Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/297

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

          2023       04           24                                      2023/ШЦТ/297

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгонбуян,   

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Б.З , өмгөөлөгч Н.М, Ч.Доролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.З д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ..-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “...” хотхоны СӨХ-ны дарга ажилтай, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.З /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З  2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны .. давхарт иргэн Б.Б-н “цахилгааны тог тасаллаа” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж, хамар ясны хугарал, тасвалчийн муруйлт, зүүн шанаа, эрүү, зүүн чих, хамтын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хахуралт, завьжны дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.З  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 8 сарын сүүлээр манай гэр бүл хичээлийн шинэ жилд бэлдэж байтал тог тасарсан. Би УБЦТСүлжээ руу утсаар холбогдсон. Манай эхнэр коридорт тасалж байх шиг байна гэж хэлэхээр нь гараад хартал Зоригтбаатар, Б  хоёр зогсож байсан. Манай эхнэр чи тог таслах эрхгүй хүн юм байна аа, УБЦТСүлжээ нь тусгай эзэмшигч учраас тэндээс таслах эрхтэй, та нар бусдын өмчид битгий халд гэж шаардлага тавьсны төлөө эхнэрийг элдвээр хараасан. Гэтэл манай эхнэр боль гэсэн боловч нөхөр зүүн гартаа барьж байсан автёркаар эхнэрийн цээжин тус газар хоёр удаа цохиж авсан. Би автёркаар цээж рүү нь бүлчихлээ л гэж бодсон. Би гүйж очоод зүүн гар талд нь байсан автёркийг  буюу тухайн хүний довтолгоон үргэлжлээд байсан учраас таслан зогсоох үүднээс зүүн гараараа баруун гарыг нь барьж аваад түлхсэн. Түлхээд холдуулах хооронд маргаан үүссэн бөгөөд тухайн этгээдийг энэ хооронд цохисон, зодсон үйлдэл байхгүй. Тухайн хүнд гэмтэл учирсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарахад тэр дор нь би Хан-Уул дүүргийн прокурорт бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч хангаагүй. Би тухайн хүнд халдаагүй учраас гэмтэл яагаад гарсан болохыг мэдэхгүй байна. Гэр бүлээ хамгаалсан. Би бусдыг Үндсэн хууль болон хуульд заасан бусдын аюул учирсан байхад нь хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлсэн гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Гэрч А.А.. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр дуудлага аваад очсон. Цагийг нь сайн санахгүй байна. Дуудлага мэдээлэл аваад очиход З гэж хүн, хохирогч Б , эхнэр гэх эмэгтэй гурав зогсож байсан Очиход зодолдсон зүйл байгаагүй. Эхнэр нь миний цээж рүү цохисон гэж хэлж байсан. Хохирогч цохисон гэж байсан яг хаана нь цохисон талаар хэлээгүй .Цус гарсан гэх нөхцөл байдал ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  3. Шинжээч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...8 дугаар сарын 31-ний өдөр хүнээ үзээд 24 цаг ажилладаг эмнэлэг зааж өгөөд, үзүүлж болно гэж зөвлөдөг. Тухайн эмнэлэгтээ үзүүлээд томографын хариуг надад өгдөг. Тэгээд дүгнэлтдээ тусгадаг. Мед трама эмнэлгийн хариу нь архивт нь үлддэг. Дүрс оношилгооны эмч нарын дүгнэж бичсэнийг үндэслэж дүгнэлтээ гаргадаг. Томографийн зураг нь маш нарийвчлалтай хардаг зураг байгаа юм. Томографын шинжилгээ нь 3мм голчтой маш нарийвчлалтай х ардаг шинжилгээ байгаа бөгөөд маш сайн харагддаг. Хэрэв хуучин байсан бол дүгнэлтэд шинэ, хуучин гэж заавал бичигддэг. Тэгэхээр шинэ гэж бичигдэхгүйгээр хугаралтай гэж бичсэн. Хэрэв шинэ, хуучин хавсарсан байсан бол шинэ, хуучин гэдийг ялгаж бичнэ гэсэн үг. Хамрын хянга яс зөрүү бүхий хугаралтай, таславчийн мурийлттай гэж дүгнэлт хэсгийн 4 дэх хэсэгт бичсэн байгааг шинэ гэж ойлгоно.Хэрэв хуучин байсан бол хуучин гэдгийг заавал тусгаж бичсэн байдаг...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  4. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр .. байрны 5 давхарт ... тоот байрны тогийг холбохоор очсон. Би ...ХХК-ийн цахилгаанчин ажилтай юм. .. дугаар байр нь манай компанийн байр байгаа юм.  Тэгээд тогийг залгах үедээ ...давхрын айлуудын тогийг түр салгах шаардлагатай байсан бөгөөд тогийг түр салгаад залгасан чинь ...тоот айлын эмэгтэй гарч ирээд тог салгалаа гээд на руу дайраад эхэлсэн бөгөөд би тэр үед шийтнээс холдож зогсоод компанийн байрны тог холбож байна түр салгаад залгасан юм гэж хэлсэн чинь над руу уурлаад та нарт цахилгааны шийдээр оролдох эрх байхгүй гээд над руу дайраад хэл амаар доромжилсон. Тэгээд араас нь удалгүй нөхөр нь гарч ирээд намайг хэл амаар доромжлоод шанаа хамар хэсэгт гараараа хоёроос гурван удаа цохисон бөгөөд би хойшоо унах үедээ хана мөргөсөн. Би толгойн зураг авхуулсан болон эм тариа авсан хэдэн төгрөг байгааг баримтаар нэхэмжлэн өөр гомдол саналгүй..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
  5. Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын сүүлээр манай байрны цахилгааныг цахилгаан түгээх газраас төлбөр төлөөгүй айлуудын цахилгааныг хязгаарлаад байсан. Тэгээд манайх төлбөрийн тооцоо байхгүй байдал манай тог тасарсан. Манай нөхөр цахилгаан түгээх рүү асуухад цахилгаан түгээхээс тог таслаагүй гэж байсан. Тэгээд кордор хэсэгт хүмүүс дугараад цахилгаан тоолуурын хайрцаг дугарахаар нь хаалгаараа шагаагаад хартал хоёр хүн тог таслаад зогсож байсан. Би яагаад тог таслаж байгаа юм бэ гэж асуухад бид нар өөрсдийнхөө юмыг оролдож байна цаашаа зайл гээд маргаан эхэлсэн бөгөөд би тоолуураас холд, та нар тог таслах эрхтэй хүмүүс юм уу бичиг баримтаа үзүүл гээд би очиж тоолуураас холдуулах гээд очиход намайг тохойгоороо евроод нэг автирк барьсан гараараа цээж тус газар хоёр удаа цохисон болохоор үүнийг манай нөхөр хараад гэрээс гарч ирээд тэр залуутай зууралдаад цааш нь чирээд холдуулсан юм. Би хамт явж байсан залуутай нь нөгөө талд нь маргалдаад зууралдаад зогсож байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),
  6. Гэрч Я.З-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хамт ажилладаг Б.Б тэй цуг .. байрны ... тоот орон сууц буюу миний ажилтан ...ХХК-ийн эзэмшлийн байрны тогийг ззалгах гээд ... давхрын айлуудын пускатлыг буулгаад тогоо залгаад буцаагаад пускатлыг нь холбоод байж байтал ..давхрын ... тоот айлаас танихгүй эмэгтэй гарч ирээд Б.Б  рүү дайраад тог яагаад салгаж байгаа, энэ тогонд хүрэх эрх чамд байхгүй гэх зэргээр хэл амаар дайраад байхаар нь Б  энэ манай компанийн эзэмшлийн тогийг залгасан юм гээд хэлж байхад цаанаас нь З гэх залуу гарч ирээд Б  рүү дайраад манай гэрийн тогийг тасалдаг чи хэн бэ гээд үгийн зөрүү байхгүй гараараа Б ийг мангасдаж түлэхэд Б  толгойгоороо хана цохисон ба мөн гараараа дахин нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон. Би тэр хүнээс айгаад ойртоогүй бөгөөд эхнэр нь түүнийг салгаж аваад гэр лүүгээ орсон. Би өмнө мэдүүлэг дээрээ үнэн зөв мэдүүлсэн. Би ярих үедээ бага зэрэг ээрээд байдаг юм. Б  бид хоёр доошоо буугаад цагдаа дуудаад тэгээд цагдаа ирсэн. Анх ирсэн цагдаа мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

