Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 87

 

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Я.Энхтүвшинд холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201601070232 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Л.Отгончимэг

Улсын яллагч                                                           Б.Буяндэлгэр

Хохирогч                                                                   Ц.Ундрах

Хохирогчийн өмгөөлөгч                                        Ж.Цэцэгээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Б.Сүхбат

           Шүүгдэгч                                                                    Я.Энхтүвшин нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 20 дугаар гудамжны 27 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ядамын Энхтүвшин /РД:СО69021810/

Шүүгдэгч Я.Энхтүвшин нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” дэлгүүрийн урд, өөрийн эзэмшлийн 47-69 БРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас иргэн Ц.Ундрахыг мөргөж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Я.Энхтүвшингийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Наран хороололд орж ирээд Холбооны дөрвөн замын уулзвар дээр гэрлэн дохион дээр зогсоход миний тээврийн хэрэгслийн тоормоз хэвийн ажиллаж байсан. Ингээд гэрлэн дохионоос цааш хөдлөөд 26а байрны урд төв замын голд байдаг хурд сааруулагчин дээр ирээд тоормозоо гишгэхэд тоормозны дөрөө доошоо сул гишгэгдээд машин тоормозгүй болсон байсан. Тэр үед эсрэг урсгалаас машин ирж байсан ба миний зорчих хэсэг дээр буюу Оранж хүнсний дэлгүүр рүү эргэдэг туслах замын цаахан талд цагаан өнгийн суудлын машин зогсож байсан. Ингээд би Оранж дэлгүүрийн туслах зам руу эргэхээс өөр аргагүй болоод жолооны хүрдээ баруун гар тал руугаа дарж, баруун талын туслах зам руу эргэсэн. Туслах зам дээр хөдөлгөөн их, олон машин зогсож байсан. Тэгэхээр нь би машинаа Оранж дэлгүүрийн урд байрлах зүлэгний садыг мөргөж зогсооё гэж бодоод замын хашлага даваад садыг мөргөөд зогссон. Тэгтэл миний машин доор нэг хүн ёо ёо гээд дуугарах шиг болсон. Тэгэхээр нь би сандарч машинаасаа буугаад хартал машины урд бамбайн доор нэг эмэгтэй хүн байсан. Би тэр эмэгтэйг машин доороос гаргаж аваад ойр орчмын хүмүүсээс түргэн тусламж дуудаарай гээд тусламж хүссэн. Би машинаа шалгахад тоормозны аппаратнаас гарсан тоормозны шингэн дамжуулах гуурс угаараа тасарсан байсан. ...Би туслах зам руу эргээд замын хашлага давах үед урд хүн байгааг анзаарч хараагүй.  Би сандарсандаа хайс дайрч машинаа зогсоох гэтэл Ундрахыг дайрч гэмтээсэн. Хохирогчийг хохиролгүй болгож, эвлэрлийн гэрээ байгуулсан Би хохиролд 4.648.178 төгрөг төлсөн. ...Би өөрийн болгоомжгүйгээсээ болж осол аваарь гаргасандаа гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 85 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ц.Ундрахын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төв зам хөндлөн явган хүний гарцаар гараад “Оранж” хүнсний дэлгүүрийн дэргэдэх зүлэгний хайсны дэргэд явган хүний зам дээр ганцаараа явж байхад миний ард хүнд зүйл унаж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгээд эргэж харж амжаагүй байтал түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна, нэг сэрэхэд зүүн гараараа газар тулсан, зүүн мөр талаараа хажуулдаад машин доор хэвтэж байсан. Тэгэхэд нэг эрэгтэй хүн миний баруун мөрийг түлхэж дээш харуулж байгаад, миний зүүн гар, зүүн хөлнөөс татаж машин дороос гаргаж авсан. ...Би 9 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 16-ны хооронд эмнэлэгт хэвтсэн, хөлөндөө хоёр удаа хагалгаа хийлгэсэн. 9 дүгээр сарын 30-ны өдөр зүүн гуяны дотор талын махны үхжсэн хэсгийг авахуулсан, 10 дугаар сарын 14-ны өдөр арьс нөхөх хагалгаанд орсон. Тэгээд 10 дугаар сарын 17-нд эмнэлгээс гарч 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл гадуур боолттой байсан. Сүүлийн хоёр удаагийн боолтыг шүүгдэгчтэй хамт явж хийлгэсэн. ...Бэртэл гэмтлийн улмаас хэдэн жилийн дараа ч хамаагүй бие өвдөхийг би мэдэхгүй. Тиймээс цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүрт нь төлчих юм бол гомдол, саналгүй гээд эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Н.Гулбанугийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Минимакс ресторанд хоол захиалчихаад өөрийн эзэмшлийн машинаа жолоодоод “Оранж” хүнсний дэлгүүрийн зүг эргээд туслах замаар ороод явж байтал төв замаас хөх өнгийн Портер маркийн машин “Оранже” хүнсний дэлгүүрийн туслах зам руу эргээд миний урд зогсож байсан “Приус-20” маркийн суудлын автомашины урдуур гараад замын хашлага даваад замын хажууд хүнтэй юм яриад зогсож байсан эмэгтэйг мөргөөд цаана нь байсан төмөр садыг мөргөөд зогссон. Мөргүүлсэн эмэгтэй Портер машины доор хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Шинжээч эмч Б.Ундармаагийн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан “...Ц.Ундрахын биед сээрний 11, 12 дугаар нугаламын арын сэртэнгийн, сээрний 12 дугаар болон бүсэлхийн 1, 2 дугаар нугаламуудын хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн далны зөрөөтэй хугарал, зүүн тохойны зулгаралт, зүүн гуяны цус хуралт, зулгаралт, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ууц, нуруу, зүүн, баруун өгзөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх сээрний 11, 12 дугаар нугаламын арын сэртэнгийн, сээрний 12 дугаар болон бүсэлхийн 1, 2 дугаар нугаламуудын хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн далны зөрөөтэй хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид уг гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн 13074 тоот дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Батмонголын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон актад “...Жолооч Я.Энхтүвшин нь “Hyundai porter” маркийн 47-69 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах тээврийн хэрэгслийн ажлын тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Ц.Ундрахыг мөргөж, зам тээврийн осол гаргасан байх магадлалтай...” гэсэн. /хх-ийн 60 дугаар хуудас/,

Техникийн шинжээч С.Мөнхдалайн гаргасан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5899 тоот дүгнэлтийн 3 дугаар хариултад: Портер маркийн 47-69 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Дүгнэлтийн 4 дүгээр хариултад: Портер маркийн 47-69 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд дугуйны тоормозны механизм ослын өмнө ажиллагаагүй болсон байна. Дүгнэлтийн 10 дугаар хариултад: тоормозны шингэн дамжуулах гуурс мултарч салсан, хойд дугуйны тоормозны механизм ажиллагаагүй зэрэг нь осолд нөлөөлөх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн. /хх-ийн 65 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Я.Энхтүвшинг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон хуудас” /хх-ийн          хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Я.Энхтүвшин нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” дэлгүүрийн урд, өөрийн эзэмшлийн 47-69 БРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормозны систем… … ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний замаар зорчиж явсан иргэн Ц.Ундрахыг мөргөж, түүний бие махбодид сээрний 11, 12 дугаар нугаламын арын сэртэн, сээрний 12 дугаар нугаламын зүүн хөндлөн сэртэн, бүсэлхийн 1, 2 дугаар нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн дал ясны хугарал, зүүн тохойд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нуруу, ууц, 2 өгзөгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

          Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан байцаалт нь хууль зөрчөөгүй, мэдүүлгийн орон зай, цаг хугацаа, үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчүүдийн болон хохирогчийн мэдүүлгээр батлагдсан, гэрч, хохирогч нараас мэдүүлэг гаргуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасныг хангасан, мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн 13074, 1411 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 5899 тоот дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой, дээрх баримтууд нь хэргийн үйлдлийг хангалттай нотолж байна.

Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч Я.Энхтүвшинг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Ц.Ундрахын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид 275.570 төгрөг төлсөн болох нь Багануур дүүргийн “Автожим” ОНӨААТҮГазарын 2016 оны 12 сарын 06 өдрийн 556 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрлийн “…авто ослоос үүдэлтэй эмчилгээний зардлыг тухай бүрт нь Энхтүвшин төлж өгч байх болзолтойгоор эвлэрэв…” гэсэн гэрээ, хохирогч нь “…Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, гэм хор арилсан гэж үзэж байна. Гэвч цаашид авто ослоос болж дахиж эмчлүүлэх шаардлага гарвал зардлыг нэхэмжлэх эрхээр хангаж өгнө үү…” гэж мэдүүлж байх тул хохирогч нь эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрэн хэлэлцсэн болох нь “...Ц.Ундрах миний бие шүүгдэгч Я.Энхтүвшингээс эмчилгээтэй холбоотой, мөн цалин, листний зөрүү зэрэг хохирлын мөнгийг бүрэн авсан тул гомдолгүй болж эвлэрэн хэлэлцэв. Цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүр нь төлж өгч байх болзолтойгоор Энхтүвшинтэй эвлэрэв. Хохиролд бүгд 4.648.170 төгрөгийг төлж өгсөн болно. Бид эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн эвлэрлийн гэрээ, шүүгдэгчийн “…бид сайн дураараа эвлэрсэн…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “...гомдол санал байхгүй, хохирол, төлбөргүй сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг зэргээр батлагдаж байгаа, мөн шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах үед тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Я.Энхтүвшинг эрүүгийн хариуцлагаас чөлөөлбөл зохино.

Шүүгдэгч Я.Энхтүвшингийн 096449 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй.

Я.Энхтүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

            Шүүгдэгч Я.Энхтүвшинд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Боржигон овгийн Ядамын Энхтүвшинг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овгийн Ядамын Энхтүвшинд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Ядамын Энхтүвшинг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. Я.Энхтүвшин нь хохирогч Ц.Ундрахад 4.648.178 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 275.568 төгрөг тус тус төлсөн болохыг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
  5.  Я.Энхтүвшингийн 096449 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Я.Энхтүвшинд буцаан олгосугай.
  6. Я.Энхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  7. Я.Энхтүвшинд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шүүгдэгч Я.Энхтүвшинд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