Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2020/00149

 

                                      

 

 

2020 оны 01 сарын 07 өдөр          Дугаар 101/ШШ2020/00149         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 23 дугаарт байранд байрлах ******* СӨХны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.С-д холбогдох

3,283,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын    29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.С, нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С нь СӨХ-ны төлбөрөө цаг тухайд нь хийлгүй бөөгнүүлж 2005 оны 5 дугаар сараас эхлэн 2019 оны 12 дугаар сарын дуусталх хугацаанд 3,283,840 төгрөгийг төлөхгүй байгаа болно. Д.С СӨХ-ны төлбөрөө байр ашиглалтад орсноос хойш төлж үзээгүй байж байгаад өмнө нь ажиллаж байсан ******* СӨХ шүүхэд өгч нэг удаа авч байсан байна. График гаргаад яаж төлөхөө тайлбар өг гэх боловч өгдөггүй, олон нийтийн төлсөн лифт, засвар үйлчилгээ, цахилгаан, харуул хамгаалалт, цэвэрлэгээг ашиглаж байна. Иймд Д.Сгаас 3,283,840 төгрөгийг нэхэмжлэх шаардлагыг шүүхэд гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,127,600 төгрөгийг шаардаж байна. Өөрөөр хэлбэл анх шүүхэд 2005 оноос хойш нэхэмжилсэн бол, би өөрөө 2011 онд СӨХ-ийн ажил авсан өдрөөс хойш хугацаа буюу 2011 оноос хойших төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* СӨХ нь Содон саарал СӨХ болж нэрээ өөрчилсөн байна. 2007 онд ******* СӨХ-өөс 2005 оны 8 дугаар сараас 2006 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд дундын өмчлөлийн зүйлсийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарсан зардал болох нийт 261,720 төгрөгийн төлбөрийг алданги 130,860 төгрөг нийт 392,580 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн. Хариуцагч Ц.Б нь үндсэн төлбөрийн 261,720 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч алданги 130.860 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч П.Б хянаад хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тухай 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 541 дугаартай захирамж гарсан. Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан хэлэлцүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэжээ. Содон саарал СӨХ-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өмнө ажиллаж байсан ******* СӨХ шүүхэд өгч 1 удаа төлбөрийг авч байсан гэдгээ өөрөө нотолсон байна.Иймд төлбөрийн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасаныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрт 261.720 төгрөгийн төлбөрийг төлүүлэх асуудлаар ШШГүйцэтгэх газарт хандчих, хариуцагчийг дуудаж уулзахад төлбөрийг хувааж төлөх хүсэлт гаргана. ШШГгазрын дансанд мөнгө орсон тохиолдолд нэхэмжлэгчид мэдэгдэж, мөнгийг авах боломжтой гэж Б.Б-т хэлэхэд би Удирдах зөвлөлд хэлье гэсэн боловч хариу өгөөгүй. Хариуцагч Төрийн банкан дээр сар бүр очиж тэтгэврээ аваад байр цахилгаан зурагтын төлбөрөө хийхдээ СӨХ-ийн төлбөрийг төлнө гэхээр дансны гүйлгээг зогссон байна гэдэг хариуг удаа дараа хэлж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд дахин Төрийн банкан дээр удаа дараа зогсоосон гэдгийг тайлбарласан гэхэд 261.720 төгрөгийг төлөөгүй болохоор дараагийн төлбөрийн гүйлгээг хийгдэх боломжгүй байна гэсэн. 2002 оны намар байр ашиглалтад орсноос хойш СӨХ-ийн төлбөрийг 2005 оны 8 дугаар сар хүртэл тогтмол төлж байсан. Б.Б төлбөрийг гаргуулахын тулд өөрөө график гаргаад, гарын үсэг, тамгатай, албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдэж байгаагүй мөртлөө амаар хэлсэн гэж худал бичсэн байна. Ингээд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Төлбөр төлөхийг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан байна. Тэтгэврээс өөр орлогогүй би одоо СӨХ-д 3,000,000 төгрөгийн төлбөрийг төлж чадахгүй. Оршин суугчдын гомдлоор: Өмнө СӨХ-ийн үйл ажиллагаа явуулахад зориулсан байртай, оршин суугчид нь СӨХ-ийн дарга, нягтлан бодогчтой биечлэн уулзах боломжтой байсан. Б.Б СӨХ-ийн дарга, эхнэр нь нягтлан бодогч болсноос хойш СӨХ-ийн байранд айлууд ээлжлэн амьдардгаас болж СӨХ-ийн холбоотой асуудлаар оршин суугчид СӨХ-ийн удирдлагуудтай уулзах байргүй болсон. СӨХ нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, захирал, нягтлан бодогчтой гэтэл нэг ч удаа оршин суугчтай уулзаж байгаагүй, хурал хийж үзээгүй, өндөр цалин авдаг жилийн эцэст үр дүнгийн шагнал гэж бие биенээ шагнаж их архиддаг байсан сүүлийн үед том ресторанд суудаг том жип машин унадаг болсон.Хүүхдийн тоглоомын талбай байхгүй ээжүүд нялх хүүхдээ тэврээд орцын үүдэнд овоорон суудаг, байрны гадаа машинуудыг их хэмжээгээр оруулж өндөр төлбөр авдаг, оршин суугчдын саналыг авалгүйгээр гараашийн дээд талд дуу хөгжмийн студийн байрыг бариулсан гэх мэт хариуцлагагүй ажилладаг. Би тэтгэврээс өөр орлогогүй ам бүл хоёр, хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй, төлөх ямарч боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Д.С-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээтэй холбогдсон зардалд 3,283,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад 1,156,240 төгрөгийн шаардлагаас татгалзаж 2,127,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* СӨХ нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 23 дугаар байрыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2014 оны 1 дүгээр 15-ны өдөр олгосон 56 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх ба хариуцагч нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 23 дугаар байрны 59 тоот орон сууцны өмчлөгч гэдэгтээ маргахгүй байна. /хх-ийн 3 дугаар тал/

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дахь заалтад “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “холбоо” гэх/-г байгуулна” гэж заасан тул ******* СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 Хариуцагч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дахь заалтад “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2005 оны 8 дугаар сараас эхлэн 2019 оны 12 сарыг дуустал нийт 3,283,840 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 1,156,240 төгрөгөөр, 2011 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын дуусталх хугацааны төлбөрийг нэхэмжилсэн төлбөрийн тооцоололд маргахгүй байна.

Хариуцагч сар бүр тэтгэврээ аваад СӨХ-ийн төлбөрөө төлөх гэхээр Төрийн банканд хаалт хийсэн байдаг тул төлж чадахгүй байсан. Энэ талаар СӨХ-ийн дарга, Төрийн банканд удаа дараа хүсэлтээ илэрхийлж байсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дахь заалтад “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж хуулиар хүлээсэн үүрэгтэй байх тул хариуцагчаас 2011 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар  сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд буюу сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2,127,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,491 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.С-аас 2,127,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,491 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С-гаас 48,991.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ГАНЧИМЭГ