                 7.Гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би цагдаагийн дэслэгч Э.Э-н хамт 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчим ... давхарт хүмүүс зодолдсон гэх дуудлага мэдээлэл дээр очиж шалгасан бөгөөд тухайн үед Б , З түүний эхнэр А, З гэх хүмүүс байсан бөгөөд Б  гэх хүнийг тог салгасан гэх шалтгаанаар болж маргалдаж түүний биед халдсан байсан.Б ийн биед нүдээр харахад уруул хэсэгт язарсан байх шиг байсан. Мөн намайг З гэх хүн цохиж зодсон гээд байсан. Иймд жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.Миний харснаар уруул хэсэгт язарсан байсан. Харин хамрын гэмтэл учирсан байсан талаар үнэхээр мэдэхгүй байна. Толгой тархи, хамар өвдөөд байна гэж байсан болохоос нүдээр ил харагдах зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

                 8.Шинжээч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дүрс оношилгоо хийгдэж байгаа. Гэхдээ маш олон хүн үзүүлдэг болохоор сайн санахгүй байна. Дүрс оношилгооны хариу бичлэгээ хараад мэдэж байна. Манай байгууллага 10 жил хадгалдаг бөгөөд дотоод сүлжээ гэмтсэн тул 2019-2021 оны зураг, бичлэгүүдийг устгагдсан байгаа. Тэгэхээр дахин гаргаж өгөх боломжгүй. Тухайн үед үзүүлэхдээ өчигдөр зодуулсан гэх тайлбар гаргаж үзүүлж байсан. Манай зүгээс гэмтэл учирсан байдлыг нь тодорхойлж, шинэ хуучныг нь ялгах боломжгүй. Шүүх эмнэлэг л шинэ хуучин гэмтэл болохыг тогтооно. Би өөрийнхөөр тодорхойлолтод шинэ хуучин гэж ялгах шаардлага байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 206-207 дахь тал),

                 9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ... дугаартай:

“-Б.Б-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн шанаа, эрүү, зүүн чих, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завьжны дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дахь тал),

10.Шүүгдэгч Б.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Дээрх хүмүүс нь миний эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотой зүй ёсны шаардлагуудад дургүйцэж улмаар өсөрхөж намайг энэ гэмт хэрэгт холбогдуулж хэрэг наймаалцах, барьцаалах тарамдлах зорилгоор гэмт хэрэгт гүтгэж байна. Тухайн үед 102 дуудлагаар ирсэн цагдаагийн дэслэгч Энхтөр болон түүнтэй цуг явсан хүнийг асуулгах хүсэлтэй байна. Учир нь тухайн үед зодуулсан гэх Б ийн хамрын гэмтэл үүсээгүй байсныг нотлох болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал),

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн Б.З гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З  нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс виллаж” хотхоны 209 дүгээр байрны 5 давхарт иргэн Б.Б-н “цахилгааны тог тасаллаа” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн шанаа, эрүү, зүүн чих, хамтын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завьжны дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч Б.З гийн хохирогч Б.Б-н биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь шүүгдэгч Б.З , хохирогч Б.Б  нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн 8082 дугаартай дүгнэлт, гэрчийн мэдүүлэг  зэргээр тус тус тогтоогдож байна.

Тодруулбал, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газар байсан буюу ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа  гэрч А.Ариунбаярын “...Миний харснаар уруул хэсэгт язарсан байсан. Харин хамрын гэмтэл учирсан байсан талаар үнэхээр мэдэхгүй байна. Толгой тархи, хамар өвдөөд байна гэж байсан болохоос нүдээр ил харагдах зүйл байгаагүй...,

            Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн “...Хамрын хянга яс зөрүү бүхий хугаралтай, таславчийн мурийлттай гэж дүгнэлт хэсгийн 4 дэх хэсэгт бичсэн байгааг шинэ гэж ойлгоно.Хэрэв хуучин байсан бол хуучин гэдгийг заавал тусгаж бичсэн байдаг...” гэсэн дүгнэлт зэрэг нь шүүгдэгч Б.З гийн хохирогч Б.Б-н биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийн шалтгаант холбоо, үйл баримтыг харилцан нотолсон, зөрүүгүй, үнэн зөв, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үнэлж, тухайн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.З гийн “Б.Б өд хамрын гэмтэл үүсээгүй байсан” гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “...тухайн хүний довтолгоон үргэлжлээд байсан учраас таслан зогсоох үүднээс зүүн гараараа баруун гарыг нь барьж аваад түлхсэн буюу аргагүй хамгаалалт хийсэн...” гэж маргажээ.

          Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд араас нь удалгүй нөхөр нь гарч ирээд намайг хэл амаар доромжлоод шанаа хамар хэсэгт гараараа хоёроос гурван удаа цохисон бөгөөд би хойшоо унах үедээ хана мөргөсөн...”,

          Гэрч Я.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...З гэх залуу гарч ирээд Б  рүү дайраад манай гэрийн тогийг тасалдаг чи хэн бэ гээд үгийн зөрүү байхгүй гараараа Б ийг мангасдаж түлхэхэд Б  толгойгоороо хана цохисон ба мөн гараараа дахин нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон...”,

          Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг тохойгоороо ёвроод нэг автёрк барьсан гараараа цээж тус газар хоёр удаа цохисон болохоор үүнийг манай нөхөр хараад гэрээс гарч ирээд тэр залуутай зууралдаад цааш нь чирээд холдуулсан юм...” гэж тус тус мэдүүлсэн.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.”, 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж тус тус зааснаар хохирогч Б.Б  нь гэрч Б.А-н мэдүүлэгт дурдсанаар Б.Б-н үйлдэл төгссөн байхад шүүгдэгч Б.З  нь хохирогч Б.Б ийг түлхэж, улмаар 3-4 удаа цохисон санаатай гэмтэл учруулсныг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар, цаг хугацаанд хохирогч Б.Б , хамт ажилладаг гэх гэрч Я.З, шүүгдэгч Б.З , түүний эхнэр гэрч Д.А болон бусад этгээдүүд байсан бөгөөд тэдний мэдүүлгийг өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд хохирогч Б.Б  нь гэрч Д.А-н биед халдсны дараа, шүүгдэгч Б.З  нь хохирогч Б.Б  рүү дайрч, мангасдаж түлхээд, 3-4 удаа нүүр хэсэгт нь цохисон ба үүгээр шүүгдэгчийн аргагүй хамгаалалт байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

            Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Иймд шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

  1. Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, хор уршигтай холбоотой ... төгрөгийн нотлох баримт гаргаж өгснийг шүүгдэгч Б.З гоос гаргуулах нь зүйтэй.

   Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Харин шүүгдэгч Б.З гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус шүүгдэгч Б.З гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөөгүй, түүний хувийн байдал /... настай, “...” хотхоны СӨХ-ны дарга ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Шүүгдэгч Б.З гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.З д оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4.Шүүгдэгч Б.З гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З гоос 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б өд олгосугай.

            6.Хохирогч Б.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.З д сануулсугай.       

            8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.  

            10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.З д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР