Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2020/00505

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Т.Л-д холбогдох иргэний хэрэгт

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “ТД” ХХК -ийг оролцуулан

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөнномин, хариуцагчийн өмгөөлөгч С.Батцэрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр, Т.Отгонбаатар, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “ТД” ХХК-тай 2016/15 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт гэрээг тус тус байгуулж, гэрээний нийт үнийн дүнгийн 20%-ийг бэлэн мөнгөөр, 80%-ийг орон сууцаар бартер хийхээр тохиролцсон.

Дээрхийн дагуу 2018 онд нийт 4 ширхэг орон сууцыг “Ти Ди Өргөө” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр тохиролцож ажлыг гүйцэтгэж дуусч, акт үйлдсэнээр орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэхээр болсон.

Гэвч “ТД” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, дутуу ажлаа хийж гүйцэтгэхийг байнга шаардаж байгаа боловч ажлаа бүрэн хийж дуусгаагүй байна. Бидний зүгээс барилгын ерөнхий инженер, компанийн төлөөллийг байлцуулан манай компаниас материал, ажлын хөлсийг гаргаж гүйцэтгэсэн ажил 73,180,770 төгрөг, дутуу гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгэх зардал 74,175,624 төгрөг, нийт 147,356,394 төгрөг гэсэн тооцоог гаргасан.

“ТД” ХХК-аас одоог хүртэл дутуу ажлаа гүйцэтгээгүй, акт үйлдэхгүй элдэв шалтаг тоочсоор байсан тул гэрээг цуцалсан.

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгаатай холбогдуулан “Ти Ди Өргөө” ХХК-д бартераар эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр тохиролцсон 5 давхрын 27 тоот орон сууцыг (5 давхар, 27 тоот- 44.14м2 , 1м2 1,650,000 төгрөгөөр тооцох) өөр этгээдэд худалдах гэсэн боловч бидний зөвшөөрөлгүйгээр иргэн Т.Л гэх хүнд худалдан төлбөрийг бүрэн авсан байх ба уг айл нүүж орсон байдалтай, чөлөөлж өгөхгүй байна.

Барилгыг манай компани захиалан бариулсан тул орон сууц манай компанийн өмчлөгч. “ТД” ХХК нь гэрээт ажлыг дуусгаагүй тул бид өөрсдийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа этгээдээс чөлөөлүүлэн авах үндэслэлтэй.

Хариуцагч Т.Л нь манай компанитай ямар нэг гэрээ байгуулаагүй, мөнгө төлөөгүй тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны, Аз жаргал хотхоны А блок буюу 1 дүгээр орцны 5 дугаар давхар, 27 тоот орон сууцыг Т.Лгийн хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Т.Л нь “ТД” ХХК-ийн захирал Золбаяртай 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 55,000,000 төгрөгийг бүрэн төлж, орон сууцандаа орсон. Анх гэрээ байгуулахдаа 2018 оны 11 сард “А” ХХК-ийн захирал Чулуунчимэгтэй уулзаж, худалдан авах гэж байгаа орон сууцны талаар тодруулахад “Золбаяр захирлын 4 ширхэг бартерийн байр байгаа, ажлын гүйцэтгэл 20-тай явж байгаа. Байранд орж болно” гэсэн учир гэрээ хийж, мөнгөө төлж, байрандаа орсон.

Худалдах, худалдан авах гэрээнд заасан 55,000,000 төгрөгийг 2018.05.09-нд 25,000,000 төгрөг, түүнээс хойш 2018.06, 2018.07, 2018.08 саруудад 1,000,000 төгрөг буюу нийт 3,000,000 төгрөг, 2018.09.26-нд 8,500,000 төгрөг, мөн 5,000,000 төгрөг, хамгийн сүүлд машинаа 13,000,000 төгрөгт тооцож өгөөд төлбөрөө бүрэн төлсөн.

Иймд нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулж мөнгөө бүрэн төлсөн, гэрээний дагуу орон сууцыг мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар эзэмшиж байгаа тул хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Т.Лг шударга эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“ТД” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “А” ХХК-тай 2016/15 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцны зориулалттай 6 орц бүхий барилгын бүх орцны “Дотор цахилгаан угсралт, газардуулга аянга зайлуулах, холбоо дохиолол (телефон, интернет, кабелийн телевиз), домофон систем дохиолол хамгаалалт, галын дохиолол угсралтын ажил”-ыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Улмаар 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2016/15 тоот “Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ”-г байгуулан А блок буюу 1 дүгээр орцны /дотор цахилгаан холбоо, дохиолол/ ажлыг өөрийн материал, санхүүжилтээр хийж гүйцэтгэхээр болж, ажлын хөлсийг 339,957,258 төгрөгөөр тохиролцсон. Энэхүү гэрээгээр нийт үнийн дүнгийн 20 хувийн төлбөр 65,809,758 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 80 хувийн төлбөр 274,147,500 төгрөгийг бартераар хийх, “А” ХХК нь “Аз жаргал” хотхоны А блок буюу 1 дүгээр орцны 5 давхарт 2 болон 6 давхарт 2 нийт 4 ширхэг байрыг гэрээний төлбөрт бартераар төлөхөөр орон сууцны захиалгын гэрээг хийсэн.

“ТД” ХХК нь “А” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 2016-107 тоот “Захиалгаар орон сууц барих тухай гэрээ” байгуулж, Аз жаргалан хотхоны 301-р байрны 44.14 м.кв талбайтай 5 давхрын 05-01 тоот орон сууцны захиалж, улмаар орон сууцыг улсын комисс авсны дараагаар орон сууцыг хүлээн авахаар харилцан тохиролцсон.

Гүйцэтгэгч “ТД” ХХК гэрээнд зааснаар ажлын гүйцэтгэлийг бүрэн дуусгаж улсын комиссод хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Энэхүү үүргээ гэрээнд заасны дагуу зохих ёсоор гүйцэтгэн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 2019/62 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргуулсан. Ийнхүү “ТД” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг улсын комиссоос хүлээн авснаар гэрээнд заасан орон сууцнуудын өмчлөх эрх үүссэн. Иймээс “А” ХХК нь орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч, орон сууцыг эзэмших эрхийг гэрээ ёсоор олгосон болно.

“А” ХХК-тай байгуулсан гэрээт ажлын явцад материал ажиллах хүчний зардал шаардлагатай байсан тул 2018 оны 5 сарын 09-ний өдөр иргэн Т.Лд Аз жаргалан хотхоны 301 дүгээр байрны 44.14 м.кв талбайтай 5 давхрын 05-01 тоот байрыг 55,000,000 төгрөгөөр шилжүүлж өгөхөөр тохирч, төлбөрийг бүрэн хүлээн авсан. Т.Л нь өнөөдрийг хүртэл тус байранд амьдарч байгаа бөгөөд байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгье гэхээр “А” ХХК нь гэрээгээр тохироогүй хэт өндөр буюу дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс гэх 20,588,000 төгрөг, 100 ширхэг тоолуурын үнэ 8,000,000 төгрөг, цахилгаан утас, нэмэлт сэлбэгийн 5,000,000 төгрөг, унтраалга, залгуур 125 комны үнэ 10,330,000 төгрөг, ажилчдын зардал гэх /40 хоног/ 23,400,000 төгрөг, oгт хийгдээгүй гэх 3-16 давхрын галын дохиолол 20,000,000 төгрөг, мөн давхруудын домофон систем 20,000,000 төгрөг нийт 107,318,000 төгрөгийн зардлыг нэхэмжилж Т.Лгийн нэр дээр байрыг шилжүүлэхгүй хохироож байгаа болно.

Мөн “А” ХХК нь манай компанийн гүйцэтгэсэн ажилд зарцуулагдсан 25,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Орон сууцны асуудлаар уулзъя гээд очихоор хэн нь шийдвэр гаргах нь тодорхойгүй, гүйцэтгэх захирал М.Чулуунчимэг нь би мэдэхгүй, хувьцаа эзэмшигч Xue Huadong /Шадун/ гэх хүнийг шийдвэрлэнэ гэдэг, хуульч нар компанийнхантай холбогдож шийдвэрлэе бид дангаараа шийдвэрлэхгүй гэдэг. Мөн байрыг нэхэхэд манайхаас ажил гүйцэтгэхэд их хэмжээний зардал гаргасан, хүн хүч ажиллуулсан зэргээр тохиролцоогүй, үндэслэлгүй зүйлсээр шалтаг хийж, 3 байр болон 25 сая төгрөгийг төлөөгүй. 2019.05.03-ны өдөр ажлын байранд нь очиж уулзахад маргааш нь барилга дээр нь уулзан ямар ажил дутуу байгаа, ямар хэмжээний ажил хийчихсэн байгаа зэргийг маргаангүйгээр шийдвэрлэе гээд талуудаас гүйцэтгэх захирал, инженер, хуульч нарыг оролцуулан уулзахаар болоход ажил хүлээлцэх, шийдвэр гаргах гол хүмүүс болох гүйцэтгэх гүйцэтгэх захирал, инженер нар нь ирдэггүй болно

Иймд иргэн Т.Л нь тус байрны хууль ёсны эзэмшигч учраас “Анд Интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүх талуудаас шаардлага, татгалзал, тайлбараа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Т.Лгийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа “ТД” ХХК нь хариуцагчийн татгалзал, сөрөг шаардлагыг дэмжсэн тайлбар гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Т.Л нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Аз жаргал хотхоны А блок байрны 1 дүгээр орц, 5 давхрын 27 тоот орон сууцыг “ТД” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Аз жаргал хотхоны захиалгаар орон сууц бариулах гэрээг шилжүүлэн авах тухай” гэрээний үндсэн дээр буюу уг гэрээнд заасан 55,000,000 төгрөгийг тус компанид бүрэн төлсний дагуу 2019 оны 2 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын маргаагүй үйл баримтаар тогтоогдсон.

 

“А” ХХК нь тухайн орон сууц бүхий Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Аз жаргал хотхоны 96 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 359 айлын орон сууцны зориулалттай барилгын захиалагч бөгөөд гүйцэтгэгч болох нь мөн талуудын маргаагүй тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд уг барилгыг 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019/62 тоот дүгнэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэсний дагуу барилга ашиглалтад оржээ.

 

Дээрх барилга угсралтын ажлын явцад “ТД” ХХК туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.

 

“А” ХХК /захиалагч/ болон “ТД” ХХК /гүйцэтгэгч/-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2016/15 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2016/15 тоот “Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ” тус тус байгуулагдаж, эдгээр гэрээгээр гүйцэтгэгч нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд баригдаж байгаа үйлчилгээтэй, орон сууцны барилгын А блок буюу 1 дүгээр орцны дотор цахилгаан угсралт, газардуулга аянга зайлуулагч, холбоо дохиолол, домофон систем дохиолол хамгаалалт, галын дохиолол угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 110,000,000 төгрөг, материалын зардал 239,957,258 төгрөг буюу нийт 339,957,258 төгрөгийн 20% болох 65,809,758 төгрөгийг бэлэн мөнгөөр, 80% болох 274,147,500 төгрөгийг байраар буюу Аз жаргал хотхоны А блок /1-р орц/-ийн 5 дугаар давхрын 2 ширхэг /1 м.кв-ын үнэ 1,650,000 төгрөг/, 6 дугаар давхрын 2 ширхэг /1 м.кв-ны үнэ 1,850,000 төгрөг/ орон сууцыг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлэх, зөрүү 16,268,000 төгрөгийг дараагийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс хасаж тооцох замаар төлбөрийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Энэ дагуу талууд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Захиалгаар орон сууц барих тухай 2016-107 тоот гэрээ”-г байгуулж, “А” ХХК нь Аз жаргал хотхоны 301 дүгээр байр, А блокийн 5 давхарт байрлах 05-01 тоот буюу одоогийн 27 тоот 44,14 м.кв талбайтай 72,831,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан төлбөр бүрэн төлөгдсөнөөр улсын комиссод барилгыг хүлээлгэн өгснөөс хойш 2 сарын дотор өмчлөх эрхийг шилжүүлж, гэрчилгээг гаргуулан өгөх, “ТД” ХХК нь төлбөрийг 100% бартераар төлөх үүргийг хүлээжээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу “ТД” ХХК тодорхой ажлыг гүйцэтгэсэн байх боловч чухам ямар хэмжээгээр гүйцэтгэсэн болохыг энэ хэргийн баримтаар тодорхойлон дүгнэх боломжгүй байна.

 

“Захиалгаар орон сууц барих тухай 2016-107 тоот гэрээ”-нд заасан 27 тоот орон сууц нь одоо Т.Лгийн эзэмшилд байгаа орон сууц мөн бөгөөд өнөөдрийн байдлаар тухайн орон сууц эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хэний ч өмчлөлд бүртгэгдээгүй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 7/261 тоот лавлагаагаар тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дээрх үйл баримтад талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгчийн хувьд “А” ХХК нь барилгын захиалагч тул өмчлөх эрх өөрт үүссэн гэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан бол, хариуцагч Т.Л нь орон сууцны үнийг бүрэн төлснөөр хууль ёсоор эзэмшиж байгаа үндэслэлээр мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг шаардлага гаргасан байгаа.

 

Харин гуравдагч этгээд “ТД” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн учир уг гэрээний төлбөрт тооцож, шилжүүлэхээр тохирсон орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрх өөрт үүссэн, гэрээний дагуу өмчлөх эрх үүссэн орон сууцыг Т.Лд худалдсан, худалдах, худалдан авах гэрээнд заасан төлбөрийг Т.Л бүрэн төлсөн үндэслэлээр хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийг дэмжсэн болно.

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.” гэж тус тус заажээ.

 

Манай тохиолдолд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Аз жаргал хотхоны А блок байрны 1 дүгээр орц, 5 давхрын 27 тоот орон сууц нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алиныг өмчлөгч гэж шууд дүгнэх хууль зүйн боломжгүй байна.

 

Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Аз жаргал хотхоны 96 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 359 айлын орон сууцны зориулалттай барилгын захиалагчийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар “А” ХХК-д 27 тоот орон сууцны өмчлөх эрх үүсэх, түүнтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 27 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон тул мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар “ТД” ХХК нь орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхийг олж авсан байх хууль зүйн боломжтой байна.

 

Тэгэхээр гуравдагч этгээд “ТД” ХХК-д 27 тоот орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг “А” ХХК-аас шаардах эрх үүссэн эсэх асуудал нь зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх гол үндэслэл болохоор байна.

 

Учир нь, “А” ХХК-д шаардах эрх үүссэн тохиолдолд тус компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг төлж, орон сууцыг одоо эзэмшиж байгаа Т.Лгийн эзэмшил хууль ёсных, шаардах эрх үүсээгүй бол Т.Лгийн эзэмшлийг хууль бус гэж үзэх хууль зүйн үр дагавар үүснэ.

 Гэтэл хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар “А” ХХК-аас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар 27 тоот орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхийг “ТД” ХХК олж авсан гэж үзэх бүрэн үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 147,356,394 төгрөгийн буюу 27 тоот орон сууцны үнээс давсан үнийн дүн бүхий төлбөрийн маргаан байгаа болох нь тогтоогдсон, энэхүү маргаан нь ажлын үр дүнгийн доголдлыг арилгасантай холбоотой гарсан зардлаа нөхөн төлүүлэх, эсхүл гүйцэтгэгч тал үүргээ ноцтой зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх захиалагчийн шаардах эрхийн аль үндэслэлээс үүдэлтэй болох нь тодорхойгүй байна.

 

Захиалагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар ажлын үр дүнгийн доголдлыг арилгасантай холбоотой өөрөөс гарсан зардлаа мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байдаг бол мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд гүйцэтгэгчийн хийсэн ажлын үр дүнд тохирсон хөлсийг төлөх буюу анх гэрээгээр тохирсон хөлсний зарим хэсгийг төлж, үлдэх хэсгээс татгалзах, мөн учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй буюу хоёр өөр хууль зүйн үр дагаврыг үүсгэдэг.

 

Хэрэв захиалагч буюу “А” ХХК ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан үндэслэлээр учирсан хохирол 147,356,394 төгрөг гэж маргааны үндэслэлээ тодорхойлж, энэ нь хууль зүйн үндэслэлтэй бол гүйцэтгэгч буюу “ТД” ХХК-д гэрээний төлбөрийг бүрэн төлөх буюу 4 ширхэг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээхгүй, үүнээс үүдэн “ТД” ХХК-д орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрх үүсэхгүй, цаашлаад ирээдүйд эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхийг бусдад буюу Т.Лд худалдан борлуулах асуудал яригдахгүй юм.

 

Иймд ажил гүйцэтгэх гэрээний талууд болох “А” ХХК болон “ТД” ХХК-ийн хооронд үүссэн уг гэрээтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний хойно Т.Лгийн эзэмшиж байгаа орон сууцыг нэхэмжлэгч, эсхүл гуравдагч этгээдийн хэнд өмчлөх эрх үүсэх нь тодорхой болох тул нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэх бүрэн үндэслэл тогтоогдоогүй энэ үед гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшиж байгаа хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

 

Үүний нэг адилаар хариуцагч нь орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэхэд тухайн орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг нэхэмжлэгчээс шаардах эрх гуравдагч этгээдэд үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй нөхцөл байдал саад болж байна.

 

Тиймээс нэхэмжлэгч “А” ХХК болон гуравдагч этгээд “ТД” ХХК-ийн хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй маргаан шийдвэрлэх хүртэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн алины гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Т.Лд холбогдох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Аз жаргал хотхоны А блок байрны 1 дүгээр орц, 5 давхрын 27 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Аз жаргал хотхоны А блок байрны 1 дүгээр орц, 5 давхрын 27 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай Т.Лгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 522,200 төгрөгөөс 522,105 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлөгдсөн 95 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА