Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 

                                                                

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ ,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Иргэдийн төлөөлөгч ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  холбогдох 2326000000114 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, регистрийн дугаар , боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багт оршин суух хаягтай одоо Арвайхээр сумын  дугаар багийн  дүгээр гудамжны  тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй Б.

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч  нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 31 дүгээр гудамжны 11 тоот хашаан дотор иргэн архи уусангүй гэх шалтгаанаар толгой, цээж, нуруу, хөлөн тус газруудад гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож, гавал, цээж, хэвлийн хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч   шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би зах дээр талийгаачтай таарсан чинь шартчихсан байсан. Тэгээд манайд очоод нэг шил архинаас талийгаач уугаад хэвтээд өгсөн. Тэгээд би согтсон байсан учир юу болсныг санахгүй байна. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийн нэхэмжилж байгаа байгаа долоогоос найман сая төгрөгийг миний зүгээс төлөх боломжгүй” гэв.

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  “...Би гомдолтой байна. Хүний амь насыг мөнгөөр үнэлж болохгүй ч гэсэн нэхэмжилж байгаа хохирлоо гаргуулж авмаар байна. Тухайн үед хамт байсан гэрч нь хамт байсан байж цагдаа, эмнэлэг дуудчихсан бол талийгаач нас барж энэ хүн энд зогсоод хэрэгтэн болохгүй байсан. Тодорхой хаягийг нь хэлэхгүй болохоор 2 дугаар хорооны хаана гэж хайх юм бэ. Тэгээд орой нь утас нь холбогдохгүй байсан” гэв.

 

           1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

          

             Шүүгдэгч  нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 31 дүгээр гудамжны 11 тоотод байх гэртээ болон гэрийн гадаа  архи уусангүй гэх шалтгаанаар түүний толгой хэсэгт нь гараараа цохих, цээж хэсэгт нь дэвсэх, нуруу, хөл хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодсоны улмаас “суурь яс, өвчүү ясны хугарал, баруун 2, 3, 4, 5-р хавирганы шууд бус хугарал, цээжний хөндийд цус хуралдалт, чацархай, цээжний дотор булчин, хэвлийн дотор өөхөн эдэд цус хуралт, зүүн хацар, шуу, өвдөг, хэвлий, цээжинд цус хуралт, баруун хөмсөг, доод эрүү, хүзүү, зүүн тохой, нуруу, гуянд, ташаа, бүсэлхийд зулгаралт” бүхий гавал, цээж, хэвлийн хавсарсан олон тооны гэмтэл учруулж зовж зүдрэхээр байдлыг бий болгож, онц харгис хэрцгийгээр алсан үйл баримт тогтоогдож байна.  

 

          Шүүгдэгч нь амь хохирогч  архи уусангүй гэх шалтгаанаар  толгой руу нь гараараа цохих, цээж хэсэгт нь дэвсэх, нуруу болон хөл хэсэгт нь өшиглөх, чирэх зэргээр зодсоны улмаас “суурь яс, өвчүү ясны хугарал, баруун 2, 3, 4, 5-р хавирганы шууд бус хугарал, цээжний хөндийд цус хуралдалт, чацархай, цээжний дотор булчин, хэвлийн дотор өөхөн эдэд цус хуралт, зүүн хацар, шуу, өвдөг, хэвлий, цээжинд цус хуралт, баруун хөмсөг, доод эрүү, хүзүү, зүүн тохой, нуруу, гуянд, ташаа, бүсэлхийд зулгаралт” бүхий гавал, цээж, хэвлийн хавсарсан олон тооны гэмтэл учруулж зовж зүдрэхээр байдлыг бий болгож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн “Би гомдолтой байна. Хүний амь насыг мөнгөөр үнэлж болохгүй ч гэсэн нэхэмжилж байгаа хохирлоо гаргуулж авмаар байна. Тухайн үед хамт байсан гэрч нь хамт байсан байж цагдаа, эмнэлэг дуудчихсан бол талийгаач нас барж энэ хүн энд зогсоод хэрэгтэн болохгүй байсан. Тодорхой хаягийг нь хэлэхгүй болохоор 2 дугаар хорооны хаана гэж хайх юм бэ. Тэгээд орой нь утас нь холбогдохгүй байсан” гэсэн мэдүүлэг,

 

           Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  “...2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед миний төрсөн эгч руу талийгч  утасны дугаараас залгаад “Энэ хүнийг зодоод байна. Чулуугаар зодоод байна. Толгойг нь хагалчихлаа, цус гараад байна” гэж хэлээд утсаа салгасан гэсэн. Удалгүй дахиад залгаад “энэ хүнийг алчих гээд байна” гэхээр нь эгч маань хаана юу болоод байгаа талаар асуухад 2 дугаар хороонд гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дуудаад хэлчих гэсэн чинь би өөрөө албан газар ажилладаг, надаас байцаалт авбал би нэмэргүй гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд  эгч дүү Тогообат руу “ах чинь хүн зодуулаад байна гэнээ, ахыгаа очоод ав” гэж хэлсэн. Тогообат утас руу нь залгасан чинь нэг эмэгтэй хүн утсыг нь авсан гэсэн. Тэгээд Тогообат “юу болоод байгаа юм бэ” гэж асуухад “чи хэн бэ” гээд нөгөө эмэгтэй хэлэхээр нь “би наад утасны чинь эзний дүү нь байгаа юм” гэж хэлээд юу болоод байгааг нь асуухад “ахыгаа ирж ав, архи хамт уучихаад хоорондоо хэрүүл хийгээд байна, иймээ тиймээ юм болбол би хариуцлага үүрэхгүй шүү” гэж хэлсэн. “Одоо тэгээд яаж байгаа юм” гэж хэлсэн чинь “унтаж байна” гээд утсаа салгасан гэсэн. Дахиад буцаагаад залгасан чинь утас нь холбогдохгүй байсан гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ороход Ё гэртээ орон дээрээ унтаж байсан. Нөгөө ах газар ширдэг дээр авдрын урд дээшээ хараад хажуугаараа унтаж байсан. намайг хоол хийгээд өг гэсэн хоол хийх гэсэн чинь ус байхгүй байсан. Тэгээд  өөрөө усанд явсан. Тэгээд  явган 25-ын сав авч яваад 1 цаг шахуу болоод ирсэн, ирэхдээ усаа бариад бас 1 шил 0.75-тай Харзтай архи авч ирсэн.  Тэгээд  орж ирээд тэр ахыг татаад сэрээсэн. Татсан чинь тэр ах өөрөө өндийж ирсэн. Архиа задлаад тэр ахад жижиг рункээр хийж өгсөн. Тэгээд өөрөө бас уусан. Тэр ах рункээр 1 уучихаад хэвтээд өгсөн. Тэгээд  архи өгөх гээд босохгүй болохоор нь 2, 3 удаа өшиглөөд авсан. Нуруу руу, хөл рүү нь өшиглөөд байсан. ... тэр ахыг байшингийн хаалгаар чирээд гаргаж ирээд үүдэндээ гаргаад хаясан. Гадаа довжооноосоо урд тал дээр гаргаад газар тавьсан. Тэгээд  өөрөө байшин руугаа орчихсон. Би нөгөө ах дээр очоод “ахаа зүгээр үү” гэсэн энэ ах өндийгөөд зүгээр гэсэн. ...Энэ ах  хоёр согтуугаараа хоносон байсан.  чирч гарч ирсний дараа чи хүн амьтан зодоод байна гэхэд р намайг чулуугаар шидэж хөөгөөд байсан.  ...Намайг хөөгөөд энэ ахыг өшиглөж зодоод байхаар нь би  гээд ахыг утсаар дуудсан. ...Тэгтэл  ирсэн. Ирэхэд нь  энэ ах гадаа унтаад байсан. Тэгээд би  ахтай гэрт нь орсон.гэртээ суугаад л байсан. Би гэрт ороод хоол хийж өгчихөөд эмнэлэг яваад өгсөн. Би эргэж ирээгүй. Намайг гарахад ах үлдсэн. Тэгээд гарахад энэ ах хажуу тийшээ харчихсан унтаад байсан. Эмнэлэг орчихоод буцаад гудмаар нь явахад энэ ах гадаа байхгүй байсан. Би ороогүй, шулуун яваад гэртээ харьсан. Тэгээд эргэж очоогүй. Өнөөдөр өглөө намайг унтаж байсан чинь 06 цаг болж байхад  манайд согтуу орж ирээд нөгөө хүн чинь өнгөрсөн байна гэсэн. Би юм уугаад хоёр татуулах гэсэн чинь өнгөрсөн байна. Би 2 өшиглөчихсөн чинь өнгөрсөн байна гээд надад ярьсан.  ...Байшин дотор байгаад 0,75-тай архиар хөл рүү нь 1 удаа цохисон, тэгээд архиа уугаад нэг татчихаад энэ ахад өгсөн. Тэгээд энэ ах нэг уучихаад ахиж уухгүй гэсэн чинь энэ ахыг өндийлгөж суулгаж байгаад хоёр гараараа ээлжлээд шанаа руу нь алгадаад байсан. Ямар ч байсан хоёр гараараа хоёр шанаа руу нь нэг нэг удаа алгадсан. Тэгээд чи болиоч гэсэн чинь яадаг юм гээд энэ ахыг нуруу руу нь 2-3 удаа өшиглөөд авсан. Тэгээд энэ ах дээшээ хараад хэвтсэн чинь ахиад дээр нь цээж, аюулхай хэсэгт 2 удаа дэвссэн. Би яах гээд байгаа юм гээд салгах гээд очсон, намайг цэнхэр саваар нүдэх гээд байсан. Би гарч ирээд зугтаад хашааны үүдэнд гараад зогсож байсан, энэ ахыг чирээд гаргаад ирсэн. Гарч ирээд хажуунаас нь бас хойноос нь, урдаас нь өшиглөөд байсан. Тэгээд би хүн алчихна, болиоч гэсэн чинь яадаг юм гээд над руу чулуу шидээд байсан. Чулуу нь оноогүй. Гэрт нь байхад зодоод байхаар нь болиоч гэхэд эрүүлжүүлэгдэж байхаар би хүн алаад хүн амины хэрэгтэй шоронд явмаар байна. Цагдаа нар надад үйлчлэхгүй, би хурандаагийн малыг маллаж байгаад ирсэн гээд нүдээд байсан. ...Тэр ах ерөөсөө хөдлөөгүй. Гэрээс нь чирээд гараад ирсний дараа толгойноос юм уу, хаана юм, нүдний дээд тал дээр нь цус болчихсон урсаад байсан. Зодохоор нь “ёо ёо” гээд байсан. Тэр ах босож ирээд  гар хүрсэн зүйл байхгүй, хэвтээгээрээ л зодуулаад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 хуудас/,

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр 10-11 цагийн үед байх Өлзий гээд хүүхэн над руу залгаад “ хүнтэй хэрэлдээд байна, намайг оруулахгүй чулуу шидээд байх юм. Та хүрээд ирэхгүй юу” гэсэн. Цагдаад хэлэхгүй юу гэсэн түрүү нь цагдаа дуудаж байсан, болохгүй байна гэсэн юм ярьсан. Тэгээд би яваад ирсэн. Хашааны үүдэнд гэдэг хүүхэн байсан. Хашаа руу хамт ороход байшингийн урд нэг хүн биеийнхээ баруун талаар хажуугаар хэвтэж байсан. Би бос гээд татсан өндийсөн. Тэгээд жоохон хэвтээдэхье гээд байсан. Зүгээр үү гэсэн зүгээр гээд байсан. Би довжооны тийш нь болгосон. Тэр хүний баруун талын хөмсөгний тэнд цус болчихсон юм шиг байсан. Өөр юм анзаараагүй. Гэр лүү ороход  ганцаараа байсан. Арчаагүй муу хүүр архи уугаад гэсэн. 1 шил Харзтай архи хийхээр нь би уухгүй гэж хэлчихээд гараад явсан. Өлзий надаас өмнөхөн хоол хийчихээд гараад эмнэлгийн хоол цай өгнө гээд гараад явсан. Би араас нь удалгүй гарахад нөгөө хүн довжоог нь дэрлээд хэвтэж байсан. Би энэ хүнээ оруулаач гэж хэлчихээд гараад явсан. ...Намайг байхад зодож цохисон юм байхгүй.  л тиймэрхүү юм ярьсан. Хөмсөгний дээр нь цустай юм шиг харагдсан. Өөр юм харагдаагүй. Өөрөө би жаахан хэвтээдэхье гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн үед би хашаан дотор хоолны амбаар янзлаад байж байтал зүүн талын манай хамар хашаа болох цагаан байшингаас 2 эрэгтэй хүн хоорондоо хэрэлдээд гараад ирсэн. Би тэр хоёр хүнийг танихгүй. Нэг нь тэр айлын  гэх хүн байх шиг байсан. Нөгөө хүн нь үсээ авахуулсан өндөр настай хүн байх шиг байсан. Гэрийн эзэн  тэр настай хүнийг яваад өг гээд байшингийн хаалгаар гаргаад нөгөө хүн нь тасарчихсан бололтой цамцны мөр хэсгээс нь чирээд байсан. Ямар нэгэн зүйлийн талаар муудалцаагүй. Чи яваад өг гээд орилоод байсан. Хашаан дотор нэг танихгүй хүүхэн бас байсан. Намайг харж байхад ямар нэгэн зүйлээр цохих ч юмуу зодсон асуудал байхгүй. Би амбаар янзлаад бараг 20 гаран минут болсон байх. Тэр үед  нь гэртээ орж гараад байсан. Гарч ирэхээрээ  нөгөө газар хэвтэж байсан хүнийг чирээд гараад яваад өгөөч гээд чирээд байсан. ...Би тухайн үед очоогүй. Хажууд нь нэг эмэгтэй хүн байсан болохоор би тасарчихсан хүн юм байх гэж бодоод очоогүй. Байнга ойр хавийн архичид овоордог болохоор тоогоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 13-ны 12 цаг өнгөрч байх үед манай төрсөн дүү Гэрэлтуяа над руу “ ах ээж  хашаанд архи уучихсан хүнтэй зодоон хийгээд байна” гэж хэлсэн. Би тухайн үед ажилтай байсан болохоор очиж чадаагүй. ...Би 15 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р багийн 31-10 тоотод яваад очих үед ах ээж орон дээр унтаж байсан. Байшингийн шалан дээр орны хажууд нэг танихгүй 50 орчим настай хүн хувцастайгаа ор луу харчихсан байрлалтай хэвтэж байсан. Орны толгой хэсэгт 4 хуруу хэртэй Харзтай нэртэй архи байсан. Хажууд нь архины хоосон шилнүүд бас байсан. Би тэгээд тасарчихсан унтаж байна гэж бодоод гараад явсан.  биед ямар нэгэн шарх сорви байгаагүй. Харин газар унтаж байсан хүний дух хэсэг нь цус болчихсон, бага зэрэг хавдчихсан байдалтай байсан. Намайг гэрт орох үед тэр хоёр унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Гэрт цус болоогүй байсан. Харин гэрийн урд тахианы байр гээд тоосгон жижиг амбаар байдаг юм. Тэрнээс гэрийн довжоо хүртэл шороо нь зурагдчихсан ямар нэгэн юм чирчихсэн юм шиг мөр байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,

