Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/00170

 

       2020         01          14  

         181/ШШ2020/00170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НХХК

Хариуцагч: Б.У

Хариуцагч: Л.Б нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт нийт 251.817.047 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.У, Л.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Хариуцагч НХХК, Л.Б, Б.У нар нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ХХХК-тай 1060036361 дугаартай зээлийн гэрээ, 1060036361-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, 1060036361-02 дугаартай Барьцааны гэрээ, 1060036361 дугаартай Батлан даалтын гэрээг тус тус байгуулж, 300.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн тогтмол хүүтэй, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Дээрх зээлийн гэрээнд Л.Бнь хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр, Б.Унь батлан даагчаар оролцсон. НХХК-ийн захирал нь Б.Убөгөөд Зээлдэгч нь зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалуулсан. Үүнд:

1. Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 40 дугаарт байрлах улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга;

2. Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Г-2203010240 дугаартай, нэгж талбарын 6002/0040, 18643311981052 дугаартай, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар;

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлд 100.010.000 төгрөг, зээлийн хүүнд 106.915.558,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 121.129,51 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь 1060036361 дугаар зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш зээл, хүү эргэн төлөх хуваариа зөрчин 401 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж байна.

Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөр төлөх боломжийг маш олон удаа өгч, амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд талуудын хооронд байгуулсан 1060036361 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн Банкны санаачилгаар 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5.-д 1%-ийн шимтгэл тооцож авахыг зөвшөөрч гэрээ байгуулсан, тэр нөхцлийг хүлээн зөвшөөрч зээл авчихаад, одоо 1%-ийн шимтгэл түүнд ногдох хүүг хасаж тооцож өгнө үү гэх үндэслэлгүй.

            Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1060036361 дугаар зээлийн гэрээг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар доорх зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд:

Зээлийн үндсэн төлбөр: 199.990.000 төгрөг

Зээлийн үндсэн хүү: 49.895.271 төгрөг

            Нэмэгдүүлсэн хүү: 1.931.776 төгрөг

Нийт 251.817.047 төгрөг

Иргэний хуулийн 242.3-р зүйлийг үндэслэн 1060036361 дугаар зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа нийт 251.817.047 төгрөгийг хариуцагч НХХК, Л.Б, Б.Унараас гаргуулж, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

НХХК, Л.Б, Б.Убид 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хас банктай 1060036361 дугаартай зээлийн гэрээ байгуулж 300.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэй үндсэн болон эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 13 дугаар хороолол /14210/ Энхтайваны өргөн чөлөө гудамжны 40-т байрлах, улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Г- 220301024 дугаартай, нэгж талбарын 6002/0040 дугаартай 147 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан болно.

Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 251.817.047 төгрөгийг хүлээн зөвшөөрч ойрын хугацаанд төлж барагдуулахаар ажиллаж барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхтэй газрыг худалдан борлуулахаар Алекс Ака компаний захирал Ц. Уранчимэгтэй хэлцлүүд хийгдээд явж байна.

Ц. Уранчимэг нь Хас банкны тусгай активийн газартай / ахлах мэргэжилтэн Б.Баттөгс/ ярьж манай зээлийг бартераар хаахаар тохиролцож эхний байруудыг Хас банкинд үзүүлж үнэлгээ хийгдэх ажлууд хийгдэж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрөхгүй.

Ханх зээл олгохдоо 1%-ийн шимтгэлийг хасаж 297.000.000 төгрөгийг олгосон. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-т заасныг зөрчсөн тул зээлдэгчид олгогдоогүй 3.000.000 төгрөг түүнд тооцогдох хүү нийт 5.704.800 төгрөгийг хасаж тооцож өгнө үү.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд гэрээний стандарт нөхцөл яригдах ёстой. Гэрээг шууд утгаар нь ойлгодог, гэрээ бол хууль зөрчих ёсгүй.

Зээл олгосон банк гэрээ цуцлах тухайгаа зээлдэгч нарт нэг ч удаа мэдэгдэж байгаагүй мөртлөө шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 225.2-т зааснаар нэмэлт хугацаа тогтоож өгөх ёстой. Зээлдэгч нар үүргийг ялимгүй зөрчсөн байхад гэрээнээс татгалзаж болохгүй юмаа.

Ханх зээл олгохдоо суутгаж авсан шимтгэл түүнд ногдох хүүг хасаж тооцож өгнө үү гэв.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад        

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч НХХК, Б.У, Л.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 251.817.047 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч НХХК, Б.У, Л.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ХХХК, хариуцагч НХХК, Л.Бнарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №1060036361 дугаартай гэрээгээр 300.000.000 төгрөгийг 22,8%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд:

1.Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 40 дугаар, улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга;

2. Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Г-2203010240 дугаартай, нэгж талбарын 146002/0040, 18643311981052 дугаартай, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, №1060036361 дугаартай Зээлийн гэрээ, Батлан даалтын гэрээ, №1060036361-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, №1060036361-02 дугаартай Барьцааны гэрээ, 2016 оны 1060036361 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, ХХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-24-р хуудас /

Нэхэмжлэгч ХХХК, хариуцагч НХХК, Л.Бнарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №1060036361 дугаартай гэрээгээр 300.000.000 төгрөгийг 22,8%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авсан болох нь зохигчийн тайлбар №1060036361 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгч НХХК-ийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8-12, 26-28-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр зээлдэгч ХХХК нь 300.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, НХХК /захирал Б.У/, Л.Бнар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /х.х-ийн 8-12, 32, 56-57-р хуудас/

Зохигчийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан дээрх Зээлийн гэрээний 1.5.-д Банк зээлийн үйлчилгээний шимтгэлийг гэрээнд заасан зээлийн нийт дүнгийн 1%-аар тооцож, зээлийг бэлэн бусаар олгох үед харилцах данснаас, бэлнээр олгож буй зээлийн дүнгээс авна. Зээлийн үйлчилгээний шимтгэлийг зээлдэгчид буцаан олгохгүй гэж харилцан тохиролцжээ. /хх-ийн 8-р хуудас/

Мөн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №1060036361 дугаартай Батлан даалтын гэрээ, мөн өдрийн №1060036361-01 дугаартай Батлан даалтын гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №1060036361-02 дугаартай Барьцааны гэрээ, 2016 оны 1060036631 дугаартай зээлийн гэрээнд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 12-22-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

ХХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул 1060036361 дугаартай зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /х.х-ийн 8-11, 26-28-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан №1060036361 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн дүнгийн талаар талууд маргадаггүй болно.

Дээрх гэрээнд заасан үүргээ ХХХК биелүүлсэн учир зээлдэгч нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч НХХК, Б.У, Л.Бнар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний нөхцөлийг болон зээлийн үүрэгт төлөгдсөн мөнгөний тооцоог үгүйсгээгүй ба тэрээр зээлийг хүлээн авч, өөрөө захиран зарцуулсан байна.

Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаад 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Зохигчид Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

Хариуцагч нар нь ХХХК-ийн авсан зээлийн шимтгэлийг бид төлөхгүй гэж маргасан боловч, татгалзсан үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Хариуцагч нар нь 1060036361 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 199.990.000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүд 49.895.271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.931.776 төгрөг, нийт 251.817.047 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч НХХК, Б.У, Л.Бнараас 251.817.047 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах үндэстэй.

 

ХХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч НХХК, Б.У, Л.Бнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч НХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяад 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр буюу түүнийг хүрэлцэн ирэх боломжит хугацааны өмнө мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг хүссэн тайлбар гаргаж байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно./хх-ийн 86-89, 96, 97-р хуудас/

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч НХХК, Б.У, Л.Бнараас 251.817.047 /хоёр зуун тавин нэгэн сая найман зуун арван долоон мянга дөчин долоо/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, ХХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

а.Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14210/, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 40 дугаар, улсын бүртгэлийн Ү-2203004737 дугаартай, 204 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга;

б.Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах улсын бүртгэлийн Г-2203010240 дугаартай, нэгж талбарын 146002/0040, 18643311981052 дугаартай, 147 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ХХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.487.235,23 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.487.235,23 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ХХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО