Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                       С.Төртулах

             Улсын яллагч                                      Г.Тунгалаг

                         Шүүгдэгч                                               Б.Баярням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Баярнямд холбогдох 2332000000085 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн 5-532 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Өвгөнбүргэд овгийн Баатарсүрэнгийн Баярням, Регистрийн дугаар /РД:ИЙ03271316/.

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.Баярням нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Dayun” маркийн “23-83 СЭЗ” Улсын дугаартай мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.5а,б, г заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Дөлгөөнийг дайрч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, мөн тухайн хэрэг учрал болсон газрыг зориуд орхиж зугтааж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Баярням нь шүүх хуралдаан мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй..., ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

Эрүүгийн  2332000000085 тоот хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Х.Дөлгөөний мөрдөн байцаалтад мэдүүлсэн:“...Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний орой 23 цаг өнгөрч байх үед сургуулиасаа ангийн багш Элбэрэл, ангийн охин Мишээл, нөгөө ангийн охин Солонго нарын хамт гараад гэртээ харих замдаа 7 дугаар баг Шарын голын гудамжны “Дөрвөн бэрх” дэлгүүр рүү Солонготой хамт очих гэж явж байтал Шарын голын гудамжны хойд хэсэгт шороон зам дээр нэг мотоциклийн гэрэл тусаад миний араас намайг нэг мотоцикл ирж мөргөсөн. ...Солонго бид хоёр гудамжны шороон замын гол хэсэгт Солонго миний урд, би Солонгын хойно нь явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Алтанбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би “23-83 СЭЗ” Улсын дугаартай цэнхэр өнгийн “Dayun” маркийн мотоциклийг хуурай дүү Б.Баярнямд 2022 онд бэлэн мөнгөөр зарсан. Тухайн үед түүний нэр дээр гэрчилгээг шилжүүлж амжаагүй юм. ...Би Б.Баярнямд бэлэн мөнгөөр зарсан. Би Б.Баярнямаас авах мөнгөний үлдэгдэл байхгүй. Түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 30-р тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Солонгын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2023 оны 05 дугаар сарын 09-ний орой сургууль дээр самбар хийж дуусаад уг өдрийн орой 22 цаг өнгөрч байхад багш Элбэрэл, сурагч Мишээл, Дөлгөөн бид 4 гэр лүүгээ явахаар сургуулиас гарсан. Уг өдөр эмээгийн төрсөн өдөр болж байсан болохоор лаа авах шаардлага гараад найз Дөлгөөнийг цуг “Дөрвөн бэрх ороод ирье” гээд түүнийг дагуулаад гудамжны үзүүр дээр багш Элбэрэл, найз Мишээл хоёрыг үлдээгээд бид хоёр дэлгүүр рүү явсан. Дөрвөн бэрх дэлгүүрийн үүдэнд найз Дөлгөөнийг араас нь мөргөсөн. Бид хоёр тухайн үед араас мотоцикл ирж байсан талаар мэдээгүй.... Араас хурдтай явж байгаад Дөлгөөнийг мөргөсөн. Мотоциклын дугаар харж чадаагүй, Цэнхэр өнгийн мотоцикл байсан. Уг мотоциклыг 1 эрэгтэй хүн унаж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Мишээлийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...Багш зам дагуу алхаж явтал нөхөр нь ирэхээр та 3-ыг хүргээд өгье гээд алхаж байтал найз Солонгоо эмээгийн төрсөн өдөр болж байгаа дэлгүүр ороод лаа авах хэрэг байна гээд Дөлгөөнийг дагуулаад “Шарын голын 1 дэх хөндлөнд байрлах “Дөрвөн бэрх” дэлгүүр рүү явсан. Багш бид хоёр Дөлгөөн. Солонгоо хоёрыг хараад Шарын голын гудамжны үзүүр дээр хүлээгээд зогсож байсан. Дөлгөөн Солонгоо хоёр Дөрвөн бэрх дэлгүүр рүү орохын өмнө хурдтай явж байсан цэнхэр өнгийн мотоцикл Дөлгөөний араас мөргөсөн. Тэгээд багш бид хоёр очоод дуудлага мэдээлэл өгсөн. ... Мотоцикл хойноос урд чиглэлтэй явж байгаад Дөлгөөний араас мөргөсөн. Цэнхэр өнгийн мотоцикл байсан. Дөлгөөнийг мөргөөд шууд зугтаад явсан. ... “2383-СЭЗ” Улсын дугаартай цэнхэр өнгийн мотоцикл байсан. Гудамж гэрэлтэй харагдах зүйл хэвийн байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р тал/,

 

Гэрч Д.Элбэрэлийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:“...2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 17 цагаас орой 10 цаг 45 минут хүртэл ангидаа Дөлгөөн, Солонгоо, Мишээл бид 4 самбар хийсэн. Тэгээд орой болсон байсан учир гэр лүүгээ явахаар сургуулиас 22 цаг 50 минутын үед гарсан. Манай нөхөр ирээгүй байсан учир бид 4 зам дагаад өөдөөс нь алхах зорилготой явж байтал Солонгоо Дөлгөөнийг цуг дэлгүүр ороод ирье төрсөн өдрийн лаа авах гэсэн юм гээд Дөлгөөн, Солонго хоёр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Шарын голын гудамж”-д байрлах “Дөрвөн бэрх дэлгүүр” чиглэлтэй явсан. Би гудамжны үзүүр дээр Мишээлтэй зогсоод хүлээж байсан. Тухайн үед гудамжны гэрэлтүүлэг ажиллаж байсан. Солонго, Дөлгөөн хоёр дэлгүүр рүү алхаж байтал би сайн харсан Цэнхэр өнгийн мотоцикл 1 залуу Дөлгөөний араас мөргөөд зугтаад явсан. ... Гудамж руу эргэж ороод л хурдтай явсан. Явах үедээ Дөлгөөнийг мөргөсөн зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6534 дугаартай “1. Х.Дөлгөөний биед хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархай-дотор хана, хамар ясны хугарал, дээд баруун 1 дүгээр шүдний булгарал, дээд зүүн 1 дүгээр шүдний хугарал, дээд баруун 2 дугаар шүдний сулрал, баруун хөмсөгт шарх, хамар ооч, баруун сарвуунд зулгаралт, дух, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Х.Дөлгөөний биед учирсан нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 46-47-р тал/,

 

АСБЦД” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №001/33 дугаартай “ 3.1 “Dayun” маркийн “23-83 СЭЗ” Улсын дугаартай мотоциклыг жолоодож явсан Баатарсүрэн овогтой Баярням /РД:ИЙ03271316/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.5а. б г заалтуудыг зөрчсөн. 3.2 “Dayun” маркийн “23-83 СЭЗ” Улсын дугаартай мотоциклыг жолоодож явсан Баатарсүрэн овогтой Баярням /РД:ИЙ03271316/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийг үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/'-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн. 3.3 “Dayun” маркийн “23-83 СЭЗ” Улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан Баатарсүрэн овогтой Баярням /РД:ИЙ03271316/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.5а, б, г заалтуудыг зөрчсөний улмаас үүссэн байна” гэх дүгнэлт, /хх-ийн 58-59-р тал/, Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50-51-р хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.    

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Б.Баярнямын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Наран гудамж 5-532 тоотод оршин суудаг тухай лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-н 78 дугаар хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/ бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Б.Баярнямыг гэм буруутайд тооцох талаар:

 

           Шүүгдэгч Б.Баярням нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Dayun” маркийн “23-83 СЭЗ” Улсын дугаартай мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.5а,б, г заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Дөлгөөнийг дайрч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, мөн тухайн хэрэг учрал болсон газрыг зориуд орхиж зугтааж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч Х.Дөлгөөний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч А.Мишээлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч Д.Элбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-16 дугаар хуудас/, /2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Шинжээчийн №6534 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/, “АСБЦД” ХХК-ны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 001/33 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.       

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Баярнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Баярням нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Х.Дөлгөөний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...”  гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Дөлгөөний биед хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархай-дотор хана, хамар ясны хугарал, дээд баруун 1 дүгээр шүдний булгарал, дээд зүүн 1 дүгээр шүдний хугарал, дээд баруун 2 дугаар шүдний сулрал, баруун хөмсөгт шарх, хамар ооч, баруун сарвуунд зулгаралт, дух, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдож, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан ба хохирогч Х.Дөлгөөн нь нийт 41 ширхэг 2242806 төгрөгийн үнийн дүн бүхий баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргаж /хх-н 86-87 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Баярням нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 6 500 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг хохирогч Х.Дөлгөөнд төлсөн байна. Иймд энэ хэрэгт шүүгдэгч Б.Баярням нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Болормаа нь хавтаст хэрэгтэй танилцаад “хэргийн материалтай танилцлаа. Хүүхэд одоо шүд хийлгэх, шүдний эмчилгээнд орж байгаа. Буруутай этгээдээс 8 000 000 төгрөг өгсөн. Учирсан хохирол болох 2 сая гаруй төгрөгийг өгсөн. Баярнямын өгсөн мөнгөнөөс үлдсэн мөнгийг хүүхдийн шүдэнд зарцуулна. Цаашид гарах зардлыг иргэний шүүхээр нэхэмжилнэ” гэсэн баримт үйлдэж хэрэгт хавсаргажээ. /хх-ийн 96 дугаар хуудас/

 

  Гурав.Шүүгдэгч Б.Баярнямд оногдуулах Эрүүгийн хариуцлагын талаар:    

  Шүүгдэгч Б.Баярням 2023 оны 05 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Dayun” маркийн “23-83 СЭЗ” Улсын дугаартай мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.5а,б, г заалтуудыг зөрчсөний улмаас зөрчин явган зорчигч Х.Дөлгөөнийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг, мөн тухайн хэрэг учрал болсон газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч Б.Баярням нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч Б.Баярнямд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярнямыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор “2383” СЭЗ Улсын дугаартай тээврийн хэрэгсэл, битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн 5-532 тоотод оршин суух Өвгөнбүргэд овогт Баатарсүрэнгийн Баярням /ИЙ03271316/-д буцаан олгож, энэ хэрэгт Б.Баярням нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Өвгөн бүргэд овгийн Баатарсүрэнгийн Баярнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Х.Дөлгөөний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Баярнямыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярнямыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.Баярням нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6.Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор “Dayun” маркийн “2383” СЭЗ Улсын дугаартай тээврийн хэрэгсэл /мотоцикл/ битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн 5-532 тоотод оршин суух Өвгөнбүргэд овогт Баатарсүрэнгийн Баярням /ИЙ03271316/-д буцаан олгож, энэ хэрэгт Б.Баярням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Хохирогч Х.Дөлгөөн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баярнямд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.