| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 120/2025/0004/З |
| Дугаар | 221/МА2025/0610 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0610
| 2025 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 221/МА2025/0610 | Улаанбаатар хот |
С.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.С
Нэхэмжлэгч: С.С
Хариуцагч: Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Э ;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар шийдвэр;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч С.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б-Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 120/2025/0004/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.С-аас Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/4Х дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, 46.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч С.С шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасан. Гэтэл хариуцагч Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Т.Э нь сонсох ажиллагаанд тайлбар гаргах боломжит хугацаа олгоогүй. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөх болсон мэдэгдлийг надад өгч /өөрөө Улаанбаатар хотод байсан/ тэр өдөртөө багтаан тайлбар ирүүлэхийг шаардсан. Энэ миний бие тайлбарынхаа үндэслэлийг бүрэн дүүрэн бичих боломжийг олгоогүй, надад сэтгэл зүйн хувьд асар хүнд дарамтыг учруулсан.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д “Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргэх ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй.” гэж заасныг зөрчиж сонсох ажиллагааг явуулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч талын энэхүү тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгуллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ.” гэж заасан. Гэтэл хариуцагч Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Т.Э миний эрхэлж байсан ажил албан тушаал дээр сонгон шалгаруулалтыг зарлаагүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй, шүүхийн зүгээс энэ талаарх нотлох баримтыг цуглуулаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байсан. Миний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүх хуралдааны шатанд энэ талаар Т.Э дарга...албан тушаалын орон тоог зарлаагүй, би олон удаа орон тоо зарлуулах талаар хэлж байсан гэдгээ тодорхой тайлбар мэдүүлэг өгсөн.
3.3. Намайг ажлаас чөлөөлсөн Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/4Х дугаар тушаалдаа ажилаас чөлөөлөх болсон үндэслэлээ огт дурдаагүй байхад шүүх уг хуулийн шаардлага хангаагүй тушаалыг үнэлж ажлаас чөлөлсөн нь үндэслэлтэй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шардлагад нийцэхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах ажиллагаа хийгдээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Төрийн жинхэнэ албан хаагч /2016 онд тангараг өргөсөн/ нэхэмжлэгч С.С нь Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар Хяналт шинжилгээ үнэлгээ мэдээллийн хэлтсийн хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тус газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, улмаар Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар “Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн /ТЗ-6/”-ээр ажиллахаар 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/ХХ дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн тус албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдсон байна. /1хх-ийн 59, 60/
3. Үүний дараа хариуцагч нь маргаан бүхий акт болох 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/4Х дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалт, Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дүгээр албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн “Хууль зүйн үндэслэл хангагдаагүй байхад томилогдсон” гэсэн үндэслэлээр С.С-ийг Биеийн тамир, спортын газрын Хяналт-Шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас нь чөлөөлжээ. /1хх-ийн 63/
3.1. Ийнхүү нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөлсөн шийдвэр гаргахад үндэслэсэн Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1014 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зөвлөмжид “...Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг шалгах явцад Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтнээр С.С-ийг Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/ХХ дугаар тушаалаар томилсон байна...Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог зохих хууль, журмын дагуу сонгон шалгаруулж томилоогүй байна...” гэжээ. /1хх-ийн 65-70/
3.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Өмнөговь аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1669 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн анх томилогдсон Захиргаа, санхүүгийн хэлтсийн Тогтоол, шийдвэрийн биелэлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар Тогтоол, шийдвэр тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн /ТЗ-8/ болон Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн /ТЗ-9/ гэсэн 2 мэргэжилтний албан тушаал болгож өөрчилсөн үйл баримт тогтоогдож байна. /1хх-ийн 141-149/
3.3.Гэтэл хариуцагч нь уг бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгч С.С-ийг ямар орон тоон дээр ажил үүрэг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн талаарх холбогдох баримт хэрэгт байхгүйн дээр маргаан бүхий актаар түүнийг “Хяналт-Шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалаас чөлөөлсөн нь ойлгомжгүй.
3.4. Нөгөөтээгүүр, дээрх 2 мэргэжилтний Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн /ТЗ-9/-ий албан тушаалд С.О нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/00 дүгээр тушаалаар томилогдон ажиллаж байгаа, харин Тогтоол, шийдвэр тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн /ТЗ-8/-ий орон тоонд хүн ажиллаж байгаа эсэх, эсхүл сул орон тооны сонгон шалгаруулалт зарласан эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул үүнтэй холбоотой баримтыг цуглуулах шаардлагатай байна.
3.5. Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий актын үндэслэл болсон “Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог зохих хууль, журмын дагуу сонгон шалгаруулж томилоогүй” гэх нөхцөл байдлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн нэхэмжлэгчээс энэ талаар “...би тухайн үедээ даргадаа сонгон шалгаруулалтаа зарлах талаар хэлж байсан. Тухайн үед дарга цалингийн сан хүрэлцэхгүй байна гэсэн” гэх тайлбар гаргасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг;”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ.” гэж зааснаас үзэхэд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тооны сонгон шалгаруулалт явуулах захиалгыг холбогдох байгууллагад хүргүүлэхээр байна.
4.1. Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий албан тушаалд анх 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/0Х дугаар тушаалаар жинхэлж томилогдох үед Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжөөр хорио цээрийн дэглэмийн хүрээнд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тул албан ажлын зайлшгүй шаардлага, хүний нөөцийн хүрэлцээ, нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн тухайн төрийн байгууллагын сул орон тоонд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн, мэргэшил, ур чадвар, туршлагаараа тохирох нарийн мэргэжлийн хүнийг хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр томилон ажиллуулах талаар чиглэл өгчээ.
4.2. Нэхэмжлэгч нь дээр дурдсан онцгой нөхцөл байдлын үед томилогдсон байх ба энэхүү нөхцөл байдал арилсны дараа буюу Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дуусгавар болсноос хойш Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу хариуцагч Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлсэн эсэх, нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалт явуулах талаар амаар болон бичгээр хүсэлт гаргаж байсан эсэх, нэхэмжлэгчийн эгүүлэн томилуулахаар маргаж буй Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал байгаа эсэх, уг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцээгүй байна.
4.3. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж дүгнээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
4.4.Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 120/ШШ2025/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА