Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/141

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч  Ц.Нэргүй,

Шүүгдэгч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  холбогдох 2309000000966 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд 1985 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 37 настай, регистрийн дугаар , эрэгтэй, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын  дүгээр багийн дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, урьд нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3150000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, .

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч д нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Физик технологийн сургуулийг Физик байгаль шинжлэлийн багш мэргэжлээр 2007 онд суралцаж төгсөөгүй атлаа  тус сургуулийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн физик-байгалийн шинжлэлийн багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон D200714580 дугаартай дипломыг хуурамчаар гаргуулан авч,  хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуульд албан бус боловсролын арга зүйч багшаар 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажилд орж  2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажиллахдаа ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Тухайн үед би 1 шалгалтад унаад, 1 шалгалтад хоцорсон байсан. Тэгээд дараа жил төгсөх гээд байж байхад манай багш ирээд ангийнхантайгаа хамт төгс гэж хэлээд миний дипломыг гаргаж өгсөн. Би хуурамч диплом гэж мэдээгүй байсан. Одоо багшаасаа асуух гэхээр 10 жилийн өмнө өөд болчихсон. Тэгээд арга байхгүй шүүхээр орж байна. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

           1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

          

            Шүүгдэгч  нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуульд албан бус боловсролын арга зүйчээр ажилд орохдоо Монгол Улсын Боловсролын их сургуулийн Физик технологийн сургуулийн физик байгалийн  шинжлэлийн багшийн мэргэжил олгосон D200714580 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг ашиглаж 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл тус сургуульд албан бус боловсролын арга зүйч, насан туршийн боловсролын нэгжийн арга зүйчээр тус тус ажилласан болох нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ерөнхий боловсролын захирлын 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай “Физик-байгаль шинжлэлийн багш мэргэжилтэй О.Алтан-Одыг 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн АББ-ын арга зүйчээр авч ажиллуулсугай.” гэсэн тушаал, шүүгдэгчийн мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр,

 

            Шүүгдэгч  физик-байгалийн шинжлэлийн багш мэргэжил олгосон Монгол Улсын Боловсролын их сургуулийн Физик технологийн сургуулийн D200714580 дугаартай бакалаврын диплом нь хуурамч болох нь Монгол улсын Боловсролын их сургуулийн Ректорын 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаартай “Төгсөгчдөд боловсролын зэрэг олгох тухай” тушаалын хуулбар, тушаалын хавсралт /хх-ийн 81 хуудас/,

 

            Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга, түүний хавсралт болох 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын боловсролын баримт бичгийн зөрчлийн жагсаалтын 513 дугаарт “аймаг: Өвөрхангай, байгууллагын нэр: Гучин-Ус сумын сургууль, регистрийн дугаар: , овог нэр: , сургуулийн нэр: МУБИС, мэргэжил: Физик, байгалийн шинжлэлийн багш, боловсролын түвшин: бакалавр, он: 2007, дипломын дугаар: D200714580-давхар, зөрчлийн тайлбар: МУБИС-ийн Физик байгаль шинжлэл, Энхтүвшин Уугантуяа, ..85040701, дугаар давхардсан, зөрчлийн код 1.1” гэсэн жагсаалт /1хх-ийн 23-35 хуудас/ зэргээр тогтоогдож байна.

           Монгол улсын Боловсролын их сургуулийн Ректорын 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаартай “Төгсөгчдөд боловсролын зэрэг олгох тухай” тушаалын 1 дэх заалтад “2006-2007 оны хичээлийн жилд төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн ФТС-ийн физик-байгаль шинжлэлийн багшийн 18 ... төгсөгчдийн нэрсийг хавсралт ёсоор баталж, боловсролын бакалаврын зэрэг олгосугай” гэж, уг тушаалын 1 дүгээр хавсралтад: МУБИС-ийг 2006-2007 онд бакалаврын зэргээр төгсөгчдийн нэрс: 1. /ФТС/ Физик-байгаль шинжлэлийн багш гээд нийт 18 хүний нэрсийг жагсаасан байх бөгөөд уг нэрсийн жагсаалтад  нэр байхгүй, харин тус жагсаалтын 8-д дипломын дугаар давхардсан гэх Энхтүвшингийн Уугантуяагийн нэр бичигдсэн байна.

 

Шүүгдэгч  нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Физик технологийн сургуулийн физик байгаль шинжлэлийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй мөртлөө Монгол Улсын Боловсролын их сургуулийн физик байгалийн шинжлэлийн багш мэргэжил олгосон D200714580 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуульд албан бус боловсролын арга зүйчээр 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажилд орж 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажиллах хугацаанд ашигласан үйл баримт тогтоогдож байна.

  

          Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна”,

          Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, 9.2-т “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан.

 

          Шүүгдэгч  дээрх хуульд заасан шаардлагыг хангаж, их дээд сургуульд суралцаж, багц цагийн сургалтад хамрагдаж дээд боловсрол эзэмшиж, зохих журмын дагуу диплом аваагүй атлаа Монгол улсын Боловсролын их сургуулийн D200714580 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуульд албан бус боловсролын арга зүйчээр ажилд орж 2023 оны 04 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ерөнхий боловсролын сургуулийн албан бус боловсролын арга зүйч багш, насан туршийн боловсролын нэгжийн арга зүйчээр  ажиллахдаа ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ерөнхий боловсролын захирлын 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 82, 120 хуудас/,

 

Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга, түүний хавсралт /хх-ийн 11-35 хуудас/,

 

           Монгол улсын Боловсролын их сургуулийн Ректорын 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаартай “Төгсөгчдөд боловсролын зэрэг олгох тухай” тушаалын хуулбар, түүний 1 дүгээр хавсралт /хх-ийн 81 хуудас/,

          Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолоор D200714580 дугаартай Монгол Улсын Боловсролын их сургуулийн бакалаврын дипломыг” эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 94 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 138 дугаартай албан бичиг, н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 119-130 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  гаргаж өгсөн “Цэнхэр өнгийн хавтастай, нугалсан байдлаараа А4 цаасны хэмжээтэй D200714580 дугаартай Монгол Улсын Боловсролын их сургуулийн бакалаврын диплом”, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаалын хуулбар” зэргийг  хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 72 хуудас/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын баталсан тушаал болон удирдамжийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх байгууллагуудын удирдах ажилтан, багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн. Энэхүү шалгалтын явцад  боловсролын баримт бичиг зөрчилтэй гарсан. Ингээд тухайн боловсролын баримт бичгийг шалгаж эцсийн шийдвэрийг гаргуулахаар Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн. Энэхүү хүмүүсийг хууль бус баримт бичиг диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа гэж үзсэн. Хохирлын хэмжээг Боловсрол шинжлэх ухааны яамнаас нэхэмжлээгүй. Учир нь тухайн багш нараар хичээл заалгасан хүүхдүүд, тухайн багш нарыг ажилд авч ажиллуулсан сургуулийн нэр хүндийн асуудал гэх мэт маш олон үр дагаврууд ар араасаа гарах тул хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа. ...Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон учраас Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс албан бичиг, хийж өгөх боломжгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 113 хуудас),

           Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2021 оны 10 сараас Боловсрол шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байна. ...Манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕSIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм.  Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. ...Нэг. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугар ашигласан, их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүртгэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон гэсэн зөрчлүүд байсан юм. ...Дээрх зөрчлүүдийн аль нэг гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудын нэрс гаргасан явуулсан юм. ...Улсын хэмжээний цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүнийгээ архивын материал, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээллийг тулгаж байж зөрчлийг гаргаж ирж байгаа юм. ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-40 хуудас),

 

            Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос одоог хүртэл ажиллаж байна.  Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж,  дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол улсын их сургууль, Монголы улсын Боловсролын их сургуулийн дипдлом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ЕSIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу PDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-44 хуудас),

 

           Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагчаар ажиллаж байна.  Тухайн үед БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Номинцэцэг, Доржхуяг, Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан юм.  ...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн.  ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ...Зөрчлөө ерөнхийдөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа.  Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46-48 хуудас),

 

          Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Боловсрол шинжлэх ухааны яаманд хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр ажиллаж байна. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ...Маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. ... Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. ...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. ...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50-52 хуудас),

