| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 115/2025/0018/З |
| Дугаар | 221/МА2025/0626 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2025/0626
| 2025 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2025/0626 | Улаанбаатар хот |
Б.Х-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүн шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогчид: Гомдол гаргагч Б.Х ;
Гомдол гаргагч: Б.Х
Хариуцагч: Дорноговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.А ;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаар шийдвэр;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагч Б.Х , хариуцагч Э.А нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 115/2025/0018/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Б.Х нь Дорноговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.А-т холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгож, 3988000 /гурван сая есөн зуун наян найман мянга/ төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00487ХХ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь зүйлд заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 4 хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Х-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Гомдол гаргагч Б.Х давж заалдах гомдолдоо:
3.1. ...Нэхэмжлэгч Б.Х би тус аймгийн У сумын нутаг дэвсгэрт Франц улсын хөрөнгө оруулалттай “БЭ” ХХК уран олборлож байгаа үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулж буй хор хөнөөлийг судлах, болон төр засгийн байгууллагуудад таниулах, олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор 2025 оны 4-р сард тус сумын нутаг дэвсгэрт хувийн ажлаар явж байхдаа олон тооны зээр явж чадахаа болиод, газар унан хөрвөөж, тонгочиж байх үзэгдэлтэй таараад зургийг авч, бичлэг хийж, өөрийн нүүр номын хуудсанд тавьж улмаар явж чадахаа больсон, бахардаад амьсгаадаад муухай дуугараад босохоороо буцаж хамраараа газар хатгаж унаад байгаа амьтдыг хараад харуусах сэтгэл төрж, уран олборлож буй компанийн буруутай үйл ажиллагаанаас болж учирч буй аюул гамшгийн нэгээхэн хэсэг гэж үзэж тэднийд энэ байдлыг нь харуулахаар зорьж, хэдэн зээрийг ачааны машины тэвшин дээр өргөж тавьж компанийн хашааны гадна авчран лайв хийж харуулсан юм. Ингээд лайв хийж дуусаагүй байхад тэр амьтад газар дээр амьсгал хураасан. Энэ бүхэн лайв бичлэгтэй, олон нийтийн нүдэн дээр болсон явдал юм.
3.2. Гэтэл намайг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т заасныг үндэслэн “агнуурын амьтан зөвшөөрөлгүй агнасан, барьсан, тээвэрлэсэн” хэмээн буруутгаж уг зүйл заалтаар 3, 988, 000 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх, 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оноосон нь үндэслэлгүй захиргааны акт тогтоолоо гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь:
3.2.1. Зөрчлийн тухай хуулийн уг заалтад: “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хорионы хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол....” хэмээн заажээ. Гэтэл би бээр уг амьтныг огт “агнаагүй” болно. Тэр амьтан олон түмний нүдэн дээр өөрөө нүд аньсан. Түмэн олон хэн буруутайг гэрчлэхүйц үйл явдал болсон. Тэгээд анхан шатны шүүхийн захирамжийн 4.9-т дурдсанаар. Харин нэхэмжлэгч Б.Х нь тухайн үед агнуурын амьтныг шууд агнаагүй боловч гэж өөрөө дурдсан нь биднийг огт агнаагүйг, улмаар эх орон, газар нутаг, ан амьтнаа ийм байдалтай идээ бээр нь гоожиж 4-н хөл дээрээ тогтож чадахгүй байгааг иргэд олон нийтэд харуулах, мэдээлэх, ард иргэдэд, ан амьтан байгаль орчин экологид хор хөнөөлгүй орчин бүрдүүлэх ёстойг тухайн компанийн удирдлагуудад ухаарч ойлгуулах, одоо байгаль, ан амьтан яаж сүйдэж, сүйрч байгааг харуулах зорилготой байсныг бүрэн илтгэж, шүүгч нотолж дурджээ. Иймд агнасан, тээвэрлэсэн тухай ойлголт нь өөрөө ан хийх зорилготой, ан хийчихээд тээвэрлэсэн тухай ойлголт болно.
