| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 184/2019/03350/И |
| Дугаар | 101/ШШ2020/00145 |
| Огноо | 2020-01-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2020/00145
2020 оны 01 сарын 07 өдөр Дугаар 101/ШШ2020/00145 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Онцгой байдлын ерөнхий газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ А М” ХХ-д холбогдох
2,873,347,430.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Байгалмаа, М.Мөнхбат, нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “А М” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх 48 дугаар гэрээг байгуулан улсын нөөцөд хадгалагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг сэлгэн шинэчлэхээр хамтран ажилласан. Талуудын хооронд байгуулсан Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх 48 дугаар гэрээнд заасны дагуу шинэчлэгч тал “А М” ХХК нь захиалагч тал Онцгой байдлын ерөнхий газраас 1,615,069,607.17 төгрөгийн өртөг бүхий 97715 кг АИ-92 авто бензин, 800,068.96 кг дизель түлш буюу нийт 897,736.96кг шатахууныг сэлгэн шинэчлэхээр авснаас 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 1,235,639,387.81 төгрөгийн өртөг бүхий 704,190.18 кг дизель түлшийг буцаан нөхөн бүрдүүлээгүй байна. Захиалагч тал Онцгой байдлын ерөнхий газраас шинэчлэгч тал “А М” ХХК-д гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах талаар нийт 3 удаа албан бичгийг хүргүүлж, шинэчлэгч талаас гаргасан 3 удаагийн хүсэлтээр гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 109 тоот нэмэлт гэрээгээр 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр нэмэлт гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл талуудын 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлд дурдсаны дагуу гэрээний хугацааг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус сунгасан. Улсын нөөцийн бараа, материалыг шинэчлэх 48 дугаар гэрээний 3.2.2 дахь хэсэгт шинэчлэгч тал нь дизель түлшийг хугацаанд нь нийлүүлээгүй дутуу нийлүүлсэн тохиолдолд нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн шатахууны үнийг гэрээний хугацаагаар тасалбар болгон тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож, шинэчлэгч талаас нэхэмжлэх ба үлдэгдэл өрийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам Иргэний хуулийн 232.6 дахь заалтын дагуу 0.5 хувиар алдангийг нэмж нэхэмжилнэ гэж заасны дагуу дутуу нийлүүлсэн ,235,639,787.81 төгрөгийн өртөг бүхий 704.190.18кг дизель түлшийг зах зээлийн үнэлгээнд шилжүүлснээр 1,915,564,953.95 төгрөг, 346 хоногийн алданги 957,782,476.96 төгрөг буюу нийт 2,873,947,430.89 төгрөгийн хохирлыг “А М” ХХК-иас гаргуулж, улсын нөөцийн бараа материалын бүрдүүлэлтэд үүссэн хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “А М” ХХК нь ОБЕГтай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх 48 дугаартай гэрээ байгуулж нийт 1,615,069,607.17 төгрөгийн үнэ бүхий түлшийг хүлээн авсан. Манай компанийн эдийн засгийн хүнд нөхцөлд орж, авах ёстой байсан авлагуудаа авч чадахгүй үл хөдлөх эд хөрөнгүүд борлогдохгүй байсны улмаас сэлгэн нийлүүлэлтийг хугацаанд аа гүйцэтгэж чадаагүй. Энэ талаар удаа дараа нэхэмжлэгч талтай уулзаж нөхцөл байдлуудаа танилцуулсаар ирсэн. Гэрээний дагуу нийтдээ 379,430,201.49 төгрөгийн үнэ бүхий түлшний сэлгэн нийлүүлэлтийг хийсэн. Ингээд талууд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж нийт 1,235,639,396.88 төгрөгийн үнэ бүхий түлш сэлгэн нийлүүлэлт хийгээгүй болохыг баталгаажуулсан байдаг. Тооцоо нийлж баталгаажуулахад талууд алдангийг хасч тооцож баталгаажуулсан бөгөөд өнөөдөр алданги 957,782,476.96 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Талуудын хоорондын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлж баталгаажуулсан актын дагуу 1,235,639,396.88 төгрөгийн үнэ бүхий түлшийг хугацаандаа сэлгэн нийлүүлээгүйг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин гэрээнд заасан нөхцөл журмын дагуу 1,235,639,396.88 төгрөгийн үнэ бүхий түлшийг тодорхой хугацаанд сэлгэн нийлүүлэх замаар барагдуулж, нэхэмжлэгчтэй эвийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Бид гэрээний үүргээ зориуд зөрчөөгүй ба гагцхүү эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас хугацаандаа үүргээ гүйцэтгэж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ОБЕГ хариуцагч “А М” ХХК-д холбогдуулан арилжааны гэрээний үүрэгт 2,873,347,430.89 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч “А М” ХХК нь гэрээнд заасан нөхцөл журмын дагуу 1,235,639,396.88 төгрөгийн үнэ бүхий түлшийг тодорхой хугацаанд сэлгэн нийлүүлэх замаар барагдуулна гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон зарлагдсан товыг Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай хуудсаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхээс Монгол шуудангаар хүргүүлж 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр н.Ганзориг гэх хүн хүлээн авч гарын үсэг зурсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ”2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 8 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан тул хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. Гэтэл түүний хүсэлтэд хавсаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдсэн хуудас Баримт №8-д “....шүүх хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутад болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
2. Арилжааны гэрээний үүрэгт 2,873,347,430.89 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Зохигчид харилцан тохиролцож 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 48 дугаар бүхий Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх, тухайн өдрөө 49 дугаарт бүхий Баталгааны гэрээг тус тус байгуулжээ. /хх-ийн 4-9 дүгээр талууд/
Дээрх арилжааны болон баталгааны гэрээ нь хуулийн этгээдийн хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ”,189 дүгээр зүйлийн 189.1 “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн хуулийн зүйл, заалтуудад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл болно.
Нэхэмжлэгч ОБЕГ нь Улсын нөөцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “стратегийн нөөц” гэж нийгэм эдийн засгийн тогтвортой байлгах, үндэсний аюулгүй байдал, хүн амыг хангахад зориулагдах нэр төрөл, тоо хэмжээг бууруулж үл болох нөөцийн бараа материалыг”, 3.1.6-д “нөөцийн бараа, материал сэлгэх гэж нөөцийн бараа материалыг хадгалах хугацаа, холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээний дүгнэлтийг үндэслэн борлуулж, нөхөн бүрдүүлэх” хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээд “А М” ХХК-тай дээрх гэрээг байгуулсан байна.
Талуудын хооронд байгуулсан Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх №48 дугаартай гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.3-т заанаар хариуцагч “А М” ХХК нь улсын нөөцөд АИ-92 авто 100тн бензинийг 219,164,810 төгрөгт, 800тн дизель түлшийг 1,400,774,500 төгрөгт нийт 900тн түлшийг 1,619,939,310 төгрөгт тооцон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийлүүлэх үүрэгтэйгээс 704,190.18 кг буюу 1,235,639.396.88 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг нийлүүлээгүй болох хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.Энэ талаар талууд маргаагүй./хх-ийн 25 дугаар тал/
Хариуцагч “А М” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд нэхэмжлэгч ОБЕГт гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг гаргаж байжээ.
Талууд харилцан тохиролцож 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №48 дугаар гэрээнд шатахууныг буцаан нийлүүлэх гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №109 дугаар гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д 2017 оны 3 дугаар сарын 20, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №09 дүгээр гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Улсын нөөцийн салбарт хүлээлгэн өгөхөөр харилцан тохирсон байна. /хх-ийн11-16 дугаар талууд/
Онцгой байдлын ерөнхий газраас “А М” ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 12, 2017 оны 9 дүгээр сарын 15, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрүүдэд гэрээний үүргийг биелүүлэх, хэрэв биелүүлэхгүй бол дутуу нийлүүлсэн шатахууны үнийг гэрээний хугацаагаар тасалбар болгож зах зээлийн ханшаар үнийг тооцох, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т зааснаар алданги тооцох талаар мэдэгдэж байжээ./хх-21-23 дугаар талууд/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т “Шинэчлэгч тал дизель түлш, АИ-92 авто бензинийг хугацаанд нь нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн тохиолдолд нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн шатахууны үнийг гэрээний хугацаагаар тасалбар болгож тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож, Шинэчлэгч талаас нэхэмжлэх ба үлдэгдэл өрийн үнийг дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заалтын дагуу 0.5 хувийн алданги нэмж нэхэмжилнэ. “гэж тохирсон байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны тушаалаар дизель түлшийг зах зээлийн ханшийг 2285 төгрөгт тооцсон” гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд хариуцагч “А М” ХХК-иас 704,190.18 кг дизель түлшний үнэ 1,235,639.396.88 төгрөг, алданги 617,819,698.34 төгрөг нийт 1,853,459,095.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ОБЕГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,019,888.35.87 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хавтас хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №49 дугаартай “Баталгааны гэрээ” авагджээ. Зохигчид уг гэрээгээр хариуцагчийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тохиролцсон атлаа тухайн гэрээтэй холбоотой гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “А М” ХХК-иас 1,853,459,095.02 төгрөгийг гаргуулж ОБЕГт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,019,888.335.87 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 5,257,392 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