 

           Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн  шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн “1.Талийгаач нь гавал, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.

 

2. Нас барсан хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно.

 

3. Талийгаачийн цогцосны задлан шинжилгээгээр суурь яс, өвчүү ясны хугарал, баруун 2, 3, 4, 5-р хавирганы шууд бус хугарал, цээжний хөндийд цус хуралдалт, чацархай, цээжний дотор булчин, хэвлийн дотор өөхөн эдэд цус хуралт, зүүн хацар, шуу, өвдөг, хэвлий, цээжинд цус хуралт, баруун хөмсөг, доод эрүү, хүзүү, зүүн тохой, нуруу, гуянд  ташаа, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн  цус-1,6, ходоодны шингэн-3,7, шээс-1,9 промилл спиртийн агууламж илэрсэн байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-47 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн   тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 хуудас/,

 

Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр цогцост үзлэг хийсэн "...183 см урттай, толгойдоо 0.2 см хар өнгийн үстэй, дээд доод эрүүнд 0.5 см хар өнгийн сахалтай, биеийн хөгжил зөв, мах мариа бага, 50 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. Гадна гэмтэл өөрчлөлт: Баруун хөмсөгний төгсгөл хэсэгт 1х0.2 см, доод эрүүний дунд хэсэгт 0.2х0.2 см, баруун бүсэлхийн хажуу доод хэсэгт 10х2 см, баруун ар ташаа хэсэгт 5.5х2 см, 1х0.9 см, 0.9х0.9 см хаталт үүссэн, хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Зүүн хацрын гадна дунд хэсэгт 1.6x1.6 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралт, зүүн шууны доод гадна хэсэгт 7х4 см хөхөлбөр, зүүн хавирганы нум нь 2x2 см бүдэг ногоон, цээжний баруун дээд хэсэгт Зх2 см бүдэг хөхөлбөр, зүүн өвдөгний дотор хэсэгт 3x3,5 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралтуудтай, хүзүүний урд дунд хэсэгт Зх2 см, арьсны өнгөн хэсэгт доороос дээш чиглэлтэй сөрдийсөн зулгаралт, зүүн гуяны дээд хэсэгт 4х2 см талбайд, зүүн тохой үений дор 0,5x0,5 см, 0,5x0,5 см арьсны өнгөн хэсэгт хууларсан цайвар зулгаралттай, хэвлийн баруун доод хэсэгт 8 см хүрэн бор өнгийн мэс заслын сорвитой, нурууны доод гол хэсэгт 2х2 см хаталт үүссэн хүрэн улаан өнгийн зулгаралттай.  2023 оны 05 дугаар сарын 14-ний 13:20 цагийн байдлаар нас бараад 8-12 цаг болсон байх боломжтой.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-20 хуудас/, шүүгдэгч  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж, тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

          Шүүгдэгч  хохирогч   зодсон үйлдэл болон хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

 

           Шүүгдэгч  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

           Шүүгдэгч нь амь хохирогчийг зодохдоо “суурь яс, өвчүү ясны хугарал, баруун 2, 3, 4, 5 дугаар хавирганы шууд бус хугарал, цээжний хөндийд цус хуралдалт, чацархай, цээжний дотор булчин, хэвлийн дотор өөхөн эдэд цус хуралт, зүүн хацар, шуу, өвдөг, хэвлий, цээжинд цус хуралт, баруун хөмсөг, доод эрүү, хүзүү, зүүн тохой, нуруу гуянд, ташаа, бүсэлхийд зулгаралт” бүхий олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдал Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр (хх-ийн 43-47 хуудас) тогтоогдож байна.

 

           Амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед олон тооны шарх, гэмтэл учирсныг тогтоож, нас барсан шалтгааныг “...гавал, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан” гэж  дүгнэснийг үндэслэн шүүгдэгч  олон тооны шарх, гэмтэл үүсгэн, хүнийг алсан гэж үзэж, түүний хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь зөв байна гэж дүгнэлээ.

 

          Иймд шүүгдэгч  хүнийг онц харгис хэрцгийгээр, алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       

Шүүгдэгч  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болох нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн  ” нь гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед  нь сэтгэцийн өвчингүй байсан байна.  нь болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 56-59 хуудас/ тогтоогдож байна. 

          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч  холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

          Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц хэрцгий аргаар хүний амь насыг хохироосон гэж үзэх үндэслэлтэй байна. Амь хохирогч архи уусан байсан нь тогтоогдож байгаа ч амь хохирогчийн биед учирсан гавал болон хэвлийн халцарсан олон тооны гэмтэл нь  үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байгаа нь нотлогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тухайн үед иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлж чадаагүй байгаа хэдий ч оршуулгын зардалд гарсан 7-8 сая төгрөгийг шүүгдэгч  гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  олгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

          

           Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар  “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Энхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүнийг онц хэрцгий аргаар алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр үйл баримтууд авагдсан. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 7-8 сая төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ гэсэн. Энэ хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна. Шүүгдэгчийн хувьд ар гэрийн харилцан хамаарал муутай. Хохирол төлье гээд өмгөөлөгчийн зүгээс ар гэртэй нь холбогдсон боловч хохирлыг төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн.” гэсэн дүгнэлтийг, 

 

           Иргэдийн төлөөлөгч    “Шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд эдгээр дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж шүүх үзлээ. 

 

            2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.

 

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

      

         Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь мөрдөн шалгах ажиллагаанд “сэтгэл санааны болон оршуулгын зардалд нийт 7000000-8000000 төгрөг зарцуулагдсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байгаа боловч хэрэгт энэ нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд авагдаагүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

          Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн 7000000-8000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

          3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:   

          Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч  үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт нь 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд цагдан хоригдсон бүх хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архи шилнүүдийг устгуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналыг гаргаж байна. Түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал болон гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч  нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан арван таван жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

           Шүүгдэгч нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 70 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ЦХШЗ/41 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ЦХШЗ/50 дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/431 дугаартай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Энхбаярын цагдан хоригдсон 70 хоногийг түүний эдлэх ялд  оруулан тооцох нь зүйтэй байна.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, 0.75 литрийн хэмжээтэй “Харзтай” нэртэй архины шил 3 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй “Харзтай архины шил 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч  хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  арван таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан арван таван жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардал болох 7000000-8000000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, 0.75 литрийн хэмжээтэй “Харзтай” нэртэй архины шил 3 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй “Харзтай” архины шил 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

  

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь гомдолтой гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦЭЦЭГЭЭ              

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                        Х.ОТГОНЖАРГАЛ

                       

                    ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР