Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/00277

 

      2020         01           24  

 181/ШШ2020/00277

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Нэхэмжлэгч: ЭХХК -ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: М.Э /РД: ШБ59122579/-д холбогдох

1.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ж, хариуцагч М.Э, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

            Хариуцагч М.Э нь манай компанитай 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Kirby Sentra тоос сорогчийн иж бүрдэл бүтээгдэхүүнийг 5,700,000 төгрөгөөр худалдаж авсан.

Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2.1-т Худалдан авагч анхны төлөлт болох 300,000 төгрөгийг 3 хоногийн дотор төлнө. Үлдсэн төлбөрийг 18 сарын хугацаанд 300,000 төгрөгөөр төлж дуусгавар болгоно. Сар бүрийн 15-нд төлбөрөө төлж байна гэж заасны дагуу сар бүр 300,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийн байдлаар 4.200.000 төгрөгийг төлж, 1.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бид шүүхэд байгаа баримтаа гаргаж өгсөн, манай байгууллагад ус алдсанаас болж баримтууд бүрэн олдохгүй байгаа юм.

Хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөгийг төлснөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ болох 1,500,000 төгрөгийг М.Эгээс гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч ЭХХК гэгч нь ОХУ-ын бага ястангуудын луйврын компани юм. Нэхэмжилсэн 1 сая 500 мянган төгрөг гэсэн мөнгөний дүн худал байна.

            Миний тооцоогоор 800 мянган төгрөгийн үлдэгдэл байгаа. Үүнийг би телөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Харин манай талаас төлөгдсөн 4 сая 900 мянган төгрөгийг эргүүлж өгөөд тэр тэнгэрийн үнэтэй тоос сорогчоо буцааж авахыг шаардаж байна.

Энэ компани нь хүнд мөнгөний баримт нэг ч удаа өгөөгүй шаардаад ч өгдөггүй. Бид цаанаа тооцоо хийчихдэг гээд байдаг. Энэ нь Монгол Улсад татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гэж би үзэж байна.

Мөнх-Очирын Энхээ миний бие энэ луйврын компаний луйврын сүлжээнд өртөж хохирогч болсон хүний нэг юм. Энэ компанийн хүмүүс Монгол улсын иргэдийн гар утасны дугаарыг өөрийнх нь зөвшөөрөлгүй хууль бус аргаар олж аваад гэрийг чинь үнэгүй цэвэрлэж өгье гэж утасдаж шалж, хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг юм. Нэг өдөр гэхэд нэг өрх айлын нөхөр, эхнэр, хүүхэд рүү нь ч утасдсан байдаг.

Энэ схемийн дагуу агаа аниа гэж нялуун дуугарсан нэг залуу ажил дээр ирэхэд нь би нэг удаа ч болов эхнэртээ цэвэрлэгээ хийлгүүлээд өгчихье гэж бодоод гэртээ дагуулж очсон.

Гэтэл үнэгүй гэдэг нь худлаа болж таарсан. Хивсний нэг талыг нь цэвэрлэж үзүүлнэ. Тэгээд цүнхнээсээ бичгийн цаас дүүртэл нь татаж томруулсан шавьжны зураг гаргаад танай гудас хивсэнд энэ тоосоор хооллодог нүдэнд үл үзэгдэх ийм амьтан үүрлэсэн байгаа. Үр хүүхдэд чинь онош нь олдохгүй XXI зууны аймшигт өвчин тусна гэж айлгаж та сардаа ердөө 300-хан мянган төгрөг төлөөд л эрүүл амьдарна гэж хүний толгойг эргүүлж сэтгэхүйгээр тоглож тэр даруйд нь менежер гэх нөхөр гэрт ирээд бэлдсэн гэрээ гэгч цаасан дээр гарын үсэг зуруулсан. Хүний айж цочирдсон, бодож амжаагүй тэр л моментийг ашиглаж байгаа луйврын схем гэдэг нь энэ.

Би эхний сараас л тоос сорогчоо буцааж ав гэж шаардаж байсан. Яагаад гэвэл 1-рт манай доод тал болох 302 тоотод хэвтрийн хүнд өвчтэй хүн байна. Тийм учраас энэ дуу чимээ ихтэй юмыг ашиглаж болохгүй байна гэж. 2-рт Бид жар дөхсөн настай хүмүүс учраас энэ олон үйлдлийг цээжилж ажиллуулж чадахгүй байна гэж. 3-рт 500-хан ваттын хүчин чадалтай, байшин нураам дуу чимээтэй, хоцрогдсон тоос сорогч яагаад 5 сая 700 төгрөгийн үнэтэй байдаг юм бэ гэж. Тэгээд ч наад тоос сорогчийг чинь 1 саяар, 500 мянгаар зарна гэсэн зар интернэтэд байна ш дээ гэж. Энэ маягаар байнга шаардлага тавьсаар байтал манай гэрт захирал Мухамед Крымович гэгч сахалтай казах маягийн нөхөр ирж эдгээр учир шалтгааныг сонсож, тоос сорогчий хэрэглээгүй шинээрээ байгааг үзэж хараад явсан. Гэхдээ миний мөнгийг буцааж өгөх шийдвэрийг гаргаж чадаагүй.

Нэгэнт л миний мөнгийг эргүүлж өгөх шинжгүй болохоор нь надад 1 сая 300 төгрөгний өртэй Батсуурь гэдэг залуугаас 100, 100 мянгаар нь ч болов аваад өрөө дуусгах уу гэхэд менежер залуу нь зөвшөөрч манай эхнэрээс зөрүү мөнгийг бөөнөөр нь аваад гар бариад явсан. Батсууриас нэг удаа 100 мянга, дараа нь 400 мянга нийт 500 мянгыг авсан байдаг. Тэгээд нэг өдөр манай эхнэр лүү утасдаж Энэ залуу чинь ажлаасаа гарчихлаа. Ажилд орохоороо өгнө гээд байна гэхэд нь Яаж авах нь чиний асуудал гэж хэлээд утсаа тасалсан байсан. Одоо Батсуурь нь нэг барилгын компанид ажиллаж байгаа. Мөнгийг нь цувруулж өгч байсан нь үнэн.

Хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг өгсөн байхаа, би сайн санахгүй байна, эд нар баримт өгч байгаагүй, дандаа худал ярьдаг, татвар төлөхөөс зугтааж баримт өгдөггүй байх гэж бодож байна. Тийм болохоор ямар ч мөнгө төлөхгүй гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

            Нэхэмжлэгч ЭХХК нь хариуцагч М.Эд холбогдуулан 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ЭХХК -нь 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч /худалдагч/ ЭХХК - нь хавсралтад заасан Kirby Sentra тоос сорогчийг иж бүрдэлийн хамт хариуцагч /худалдан авагч/-ийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь барааны үнэ болох 5.700.000 төгрөгийг, сар бүрийн 15-ны өдөр 300.000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 8-10-р хуудас/

Уг гэрээгээр худалдагч ЭХХК нь худалдан авагч М.Эг барааны /Kirby Sentra тоос сорогч/ үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг / Kirby Sentra тоос сорогчийг/ шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны туршид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Өөрөөр хэлбэл худалдагч ЭХХК-нь худалдан авагч М.Эд Kirby Sentra тоос сорогчийг худалдахаар, худалдан авагч М.Э нь Kirby Sentra тоос сорогчийн үнийг хэсэгчлэн буюу тодорхой хугацааны туршид төлөхөөр харилцан тохиролцжээ.

Хариуцагч М.Э нь нэхэмжлэгч ЭХХК-д 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд нийт 4.200.000 төгрөгийг төлсөн болох нь төлбөр төлж байсан тухай тооцоо, бэлэн мөнгөний орлогын баримт болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 12. 24-27-р хуудас/

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Иймд хариуцагч М.Э нь Kirby Sentra тоос сорогчийн үнийн үлдэгдэл болох 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгч ЭХХК-д төлөх үүрэгтэй байх тул хариуцагч М.Эгээс 1.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭХХК-д олгох үндэстэй.

            Хариуцагч М.Э нь миний тооцоогоор бол 4.900.000 төгрөгийг төлсөн 800.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.,38 дугаар зүйлийн 38.1., 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д зааснаар хариуцагч М.Э-ээс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭХХК-д олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эгээс улсын тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                Ч.ИЧИНХОРЛОО