 

          Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байна.  Манай салбарын сайд Л.Энх-Амгалангийн  2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан. Боловсролын салбарт  Еsis буюу боловсролын салбарын мэдээллийн систем болон Нemis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем гэсэн 2 мэдээллийн системийг ашигладаг.  ...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу, сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг. Үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг. ...Еsis систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Нemis буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний РDF, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 55-57 хуудас),

 

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. ...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Неmis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60-63 хуудас) зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч  холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Мөрдөн байцаалтын шатанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын тайланг үндэслэн нэр бүхий багш нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, тэдэнд холбогдох хэргийг нэгтгэн шалгаж, улмаар 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2309000000966 дугаартай “зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоолоор  холбогдох хэргийг тусгаарлаж, үндсэн хэргээс түүнд хамааралтай, ач холбогдол бүхий зарим нотлох баримтуудыг зохих журмын дагуу хуулбарлан авч, “хуулбар үнэн” гэсэн дардас дарж бэхжүүлэн, энэхүү хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан.

 

         Шүүгдэгч өөс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл буюу яллагдагчаар татах хүртэл үргэлжилсэн удааширсан үйлдэлтэй гэмт хэрэг байна.

          Удааширсан гэмт хэрэг нь гэмт этгээд тодорхой нэг үйлдэл /эс үйлдэхүй/-ээр хийснээр эхлээд тодорхой цаг хугацаанд завсарлагагүй, тасралтгүйгээр үргэлжилдэг бөгөөд гэмт хэргээс өөрөө татгалзсан, эсхүл түүнийг эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас таслан зогсоохоор дуусгавар болдог онцлогтой юм.

          Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай тушаалаар тус сургуульд албан бус боловсролын арга зүйчээр томилогдсон өдрөөс эхэлж цагдаагийн байгууллагаас хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэгт холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл үргэлжилжээ.

          Хэрэгт  Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “О ажлаас түр чөлөөлөх тухай” захирамж /хх-ийн 121 хуудас/ авагдсан байгаа боловч үүнийг шүүгдэгч  хамааралтай нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.

 

          Иймд шүүгдэгч  үйлдсэн гэмт хэрэг төгссөн цаг хугацааг түүнийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан өдрийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар тооцлоо.

        

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байгаа хэдий ч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар гэмт хэрэг таслан зогсоогдсон тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

           Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.   

          Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч  холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг  “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.

           Улсын яллагч Ц.Нэргүйн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч  нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Физик технологийн сургуулийн физик байгаль шинжлэлийн багш мэргэжлээр 2007 онд суралцаж төгсөөгүй мөртлөө Монгол Улсын Боловсролын их сургуулийн физик байгалийн шинжлэлийн багш мэргэжил олгосон D200714580 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуульд албан бус боловсролын арга зүйчээр 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажилд орж 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллах хугацаанд ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

             2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:  

      

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.

 

           Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

           Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол,  үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  мөрдөн шалгах ажиллагаанд ”Хохирлын хэмжээг Боловсрол шинжлэх ухааны яамнаас нэхэмжлээгүй” гэж мэдүүлсэн хэдий ч шүүгдэгч  нь физик математикийн багш мэргэжлээр суралцаагүй боловч тус сургуульд хуурамч диплом ашиглан албан бус боловсролын арга зүйчээр томилогдож, 12 жил 6 сарын хугацаанд албан бус боловсролын арга зүйч багш, насан туршийн боловсролын нэгжийн арга зүйчээр тус тус ажилласан нөхцөл байдал нь шүүгдэгч улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

          Шүүгдэгч нь Монгол улсын Боловсролын их сургуульд зохих журмаар суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийн физик байгалийн шинжлэлийн багш мэргэжил олгосон боловсролын бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж төрийн албанд томилогдсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан байна гэж дүгнэлээ.

          Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна: 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заажээ.

             Үүнээс үзэхэд Ерөнхий боловсролын сургуулийн албан бус боловсролын арга зүйч, насан туршийн боловсролын арга зүйчийн ажил нь төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.

           Шүүгдэгч  хувьд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу сургуулийн Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуульд албан бус боловсролын арга зүйч багшаар, насан туршийн боловсролын нэгжийн арга зүйчээр бодитой ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого гэж  үзэх боломжгүй байна. 

 

           Иймд шүүгдэгч   2010 оны 8 дугаар сараас 2023 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуулийн албан бус боловсролын арга зүйч багшаар, насан туршийн боловсролын нэгжийн арга зүйчээр ажилласны төлөө авч байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, гэм хорын хохирол гэж үзэж шийдвэрлэлээ.

          Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн мэдээллийн сангийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн тооцоход шүүгдэгч  цалин 2010 оны 8 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл 100298215 төгрөг болж байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлд даатгуулагчаас 2010-2017 онд 10 хувиар, 2018 онд 11 хувиар, 2019 оноос 2023 оны 01 сар хүртэл 11.5 хувиар тооцож төлж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн мэдээллийн сангийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.

            Шүүгдэгч  нь ажиллах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлд 10771135 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 8952709 төгрөг, нийт 19723844 төгрөгийг төлсөн байх тул уг татварыг хохирлоос нь хасаж тооцох нь зүйтэй байна. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар нь ажил олгогчийн зүгээс шууд суутган төсөвт төвлөрүүлдэг тул шүүгдэгчид ашиг, орлого болж очоогүй тул түүнийг хохиролд тооцож, дахин нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.

           Иймд 100298215 төгрөгийн цалингаас 19723844 төгрөгийг хасаж, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг 80574384 төгрөгөөр тооцлоо.

           Монгол улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 642 төгрөг 85 мөнгө буюу сард 108000 төгрөгөөр байхаар,

          Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын 01 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн  нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 төгрөг байхаар,

          Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар,

           Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240000 төгрөг байхаар,

          Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550,00 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоожээ.

 

          Иймд шүүгдэгч   цалинг 2010  оны 08 дугаар сараас 2011 оны 3 сар хүртэлх  8 сар х108000=864000 төгрөгөөр, 2011 оны 04 дүгээр сараас 2013 оны 8 сар хүртэлх 29 сар x140400=4071600 төгрөгөөр,  2013 оны 9 сараас 2016 оны 12 сар хүртэлх 40 сар x192000=7680000 төгрөгөөр, 2017 оны 1 сараас 2018 оны 12 сар хүртэлх 24 сар x 240000=5760000 төгрөгөөр, 2019 оны 1 сараас 2019 оны 12 сар хүртэлх 12 сар x 320000=3840000 төгрөгөөр, 2020 оны 1 сараас 2022 оны 12 сар хүртэл 36 сар х 420000 төгрөг= 15120000 төгрөг, 2023 оны 1 сар x 550000=550000 төгрөгөөр тус тус тооцож,  нийт  37885600 (гучин долоон сая найман зуун наян таван мянга зургаан зуу) төгрөгөөр тогтоогдож байх тул зөрүү 42688784  (дөчин хоёр сая зургаан зуун наян найман мянга долоон зуун наян дөрөв) төгрөгийг гэм хорын хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг мөнгийг шүүгдэгч  гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

          3. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч  ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан диплом 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

           Шүүгдэгч  эрүүгийн хариуцлагын талаар “Прокурортой санал нэг байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

             Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

        Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

         

          Хэрэгт шүүгдэгч  хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 105, 137-144 хуудас)  зэрэг авагдсан.

        

          Шүүгдэгч  нь  урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3150000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр (хавтаст хэргийн хх-ийн141-144 хуудас)-аар нотлогдож байна.

 

           Шүүхээс шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

           Шүүгдэгч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэлээ.

                        

            Шүүгдэгч   нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол улсын Боловсролын их сургуулийн физик технологийн сургуулийн D200714580 дугаартай диплом, дипломын хавсралтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч  42688784 (дөчин хоёр сая зургаан зуун наян найман мянга долоон зуун наян дөрөв) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол улсын Боловсролын их сургуулийн физик технологийн сургуулийн D200714580 дугаартай диплом, дипломын хавсралтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