хугацаандаа “З” ХХК-тай 1 жилээр гэрээ байгуулан дарс худалдан авч байсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн гэрээ дуусгавар болсон.

2013 оноос “Ү” ХХК нь зөвхөн барилгын салбарт дагнан ажиллах болсон бөгөөд барилгын салбар руу орсон цагаасаа эхлэн “З” ХХК-аас ямар нэг бараа бүтээгдэхүүн худалдаж аваагүй. Тус компанитай “Ү” ХХК нь ямар нэг дарсны төлбөр тооцоо байхгүй.

“З ХХК нь нэхэмжлэлдээ “Ү” ХХК-тай 2018, 2019 онуудад тооцоо нийлж байсан гэсэн нь үндэслэлгүй. “Ү” ХХК нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа тус компаниас дарс худалдаж аваагүй, төлбөр тооцоо байхгүй.

Нэхэмжлэгчтэй “Ү” ХХК-ийн байгуулсан гэрээ аль хэдийнээ дуусгавар болсон, харин нэхэмжлэгч нь бичгээр гэрээ байгуулахгүйгээр “ҮГ” ХХК-тай хамтарч ажилласаар ирсэн. Тиймээс манай компани нэхэмжлэлийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “ҮГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь нэхэмжлэгч байгууллагатай хамтарч ажилласаар ирсэн. Ингэхдээ бичгээр гэрээ хийгээгүй бөгөөд 2 компанийн хооронд бараа хүлээлгэн өгөх, тооцоо нийлж төлбөр төлөх зэргээр ажилласаар ирсэн. Нийлүүлсэн дарсны тооцоог 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нийлэхэд 64,595,844 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш 13,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 51,595,844 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Манай компани үлдэгдэл төлбөр 51,595,844 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг 8 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтээ байгаагаа нэхэмжлэгчид илэрхийлж, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тул өнөөдрийг хүрсэн байгаа гэв.

 

Шүүх талуудын тайлбар, шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч “Ү” ХХК, “ҮГ” ХХК-уудад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийлүүлсэн барааны үнэ 51,595,844 төгрөг, түүний алданги 30,797,922 төгрөг буюу нийт 82,393,766 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч “Ү” ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн бол хариуцагч “ҮГ” ХХК нь үндсэн төлбөр 51,595,844 төгрөгийг 8 сарын хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийг үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. “З” ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Үлэмж” ХХК-тай “Бараа нийлүүлэх болон борлуулах талаар хамтран ажиллах гэрээ”-г 1 жилийн хугацаагаар байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбараар нотлогдож байх ба уг гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэг нь гэрээг цуцлах санал тавиагүй бол уг гэрээ дахин 1 жилийн хугацаанд хүчинтэй байхаар уг гэрээнд заасан байна.

 

2. “З” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 16-ний өдрөөс 2018 оны 6 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд “ҮГ” ХХК-д олон удаагийн давтамжаар дарс нийлүүлсэн байх ба 2019 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн байдлаар 64,595,844 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас “ҮГ” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус төлсөн, одоо 51,595,844 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь талуудын тооцоо нийлсэн 006, 23/1, 051 тоот актууд, харилцагчийн дэлгэрэнгүй авлагын бүртгэл, “Хаан банк” ХХК-ийн шилжүүлгийн 1649356 тоот, орлогын 7114086 тоот мэдүүлгүүд болон талуудын маргаагүй тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь “Ү ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр “ҮГ” ХХК-д дарс нийлүүлсэн гэж тайлбарлаж, дээр “ҮГ” ХХК-тай хийсэн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон үлдэгдэл төлбөр 51,595,844 төгрөгийг, алданги 30,797,922 төгрөгийн хамт хариуцагч нараас гаргуулахаар шаардсан байна.

 

Нэхэмжлэгч “З” ХХК-ийн хариуцагч “Ү” ХХК-тай бичгээр байгуулсан “Бараа нийлүүлэх болон борлуулах талаар хамтран ажиллах гэрээ”-ний хугацаа 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дууссан байх ба нэхэмжлэлээр үнийг шаардаж буй дарс энэ гэрээний хугацаанд нийлүүлэгдээгүй байх тул дуусгавар болсон уг гэрээг энэ маргаанд хамааралгүй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс “Ү” ХХК-д дарс нийлүүлсэн гэж үзэх өөр үйл баримт тогтоогдоогүй, “Ү” ХХК болон “ҮГ” ХХК-ууд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг тусдаа хуулийн этгээдүүд тул шүүх Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан үүрэг “З” ХХК болон “Ү” ХХК-ийн хооронд үүсээгүй гэж дүгнэв.

 

Иймд “Ү” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

Харин нэхэмжлэгч “З ХХК нь хариуцагч “ҮГ” ХХК-д 2017 оны 1 дүгээр сарын 16-ний өдрөөс 2018 оны 6 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд дарс нийлүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр;” гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу эдгээр зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзнэ.

 

Худалдах, худалдан авах гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул шүүх дээрх хоёр гэрээг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

 

            Нэхэмжлэгч “З” ХХК нь гэрээний дагуу дарс нийлүүлсэн, хариуцагч “ҮГ” ХХК үнийг бүрэн төлөөгүй нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийг нийлүүлсэн дарсны үнэ болох 51,595,844 төгрөгийг хариуцагч “ҮГ” ХХК-аас шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Харин анзын гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлага хангаагүй тул “З” ХХК нь “ҮГ” ХХК-аас алданги шаардах эрхгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүх хариуцагч “ҮГ” ХХК-аас 51,595,844 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “З” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Үлэмж” ХХК-д холбогдох болон алданги 30,797,922 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан “ҮГ” ХХК-аас 51,595,844 төгрөгийг гаргуулж “З” ХХК-д олгож, “З” ХХК-ийн нэхэмжлэлээс “Ү” ХХК-д холбогдох болон алданги 30,797,922 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ҮГ” ХХК-аас 415,929 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ө.УЯНГА