Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/00278

 

       2020        01          24  

 181/ШШ2020/00278

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А ХК -д холбогдох

АХК-ийн 02/19/884 тоот нөхөн төлбөрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, 5.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.                   

                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Н овогтой Б нь өөрийн хүү Энхбаярын эзэмшлийн улсын бүртгэлийн 5669УНЛ дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Esso oil авто засварын газрын 15,765,000 төгрөгний үнэ бүхий 3D тэнхлэг тохиргооны аппаратыг өөрийн буруутай үйлдлийн улмаас мөргөж хохирол учруулсан.

Н.Бгийн хувьд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр АХК-тай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулан жолоо барих эрхтэй этгээдээр өөрийн нэрийг нэмүүлж даатгалын хураамжид 43,560 төгрөг төлсөн.

2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон холбогдох материалыг АХК-д бүрдүүлэн өгсөн боловч 9 дүгээр сарын 13-ны өдөр АХК-ны 02/19/884 тоот Нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай албан бичгээр замын хөдөлгөөнд оролцоогүй байх үед эрсдэл учирсан гэж үзэн нөхөн төлбөр олгохоос таталзсан шийдвэр гарсан.

Иймээс Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан. Тус газраас Байгууллагын дотор талбай буюу уг засварын газар нь үйлчлүүлэгчдийн тээврийн хэрэгслийг түр хугацаанд байрлуулан засварлах болон нээлттэй үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий байгууламж тул энэхүү зам тээврийн осол болсон зорчих хэсгийг нийтийн хэрэгцээг хангах зориулалт бүхий гэж үзэхээр байна гэсэн хариуг ирүүлсэн.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 -т зааснаар уг хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг тогтоосон хэмжээгээр олгож, уг шийдвэрийн биелэлтийг тус Хороонд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг үүгээр мэдэгдье гэсэн боловч АХК нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу даатгалын гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй гэсний дагуу талууд иргэний журмаар нэхэмжлэлээ гаргасан.

2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эссо засварын газарт машин тэнхлэг тохиргоо хийлгэх гэж ороод хааз, тоормозоо андуурч тэнхлэг тохиргооны 3D аппаратыг нь мөргөж хохирол учруулсан болно.

Тухайн үед Ард даатгалын ажилтан ирж зураг болон хохироосон зүйлийн эд хөрөнгийн бүртгэлийг авч танд манай даатгалаас дээд тал нь 5.000.000 хүртэлх хохирлыг барагдуулах болно гэж хэлсэн юм.

Тэр дагуу би ямар ч л байсан тус байгууллагыг хохиролгүй болгож өгье гээд засвар болон бусад зүйлийг нь засаж хэвийн ашиглалттай болгосон.

Иймд АХК-ийн 02\15\884 тоот нөхөн төлбөрийн шийдвэрийг хүчингүй болгуулж 5.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.9-д жолоочийн даатгалын тохиолдол гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг хэлнэ гэсэн.

Н.Б болон АХК-ийн хооронд байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 2.1-т энэхүү гэрээний даатгалын зүйл нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага байна.

Мөн гэрээний 3.1-т Даатгуулагч дараах төрлийн эрсдлийг даатгуулна. Үүнд: 3.1.1-т Жолооч автотээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол, 3.1.2-т Жолооч автотээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол, 3.1.3-т Жолооч автотээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол гэж тус тус заасан байна.

Дээрх заалтуудаас үзвэл жолооч автомашин жолоодон гагцхүү замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж, бусдад учруулсан хохирлыг жолоочийн даатгалын тохиолдол гэж үзэж даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоор байна.

Н.Б нь Эссо авто засварын газрын дотор байрлах тэнхлэг тохиргооны төхөөрөмж дээр гарч зогсох үедээ осол гаргасан нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Дугаар 3114 Прокурорын тогтоол дахь Н.Баясгалан, Н.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т зам гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна мөн хуулийн 3.1.5-д замын хөдөлгөөн гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг, гэж заасан байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 11.2.21-т зорчих хэсэг гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно;

Дээрх тодорхойлолтуудад заасанчлан авто засварын газрын шал, тэнхлэг тохиргоо руу гарах хэсэг нь ЗХАБтХ-ийн 3.1.4-т заасан зам гэсэн тодорхойлолтод хамаарахгүй байна.

Мөн цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллагаас Н.Бг замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг зөрчиж, Эссо авто засварын газарт зам тээврийн осол гаргасныг тодорхойлоогүй нь Н.Бг зам дээр автомашиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийг аль нэг эсвэл хэд хэдэн заалтыг зөрчин, зам тээврийн осол гаргаагүй болохыг илэрхийлж байна.

Харин Н.Бг бусдын эд хөрөнгийг болгоомжгүй гэмтээсэн болохыг төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон.

Түүнчлэн Н.Бгийн гомдолд хариу өгсөн Санхүүгийн Зохицуулах Хорооны Даатгалын нөхөн төлбөрийн тухай 9/3680 тоот албан бичигт ..., зам тээврийн осол болсон зорчих хэсгийг нийтийн хэрэгцээг хангах зориулттай гэж үзэхээр байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь тус албан бйчигт дурдсан зорчих хэсэг гэх тодорхойлолт нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.213 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Даатгалын тухай хуулийн 82.1-т Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх ..., гэж зааснаар Хороо даатгалын нөхөн төлбөртэй холбоотой даатгагч, даатгуулагчдын маргааныг урьдчилан шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэр нь даатгагч даатгалын нөхөн төлбөрийг олгох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Авто засварын газрын талбай нь зөвхөн тус газрын үйлчлүүлэгчдэд зориулагдсанаас бус дурын хэн бүхэнд буюу олон нийтэд зориулагддаггүй.

Зам тээврийн осол гэдгийг эрх бүхий байгууллага тогтоох ёстой, гэтэл зам тээврийн осол болсон гэдгийг тогтоогоогүй.

Нэгэнт дээрх осол зам дээр гараагүй буюу зам тээврийн осол болоогүй нь үйл баримтаар илэрхий байх тул жолоочийн даатгалын тохиолдол гэж үзэх боломжгүй байна.

Иймд Даатгалын тухай хуулийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг олгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

              ҮНДЭСЛЭХ НЬ:

           Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Н.Б нь А ХК-д холбогдуулан АХХК-ийн 02/19/884 тоот нөхөн төлбөрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.Б, түүний хүү Б.Энхбаяр нар нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий АХК-д даатгалын хураамжид 43.560 төгрөгийг төлж, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаатайгаар Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулан талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 6-р хуудас/

Дээрх гэрээгээр даатгуулагч Н.Б нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдлөгөөнд оролцох үедээ бусдын амь насанд, эрүүл мэндэд, эд хөрөнгөнд учруулсан хохирол зэргийг даатгуулж зохигч гэрээнд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн талаар талууд маргаагүй болно.

Даатгуулагч Н.Б нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар даатгалын нөхөн олговорыг олгохгүй байгаа тухай гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж ... даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг тогтоосон хэмжээгээр олгож уг шийдвэрийн биелэлтийг тус хороонд эргэж мэдэгд гэсэн хариуг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/3680 дугаартай албан бичгээр авч улмаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд хандсан байна. /хх-ийн 1-2, 10-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 9-т заасны дагуу даатгуулагч нь:

            -даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, Цагдаагийн байгуулагад мэдэгдэж даатгалын баталгаа, гэрээг шалгуулах,

-даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдэллийг даатгагчийн болон эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд гаргаж өгөх үүргийг хүлээжээ.

            Мөн гэрээний 10.3.-т заасны дагуу даатгалын тохиолдлын үед дараах баримтыг бүрдүүлэн өгнө. Үүнд:

            10.3.1. Даатгалын гэрээ,

            10.3.2. Даатгулагчийн өргөдөл,

            10.3.3. Шаардлагатай бусад баримт бичиг гэж харилцан тохиролцсон байна.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4-т заасны дагуу даатгуулагч Н.Б нь

4.1.1.авто тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдлөгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол,

4.1.2.авто тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдлөгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол,

4.1.3.авто тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдлөгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол гэсэн эрсдэлүүдийг даатгуулжээ.

Даатгуулагч Н.Багалмаа нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баян зүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ESSO авто сервесийн төвд 56-69 УНЛ улсын дугаартай Alphard маркийн тээврийн хэрэгслийн тэнхлэг тохиргоог хийлгэхээр тэнхлэг тохиргооны төхөөрөмж болох тусгайлсан зам \яам\-руу гарахдаа тус газрын ML-3D-2S\B загварын тэнхлэг тохиргооны төхөөрөмж эвдэж бусдын эд хөрөнгөнд 15.675.025 төгрөгийн хохирол учруулсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5,6,12-19, 41-46, 48-63, 65-76-р хуудас/

Жолоочийн даатгалын тухай хуулийн дүгээр зүйлийн 1.1.-т Энэ хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-Т зам гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг,

3.1.5.-д замын хөдөлгөөн гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг,

3.1.9.-д жолоочийн даатгалын тохиолдол гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг тус тус ойлгоно гэжээ.

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.21.-т зорчих хэсэг гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг ойлгоно гэж заажээ.

Дээрх бүхнээс дүгнэхэд даатгуулагч Н.Б нь ESSO авто сервесийн төвөөр үйлчлүүлэхдээ авто тээврийн хэрэгсэл жолоодон нийтийн хэрэгцээний \уг авто сервесээр үйлчлүүлж буй авто тээврийн хэрэгслийн\ зам дээр замын хөдөлгөөнд оролцож, уг төвөөр үйлчлүүлж буй тээврийн хэрэгслүүдийг зорчиход зориулсан зурвас газар болох тэнхлэг тохиргооны зам \яам\ -руу өгсөхдөө бусдын эд хөрөнгөнд хохирол учруулж даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ.

Даатгуулагч Н.Б нь бусдын эд хөрөнгөнд 15.675.025 төгрөгийн хохирол учруулж, уг хохирлыг ESSO авто сервесийн төвд төлж барагдуулсан болох нь Хохирлын үнэлгээний тайлан болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 43-46, 62, 63, 66, 68-76-р хуудас\

Иргэний хулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Иймд АХК нь даатгуулагч Н.Бд 5.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ АХК-ийн 02/19/884 тоот нөхөн төлбөрийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин уг нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой тул АХК-ийн 02/19/884 тоот нөхөн төлбөрийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

           1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-т заасныг баримтлан АХК-иас 5.000.000 \таван сая\ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

              4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО