| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2019/01580/И |
| Дугаар | 181/ШШ2020/00313 |
| Огноо | 2020-01-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2020/00313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: МС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “НЭ” ХХК-д холбогдох
Ажлын хөлс 61,532 ам.долларыг, түүнийг төлөх хугацааг хэтрүүлснээс үүссэн алданги 25,394.4 ам.долларын хамт нийт 86,926.4 ам.доллар буюу 229,443,102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болох ажлын хөлс 61,532 ам.доллар, хэтрүүлсэн хугацааны алданги 25,394.4 ам.доллар буюу нийт 86,926.4 ам.доллартой тэнцэх 229,443,102 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх шүүхэд гаргасан 233,000,105 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 3,557,003 төгрөгөөр багасгаж байна.
МС” ХХК нь 2013 онд байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, хуванцар цонхны үйлдвэрлэл эрхэлдэг компани юм.
Тус компани нь “НЭ” ХХК-ийн хүсэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Хуванцар цонх захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулж, Сүхбаатар дүүргийн, 1 дүгээр хороо Гэрлэх ёслолын ордны хойно баригдаж байсан оффис, үйлчилгээний зориулалттай барилгад 360 м.кв буюу 108 ширхэг хуванцар цонх хийхээр тохиролцсон. Бид гэрээнийхээ дагуу цаг хугацаанд нь ажлаа гүйцэтгэж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэж өгсөн. Гэрээ ёсоор нэгжийн үнийг 175,4 ам.доллараар тооцож нийт 360 м.кв буюу 63,144 ам.доллараар тохиролцсон боловч гэрээний дагуу 344.3 м.кв хийсэн бөгөөд гэрээнээс гадна 6.51 м.кв цонх хийсэн нь нийт 350.81 м.кв болсон бөгөөд үнэ нь 61,558 ам.доллар болж байгаа юм. Ам.долларын ханшийн зөрүүгээс алдагдал бага хүлээх учир талууд гэрээний үнийг төгрөгөөр бус ам.доллараар тооцсон, энэ нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн.
Бид ажлын үр дүнг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш “НЭ” ХХК-ийн удирдлагатай удаа дараа уулзаж мөнгөө нэхэхэд “өгнө, санхүүгийн хувьд боломжгүй” байна гэдэг шалтгаанаар одоо хүртэл төлөөгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус тооцоо нийлж акт үйлдэж авлагаа баталгаажуулсан.
Бид мөнгөө төлнө гэж итгэн хүлээсэн ч төлөхгүй байсан тул 2018 оны 10 дугаар сард тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж өргөдөл гаргасан. Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр уулзалт хийсэн боловч хариуцагч нь асуудлыг ярилцаад эргээд уулзъя гээд холбоо бариагүй тул эвлэрэн тохирч чадаагүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ тул захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг. Бид ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн нь талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн “NAB group” оффисын барилгын цонх хүлээлцэх актаар нотлогдож байна. Уг актад гүйцэтгэгч талыг төлөөлж үйлдвэрийн мастер Б.Мөнгөншагай, нягтлан бодогч О.Баттогтох, захиалагч талыг төлөөлж инженер Даваадорж нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн ажил гүйцэтгэх гэрээний 2.5-д 108 ширхэг буюу 360 м.кв-ийг угсарна гэж заасан боловч бодит гүйцэтгэлээр 108 ширхэг буюу 310.50 м.кв болсон байх ба энэ нь талуудын хооронд үйлдсэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Бараа материалын зарлагын падаан”-д тодорхой тусгагдсан байна. Гүйцэтгэлээр ажлын хөлс 310.50 м.кв буюу 61,558.38 ам.долларыг гүйцэтгэгч талд төлөх үүрэгтэйг 2 ч удаа тооцоо нийлж баталгаажуулсан. Ийнхүү ажлын үр дүнг хүлээн авснаар хөлсийг төлөх үүрэг захиалагч талд ногдсон ч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөлгүй 2 жил 5 cap болж байна.
Бидний хувьд бүх цонхны бариулыг угсраагүй гэдэг нь үнэн. Төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн зэрэгцээ барилгын ажлын явцад цонхны бариулууд эвдрэх магадлалтай учир угсарч өгөөгүй байгаа. Тэдгээр бариулууд одоо ч байгаа, түүнийг угсарч өгөхөд бэлэн. Мөн 6 цонхны шил хийгдээгүй нь үнэн. Гэхдээ бид нийт ажлын 0,95%-тай тэнцэх энэ ажлын хөлсийг гүйцэтгэсэн ажлын хөлснөөс хасаж тооцсон тул хийсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж үзэж байна.
2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/16 тоот “Хуванцар цонх захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний 8.3 дахь хэсэгт: “захиалагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дунгийн 0,05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө” гэсний дагуу мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нийт 868 хоногоор тооцоход алданги 25,394.4 ам.доллар болсон.
Алдангийг дараах байдлаар тооцсон. Хариуцагч 2016.10.15-ны өдөр 6,547.6 ам.доллар буюу 15,000,000 төгрөгийг төлөх үүргээ 924 хоног хэтрүүлсэн учир 2016.10.16-ны өдрөөс тооцсон алданги 3,024 ам.доллар, 2016.10.20-ны өдөр 18,943.2 ам.доллар төлөх үүргээ 919 хоног хэтрүүлсэн учир 2016.10.21-ний өдрөөс тооцсон алданги 8,704.40 ам.доллар, 2016.11.10-ны өдөр 18,943.2 ам.доллар төлөх үүргээ 899 хоног хэтрүүлсэн учир 2016.11.11-ний өдрөөс тооцсон алданги 8,515 ам.доллар, 2016.12.01-ний өдөр 11,733.6 ам.доллар /17,103 ам.доллараас дутуу хийсэн 527.75 ам.доллар, хоорондын тооцоо 4,841.64 ам.доллар хасаад/ төлөх үүргээ 878 хоног хэтрүүлсэн учир 2016.12.02-ны өдрөөс тооцсон алданги алданги 5,151 ам.доллар буюу 2019.04.28-ны өдрийг хүртэлх хугацааны алданги нийт 25,394.4 ам.доллар гарсан байгаа.
Иймд гэрээний дагуу хийсэн 344.3 м.кв ажил, гэрээнээс гадна хийсэн 6.51 м.кв ажил буюу нийт 350.81 м.кв ажлыг нэгжийн үнэ 175,4 ам.доллараар тооцож, нийт 61,532 ам.доллар, үүний дээр бодогдсон алданги 25,394.4 ам.доллар буюу бүгд 86,926.4 ам.доллар буюу нийт 229,443,102 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
МС” ХХК нь “НЭ Трейд” ХХК-аас 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ХГ/2015/09/29 тоот гэрээгээр дотор болон гадна ган хаалга, үйлдвэрийн хаалга худалдан авах мөн угсруулахаар гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үлдэгдэл төлбөр болох 11,595,719 төгрөгийг хугацаандаа өгөөгүй төлбөрийн үлдэгдэлтэй байсан.
Дээрх төлбөрийг тооцож авахын тулд “Мегапластик систем” ХХК-аас бартерийн нөхцөлөөр цонх худалдан авахаар 11,595,719 төгрөгийг урьдчилгаанд нь тооцуулж, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 01/16 тоот “Хуванцар цонх захиалах, захиалга гүйцэтгэх” нийт 63,144 ам.долларын гэрээ байгуулсан.
Энэхүү гэрээт ажлаар нийт 360 м.кв цонх буюу 108 ширхэг цонхыг бүрэн тоноглолтой нь угсарч зориулалтын полиуретан монтажлагч хөөсөөр дулаалж өгөх үүрэг хүлээсэн байсны дагуу тодорхой хэмжээнд ажлыг гүйцэтгэсэн гэж бид үзэж байна. Гэвч одоогоор 6 ширхэг цонхны шил нь ирээгүй, бүх цонхны тоноглол буюу бариулууд хийгдээгүй, чанарын баталгааны сертификат өгөөгүй, ажлаа бүрэн дуусгаж акт бичиг баримтаар хүлээлгэж өгөөгүй байдалтай байна.
Гэрээт ажлыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр байсан боловч одоог хүртэл ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөөгүй тул албан ёсоор акт бичиг баримтаар хүлээлгэн өгсний дараагаар бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулахад манай зүгээс татгалзах зүйлгүй болно. Дээрх асуудлыг дурдсан албан тоотыг удаа дараа хүргүүлж байсан гэжээ.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МС” ХХК нь хариуцагч “НЭ” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр болох ажлын хөлс 61,532 ам.доллар, алданги 25,394.4 ам.доллар буюу нийт 86,926.4 ам.доллартой тэнцэх 229,443,102 төгрөг гаргуулахаар шаардаж байх бөгөөд нэхэмжлэлийн анх гаргасан шаардлагаа 3,557,003 төгрөгөөр багасгажээ.
Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч “НЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэгт 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр болох талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн боловч хариуцагч тал нь хуралдаанд ирээгүй байна.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа гэрээт ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн тохиолдолд ажлын хөлсийг төлөхөд татгалзахгүй гэжээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 01/16 тоот “хуванцар цонх захиалах, захиалга гүйцэтгэх” нэртэй Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдсан байна.
01/16 тоот гэрээгээр МС” ХХК нь “НЭ” ХХК-ийн барьж буй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэрлэх ёслолын ордны хойно хаягт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай барилгад 360 м.кв буюу 108 ширхэг хуванцар профильтой вакум цонхыг үйлдвэрлэн суурилуулж өгөх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 1 сарын хугацаанд гүйцэтгэх, “НЭ” ХХК нь м.кв-ын үнийг 175.4 ам.доллараар тооцож, нийт 360 м.кв бүхий 108 ширхэг цонхны үнэд 63,144 ам.долларыг төлөх, уг төлбөрөөс МС” ХХК-ийн “Наб трейд” ХХК-д төлөх ёстой 11,595,719 төгрөгийг суутган тооцож, үлдэх төлбөрийн 15,000,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын эхний хагаст, гэрээний нийт төлбөрийн 30%-тай тэнцэх төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор, мөн 30-тай тэнцэх төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, үлдэх хэсгийг ажил хүлээлцэх актыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөх үүргийг хүлээжээ.
Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэлтэй энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд талуудаас шаардлага гаргасан эсэхээс үл хамааран гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Учир нь, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан талууд уг гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй тул шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг шийдвэрлэхдээ тэргүүн ээлжид гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, тухайн дүгнэлтдээ үндэслэн нэхэмжлэгчийн шаардах эрхийг зохицуулсан хуулийн зохицуулалтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцдэг байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэсэн ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий агуулгад нийцсэн байх боловч ажлын хөлсийг ам.доллараар төлөхөөр харилцан тохиролцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасан зохицуулалтад нийцээгүй байна.
Хэдийгээр мөнгөн төлбөрийн үүргийг гадаад валютаар хийж болохоор Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т заасан боловч мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар энэ байдлыг илүү нарийвчлан зохицуулсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх үндэслэлтэй.
Энэ талаар нэхэмжлэгч тал “талууд ажлын хөлсийг ам.доллараар тооцохоор тохирсон нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцнэ” гэсэн тайлбар гаргасан боловч уг тайлбарыг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Учир нь, “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтын хуулийн хүрээнд гэх ойлголтод Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх зохицуулалт хамаатай.
Иймд шүүх зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг ам.доллараар тооцож төлөхөөр тохирсон хэсгийг хууль зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
Ажил гүйцэтгэх гэрээний зарим хэсэг ийнхүү хүчин төгөлдөр бус боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байгаа тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүх зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэв.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэл хийсэн үеэс хүчин төгөлдөр бус учир шүүх ажлын хөлсийг гэрээ байгуулсан өдрийн ам.доллартой тэнцэх төгрөгийн ханшаар тооцох нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус нийцэх тул ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон цонхны 1 м.кв-ын үнэ 175.4 ам.долларыг 391,643.64 төгрөг /2016.09.09-ний өдрийн 1 ам.доллартой тэнцэх төгрөгийн ханш 2,232.86 www.mongolbank.mn/-өөр тооцно.
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 344.3 м.кв, гэрээнээс гадна нэмэлтээр 6.51 м.кв буюу нийт 350.81 м.кв цонхыг үйлдвэрлэж угсарсан гэх үндэслэлээр шаардлага гаргасан бол хариуцагч тодорхой хэмжээнд ажлыг гүйцэтгэсэн гэх тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээнд маргаж, шүүх хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж, нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг бүрэн дуусгасан эсэх, гүйцэтгээгүй дутуу ажил байгаа бол уг ажлыг гүйцэтгэхэд хэдэн төгрөгийн зардал гарахыг “Баянмодот” ХХК-аар тогтоолгохоор шийдвэрлэсэн дагуу шинжээч дүгнэлт гаргасан байна.
Шинжээч “Баянмодот” ХХК нь нэхэмжлэгчийг гэрээний дагуу нийт 344.17 м.кв, нэмэлтээр 6.51 м.кв буюу нийт 350.68 м.кв цонх суулгасан гэж үзсэн бөгөөд бүх цонхны бариул болон 6 ширхэг цонхны шилийг суурилуулах 572.75 ам.долларын ажлыг дутуу хийсэн гэх дүгнэлтийг гаргасан нь нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээ 350.81 м.кв хэмжээнээс үндсэндээ зөрүүгүй байна.
Дээрх дүгнэлтийг гаргахдаа шинжээч нь хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, талууд шинжээчийн дүгнэлтийн үнэн зөвд маргаагүй тул шүүх уг дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр гүйцэтгэсэн ажил болон дутуу ажлын хэмжээ, үнэлгээг тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцнэ гэж үзлээ.
Иймд шүүх нэхэмжлэгчийг нийт 350.68 м.кв цонхыг үйлдвэрлэж, суурилуулах ажлыг хийсэн гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “NAB group оффисын барилгын цонх хүлээлцэх акт” болон 61,558 ам.долларын өглөгтэй болохоо хүлээн зөвшөөрч үйлдсэн хоёр байгууллагын хоорондын 2016 оны 12 дугаар сарын 31, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдийн тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаас үзвэл хариуцагч нь ажлын үр дүнг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан байна.
Гэрээт ажлын үр дүнг хүлээлцсэн хугацаа нь талуудын гэрээгээр тохирсон хугацаанаас 30 хоногийн хугацаагаар хэтэрсэн үйл баримт тогтоогдож байгаа ч хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар тохирсон хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул шүүх нэхэмжлэгчийг гүйцэтгэсэн ажлын хэмжээнд тохирсон хөлс шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ 350.68 м.кв-ын 1 м.кв-ын хөлсийг 391,643.6 төгрөгөөр тооцвол нийт 137,341,587 төгрөг болж байх бөгөөд үүнээс гүйцэтгээгүй ажлын хөлс 1,278,871 төгрөг /572.75 ам.долларх2,232.86төг/-ийг хасаж, үлдэх 136,062,716 төгрөгийн хөлс бүхий ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Үүнээс талуудын гэрээгээр суутган тооцох ёстой 11,595,719 төгрөгийг хасвал 124,466,997 төгрөгийн ажлын хөлсийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Мөн талууд гэрээ /8.3 дахь заалт/-ээр “захиалагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус нийцсэн тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны алданги шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор 15,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй 924 хоног /2016.10.16-2019.04.28/ хэтрүүлсэн тул 6,930,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор гэрээний нийт төлбөрийн 30% /анх тохирсон гэрээний үнэ 63,144 ам.доллар буюу 140,991,712 төгрөгөөс 11,595,719 төгрөгийг хасаж, үлдэх 129,395,993 төгрөгийн 30%/ болох 38,818,798 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй 919 хоног /2016.10.21-2019.04.28/ хэтрүүлсэн тул 17,837,238 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны дотор мөн 30% болох 38,818,978 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй 899 хоног /2016.11.21-2019.04.28/ хэтрүүлсэн тул алданги 17,449,050 төгрөг, үлдэх төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлөх үүргээ гүйцэтгээгүй 878 хоног /2016.12.02-2019.04.28/ хэтрүүлсэн тул 13,973,107 төгрөг /энэ төлбөрийг тооцохдоо дээр дурдсан 124,466,997 төгрөгийг нийт ажлын хөлс гэж тооцоод, түүнээс 1-3 шатны төлбөрийг хасаад гарсан дүн 31,829,401 төгрөг/ буюу нийт 56,189,395 төгрөгийн алданги төлөх үүрэг үүссэн байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “НЭ” ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 124,466,997 төгрөг, бодогдсон алданги 56,189,395 төгрөг буюу нийт 180,656,392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МС” ХХК-д олгож, нэхэмжлэлийн багасгасан шаардлагаас үлдэх 48,786,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан “НЭ” ХХК-аас 180,656,392 төгрөгийг гаргуулан МС” ХХК-д олгож, МС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,786,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,322,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,061,132 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч нь шинжээч “Баянмодот” ХХК-ийн ажлын хөлс 429,000 төгрөгийг төлсөн тул одоо хуваарилах шинжээчийн зардалгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА