Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 86

 

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар Р.Өрнөхбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601070235 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              Л.Отгончимэг

Улсын яллагч                                               Х.Эрдэнэтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Цолмон

Шүүгдэгч                                                  Р.Өрнөхбаяр нар оролцов.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр Г.Батбилэг, хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны 69 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баяжих овгийн Рагчаагийн Өрнөхбаяр /РД:МЕ84110809/

             Шүүгдэгч Р.Өрнөхбаяр нь Багануур дүүрэгт үйл ажилллагаа явуулж байсан “SUMMIT” ХХК-ийн PC-MALL цахилгаан барааны салбар дэлгүүрт 2015 оны 03 дугаар сарын 01-нээс 2016 оны 08 дугаар сарын 31-ний хооронд худалдагчаар ажиллаж байх хугацаандаа давтан үйлдлээр нийт 11 нэр төрлийн цахилгаан бараа худалдсаны орлого болох 5.111.200 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Р.Өрнөхбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүр татан буугдаж, тооллого хийхэд Елко маркийн 2 ширхэг тоос сорогч, Елко маркийн 39 инчийн зурагт, Haier маркийн угаалгын машин, Епсон маркийн принтер зэрэг нийт 1.955.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан бараа дутсан. Эдгээр бараанаас 1 ширхэг тоос сорогчийг Энхцэцэг, нөгөө тоос сорогчийг Мөнгөнзаяа гэх хүнд 199.000 төгрөгөөр зарсан. Энхцэцэг Мөнгөнзаяа нар тоос сорогчоо зээлээр авч мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Багануур ХК-ийн ажилчдын цалин буухад өгсөн. Би 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр мөнгийг байгууллагын дансанд шилжүүлсэн. Елко маркийн 39 инчийн зурагтыг 699.000 төгрөгөөр зарсан, хэн гэх хүнд зарснаа санахгүй байгаа, зурагт зарсан мөнгөө өөртөө авсан. Haier маркийн угаалгын машиныг Түмэн-Өлзий гэх хүнд 2016 оны 08 дугаар сарын 20-ны үед зээлээр зараад, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр уурхайн цалин буухад угаалгын машин зарсан мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Епсон маркийн принтерийг танихгүй хүнд 2016 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдөр 499.000 төгрөгөөр зарж, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгууллагын дансанд шилжүүлсэн. ...Одоо Haier маркийн 42 инчийн 619.000 төгрөгийн үнэтэй зурагтыг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зарсан. Делл маркийн зөөврийн 1.399.000 төгрөгийн үнэтэй компьютерыг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, Елко маркийн 40 инчийн 659.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зарсан гэх мэдээг байгууллагадаа өгсөн. Эдгээр 3 төрлийн цахилгаан барааг бэлэн мөнгөөр зарсан, цахилгаан бараа зарсан мөнгийг өөртөө авсан. Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 510.000 төгрөгийг Хас банкаар, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг Төрийн банкаар дамжуулан байгууллагын дансанд шилжүүлсэн. Одоо байгууллагадаа 2.106.000 төгрөг төлөх ёстой. Надад ямар нэг маргаан байхгүй... Би дээрх дутаад байгаа цахилгаан барааг худалдан авагч нарт зарсан, мөнгийг нь өөртөө авсан. Худалдан авагч нар мөнгийг өгөөгүй асуудал байхгүй... Цахилгаан бараа зарсан мэдээг тухай бүрт нь явуулахдаа худалдан авагч нарын нэрийг худлаа бичээд явуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Г.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай компани салбар дэлгүүртээ Өрнөхбаяр гэх эмэгтэйг 2016 оны 02 дугаар сараас эхлэн ажиллуулсан... Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр уг салбар дэлгүүрээ татан буулгахаар би, Улаанбаатар хотын PC-MALL дэлгүүрийн төвийн захирлын туслах ажилтан Энхбаяр болон жолоочийн хамт ирээд үлдсэн цахилгаан бараагаа тоолж авахад Епсон Т-50 маркийн принтер 1 ширхэг, Елко маркийн 39 инчийн зурагт 1 ширхэг, Haier маркийн угаалгын машин 1 ширхэг, тоос сорогч 2  ширхэг, нийт 5 ширхэг цахилгаан бараа дутсан. Энэ талаар Өрнөхбаяраас асуухад “эдгээр цахилгаан барааг хамаатан садан болон найз нөхөддөө зээлээр өгсөн, Багануур ХК-ийн ажилчдын урьдчилгаа цалин 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бууна, энэ өдөр мөнгийг авч тооцоо хийж дуусгана. Епсон Т-50 маркийн принтерийг Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэг худалдан авсан. Мөнгийг нь төрийн сангаар шилжүүлсэн байх гэсэн тайлбар хэлсэн. Тэгэхээр нь энэ тухай тухайн цэцэрлэгийн нярав, нягтлан нараас утсаар асуухад тухайн байгууллага принтер худалдан аваагүй байсан. 2016 оны 09 дүгээр сарын 05-наас хойш Өрнөхбаяр болон гэр бүлийн хүнийх нь гар утас руу удаа дараа залгахад утсаа авдаггүй байсан... Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр болоод тооцооны нягтлан бодогч Жавзансүрэнтэй зарж борлуулсан цахилгаан бараа болон бэлэн мөнгөний тооцоо хийхэд 2016 оны 08 дугаар сард Өрнөхбаярын зарж борлуулсан нийт цахилгаан бараанаас 12 нэр төрлийн бараа болох 4 562 200 /дөрвөн сая таван зуун жаран хоёр мянга хоёр зуу/ төгрөгийн барааг зарж борлуулсан боловч мөнгийг шилжүүлээгүй нь тогтоогдсон... 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өрнөхбаяр нягтлан бодогч Жавзансүрэнтэй Улаанбаатар хотод очиж тооцоо нийлэхэд өргөдөлд гаргасан 6.517. 200 /зургаан сая таван зуун арван долоон мянга хоёр зуу/ төгрөг нэхэмжилсэн дүнгээс хасагдаж, 5.111.200 /таван сая нэг зуун арван нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийн хохирлын тооцоо гарсан. Тооцоо нийлэхэд 1.406.000 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга/ төгрөгийн зөрүү арилсан… Өрнөхбаяр үлдэгдэл 2.148.800 төгрөгийн хохирол төлсөн тохоилдолд надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

            Гэрч У.Жавзансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний бие PC-MALL цахилгаан барааны дэлгүүрийн орон нутагт ажилладаг салбар дэлгүүрүүдийн нягтлан бодогчоор ажилладаг. Багануур дүүрэгт үйл ажилллагаа явуулж байсан дэлгүүр нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр татан буугдаж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Алтангэрэлтэй тооцоо нийлэхэд Епсон маркийн принтер, Елко маркийн 39 инчийн зурагт, Haier маркийн угаалгын машин, Елко маркийн тоос сорогч 2 ширхэг, нийт 5 нэр төрлийн 1.955.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан бараа дутсан. Тэгээд энэ талаар Багануур салбарын гэрээт менежерээр ажиллаж байсан Алтангэрэлтэй үлдэгдэл барааны тооцоо хийж, дээрх бараа дутаж байгаа талаар асуухад “манай салбарын худалдагчаар ажиллаж байсан Өрнөхбаяр дээрх цахилгаан барааг бусдад зээлээр өгсөн, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөнгө нь дансанд шилжиж орох ёстой байгаа” гэж хэлсэн. Тухайн салбар дэлгүүрийн худалдагч Өрнөхбаяр нь худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 08 дугаар сард зарж борлуулсан цахилгаан барааны мэдээгээ тухай бүр нь мейл хаягаар өгдөг байсан боловч Өрнөхбаяраас цахилгаан бараа шилжүүлсэн мөнгөө дансанд шилжүүлдэггүй, цахилгаан бараа шилжүүлсэн мөнгө нь дансанд орж ирэхгүй удаад байдаг байсан. Өрнөхбаяр утсаа авдаггүй байсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өрнөхбаяр Улаанбаатар хотод ирэхэд нь тооцоо нийлэхэд Өрнөхбаяраас 5.111.200 төгрөгний тооцоо дутсан. Энэ дутсан мөнгөний талаар асуухад хариу тайлбар хэлэхгүй байсан, энэ тооцоог хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар асуухад тооцоог хүлээн зөвшөөрч тооцооны хуудсанд гарын үсэг зурсан байгаа. Түүнээс хойш Өрнөхбаяртай уулзаагүй, харин Өрнөхбаяр компанийн данс руу 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 2.962.400 төгрөг шилжүүлсэн, одоо үлдэгдэл 2.148.800 төгрөгийн тооцоо үлдээд байгаа. Салбарын худалдагч нар цахилгаан барааг бусдад зээлээр өгөх барааны үнийг бууруулах, ихэсгэх эрх байхгүй. Зөвхөн цахилгаан бараа зарж борлуулсан, цахилгаан барааг зарж борлуулсан мэдээг тухай бүр нь өгч 1-2 хоногт зарж борлуулсан цахилгаан барааны үнийг байгууллагын дансанд шилжүүлсэн байх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

            Яллагдагч Р.Өрнөхбаяртай тооцоо нийлсэн баримтын жагсаалтууд /хх-ийн 6, 9-12 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “…Р.Өрнөхбаярыг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Р.Өрнөхбаяр нь Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан SUMMIT ХХК-ийн PC-MALL цахилгаан барааны салбар дэлгүүрт 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2016 оны 08 дугаар сарын 31-ний хооронд худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 3 удаа буюу 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 499.000 төгрөгийн үнэ бүхий Epson маркийн принтер, 619.000 төгрөгийн үнэ бүхий Haier маркийн 42 инчийн зурагт, 699.000 төгрөгийн үнэ бүхий Elko маркийн 40 инчийн зурагт, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1.399.000 төгрөгийн үнэ бүхий Делл маркийн компьютер, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 155.400, 398.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг тоос сорогч, Haier маркийн угаалгын машин, 889.000 төгрөгийн Haier маркийн хөргөгч, 3 ширхэг босоо сэнс, 659.000 төгрөгийн үнэ бүхий Elko маркийн зурагт, 42.000 төгрөгийн үсний сэнс зэрэг нийт 11 нэр төрлийн цахилгаан бараа худалдсаны орлого болох 5.111.200 төгрөгийг хувьдаа авч завшсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, мөн гэрч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан журмыг хангасан, мэдүүлгүүд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Р.Өрнөхбаярын үйлдэл нь түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн талаар тодорхой бүрэн эрхийг ашиглан эзэмшилдээ байгаа эд хөрөнгийг шунахайн зорилгоор захиран зарцуулж, олсон ашгийг өөртөө хэрэглэж, ашиглан шамшигдуулсанаар тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Шүүгдэгч Р.Өрнөхбаяр нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлдээ шунахайн сэдэлттэй, шууд санаатай хандсан болох нь шүүгдэгчийн “...Би дээрх дутаад байгаа цахилгаан барааг худалдан авагч нарт зарсан, мөнгийг нь өөртөө авсан…” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогчид учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар бага бус хэмжээтэй байна.

Иймд Р.Өрнөхбаярыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогч Г.Алтангэрэлд хохиролд 5.111.200 төгрөгийг бүрэн төлсөн болох нь Р.Өрнөхбаярын төлбөр барагдуулалтын 2016 оны 10 дугаар сарын 25-ны байдлаарх баримт /хх-ийн 11 дүгээр хуудас/, кассын орлогын мэдүүлгийн баримтууд /хх-ийн 87, 89 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч нь “…хохирлоо бүрэн авсан, гомдол, саналгүй…” гэсэн хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Р.Өрнөхбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирол төлбөрөө барагдуулсан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу бага насны хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хуульд заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч  Р.Өрнөхбаяр  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн

290.3 дахь хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Баяжих овгийн Рагчаагийн Өрнөхбаяр нь аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг давтан үйлдлээр завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар Баяжих овгийн Рагчаагийн Өрнөхбаярыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Р.Өрнөхбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Р.Өрнөхбаяр нь хохирогч Г.Алтангэрэлд 5.111.200 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус  дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Р.Өрнөхбаярт оногдуулсан нэг /1/ жил зургаан /6/ сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  6. Шүүгдэгч Р.Өрнөхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Өрнөхбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Өрнөхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.БЯМБАЖАВ