Миний зорилго бол иргэдэд мэдээлэх зорилготой, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байна.”, 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.”
Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэж тус тус хуулийн дагуу асуудал болно. Иргэдийн мэдэх эрхийн төлөө асуудал учир агнасан, тээвэрлэсэн гэх асуудал үүнд хамаарах ямар ч боломжгүй асуудал билээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн аливаа албан хэрэг хөтлөлт Монгол хэлээр хөтлөх ёстойг хуульчилсан. Тэгвэл тус “агнасан” гэдэг үг нь ан агнах, барих тухай ойлголт билээ. Мөн Монгол хэлний тайлбарт дурдсанаар Агнасан-агнах гэдэг үг нь “ан гөрөө хийх”, “ан агнах” гэсэн утгаар “Монгол хэлний их тайлбар тольд” дурджээ. Иймд миний иргэдэд нөхцөл байдал ямархуу хэмжээнд ан амьтанд хүртэл нөлөөлж байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т заасны дагуу мэдэх эрхийнхээ хүрээнд иргэдэд шууд лайваар үзүүлсэн, харуулсан нь ан агнах, ан гөрөө хийх, зээр намнах тухай ойлголт биш болно.
3.2.2. Уг заалтад буй “агнуурын бүс нутгаас бусад газарт”, “эсхүл агнах хориотой үед”, “эсхүл хорионы хугацаанд”, “эсхүл хориглосон арга хэрэгслээр” гэдэг ойлголтуудын чухам аль аргаар агнуур хийсэн гээд байгааг улсын байцаагч тодорхойлсонгүй. Тус ойлголтыг тодорхойлж чадаагүй нь өөрөө уг зөрчлийг гаргасан гэсэн ойлголт биш билээ. Миний үйлдэл нь иргэдийн мэдэх эрхийн төлөө үйлдэл тул зөрчлийн шинжтэй үйлдэл бүрэлдэхүүнд огт болохооргүй байна.
Тэрээр шийтгэлийн хуудсандаа намайг “агнуурын амьтан зөвшөөрөлгүй агнасан, барьсан, тээвэрлэсэн” гэж бичсэн. Тэгвэл уг хуулийн заалтад нь “зөвшөөрөлгүй агнах” гэсэн тодорхойлолт байхгүй байна.
3.2.3. Би нэгэнт агнуур хийгээгүй хийгээгүй тул, мөн улсын байцаагч намайг хуульд заасан яг ямар хориотой үйлдэл хийснийг тодорхойлоогүй тул миний зүгээс цагаан зээрийг иргэдийн мэдэх эрхийн төлөө, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 16/итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван тайв жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэсний дагуу лайв бичлэг хийж, ан амьтныг “БЭ” ХХК-ийн мал амьтны эмнэлэгт эмчлүүлэхэд дөхүүлж аваачих зорилгоор ойрхон газар “тээвэрлэсэн” маань Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйл. 1-д “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:”,
2-т “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж заасны дагуу байгаль орчноо хамгаалсан, хайрласан нь зөрчлийн хэргийн бүрэлдэхүүнгүй үйлдэл гэж үзэж байна.
Мөн тус байцаагчийн байгаль орчноо хайрлан хамгаалж буй иргэнээ торгосон, шийтгэсэн үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Энэ талаар Байгаль хамгаалах тухай хуульд дурдсанаар 4 дүгээр зүйл. “Байгаль орчныг хамгаалах талаархи иргэний эрх, үүрэг”, 1-д “Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ:”, 2-т “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах, байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;”, 3-т “байгаль орчныг хамгаалах олон нийтийн байгууллага байгуулах, хөрөнгийн сан үүсгэх нутгийн иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгалийн баялгийг арчлан хамгаалах, нөхөн сэргээх, түүний ашиг шимийг хүртэх;”, 4-т “холбогдох байгууллагаас байгаль орчны тухай үнэн, зөв мэдээлэл авах; гэж заасны дагуу шаардах, мэдэх, мэдээлэх эрх”-үүдийг хийж лайв бичлэг хийж явсан болно. Өөрөөр байгаль гэмтээх, ан амьтан гэмтээх хар муу санаа огт байгаагүй болно.
3.2.4. Харин төрийн өмнөөс байцаагч хийж буй ажилтан Байгаль хамгаалах тухай хуульд заасан доорх хуулийн заалтыг хэрэгжүүлж, хяналт шалгалт хийж үхэх гэж буй зээрийг илрүүлж тус компанид арга хэмжээ авах байтал эсрэгээрээ байгалиа хамгаалж иргэдэд мэдээлсэн мэдэх, байгаль хамгаалах үндсэн хуульд заасан үүргээ гүйцэтгэж явсан иргэний шийтгэж, гүйцэтгэх хуудсаар торгосонд гайхаж байна.
Төрийн нэрийн өмнөөс тус байцаагч уг ажлуудыг Байгаль хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчим:
1. Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2. Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална:
1/хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх;
2/экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах;
3/байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах; гэж тус тус заасны дагуу хяналт шалгалт хийх атал, байгалиа хамгаалсан иргэнээ шийтгэсэнд гомдолтой байна.
3.2.5. Байгаль орчны байцаагч нь Шийтгэлийн хуудсаа бичихдээ, буруу, худал, агуулга багтаах ёсгүйг мөн хуульчилсан байдаг. Байцаагчийн шийтгэврийн хуудсанд огт бичиж багтахааргүй агуулга үлдээхээр дүүрэн агуулга харагдахгүй байх бөгөөд бичих шийтгэх хуулийн заалт агуулгаа бүрэн тусгах боломжтой байсан байна гэж харж байна. Гэтэл шүүхэд хариу тайлбарлахдаа хуудсанд багтаагүй нэгтгэн нэг арга хэмжээ авсан гэж өөрийн хууль бус актаа өмөөрч бичсэн байна.
Энэ нь Засгийн газрын 12 дугаар сарын 28-ны өдрийн 479 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 1.3-т “Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, хуульд заасны дагуу хуулиар эрх олгосон байгууллагын болон хяналт шалгалтын чиг үүргийг шилжүүлж авсан байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагч (цаашид “улсын байцаагч” гэх) үйл ажиллагаандаа энэ журмыг дагаж мөрдөнө.
20.3-т “Улсын байцаагчийн акт, албан шаардлага, дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байна.”, 40 дүгээр зүйл. “Захиргааны актыг бичгээр гаргах”, 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.”
Хяналт шалгалт хийх нийтлэг журмын 37.1-д “Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасныг зөрчиж ямар ч зүйлд арга хэмжээ, шийтгэл оногдуулж байгаа нь тодорхой бус байх ба түүнийгээ хуудсанд багтаагүй гэж тайлбарлах нь Улсын байцаагчийн хувьд хяналт шалгалт хийх журмын 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасан гол үндсэн барих заалтуудаа зөрчсөн байна гэж үзэхээр байна.
3.2.6. Мөн Анхан шатны шүүхийн захирамжийн 5 дахь хэсэгт шүүгч дурдахдаа: 5. “Дээр тогтоогдож буй байдлуудаас үндэслэн дүгнэхэд хариуцагч болох эрх бүхий албан тушаалтан нь тухайн үед зөрчлийн холбогдогч Б.Х-д шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасныг буруу хэрэгжүүлж, хууль зөрчсөн болох нь тогтоогдож байх боловч” гэж буруу шийтгэх хуудас гаргасныг нь батлан, нотолж, харуулжээ. Улсын байцаагч нь ийм хууль бус, Хяналт шалгалтын журам, Захиргааны ерөнхий хуулиа бариагүй, Зөрчлийн хуулийг буруу хэрэгжүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулиа хэрэгжүүлээгүй бусад хуулиудыг зөрчсөн шийдвэр гаргасан байгааг тус тус үндэслэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоно гэдэгт эх орон байгаль дэлхий, нутаг ус, ан амьтнаа хайрлан хамгаалагч иргэн би бээр найдаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Маргааны үйл баримтын талаар;
2.1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор “...Дорноговь аймгийн У сумын нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үл таних бүлэг хүмүүс 4 тооны агнуурын амьтан болох цагаан зээрийг тодорхой бус зориулалтаар, зөвшөөрөлгүйгээр Амьтны тухай хуулийг зөрчиж агнасан байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллаагаа явуулаад ... гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Харин нэр бүхий этгээдүүдийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасан агнуурын бүс нутгаас хориглосон хугацаанд амьтныг барьсан, тээвэрлэсэн зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд холбогдох материалыг хуулбарлан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр ... Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
2.2. Дээрх тогтоол болон 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Дорноговь аймаг Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас албан бичгээр хүргүүлсэн материалыг эрх бүхий албан тушаалтан болох Э.А нь хүлээн авч “Цагаан зээр агнасан үйлдэл”-д Зөрчлийн хэрэг нээж, зөрчилд холбогдогчоор Б.Х-г татаж, шалгах явцад нэр бүхий иргэд Дорноговь аймгийн У сумын нутагт бэлчээрлэж байсан цагаан зээрийн сүргээс 4 цагаан зээрийг /агнуурын бүс нутгаас/ хориглосон хугацаанд амьтныг барьсан, тээвэрлэсэн зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №00487ХХ дугаар шийтгэлийн хуудсаар “Агнуурын амьтан зөвшөөрөлгүй агнасан, барьсан, тээвэрлэсэн /цагаан зээр/” гэсэн үндэслэлээр “...холбогдогч Б.Х-ийн зөвшөөрөлгүй цагаан зээр барьсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасны дагуу 300 000 төгрөгөөр торгож, 3 988 000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээ” авахаар шийдвэрлэжээ.
3. Хууль хэрэглээний талаар:
3.1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 91 дүгээр тогтоолд “...нэр бүхий этгээдүүдийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасан агнуурын бүс нутгаас хориглосон хугацаанд амьтныг барьсан, тээвэрлэсэн зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдож байна.” гэж бүлэг хүмүүс зөрчил гаргасан гэх асуудлыг шалгуулахаар материал хүргүүлсэн байхад Эрх бүхий албан тушаалтан зөвхөн Б.Х-г холбогдогчоор татаж шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна.” гэсэнтэй нийцэхгүй байна.
3.2. Өөрөөр хэлбэл зөрчилд холбогдогч Б.Х болон бусад хүмүүс уг зөрчилд яг ямар чиг үүрэгтэй оролцсон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэсэн заалттай зөрчилдөж байна.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Дорноговь аймгийн У сумын нутаг дэвсгэрт 2 тээврийн хэрэгслийн хамт нэр бүхий 5 хүмүүс /Б.Х , Б.Б, П.П, жолооч н.Д, Ц.Ц/ явж байхдаа агнуурын бүс нутгаас хориглосон хугацаанд 4 цагаан зээр барьж, хувийн машиндаа ачиж тээвэрлэн “БЭ” ХХК дээр авчрахад 4 зээр амьд байсан ба удалгүй 2 зээр нь үхэж, тэдгээр иргэд зөвшөөрөлгүй үхсэн зээрт задлан шинжилгээ хийж, ан амьтны эд эрхтэнг зөвшөөрөлгүй авсан үйлдлийг нотолсон нотлох баримт Зөрчлийн хэрэгт авагдсан байхад Эрх бүхий албан тушаалтан эдгээр хүмүүсийн үйлдэл, оролцоог тус бүрээр нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
Харин “4 ширхэг зээр тээвэрлэсэн” үйлдэлд 01-ХХ ДХХ дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Б-д зөрчлийн шийтгэл оногдуулсан байх бөгөөд бусад этгээдүүдийг үйлдлээрээ хамтран оролцсон эсэхийг шалган тогтоогоогүй байна.
5. Хариуцагч Эрх бүхий албан тушаалтан Э.А нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №00487ХХ дугаар шийтгэлийн хуудсаар “Агнуурын амьтан зөвшөөрөлгүй агнасан, барьсан, тээвэрлэсэн /цагаан зээр/” гэсэн үндэслэлээр “...холбогдогч Б.Х-ийн зөвшөөрөлгүй цагаан зээр барьсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол ...” гэсэн хэсгийн ямар заалтыг зөрчсөнийг тодорхойлон заагаагүй байх ба Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д ““агнуурын бүс нутаг” гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий амьтны байршил, тархац нутгийг;”, 9 дүгээр зүйлийн 9.1-т “Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно:”, 9.1.1-д “бор гөрөөс, цагаан зээр, зэрлэг гахайг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 11.1.12-т “эрх бүхий мэргэжлийн байгууллагаар агнуур зохион байгуулалтын ажлыг хуульд заасан хугацаанд нь хийлгээгүй аймаг, сум, нийслэл, дүүргийн нутагт агнуурын амьтан агнах, барих;” гэсэн заалтуудыг зөрчсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.
6. Мөн цагаан зээрийн тархац нутаг болох “агнуурын бүс нутаг” Дорноговь аймгийн У сумын нутаг дэвсгэрээс зээрийг барьж машинд тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байхад хариуцагч “Агнуурын бүс нутгаас бусад газарт” гэж зөрчил үйлдсэн газрыг тодорхойлсон нь ойлгомжгүй.
6.1. Зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авагдсан видео бичлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр 4 цагаан зээрийг агнуурын бүс нутгаас зөвшөөрөлгүй, барьж, амьдаар нь /хөлийг тушиж/ тээвэрлэж, “БЭ” ХХК-ийн байрлах газарт авчирсан байх бөгөөд авчрах үед 4 зээр бүгд амьд байсан, харин 2 зээр нь ямар шалтгаанаар үхсэн /байгалийн жам ёсоороо, өвчнөөр, эсвэл хүний буруутай үйл ажиллагаанаас гэх мэт/-ийг нарийвчлан тогтоолгүй зөрчлийн хэргийг шийдвэрлэжээ.
6.2. Тодруулбал, хариуцагч нь зөрчил гарсан байдал, зөрчлийг хэн үйлдсэн, зөрчлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчил үйлдэхэд нөлөөлсөн зэрэг бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээлэл, нотлох баримтуудыг хангалттай цуглуулаагүй, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.14, 4.15-д заасантай нийцээгүй байна.
6.3. Түүнчлэн цагаан зээр ямар шалтгааны улмаас үхсэн болохыг тогтоогоогүй атлаа 2 ширхэг цагаан зээрийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйл. “Хохирол, нөхөн төлбөр гаргуулах”, 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэсэнтэй мөн нийцээгүй байна.
7. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, нотлох баримт цуглуулж, бэхжүүлээгүй, нотлох үүргээ хангалтгүй биелүүлсэн, хохирол учруулсан гэм буруутай этгээд нь хэн болох, нөхөн төлбөрийг хэнээс гаргуулах, 4 зээрийг барьсан гэх бусад этгээдүүд, тэдгээрийн оролцоо, гэм бурууг тогтоож, хариуцлага хүлээлгэх үндэслэл бий эсэхийг шийдвэрлээгүй, зөрчилд холбогдогч Б.Х нь “цагаан зээрийн эрхтэн”-г авсан гэх үйлдэл нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг зөрчсөн үйлдэлд хамаарч байгаа эсэх зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байна.
8. Иймд зөрчил үйлдсэн эсэхийг тогтоох, нягтлан шалгах, бодит нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115/ШШ2025/0019 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Дорноговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.А ын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №00487ХХ дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болохыг дурдсугай” гэж, “2” гэснийг “3” гэж дугаарыг тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА