Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2022/0005/З |
Дугаар | 109/ШШ2022/0005 |
Огноо | 2022-03-09 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 109/ШШ2022/0005
2022 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 109/ШШ2022/0005 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Хариуцагч: Архангай аймгийн Цахир сумын Засаг дарга нарын хоорондын “Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Архангай аймгийн Цахир сумын Засаг дарга Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Д.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/117 дугаар захирамжаар Архангай аймгийн Цахир сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдсон байх бөгөөд Архангай аймгийн Цахир сумын Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7, Төсвийн тухай хуулийн 6, 25 дугаар зүйлийн холбогдох заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4, 39.1.14 дэх заалт, Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.6 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудын холбогдох заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн нь мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдож, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг цаг хугацаанд нь барагдуулаагүй, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Цахир сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг албан тушаалаас халжээ.
Нэхэмжлэгч Д.Б уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох үйл ажиллагаа хийгээгүй, ажлаас халах захирамж гаргахдаа аймгийн Боловсролын газрын даргатай зөвшилцөн мэдэгдээгүй. Иймд Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар ажлаас халагдсан. Засаг дарга захирамж гаргахдаа хуулийн холбогдох зүйл заалтыг барьсан харагдаж байна. Хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн асуудал харагддаг. Засаг дарга захирамж гаргахдаа хуулийн заалт зөрчсөн асуудал байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулна гэж заасан. Хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн асуудал харагддаг. Захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй гэж харагдаж байна. Мөн сонсох ажиллагааг хийхгүй байх Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд зааснаар ажиллагаа хийснийг хараагүй. Тийм учраас сонсох ажиллагааг явуулаагүй нөхцөл байдал харагдаж байгаа. Дараагийн асуудал Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсгийг баримталсан байна. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн байна. Гэтэл саналыг үндэслэн чөлөөлөөгүй. Боловсролын газрын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай албан бичгээр чөлөөлөх тухайгаа өөрийн биеэр мэдэгдсэн санал өгсөн асуудал харагдахгүй байгаа. Д.Б манай сумын Засаг дарга ажилдаа сайн хүнлэг энэрэнгүй, харин мэргэжлийн хяналтын албанаас санхүүгийн дүгнэлт гарсан. Энэ талаар хариуцагчтай эвлэрэн ажиллах боломжтой. Бидний хооронд таарамжгүй өр авлигын харилцаа байхгүй гэж хэлж байсан. Засаг даргын гаргасан захирамж процессын алдаатай учраас захирамжийг хүчингүй болгож эгүүлэн ажилд нь тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжтой байна гэв.
5. Хариуцагч Архангай аймгийн Цахир сумын Засаг дарга хариу тайлбартаа: Д.Б нь тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдсон цагаасаа эхлэн төрийн хууль тогтоомжуудыг удаа дараа ноцтой зөрчин, албаны эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, нөхөр, эгч, дүү, садан төрлийн болон бусад хамаарал бүхий хүмүүстээ давуу эрх олгох байдлаар байгууллагын төсөв, эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулж, хувийн зорилгод ашиглах, завших үйл ажиллагааг удаа дараа явуулсан нь Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар нотлогдсон тул түүнд хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтны хувиар сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч Д.Б нь санхүүгийн хяналтын улсын байцаагчдын албан шаардлага, актын биелэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны дотор ханган хэрэгжүүлэх үүрэгтэй байсан авч ажлаас халах тухай мэдэгдэл өгөх хүртэл буюу 2021 оны 12 дугаар 16-ны өдрийг хүртэл акт, шаардлагаар тогтоогдсон өр төлбөр, зөрчлийг арилгах, барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй байсан бөгөөд одоог хүртэл зарим өр төлбөр, зөрчлийг барагдуулах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлээгүй.
Нэг. Санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, барагдуулах талаар авсан арга хэмжээний тухай:
1. Нэг бүр нь 182.500 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг эмэгтэй гутлыг 1.460.000 төгрөгөөр худалдан авч байгууллагынхаа үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдэд өгөх байсныг захирал Д.Б нь ажилчдыг цуглуулан “Солонгот” дэлгүүрийн худалдагч Д.С-ээс 4 гутал авч ирж бусад ажилчид нь гэрээсээ өөрсдийн гутлаа авч ирж захирлын өрөөнд зургийг нь авч гутал өгсөн гэсэн хуурамч баримт үйлдэн ажилчдаар гутал хүлээн авлаа гэсэн баримт дээр гарын үсэг зуруулан авсан. Одоог хүртэл эдгээр 8 ажилчинд гутал авч өгөөгүй байгаа. Мөн 6 эрэгтэй ажилчинд 6 гутал авч өгөхөөс одоог хүртэл 2 гутал усчин О, галч манаач А нарт авч өгөөгүй шалгалтын үед нуун дарагдуулсан болох нь тогтоогдсон.
2. Сурагчдын дотуур байранд ашиглах шүршүүр, бойлуурыг 1.200.000 төгрөгөөр авч, зах зээлийн бодит үнээс хэт өндөр үнээр нийлүүлэн байгууллагын хөрөнгийн данс бүртгэлд тусгуулсан нь энэ талаар өгсөн үүрэг даалгаврыг зөрчин биелүүлээгүй байна. Одоог хүртэл сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд суралцагчид халуун усанд орох нөхцөл боломжоор хангагдаагүй бөгөөд нийлүүлсэн шүршүүр, бойлуурын зах зээлийн бодит үнэ 300.000 төгрөг болох тухай мэдээллийг тус сургуулийн захиргаанаас ирүүлсэн.
3. 2020 оны 12 дугаар сард сургуулийн төсвийн үлдэгдлээс дур мэдэн 9.350.000 төгрөгийг сурагчдын дотуур байранд эд хөрөнгө худалдан авах нэрээр Хангай сумын иргэн Б.Б-д (энэ хүн Д.Б-гийн хадам эгч Г.Э-ийн нөхөр) шилжүүлснээс хойш 11 сарын хугацаа өнгөрсний дараа буюу бараг бүтэн жилийн дараа 5.300.000 төгрөгийн үнэ бүхий хийц, эдэлгээ, бат бөх байдлын хувьд чанар стандартын наад захын шаардлага хангахгүй эд зүйлсийг санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байх хугацаанд авчирч нийлүүлсэн нь хяналт шалгалтын хүмүүсийн нүдийг хуурсан, хамаарал бүхий этгээддээ төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгүүлсэн хууль бус ажиллагаагаа нуун дарагдуулж өнгөлөн далдалсан хэрэг болсон. 4.050.000 төгрөгийг ажлаас халах мэдэгдэл авсны дараа актаар тогтоосон төлөх ёстой хугацаанаас 20 гаруй хоногийн дараа төлсөн болох нь баримтаар нотлогдож байна.
4. 3уны даалгаврын хувьд 2017 онд 706 кг ааруулаас 655.6кг*7600=4.982.570 төгрөгөөр зарж борлуулснаас сургалтын орчин, дотуур байр, гал тогоо гэх мэт объектуудад чухам ямар хөрөнгө, эд материал авсан нь тодорхойгүй. 2018 онд 767.850 кг ааруул авснаас 696кг ааруулыг 8.500 төгрөгөөр зарж борлуулснаас 21 ширхэг матрасыг дотуур байранд авч хэрэглэсэн. Энэ нь 21*136.000=2.856.000 төгрөгөөр авсан болох нь тогтоогдсон. Үлдэгдэл мөнгийг мөн юунд хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй. 2019 онд 756 кг ааруул хураан авснаас Цахир сумын иргэн Н.А-д 140 кг ааруулыг 10.000 төгрөгөөр зарж захирал Д.Б мөнгийг бэлнээр авсныг холбогдох хүмүүс гэрчилсэн. Үлдсэн 560 кг ааруулыг нярав В.Б-т захирал Д.Б-гийн үүрэг болгосны дагуу жолооч Б-д 2018-2019 оны зааг буюу ковид-19 цар тахлын хөл хорио тогтоогдохоос өмнө УБ хот руу ачуулж, худалдан борлуулсан. Дээрх зуны даалгавар хэмээх ааруулыг худалдан борлуулах болон захиран зарцуулахад байгууллагын хамт олны оролцоо, хяналтгүйгээр дан ганц захирал дур мэдэн зарцуулдаг ба 2017, 2018, 2019 оны зуны даалгаврын ааруул худалдан авалт зарцуулалтын талаар хамт олондоо нэг ч удаа тайлан тавиагүй тухай гомдол мэдээллийг зарим албан тушаалтан, иргэдээс ирүүлсний дагуу аймгийн Санхүүгийн аудитын хяналт шалгалт явуулсан болно.
Хоёр. Төсөв, хүний нөөцтэй холбоотой хууль, тогтоомж зөрчиж гаргасан тушаал шийдвэрийн тухай:
1. Захирал Д.Б нь 2017 оны 7 дугаар сарын 25-30 хооронд захирлын ажлыг хүлээн авсан боловч өөрийн төрсөн эгч Д.Э-д өмнө нь дотуур байрын багш, номын санчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан боловч ямар нэг нэмэгдэл хөлсгүй байсныг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Б/ЗЗ тоот тушаалаар гарган 30% нэмэгдэл олгож хууль зөрчиж эхэлсэн байна.
2. Мөн хими-биологийн багш Д.О-г (үеэл дүү) хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны тэтгэмж тогтоолгосон шалтгаанаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/38 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн боловч өнөөдрийг болтол буцаан ажилд авсан шийдвэргүйгээр ажиллуулж, түүний цалин, нэмэгдэл хөлсийг бүрэн олгож ирсэн байна.
3. Багш бус тэс өөр салбарын мэргэжилтэй Ц.Д-г 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Б/19 тоот тушаалаар биологи, эрүүл мэндийн багшаар томилон ажиллуулсан. Энэ хүн нь дулааны инженер мэргэжилтэй, сумын Монгол Ардын намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Суманд байгаль шинжлэлийн биш боловч багш мэргэжилтэй хүмүүс байсаар байхад сонгон шалгаруулалтгүйгээр авч ажиллуулан хууль тогтоомж зөрчиж, улс төржсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
4. Сумын Монгол Ардын намын нарийн бичгийн даргаар ажиллаж буй О.Л-г хичээлийн туслах ажилтан хэмээх БСШУ-ны болон Сангийн сайдын хамтарсан (2018 оны А/024/11 дүгээр) тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн бүтэц орон тооны жишиг нормативт байхгүй ажил, албан тушаалыг бий болгон авч ажиллуулж хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн.
5. Өөрийн нөхөр Т.Э-г сургуулийн усчин, манаачийн ажилд томилсон 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс тус сургуулийн усчин, манаач С.О нь нэг жилийн чөлөө авч ажлаас түр чөлөөлөгдсөн боловч түүний оронд өөрийн нөхрийг үндсэн ажилтнаар авсан тушаал шийдвэр гаргасан.
6. Математикийн багш Л.М-д дотоод хяналтын ажлыг хавсран гүйцэтгүүлж цалингийн 40% нэмэгдэл өгч, улмаар 20 хувийг нь удаа дараа өөртөө авч байсныг гэрчилж байгаа.
7. Технологийн багш Д.М нь 2017 оны 9 дүгээр сараас эхэлж бизнес хийх зорилгоор жилийн чөлөө авсан. Энэ хугацаанд багшийн нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас цалин гараагүй ямар нэгэн өвчний актгүй байхад төлж явсан улмаар тухай багш хөдөө орон нутагт тасралтгүй 5 жил ажилласны мөнгөн урамшуулалд хамруулсан.
Цахир сумын Засаг дарга миний бие Сургуулийн захирал Д.Б-гийн дээрх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллагын үйл ажиллагааг хуулийн дагуу шударга, шуурхай, олон нийтэд нээлттэй, ил тод явуулах, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу хяналттай зөв захиран зарцуулж, ил тод, үнэн зөвөөр тайлагнадаг болгох зорилгын үүднээс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хууль хэрэглээний талаар зөрүүтэй зүйлийг хэлж байна. 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс зарим хуулийг шинээр дагаж мөрдсөнтэй холбоотой нэмэлт өөрчлөлтүүд хуулийн нэгдсэн сайтад зөрүүтэй байгаа. Өмнөх захирамж гаргахад мөрдөгч байсан хуулиар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т төрийн албанаас халах гэсэн заалт байгаа юм. Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7-т заасныг баримталсан. Мөн сурагчдаа зуны даалгавар өгч буцааж тайлагнаагүй асуудал аудитын шалгалтаар илэрсэн. Үүнтэй холбоотой мөнгө санхүүгийн зөрчил дутагдал байгаа. Тэр байтугай 140кг ааруулыг сумандаа 10.000 төгрөгөөр борлуулж 1.400.000 төгрөгийг өөрөө хувьдаа авсан тухай асуудлыг нотолж ярьдаг хүмүүс байгаа. Энэ бүгд нь хуулиар хориотой зүйл юм. Аливаа хэлбэрээр суралцагчаас мөнгө авахыг хориглодог. Энэ хориотой зүйлээр 2017, 2018, 2019 онуудад дараалан авч захиран зарцуулалтаа тайлагнаагүй, өөрөө захиран зарцуулж дур мэдэн зарцуулсан асуудал шалгалтаар илэрсэн. Мөн хамаарал бүхий 2 этгээдэд улсын төсвийг хууль бус зориулалтаар хэрэглэсэн. 2020 оны улсын төвийн үлдэгдэл мөнгө татагдах ёстой байдаг. Гэтэл өөрийн хамаарал бүхий 2 этгээдэд өгсөн. Б гэх хүн нь Д.Б-гийн хадам талынх хүргэн рүү 9.350.000 төгрөг шилжүүлж тавилга, эд хогшил авна гэдэг байдлаар гэрээ хийж 3 сард хүлээлгэн өгөхөөр гэрээнд зуралцсан. Гэтэл 10 сард санхүүгийн аудитын шалгалт ирэхэд хагас дутуу хийц чанар муутай зүйл нийлүүлсэн байдаг. Үүнтэй холбоотой үлдэгдэл мөнгөн дээр төлбөр тавигдсан. Мөн 2020 оны эцсийн мөнгөнөөс өөрийн төрсөн дүүгийнхээ эхнэрийнх нь компанид давуу эрх олгох байдлаар буруу зарцуулсан байгаа юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэтрүүлэх байдлаар төсвийн мөнгийг буруу зарцуулсан юм. Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7, Төсвийн тухай хуулийн 6, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хориглох заалт байна. Авлигын эсрэг хуульд зааснаар төсвийн мөнгийг зарцуулах давуу эрх олгох гэрээ хийж байж болохгүй юм. Өөрийн хамаарал бүхий хамаатан садныхаа хүмүүст давуу эрх олгож ажилласан. Өөрийнхөө нөхрийг хүртэл ажилтнаараа томилж ажиллуулсан. Удаа дараагийн олон давтамжтай үйлдлээр хууль тогтоомжийг ноцтой зөрчиж төсвийг зориулалт бусаар зарцуулсан. Бие биеийнхээ мууг үзэхгүйн тулд Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа. Хэрэв Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагад хандвал эрүү үүсэх нөхцөлтэй гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гэрчүүдийн мэдүүлэг, өмгөөлөгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв. Учир нь:
Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд,
1. Нэхэмжлэгч Д.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/117 дугаар захирамжаар Архангай аймгийн Цахир сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ. /2х.х-н 44/
2. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 24 дүгээр удирдамжаар Цахир сумын төсөвт албан байгууллагын 2019-2020 оны үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдрүүдэд төлөвлөгөөт аудит, хяналт шалгалт хийхээр баталжээ. Улмаар хяналт шалгалтын явцад Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17/04/25 дугаартай албан шаардлага, 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 17/02/17/04/57 дугаартай улсын ахлах байцаагчийн акт, 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 17/02/18/04/58 дугаартай улсын ахлах байцаагчийн акт, 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 17/02/17/04/59 дугаартай улсын ахлах байцаагчийн актууд тавигдсан байна.
3. Тодруулбал, 17/02/17/04/57 дугаар актаар иргэн Б.Б-ын Хаан банкин дахь ******** тоот харилцах дансруу 9.350.000 төгрөгийг шилжүүлсэн боловч 11 сарын дараа гэхэд тавилга өд хогшлыг аваагүй байхад бүрэн хүлээж авсан мэтээр хий орлого авч, данс бүртгэлд тусгасан зөрчилтэй холбоотой 4.050.000 төгрөгийг төсвийн шууд захирагч Д.Б-гаар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлүүлэх,17/02/18/04/58 дугаар актаар сахилгын шийтгэлтэй албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгосон 3 хүнтэй холбоотой зөрчилд холбогдох 645548 төгрөгийг нэр бүхий 3 албан хаагчаас суутган авч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлүүлэх, 17/02/17/04/59 дүгээр актаар 2018 оны 696кг ааруул, 2019 онд 756кг ааруул хууль бусаар авсан /сургуулийн захирал өөрийн гар дээрээс борлуулж, зарцуулж, санхүүгийн тайланд үр дүнг тусгаагүй/-тай холбоотой зөрчилд 2.954.000 төгрөгийг сургуулийн захирал Д.Б-гаар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлүүлэхээр тус тус тогтоожээ. Мөн тус албан улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17/04/25 дугаартай албан шаардлагаар 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар бүртгэлд тусгаагүй байгаа 2.856.000 төгрөгийн матрасыг зохих журмын дагуу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу данс бүртгэлд тусгах, 1.460.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг эмэгтэй гутлыг бэлтгэн нийлүүлэгчээс авч, нярав эд хариуцагчаар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ажилчдад олгох, “А” ХХК-иас 1.200.000 төгрөгийн хөрөнгийг авч дотуур байрны хүүхдүүдийг усанд орох нөхцөлийг 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор бүрдүүлэх шаардлага тавьж, хариуг 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгджээ. /1х.х-н 85-97/
4. Архангай аймгийн Цахир сумын ерөнхий боловсролын сургуулиас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар албан бичгээр дээрх акт, албан шаардлагад тайлбар гаргаж, хариуг Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд хүргүүлжээ. Тухайлбал, 17/02/17/04/57 дугаар актад холбогдох 4.050.000 төгрөгийг иргэн Б.Б-р 2021 оны 12 дугаар сарын 17, 20-ны өдөр, 17/02/18/04/58 дугаар актад холбогдох 645548 төгрөгийг нэр бүхий иргэдээр 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 17/02/17/04/59 дүгээр актад холбогдох 2.954.000 төгрөгийг сургуулийн захирал Д.Б 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулсан байна. Мөн 17/04/25 дугаартай албан шаардлагад дурдсан 2.856.000 төгрөгийн матрасыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орлогод авсан, 8 ширхэг гутлыг ажилчдад олгосон талаарх баримт /зураг/-ыг үйлдэж, “А” ХХК-иас дотуур байрны угаалтуурын өрөөнд тавих бойлуур ирсэн боловч дүш ирээгүй, уг асуудалд холбогдох хугацааг сунгах өгөхийг хүссэн тайлбар гаргасан байна. /1х.х.-н 108/
5. Архангай аймгийн Цахир сумын Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12., 48 дугаар зүйлийн 48.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5., 141 дүгээр зүйлийн 141.1., Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 481.3-т заасныг үндэслэн Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7, Төсвийн тухай хуулийн 6, 25 дугаар зүйлийн холбогдох заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4, 39.1.14 дэх заалт, Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.6 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудын холбогдох заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн нь мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдож, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг цаг хугацаанд нь барагдуулаагүй, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийг дурдаж Цахир сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Б-г албан тушаалаас халжээ. /1х.х-н 5/
6. Улмаар иргэн Д.Б нь дээрх Б/21 дүгээр захирамжийг эс зөвшөөрч “Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах”-аар шүүхэд маргажээ.
7. Мөн хариуцагч Архангай аймгийн Цахир сумын Засаг дарга маргаан бүхий Б/21 дүгээр тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа, Д.Б нь 2017 оны 7 дугаар сарын 25-30 хооронд захирлын ажлыг хүлээн авсан боловч өөрийн төрсөн эгч Д.Э өмнө нь дотуур байрын багш, номын санчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан боловч ямар нэг нэмэгдэл хөлсгүй байсныг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Б/ЗЗ тоот тушаалаар гарган 30% нэмэгдэл олгож хууль зөрчиж эхэлсэн, хими-биологийн багш Д.О-г (үеэл дүү) хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны тэтгэмж тогтоолгосон шалтгаанаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/38 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн боловч өнөөдрийг болтол буцаан ажилд авсан шийдвэргүйгээр ажиллуулж, түүний цалин, нэмэгдэл хөлсийг бүрэн олгож ирсэн, багш бус өөр салбарын мэргэжилтэй Ц.Д-г 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Б/19 тоот тушаалаар биологи, эрүүл мэндийн багшаар томилон ажиллуулсан, О.Л-г хичээлийн туслах ажилтан хэмээх БСШУ-ны болон Сангийн сайдын хамтарсан (2018 оны А/024/11 дүгээр) тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн бүтэц орон тооны жишиг нормативт байхгүй ажил, албан тушаалыг бий болгон авч ажиллуулж хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, өөрийн нөхөр Т.Э-г сургуулийн усчин, манаачийн ажилд томилсон, математикийн багш Л.М-д дотоод хяналтын ажлыг хавсран гүйцэтгүүлж цалингийн 40% нэмэгдэл өгч, улмаар 20 хувийг нь удаа дараа өөртөө авсан, технологийн багш Д.М нь 2017 оны 9 дүгээр сараас эхэлж бизнес хийх зорилгоор жилийн чөлөө авсан. Энэ хугацаанд багшийн Нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас цалин гараагүй ямар нэгэн өвчний актгүй байхад төлж явсан улмаар тухай багш хөдөө орон нутагт тасралтгүй 5 жил ажилласны 6 сарын мөнгөн урамшуулалд хамруулсан гэж дурджээ.
8. Архангай аймгийн Цахир сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар дотуур байрны багш Д.Э-д номын санчийн ажлыг түр хавсран гүйцэтгүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс ажил хавсран гүйцэтгэсний 30 хувийг олгохыг зөвшөөрчээ.
9.Нэхэмжлэгч Д.Б нь Д.Э-тай төрөл, садангийн холбоотой эсэх талаар шүүхэд маргаагүй, зөвшөөрсөн болно. Мөн хими-биологийн багш Д.О нь нэхэмжлэгч Д.Б-тай төрсөн ах дүүсийн хүүхдүүд мөн болох талаар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар тахир дутуугийн групп тогтоолгохоор ажлаас чөлөөлж, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар биеийн байдал сайжирсан тул ажилд эгүүлэн томилжээ. Иргэн Д.О шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... 2017 онд хөдөлмөрийн чадвар алдалт 60% тогтоогдсон юм. Группд ороход ажилгүй байх ёстой гэсэн тул ажлаас чөлөөлөгдөж, улмаар групп тогтоогдсон юм. 1 сарын дараа ажилдаа орсон ...” гэж тайлбарлажээ.
10. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар Ц.Д-г биологи, эрүүл мэндийн багшаар түр, 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Ц.Д-г биологи, эрүүл мэндийн багшийн ажилд томилжээ. Иргэн Ц.Д шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... би мэргэжлийн бус, шаардлага хангаагүй байгаа одоо Монгол Улсын Боловсролын Их сургуульд Биологи, эрүүл мэндийн багшаар сурч байгаа ...” гэх тайлбар гаргажээ. Иргэн Ц.Д нь Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг 2015 онд дулааны процессын автоматжуулалт мэргэжлээр сурч төгссөн байна. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар О.Л-г дотоод хяналт шалгалтын ажилтнаар томилжээ. Түүнчлэн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Т.Э-г сургуулийн усчин, мужаанаар томилсон байна. Иргэн Т.Э нь нэхэмжлэгч Д.Б-гийн нөхөр мөн болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхэд маргаагүй болно. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар математик, мэдээлэл зүйн багш Л.М-д дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний ажлыг түр хавсран гүйцэтгүүлж, ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдлийг олгохоор шийдвэрлэжээ. Иргэн Л.М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... тухайн үед 2019 оны 3 сараас 6 сар дуустал дотоод хяналтын ажилтан хийсэн, захирал ажилчдын хурал хийсэн, тэгээд 40 хувийн нэмэгдлээс 20 хувийн нэмэгдлийг М-д өгч, 20 хувийг байгууллагын ойр зуурын шагнал урамшуулалд зарцуулна гэсэн. Миний дансанд 40 хувийн нэмэгдэл нь ороод би тэр мөнгөнөөс 20 хувийн мөнгөө захиралд өгдөг байсан ...” гэж тайлбарласан, нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд дээрх асуудлыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. Мөн гэрч Д.М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... би 2017 онд эмчилгээ хийлгэхээр 1 жилийн чөлөө авсан, 3 сарын чөлөө авсан юм байна, тухайн үед миний оронд н.Б багш ажиллаж байсан, чөлөөтэй байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан, тухайн үед нятлангаас асуугаад 3 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж болох уу гэхэд үндсэн ажилтан тул болно гэсэн, 2018 оноос өмнөх 5 жилийг тооцож аймгийн Боловсролын газраас урамшуулал авсан” гэж, гэрч Б.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... н.М багш 2017 онд чөлөө авсан. Тэгээд оронд нь байсан н.Б багшийн цалин н.М багш дээр гараад н.М багшийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан. н.М багш 5 жилийн нэмэгдлээ авсан” гэж мэдүүлсэн байна. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний Б/27 дугаар тушаалаар Д.М-г технологийн багшаар томилжээ. Шүүхийн үзлэгийн явцад 2017 онд Д.М-д чөлөө олгосон тушаал гараагүй болно. /1х.х-н 131-138, 151-198, 1х.х-н 247-2х.х-н 14/
Хууль зүйн үндэслэлийн тухайд,
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчаас тогтоосон дээрх албан шаардлага, актыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн, уг акт, албан шаардлагатай холбогдуулан эрх бүхий байгууллагад өргөдөл, гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул уг албан шаардлага, актуудын талаар шүүх дүгнээгүй болно.
12. Нэхэмжлэгч Д.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Засаг даргатай байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулж, 2021 оны жилийн эцсийн тайланг 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Б.Л гэх фэйсбүүк хаягаар хүргүүлсэн байна. /1х.х-н 199-229/
13. Архангай аймгийн Цахир сумын Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/259 дүгээр албан бичгээр “аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтаар Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Авилгын эсрэг хууль, Төрийн болон орон тийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиудын холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн нь тогтоогдож, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулан ашиглах үйлдлийг аа дараа гаргасан, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар гарсан улсын байцаагчийн акт, албан шаардлагын хэрэгжилтийг цаг хугацаанд нь хангаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тайланг тогтоосон хугацаанд ирүүлээгүй тул 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаар халах болсныг үүгээр мэдэгдье” гэх мэдэгдэл хүргүүлжээ.
14. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”; 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”; 4.2.6.-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан бөгөөд маргаан бүхий Б/21 дүгээр захирамж нь хуульд заасан дээрх тусгай зарчмыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэр маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчжээ. Энэ нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзлээ.
15. Мөн маргаан бүхий Б/21 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хангалттай гүйцэтгээгүй, 25 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах ажиллагааг хийгээгүй, 26 дугаар зүйлд заасан захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, 27 дугаар зүйлд заасан мэдэгдэл хүргүүлэх, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангах, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулах, сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүргээ биелүүлээгүй, захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөөгүй байна.
16. Мөн Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12.-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан бөгөөд Д.Бг ажлаас халахдаа аймгийн Боловсролын газартай хэрхэн зөвшилцсөн болох нь тодорхойгүй байна
17. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ “ажил мэргэжлээ чөлөөтэй сонсох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах..., 12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Д.Бг ажлаас нь халахдаа тухай үйл баримтыг тогтоох, үүрэг даалгавар өгч түүний үр дүнг дүгнэх, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, сахилгын зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон эсэх, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын мэдүүлгээр нотлогдлоо.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1., 106.3.4., 106.3.12. дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6., 26 дугаар зүйлийн 26.1., 27 дугаар зүйлийн 27.5., 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Д.Б-г ажлаас халах тухай” Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.Б-г Архангай аймгийн Цахир сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Цахир сумын Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА