Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 977

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00568 дугаар шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ММФ” ХХК-д холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28 949 333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн Төрийн банкны 106100015695 тоот данснаас 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “ММФ” ХХК-ийн Хаан банкны 5039409988 тоот дансанд 1 066 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “М” ХХК-ийн кассаас “ММФ” ХХК-ийн Хас банкны 5000528941 тоот дансанд зээл, хүүгийн төлбөр гэх гүйлгээний утгаар 13 483 333 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “М” ХХК-ийн Хас банкны 5001125263 тоот данснаас “ММФ” ХХК-ийн Хас банкны 5000528941 тоот дансанд №00140013 тоот гэрээний зээл хүү төлөв гэх гүйлгээний утгаар 13 000 000 төгрөг, 1 400 000 төгрөг, нийт 28 949 333 төгрөгийг шилжүүлсэн болох нь 2017 онд “М” ХХК-ийн зүгээс явуулсан санхүүгийн шалгалтаар тогтоогдсон болно. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “ММФ” ХХК-аас ямар нэгэн зээл авч байгаагүй бөгөөд хариуцагчийн өмнө хүлээсэн үүрэг байхгүй болно. Иймд хариуцагч “ММФ” ХХК-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28 949 333 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь манай байгууллагыг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 28 949 333 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “М” ХХК-ийн захирал апбан тушаалтай Ж.Гансүх нь 00140013 тоот зээлийн гэрээгээр 25 000 000 төгрөгийн зээл авч гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн эргэн төлөлтийг тухайн байгууллага төлөхдөө компанийн дансаар шилжүүлж байсан бөгөөд тухайн компанийн нягтлан бодогч С.Бүжинтэй холбогдон тус зээлийг төлүүлж байсан болно. Иймд “М” ХХК-ийн нэхэмжлэл огт үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “ММФ” ХХК-иас 28 949 333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 302 696 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчээс 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 04н хооронд хариуцагчийн Хас, Хаан банкны дансанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 28 949 333 төгрөгийг хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гүйцэтгэх захилраар томилогдсон Ж.Гансүх, санхүү хариуцсан захирал С.Бүжин нар зээл авсан, зээлийн төлбөрөө төлсөн гэх тайлбарыг шүүхэд гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Ж.Гансүх гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө хариуцагчаас 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №00140013 тоот зээлийн гэрээг байгуулж 25 000 000 төгрөгийн зээлийг авсан байдаг. Харин нягтлан бодогч С.Бүжин нь хариуцагчтай 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөрзээлийн гэрээ байгуулсан боловч хариуцагчийн зүгээс гэрээнд дурдсан 50 000 000 төгрөгийн зээлийг С.Бүжинд олгоогүй болно. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй, энэ талаар анхан шатны шүүх зохигчдын хооронд аливаа төрлийн хэлцэл хийгдсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч “М” ХХК нь 28 949 333 төгрөгийг “ММФ” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28 949 333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “ММФ” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 28 949 333 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар “М” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1 066 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 13 483 333 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 13 000 000 төгрөг, 1 400 000 төгрөг, нийт 28 949 333 төгрөгийг хариуцагчийн Хаан банк, Хас банк дахь нэрийн дансанд зээл, хүү гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

Дээрх төлбөрийг шилжүүлсэн хугацаанд нэхэмжлэгч “М” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирлаар Ж.Гансүх, нягтлан бодогчоор С.Бүжин нар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн баримт зэргээр нотлогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий этгээдүүд шүүхэд гэрчээр асуугдаж, 28 949 333 төгрөгийн гүйлгээг хүлээн зөвшөөрч “ММФ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэхтэй холбоотой шилжүүлэг болохыг мэдүүлсэн байна. /хх33, 4-7/

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын хүрээнд дүгнэлт хийж, тухайн үед нэхэмжлэгч “М” ХХК-ийн эрх бүхий албан тушаалд ажиллаж байсан этгээд нь хариуцагч талтай өөрийн байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг байгууллагын дансаар дамжуулан төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй бөгөөд зохигчдын хооронд үүссэн маргаан, нэхэмжлэгчийн шаардах эрх, түүнд хамаарах эрх зүйн харилцааг шүүх зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасантай нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 302 696 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА