| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0063/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/60 |
| Огноо | 2023-07-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ц
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Ү
Гэрч Д.М, Т.Х, Р.М, Б.Б
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Ц
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт .... холбогдох эрүүгийн ... тоот хэргийг ...-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт, Дорноговь аймаг ..... тоотод оршин суух, урьд нь ... үүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2-т зааснаар 3 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, ....-ний .... дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял болгон өөрчилж, биеэр эдэлж хугацаа дуусаж суллагдсан, ... овогт Б-ын Н /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 03 сарын 21-ний өдөр Д.Г-ын ... нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авч, түүнийг нас барсны дараа үргэлжлүүлэн зээлийг төлж байсан түүний эх Ш.Ц-ийн .... улсын дугаартай авто машиныг төрсөн хүү Д.Г-д ашиглуулж байхад нь “найздаа машинаа өгч бай, машиныг чинь унаад Улаанбаатар хот руу унаж явчхаад ирье, 10 гаруй хонох байх” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дорноговь аймгийн ... багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнх нь гаднаас 26,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ... улсын дугаартай Тоёота приус 41 загварын хар саарал өнгийн тээврийн хэрэгслийг авч явж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Прокурорын ... дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар учраас намайг энэ хэрэгт яллагдагчаар татаж байгаа юм бэ, гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, эзэмшигч нь хэн болох, ямар учраас Д.Г, Ш.Ц нар яагаад намайг авсан гэж гүтгэж байгааг би ойлгохгүй байна. Тухайн автомашиныг би Г-ээс 2022 оны 03 сарын 21-ний өдөр авч яваагүй. Хэрвээ авсан байсан бол надад аваагүй гэж хэлэх ямар ч шалтгаан байхгүй, машиныг нь бол гаргаад өгчих байсан гэжээ. /1-р хх-ийн 181-182/
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Г-ийн машиныг огт аваагүй. Яагаад ийм асуудал үүсгээд байгаад одоо хэр ойлгохгүй байна. ... руу ярьдаг шалтгаан нь Г архинд орсон, ийм машины өр зээл байгаа гэж хэлэхээр нь би хамт ажил төрөл хийж байгаад өр ширнээсээ гаръя гэж хэлж байсан. Сайхан сэтгэлээр тусална гэж байсныг одоо эргүүлээд намайг машин тэргийг авсан гэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. 2022 оны 06 сарын 15-ны өдөр ... суманд шүүхээр орсон байдаг, уг өдөр Улаанбаатар хотод торгуулсан байдаг уг машин нь. Уг машиныг хэн унаж явсныг тогтоогоогүй. Би Г-ийг архи дарсаа боль, ажил төрлөө хийе гэж ярьсныг одоо хэрэг үйлдсэн болгож байгаад гайхаж байна. 2022 оны 03 сарын 21-нд би хотод байсан. Тэгтэл намайг машиныг ...-ээс аваад явсан гэж мэдүүлсэн. Цагдаагийн байгууллагын хүмүүсээр яриулж дарамтлуулж байсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2 хүүтэй хүн, нэг хүү маань Д.Г, нөгөө хүү маань Д.Г гэж байсан юм. Хүү маань 2021 оны 10 сард нас барсан, хүү маань амьд сэрүүн байхдаа банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулан ... улсын дугаартай приус-41 маркийн автомашиныг аваад зээлийг нь өөрөө төлөөд унаж хэрэглэж байсан юм. Тэгээд түүнийг нас барснаас хойш би банк бус санхүүгийн байгууллагад төлөх ёстой байсан төлбөрийг нь өөрийнхөө боломжоор төлөөд явдаг байсан чинь сүүлд төлж чадахгүй, миний тэтгэвэр хүрэхгүй болоод эхлэхээр нь би санхүүгийн байгуллагатай нь утсаар яриад "эгч нь төлж чадахгүй боллоо, энэ машиныг нь зараад хүүгийнхээ зээлийг нь төлж дуусгая” гэж ярьсан чинь “тэгээ тэг” гэж байсан. Тухайн автомашин нь хүүг нас барснаас хойш Д. Г ойр зуур унаж хэрэглэж байдаг байсан бөгөөд 2022 оны 05 сарын 28 билүү 29-ний өдөр ... суманд ирээд Д.Г-ийн гэрт ирэхэд машин нь байхгүй байсан юм, тэгэхлээр нь би "ахынхаа машиныг яасан юм бэ?” гэж асуусан чинь Д.Г хөдөө айлын гадаа тавьсан" гэж хэлэхээр нь би "за тэгвэл хоёулаа явж машинаа авч ирэх үү?” гэхэд "авчирнаа" л гээд байсан юм, тэгэхлээр нь би "за ... олон хонож чадахгүй ээ, машинаа хурдан аваад ирээ” гэсэн чинь дугарахгүй болохоор нь Г-ийн найз М-тай яриад "миний хүү хоёулаа яваад Г-ийн машиныг хөдөө байгаа гэнэ аваад ирье" гэсэн чинь "эгчээ би хүүхдээ харж байнаа явж чадахгүй” гэхлээр нь би дотроо гомдож байсан юм, тэгтэл эргээд М над руу буцаж залгаад “эгчээ би таньд ёстой худлаа хэлж чадахгүй юм байна, машин чинь хөдөө байхгүй ээ. Г чинь машинаа хот руу хүнд өгөөд явуулчихсан гэсэн" гэж хэлсэн энэ асуудлаас болоод цагдаад өргөдөл гомдол гаргасан байгаа. Би өөрийн хүү Г-д "ахынхаа машиныг хүнд өгөөд явуулсан юм уу? би чамайг загнахгүй, яагаад ингээд нуугаад хөдөө байгаа гээд худлаа хэлээд байсан юм бол” гэж асуусан чинь Д.Г нь дугарахгүй байж байгаад "Н гэж хүн авч яваад буцаагаад авч ирж өгөхгүй байна" гэж хэлэхлээр нь би "за ээж нь тэр Н гэж хүнтэй чинь уулзья" гэж хэлээд Н-ын гэрлүү нь хамт яваад очсон. Н-ын гэр нь эмнэлгийн хажуу талд байдаг юм байна лээ, би хаягийг нь хэлж мэдэхгүй тэдний гадаа очоод Д.Г машинаас түрүүлж буугаад уулзсан Н нь гэрийнхээ гадаа сууж байсан, тэгээд би Н гэх залуутай уулзаад "за миний хүү машиныг нь яасан юм бэ?" гэсэн чинь Н нь "би сайн мэдэхгүй байна, сая уг нь аваад өгнө гэж бодож байсан чинь 40 сая төгрөг тоглоод алдчихлаа, мөнгө хайгаад олохгүй байна" гэж хэлтэл яг үүдэнд нь машин ирж зогсоод сигналдаад Н нь надтай өөр яриа ярихгүй тэр машин руу яваад өгсөн, тэгэхлээр нь би за Н, Г нарын дунд нэг юм байна. Г ч юм хэлэхгүй юм гэж бодоод Н-ын гэрт ороод суучихсан, түүний эхнэр нь бололтой эмэгтэй хүүхдүүдтэйгээ байсан, би гэрт нь суугаад л байсан, надад цай хийж өгсөн би цайг нь уучихлаа, би эхнэр нь бололтой эмэгтэйгээс "Н миний хүүгийн машиныг авчихсан юм шиг байна, чи мэдэж байна уу?" гэж асуусан чинь тэр эмэгтэй "мэдэхгүй" гэж хэлсэн, тэгээд би гэрт нь суугаад л байсан тэд алдарт эхийн одон авсан юм шиг байна лээ юм хум бэлдээд байсан, тэгж байснаа нөгөө эмэгтэй "эмээ бид нар одоо хөдөө явлаа, хэдэн хүн цайлах гэсэн юм" гэхлээр нь би "за за явахгүй юу даа би Н-тай уулзах хэрэгтэй байна" гэсэн чинь "та эзгүй гэрт яах гэж байгаа юм бэ?" гэхлээр "би хулгай хийдэг хүн биш ээ" гэж хэлсэн тэгсэн чинь нөгөө эмэгтэй Г рүү залгаад "манайд хүрээд ир" гэсэн чинь Г цаанаас нь "би очихгүй" гэж байгаа байсан. Тэгээд нэг хүүхэд үлдээчихээд явчихсан, нөгөө хүүхэд нь хэсэг байж байгаад "эмээ хоёулаа гэрээс гарья" гэхлээр нь би "чи яв яв би Н-тай уулзаж байж явна" гээд суугаад л байсан, тэгээд шөнө 00 цаг болж байхад хүүхдүүд нь орж гараад төмпөн сав авч орж гараад байсан "эмээ та явахгүй юм уу?" гэхлээр нь "явахгүй ээ" л гэсэн, тэгээд тэднийд хоносон. Н болон эхнэр нь гэртээ ирж хоноогүй, тэгээд маргааш нь бас гэрт нь сууж л байсан чинь хүүхэд нь "та харихгүй юм уу?" гээд байн байн асуугаад байсан, би ус уугаад л гэрт нь суугаад байсан, тэгтэл оройхон Н нь гэртээ бүгдээрээ ороод ирэхлээр нь би "за хүүхдүүдээ сайн явж ирсэн үү? ажил төрөл бүтсэн үү?" гэсэн чинь Н нь "та намайг айж байна гэж бодож байна уу? би Г-д зөндөө тус болж байсан, та гэрээс гар юу хийгээд гэрт байгаад байна, Г бид хоёрын асуудал таньд хамаагүй" гээд гэрээсээ хөөгөөд байсан, тэгэхлээр нь би "Г та хоёрын дунд ямар асуудал байгаа юм, би мэдэх хэрэгтэй байна, тэр машиныг нь авмаар байна банк бус санхүүгийн байгууллагаас нэхээд байна" гэсэн чинь Н нь "тэр нэхээд байгаа хүнтэй нь яриулаадах" гэхлээр нь би банк бусын хүний утсыг нь өгсөн чинь Н өөрөө утсаараа яриад "би 2, 3 хоногоос төлж өгье" гэж хэлж байсан, тэгэхлээр нь би "за хүү минь чи төлөх ёстой хүн байна, чи банкных нь хүнтэй холбогдож байгаад төлчихөөрэй" гэсэн чинь Н нь "за би төлчихнөө" гэхлээр нь би гэрээс нь гараад ирсэн юм. Түүнээс хойш бүүр дараа нь цагдаад шалгуулснаас хойш нэг утсаар ярисан чинь Н нь "би таньд бэлэн 10 сая төгрөг өгөөд, мөн одоо банк бусад төлөх ёстой 2 сая төгрөгийг нь төлөөд өгье" гэхлээр нь би "үгүй, миний хүү тэр машиныг нь олж өг" гэж хэлсэн чинь дугарахгүй байж байснаа "та надтай эвтэйхэн шиг харьцаад машинаа олж авбал ав, үгүй бол цагдаа шүүх надад ямар ч хамаагүй шүү" гэж хэлж байсан, ингээд түүнээс хойш шийдсэн зүйлгүй л байна. Миний хувьд талийгаач хүүгийнхээ өр ширийг нь дараад машиныг нь олоод тэр асуудлыг нь шийдмээр байна гэжээ. /2-р хх-ийн 166-167/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 05 сарын 28, 29-нд ... ирсэн. Вагоноос буугаад иртэл машин нь байхгүй байсан. Гэрт нь иртэл Г гэртээ хэвтэж байсан. Ахынх нь машин хаана байна гэтэл хөдөө айлд байгаа гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь аваад зараад өр ширийг нь дарья, тэр айл руу явъя гэж хэлтэл Г дугарахгүй байгаад байсан. Би найз М рүү нь ярьж асуухад эхлээд мэдэхгүй гэж байгаад дахин өөрөө яриад хүнд машинаа өгөөд алдсан юм шиг байна лээ гэдгийг нь хэлсэн. Би Г-ийг арагдаж байгаад Н гэж хүн машиныг нь аваад явсан талаар мэдээд гэрийг нь хүүгээр заалгаад Н-ын гэрт нь очсон. Гадаанаа Н сууж байсан. Би түүнээс машиныг асуутал 40 сая төгрөгөөр тоглоод алдсан гэх зүйл хэлсэн. Одоо мөнгө төгрөг олдохгүй байна гэж хэлтэл нэг машин ирээд Н суугаад яваад өгсөн. Би гэрийнх нь гадаа суугаад үлдсэн. Тэгээд нэг залуугаас гэрийг нь заалгаж аваад гэрт нь орсон. 3 давхарт 39 тоотод орсон. Гэрт нь эхнэр, хүүхдүүд нь байсан. Би эхнэрээс нь машиныг асуухад мэдэхгүй гэсэн. Гэрт нь сууж байтал эхнэр нь бид хэд хөдөө явлаа гэж хэлэхээр нь би Н-тай уулзаж байж явна гэж хэлсэн. Эхнэр нь Г рүү яриад ээжийгээ аваад яв, эсвэл хамт манайд хоно гэж хэлэх шиг болсон. Г үгүй гэж хэлээд утсаа тасалсан. Би эзгүй айлд үлдсэн. Нэг хүүхэд үлдсэн байсан. Намайг та явахгүй юм уу гээд асуугаад байсан. Би явахгүй гэж хэлээд тэднийд хоносон. Орой нь нэг банди нь ирж хоносон. Үдээс хойш энэ хэд хүүхдүүдтэйгээ хамт орж ирсэн. Н орж ирээд “та намайг айж байна гэж бодож байна уу” гээд хувцсаа тайлаад эхэлсэн. Тэгээд намайг хөөсөн. Би машины талаар асуутал таньд хамаагүй, Г бид хоёрын асуудал гэж хэлсэн. Тэгээд би банк бус санхүүгийн хүнтэй ярь гэж хэлээд яриулсан. Тэр Х руу яриулсан. Одоогоор мөнгө төгрөг байхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд би хот руу явсан. Хотод банк бус санхүүгийн байгууллагын хүнтэй нь очиж уулзаад машин тэрэг нь алга болсон байна яанаа гэтэл тэр хүнтэй нь би яриад учраа олчихноо гэж хэлсэн. Тэгээд таг болсон. Би эргэж ирээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Тэгтэл Н надад “та надтай аятайхан байж байгаад машинаа авахгүй бол машингүй, юу ч үгүй болно” гэж хэлсэн. Намайг вагонд суугаад явж байхад Н над руу яриад “манай найз 10 сая төгрөг өгье, банкны 2 сая төгрөгийг төлье гэж байна” гэж хэлсэн. Би “үгүй, эсвэл 30 сая төгрөг өг, тэгвэл өр ширээ дуусгая” гэж хэлсэн. Тэрнээс хойш огт уулзаагүй байж байгаад прокурор дээр нэг харсан. 26 сая төгрөгөөр машиныг үнэлсэн байсан. Энэ банк бус санхүүгийн байгууллагад 7 гаран сая төгрөгийн өртэй байгаа. 18,407,718 төгрөгийг гаргуулж авна. Иргэний нэхэмжлэгч байгууллагад 7,592,281.91 төгрөгийг нь гаргуулна гэв.
Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: Манай төрсөн ах 2021 оны 03 дугаар сард приус-41 маркийн автомашиныг лизингээр худалдаж аваад 2021 оны 10 дугаар сард зуурдаар таалал төгссөн. Тухайн автомашиныг би ээжтэйгээ хамт авч лизингийн мөнгийг нь үргэлжлүүлэн төлөөд машиныг нь унаж хэрэглээд би ... суманд авч ирсэн. 2022 оны 03 дугаар сарын үед миний хуучны танил Н гэх залуу ирээд найздаа машинаа өгч бай, би машиныг Улаанбаатар хот руу унаж явчихаад ирье, 10 гаруй хонох байх гэж хэлээд асаагаад явсан. Тухайн үед бид хоёрын хажууд хэн ч байгаагүй. Миний машиныг Н нь манай гэрт ирээд надаас гуйж аваад гэрийн гадаа байсан машиныг маань асааж унаад явсан. Н нь надтай холбоо барихгүй удаад байхаар нь залгасан чинь Н “машиныг чинь удахгүй өгнө, жоохон байж бай” гэх зэргээр удаагаад өгөхгүй байсан. Тэгээд би аргаа барсандаа цагдаагийн байгууллагад ээжийн хамтаар өргөдөл бичиж өгсөн. Одоо хуулийн дагуу шалгуулж байгаа. Би тэр хүнээс машинаа авмаар байна, даанч миний машиныг өгөхгүй байна. Би өөртэй нь утсаар ярьсан чинь “би чиний машиныг өгөхгүй, яагаад цагдаад өгсөн юм” гэх зэргээр дээрэнгүй харьцаж байсан. Би Н гэх хуучны найздаа машинаа өөрөө өгч явуулснаа сайн санаж байна. 2022 оны 02 дугаар сард намайг Улаанбаатар хотод байхад миний машиныг гуйж аваад мөнгөөр барьцаанд тавьсан. Надад тухайн үед нэг шил виски тэгээд таксины мөнгө өгсөн. Би тэгээд Улаанбаатар хотоос ... суманд ирсэн. Намайг ... байхад хэд хоногийн дараа Н нь миний машиныг авч ирсэн ба надад ёндоо гээд 1,000,000 сая төгрөг өгсөн. Тэгээд 2 сарын дараа миний машиныг дахиж гуйж авч яваад одоог хүртэл өгөхгүй байна гэжээ. /1-р хх-ийн 10-11/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 сарын 01-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ...тухайн машин манай ээжид үлдсэн. Би тухайн автомашиныг ээжээсээ гуйж хувьдаа унаж хэрэглэж байсан. Тэр болтол манай ээж Ш.Ц тухайн автомашины лизинг нь төлж байсан. Би тухайн автомашиныг унаж хэрэглээд байж байсан чинь миний танил Н гэх залуу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр машинаа өгч бай, би Улаанбаатар хот руу 10 хоног унаж явчихаад ирье гэж хэлээд асаагаад явсан. Тухайн өдрөөс хойш миний машиныг авч явсан хүнтэй 2 сар гаруй хугацаа өнгөрсөн боловч холбоо барьж чадахгүй машиныг маань өгөхгүй худлаа үнэн шалтаг хэлээд байсан. Би тэгээд “яагаад миний машиныг өгөхгүй байгаа юм бэ” гэсэн чинь “надад мөнгө байхгүй, мөнгөтэй болохоороо автомашиныг чинь авч өгнө” гэж хэлээд миний хэлж байгаа үгийг тоохгүй байсан. Тэгээд одоо хүртэл машиныг маань өгөхгүй тэр чигтээ алга болсон. Одоо холбоо барьж чадахгүй байна. Надад тэр хүнтэй ямар нэгэн өр шир болон эд хөрөнгийн маргаан байхгүй. Би тэр хүнээс урьд нь мөнгө зээлж авч байгаагүй. Би ... суманд 2008 онд Улаанбаатар хотоос ирж хувиараа хөдөлмөр эрхэлдэг болсон. Тэр Н гэх хүн 2009 онд ... суманд ирэхэд бид 2 анх танилцаж байсан. Урьд нь бол бид 2 их гайгүй нийлдэг байсан. Саяхнаас бид хоёрын харьцаа их муудсан. Хар саарал өнгийн приус-41 маркийн автомашин. 2021 оны 01 дүгээр сард Монголд орж ирсэн. Ямар нэгэн сэв зураас байхгүй, бараг шинээрээ байгаа автомашин байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг би одоогийн зах зээлийн ханш болох 35 сая төгрөгөөр үнэлж байна. Тухайн тээврийн хэрэгслийг Н гэх залууд өгч явуулахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Д гэх хүнд гэж хэлсэн. Би тухайн хүнийг нь огт танихгүй. Миний машиныг тухайн хүнд 15 сая төгрөгөөр барьцаанд тавьсан гэсэн. Аваад өг гэж хэлэхээр надад мөнгө байхгүй гэж хэлээд авч өгөхгүй байгаа гэжээ. /1-р хх-ийн 14-15/
Иргэний нэхэмжлэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллага нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Д-ийн Г /.../-тай №... тоот зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөх гэрээ байгуулан Тоёота приус-41 маркийн ... улсын дугаартай ... арлын дугаартай, хар саарал өнгийн суудлын зориулалттай автомашиныг барьцаалан 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийн зээлийг олгосон. Д.Г нь 2021 оны 11 дүгээр сард нас барсан талаар ар гэрээс нь бидэнд мэдэгдэж түүний ар гэрээс зээлийг төлж байсан боловч заримдаа төлөлт хийхгүй 2022 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар 7,592,281.92 төгрөгийг үлдэгдэлтэй байна. 7,592,281.92 төгрөгний үлдэгдэлтэй байгаа төлвөл зохих буруутай этгээдээс нэхэмжилж байна. Зээлийн үлдэгдэл болох 7,592,281.92 төгрөгийг ... ББСБ-ийн ... тоот дансанд шилжүүлж авах хүсэлтэй байна. Тухайн төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд өөр гаргах санал хүсэлт байхгүй, хэрэв төлбөрийг нь хийхгүй бол манай байгууллага .... улсын дугаартай Тоёота приус 41 маркийн автомашиныг эргүүлэн татаж авах хүсэлтэй байна. Манай байгууллагад учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлттэй байна гэжээ. /1-р хх-ийн 192-193/
Иргэний нэхэмжлэгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 03 сарын 13-нд Г гэж хүн ... тоот зээлийн гэрээ байгуулж 14 сая төгрөгийг, 24 сарын, 2,8 хувийн хүүтэй авсан. Барьцаанд нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. 2021 оны 10 сард зээлдэгч нас барж, ээж нь төлөлтийг нь хийж байсан. Тэгээд нэг өдөр ирж “манай хүүхэд машинаа.... унаж явж байгаад... гэх хүнд өгч явуулаад алга болгожээ” гэж хэлсэн. 2022 оны 05 сарын 29-нд Х руу ... гэсэн дугаараас яриад “би машины төлөлтийг хийнэ” гэж хэлсэн. Х нь өөрөө ярих байх. 7,592,281.92 төгрөгийг нэхэмжиж байна гэв.
Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Д.Г-ийг танихгүй, харж ч байгаагүй. 2022 оны 06 сард юм шиг санагдаж байна, Б.Н бид хоёр хамт байх явцад, хэнийх нь утсаар ярьсныг санахгүй байна, Д.Г-тэй утсаар ярьсан. Утсаар ярьсан шалтгаан нь Б.Н, Д.Г хоёрын хооронд машин тэрэг, өр авлагын маргаан байсан. Тэгээд Б.Н намайг гуйхаар нь би Д.Г рүү утсаар "машин чинь надад байна, 10 сая төгрөгөө өгөөд аваарай" гэж хэлсэн. Гэхдээ надад Д.Г-ийн машин байхгүй. Тэр үед Н нь Г-ийн машиныг түр авсан юм байна гэж ойлгосон. Харин Б.Н-ын гуйснаар Д.Г-тэй утсаар ярьсан биш намайг үнэхээр машиныг авсан гэж ойлгоод над руу хэд хэдэн удаа утсаар яриад надаас машин нэхээд байхаар нь түүнд ойлгуулж хэлсэн боловч, надад итгэхгүй байх шиг байсан. Д.Г- надтай утсаар ярихдаа улсын дугаарыг хэлээгүй, хар саарал өнгийн тоёота приус-41 маркийн машин гэж хэлсэн. Би Б.Н-тай энэ талаар уулзаж ярилцахад тэрээр Д.Г-ийн машиныг барьцаанд тавьсан байгаа, тэгээд машиныг авч өгөхийн хооронд цагдаад гомдол гаргасанд уурласан юм шиг байна лээ, Б.Н надад хэлэхдээ "Г муу пизда машиныг нь барьцаанд тавьсан хугацаанд надаас архи, дарс гэх мэтчилэн өчнөөн мөнгө зээлж авчихаад, машиныг нь барьцаанаас авч өгөхийн хооронд цагдаад өгчихсөн байх юм, машиныг өгөхгүй хашрааж байгаа юм" гэж ярьсан. 2022 оны 07 дугаар сарын эхээр Б.Н намайг дуудснаар Улаанбаатар хот ... дүүрэг ... орчимд байдаг хоолны газар очиход Б.Н, үл таних 2 залуугийн хамт юм яриад сууж байсан. Би танихгүй учраас тэр хүмүүстэй ярилцаагүй. Харин энэ үеэр Б.Н утсаар нэг хүнтэй наад машиныг чинь удахгүй мөнгийг нь өгөөд авчихна гэх утгатай зүйл яриад байхаар нь түүнд өөр барьцаанд тавьсан машин байхгүй болохоор Д.Г-ийн машины талаар ярьж байна гэж ойлгосон. Миний хувьд Д.Г-ийн машин хаана байгаа талаар мэдэхгүй. Энэ талаар Б.Н мэдэх тул түүнээс асуусан нь дээр гэжээ. /1-р хх-ийн 33-35/
Гэрч Р.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Г гэх хүнийг танина. Бид 2 бие биенээ таньж мэдээд их удаж байгаа 2007 оноос хойш найзалж нөхөрлөөд явж байна. ... приус-41 маркийн тээврийн хэрэгсэл нь төрсөн ахынх нь автомашин байсан. Ах нь нас бараад Г унадаг болсон. .... суманд Г өөрөө унаж хэрэглэж байсан. Би 2022 оны 05 дугаар сард өөрийнхөө машинаа зарчихаад Г рүү залгаад машиныг нь авах санаатай утас руу нь яриад машин чинь байгаа юу гэсэн чинь байхгүй гэсэн. Машинаа яасан юм бэ гэсэн чинь Н аваад явсан харин авчирч өгөхгүй байна гэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа ээж нь Улаанбаатар хотоос ирэхээр болсон чинь Г над руу залгаад чамд машин байгаа гэж хэлсэн шүү чи аргалаад өгчих гэхээр нь би чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн хэд хоногийн дараа ээж нь над руу залгаад машин яасан талаар асуухад ээжид нь би үнэнийг нь хэлсэн. Г-ийн ээж нь Н-ын гэрт нь очиж машин тэргээ авья гэж хэд хоног очсон боловч машиныг нь гаргаж өгөөгүй юм шиг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан байх. Би нэг удаа утсаар яриад машиных нь талаар асуусан чинь Н чи яах гэж байгаа юм гэхээр нь би машин тэрэг нь хэнд байгаа юм бэ авах гэсэн юм гэхэд Н хэрүүл уруул хийх гэж байгаа бол би тэр хүний дугаарыг өгөхгүй, машиныг нь яг авах гэж байгаа бол дугаарыг нь өгч болно гээд дугаарыг нь өгөлгүй Н утсаа салгасан. Өөр юм ярьж чадаагүй. Тэгээд би Н-д байгаа юм байна гэж ойлгосон гэжээ. /хх-ийн 42-43/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Г-ийг танина. Бид 2006 оноос хойш найзалж нөхөрлөж явж байна. Бид 2 одоог хүртэл найз нөхдийн холбоотой явдаг. ... приус-41 маркийн тээврийн хэрэгсэл Г-д байсан. Ахынх нь машин гэж ярьж байсан. Улаанбаатар хотод барьж байгаад сүүлдээ ... авч ирж унаж байсан. Н гэх хүн миний машиныг хот руу унаад явсан гэж хэлсэн. Тэгээд би яагаад унаж явсан талаар асуухад Н хотод ажилтай гээд унаад явсан гэсэн. Г, Н хоёр ... улсын дугаартай машинтай хамт явж байсан. Тухайн үед ажил хөөцөлдөөд явж байна гээд Н машиныг нь унаад явж байсан. Тэгээд хэд хоногийн дараа Г архи уугаад ажил хөөцөлдөхөө больсон байсан. Машиныг нь Н ... суманд унаад явж байсан. Тэгээд 2, 3 хоногийн дараа Н унаад Улаанбаатар хот руу явсан гэж байсан. Ер нь Г-ийн машиныг Н нь Улаанбаатар хот руу авч явсан гэдгийг нь Г-ийн ойрын хүмүүс бүгд мэдэж байгаа. Тэгээд машиныг нь өгөхгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан талаар ярьж байсан. /1-р хх-ийн 46-47/
-2022 оны 10 сарын 04-нд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: 2022 оны 03 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Г, Н хоёр 1 дүгээр сургуулийн баруун талын зам дээр санагдаж байна ... улсын дугаартай автомашинтай явж байх үед нь тааралдсан, тухайн үед Н машиныг нь жолоодоод Г зорчигчийн суудал дээр нь суугаад явж байсан, тэр хоёртой 1 л удаа хамт явж байх үед нь тааралдсан. Түүнээс бол Н нь ганцаараа Г-ийн машиныг унаад явж байхыг нь бол би хараагүй. Тэр өдрийнх нь маргааш Гнад руу утсаар залгаад "юу хийж байна" гэж байсан тэгэхлээр нь би "өчигдөр Н та 2 юу хийж явсан юм бэ?" гэхэд Г хэлэхдээ "Н-ын ачаа нь вагоноор хэдэн ачаа орж ирсэн тэрнийг хамтдаа хийх гээд явж байсан юм аа" гэж байсан, түүнээс хойш нилээд хэд хоногийн дараа яг хэд хоногийн дараа гэдгийг нь мэдэхгүй байна. Г бид 2 уулзсан намайг дуудаад би гэрийнх нь гадаа очсон чинь Г гарч ирээд "гадуур хамт явъя" гээд миний машинд орж ирээд сууснаа Г нь хэлэхдээ ... "баларсан Н миний машиныг тоглочихсон юм шиг байнаа" гэхлээр нь би "үгүй байлгүй дээ" гэсэн чинь Г хэлэхдээ "одоо ээж мэдвэл баларнаа" гэж хэлж байсан тэгэхлээр нь би "өө баларсан юмаа" гэж хэлээд л өнгөрсөн юм гэжээ. /1-р хх-ийн 185/
Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ... тоот дугаарын утаснаас манай ажлын ... тоот дугаарын утас руу залгаад “би наад машины мөнгийг нь төлнө” гэж Н гэх хүн ярьж байсан би тэр хүнээс “машин нь одоо хаана байгаа юм бэ” гэж асуусан чинь “хотод байгаа” гэж л хэлсэн тэрнээс өмнө огт танихгүй ярьж байгаагүй. Г гэх хүнтэй гар утсаар ч ярьж байгаагүй танихгүй. Би энэ хэргийн талаар огт мэдэхгүй. Манай ББСБ-д ... тоёота приус-41 маркийн авто машин барьцаалсан байсан тул өөрөө манай ажлын дугаар луу залгаж ярьсан. Тиймээ над руу 2022 оны 05 сарын 29-нд манай ажлын утас болох ... тоот дугаарын утас руу залгаж надтай ярьсан. Би 2022 оны 06 дугаарын сарын 03-нд... тоот дугаарын утас руу ажлынхаа ... тоот дугаарын утсаар Залгахад утсаа таслаад өөдөөс над руу "Hen be" гэсэн мессеж ирсэн, би хариуд нь "... bbsb zalgaj bn yaraltai holbogdnuu" гэж хариу бичсэн, эргүүлээд над руу "bi hed hor goos hiiea odoo yumgvi bn" гэсэн, би хариуд нь "mashin n haana bgan bol" гэж асуухад, эргүүлээд над руу "Ta Sanaa zowoltgvi bi zeel hvv ene terig ni tolchinoo" гэсэн хариу ирсэн би тэрийг зурган хэлбэрт оруулаад аваад ирсэн. Энэ ярьсан мессеж ирсэн бичсэн асуудал нь ... дугаартай машины талаар байсан гэжээ. /2-р хх-ийн 142-144/
Хэрэг бүргэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 01/
Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 06/
2022 оны 07 сарын 07-ны өдрийн ... дугаартай ... ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 48-49/
Шүүгдэгчийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан мэдээлэл /1-р хх-ийн 53-63/
... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой торгуулийн мэдээлэл, эрэн сурвалжилах ажиллагааны баримт /1-р хх-ийн 66-72/
Иргэний нэхэмжлэгч.... ББСБ-ын цагдаагийн газарт гаргасан байсан хүсэлт, ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг барьцаалж зээл авсан талаарх баримт /1-р хх-ийн 150-166/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 170/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 174-177/
Нэхэмжлэгч байгууллагын зээлийн төлөлтийн дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 195-197/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа /1-р хх-ийн 205-207/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 210-212/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 213-215, 2-р хх-ийн 173-177/
...-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 24-80/
Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 149-150/
Үзлэг хийсэн тухай мөрдөгчийн ...-ний өдрийн тэмдэглэл /2-р хх-ийн 158-163/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлд оруулах тухай ....-ний өдрийн прокурорын ... дугаартай тогтоол /2-р хх-ийн 179-181/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Н нь ...-ний өдөр Д.Г-ын ... нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авч, түүнийг нас барсны дараа үргэлжлүүлэн зээлийг төлж байсан түүний эх Ш.Ц-ийн ... улсын дугаартай авто машиныг төрсөн хүү Д.Г-д ашиглуулж байхад нь “найздаа машинаа өгч бай, машиныг чинь унаад Улаанбаатар хот руу унаж явчхаад ирье, 10 гаруй хонох байх” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дорноговь аймгийн ... сумын .... багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнх нь гаднаас 26,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ... улсын дугаартай Тоёота приус 41 загварын хар саарал өнгийн тээврийн хэрэгслийг авч явж, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц-ийн /2-р хх-ийн 166-167/ гэх мэдүүлэг, гэрч Д.Г-ийн “...миний танил Н гэх залуу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр машинаа өгч бай, би Улаанбаатар хот руу 10 хоног унаж явчихаад ирье гэж хэлээд аваад явсан. Тухайн өдрөөс хойш миний машиныг авч явсан хүнтэй 2 сар гаруй хугацаа өнгөрсөн боловч холбоо барьж чадахгүй машиныг маань өгөхгүй худлаа үнэн шалтаг хэлээд байсан. Би тэгээд “яагаад миний машиныг өгөхгүй байгаа юм бэ” гэсэн чинь “надад мөнгө байхгүй, мөнгөтэй болохоороо автомашиныг чинь авч өгнө” гэж хэлээд миний хэлж байгаа үгийг тоохгүй байсан. Тэгээд одоо хүртэл машиныг маань өгөхгүй тэр чигтээ алга болсон.” /1-р хх-ийн 14-15 гэх мэдүүлэг/, гэрч Д.М-ийн “...Н намайг нэг хүн рүү утсаар яриулаад "машинаа 10 сая төгрөг өгөөд ав” гэж хэлүүлсэн. Тэр машин нь надад байгаагүй. Н-ын гуйлтаар ярьсан.” гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1-р хх-ийн 33-35 гэх мэдүүлэг/, гэрч Р.М-ийн “2005, 2006 оноос Г-тэй найз нөхдийн холбоотой болсон. Г-ийн машины талаар Н руу залгаж асууж байсан. Машин тэрэг нь яасан юм гэтэл Н “чи тэгээд яах гээд байгаа юм, чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд утсаа тавьсан. 2022 оны 5 билүү 6 сард Г-тэй ярьсан. Би өөрийн машинаа зарчихсан байсан юм. Тэгээд Г-ийн машиныг гуйхад байхгүй гэж хэлсэн. Яасан юм гэтэл Н аваад явсан гэж хэлсэн. Г надаас машин хөдөө орхисон гэж ээжид хэлээрэй гэхэд нь үгүй гэж хэлж байсан. Г-ийн ээжид Г-ийг машинаа хүн өгөөд алдсан юм шиг байна лээ л гэж хэлсэн.” гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/, гэрч Б.Б-ийн “Г-тэй 10-н жилийн найз. Г, Н нар нь хамт ... улсын дугаартай машныг унаад явж байсныг л харсан. Н Г-ийн машиныг унаад явсан талаар Г-ээс сонссон” гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 46-47, 185/, гэрч Т.Х-ы “055 сарын 29-нд ... утсаар ... гэсэн дугаарлуу Н залгасан. Приус 41 маркийн тээврийн хэрэгслийн зээлийг би төлнө гэж хэлсэн. Энэ машин хаана байна гэж асуухад хотод лагер дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд би та над руу утасны дугаараа мессежээр явуулаарай гэж хэлэхэд явуулсан юм. Тэгээд над руу мессеж бичиж байсан тул тэрийг нь цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Өөрийн гар утаснаас хэвлээд гаргаж өгсөн. Утсаа харуулж байгаад хэвлэж өгч байсан юм. Одоо тэр мессеж нь миний утсан дээр байгаа. Ц гуай над руу 05 сарын 29-нд залгаад ... гэсэн дугаараас хүн чам руу ярина. Энэ хүнд манай машин байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэр хүнээ яриулчих гэж хэлсэн юм. 2022 оны 06 сарын 03-нд ... руу залгасан чинь утсаа салгаад байсан. Тэгэхээр нь би банк бус санхүүгийн хүн байна, залгаарай гэж мессеж бичээд орхисон юм. Тэгтэл хариу мессеж бичсэн юм. Тэрийг нь цагдаад гаргаж өгсөн юм” гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 142-144/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 06/, 2022 оны 07 сарын 07-ны өдрийн ... дугаартай ... ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 48-49/, ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой торгуулийн мэдээлэл, эрэн сурвалжилах ажиллагааны баримт /1-р хх-ийн 66-72/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 149-150/, үзлэг хийсэн тухай мөрдөгчийн ...-ний өдрийн тэмдэглэл /2-р хх-ийн 158-163/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрч нарыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд мэдүүлэг авахдаа гэрчийн эрх үүргийн тайлбарлаж, хууль сануулж мэдүүлэг авсан. Тэдний өгсөн мэдүүлэгийг зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Шүүгдэгч Б.Н нь “Д.Г-д туслах зорилоготой байсан, түүний банк бус санхүүгийн байгууллагад байсан өр ширийг дарж өгөх бодолтой байсан, Г-тэй энэ талаар ярилцаж байсан” гэх мэдүүлэгийг шүүх хуралдаанд гаргасан боловч мөрдөн шалтгах ажиллагааны шатанд түүний өгсөн яллагдагчийн мэдүүлэгт болон түүнтэй ярилцаж байсан гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэгт энэ талаар огт дурдагдаагүй болно. Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц-тэй огт уулзаж байгаагүй, гэрч Д.М-р Г рүү утсаар яриулж байгаагүй гэх тайлбар мэдүүлэг нь Ш.Ц, Д.М нарын хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэгээр няцаагдаж байна.
Шүүгдэгч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг авахдаа мөрдөгчийн зүгээс болон цагдаагийн байгууллагын албан тушаалтнаас дарамталсан, шахсан, хэт нэг талыг барьж хэрэг бүрдүүлсэн гэх тайлбарыг өгсөн боловч энэ талаар хэрэгт тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, мөн хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй байсан. Мөрдөгч түүний эрх, үүргийн танилцуулж байсан нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 180-182, 2-р хх-ийн 145-146/-ээр тогтоогдож байна. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд түүнд холбогдох хэргийг шалгахдаа мөрдөгчийн зүгээс болон цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны зүгээс дарамт, шахалт үзүүлж, эрхийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Н-ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц-д учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Дорноговь аймгийн .... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Н-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Ш.Ц нь авто машины үнэ болох 26,000,000 төгрөгөөс банк бус санхүүгийн байгууллагад төлөх 7,592,281.92 төгрөгийг хасаж үлдэх 18,407,718.08 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргасан тул шүүгдэгч Б.Н-аас гаргуулж хохирогч Ш.Ц-д, 7,592,281.92 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ... банк бус санхүүгийн байгууллагад тус тус олгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Н... эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаан эхэлхийн өмнө хохирлыг төлж барагдуулах талаар илэрхийлсэн боловч хэрхэн яаж төлж барагдуулах талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн хохирол төлөх цаг хугацааг 2 янзаар тогтоож байгаа байдал нь түүнийг хохирлоо төлөхийг илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ...-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Н-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Н-аас 18,407,718.08 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц-д, 7,592,281.92 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ... банк бус санхүүгийн байгууллагад тус тус олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б