Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2020/00501

 

 

 

 

2020 оны 02 сарын 04 өдөр         Дугаар 101/ШШ2020/00501           Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.О

Нэхэмжлэгч:Б.А нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Н-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгч Б.О-ийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: иргэн Д.Н надтай амаар харилцан тохиролцоод 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бэлнээр 1,030,000 төгрөгийг зээлүүлсэн. Д.Н нь дахин “мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь би өөрийн төрсөн дүү болох Б.А-тай утсаар ярьж хэлэхэд дүү зөвшөөрсөн. Тэгээд 2,000,000 төгрөгийг тэр даруйд нь түүний Хаан банкны дансанд шилжүүлсэн.Зээлүүлсэн мөнгөө буцаан авахаар удаа дараа Д.Нтай удаа дараа ярьсан боловч тэрээр элдэв шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрий-г хүртэл өгөөгүй болно. Иймд Д.Н-аас өөрийн зээлүүлсэн 1,030,000 төгрөг, дүү А.ын зээлүүлсэн 2,000,000 төгрөг нийт 3,030,000 төгрөгийг Д.Н-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Н шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: миний бие 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Т, Н.О гэх мэт хэсэг бүлэг хүмүүсийн хамт Х, О гэсэн хүмүүсийн санаачилсан сүлжээний бизнест хийж эхэлсэн. Тэр үед Н.Оэгч өөрөө 1,030,000 төгрөгийг надад биш сүлжээ хариуцсан хүнд өгч баримтыг нь авсан байгаа .Энэ мөнгийг миний дансанд хийгээгүй, надад бэлнээр өгөөгүй. Миний Хаан банкны ******* дансанд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр А гэдэг хүнээс 3,000,000 төгрөг шилжиж орж ирсэн. Би картаа Төвшөө ахад өгч явуулж АТМ–с мөнгө авсан. 2,000,000 төгрөгийг нь “Ш Г” ХХК-ийн няравт тушаасан. Үлдсэн 1,000,000 төгрөгийг Н.Оэгч өөрөө авсан. Миний дансаар орж ирсэн болохоор би хүлээн зөвшөөрч байна, гэхдээ 2,000,000 төгрөгийг би өөрөө хэрэглээгүй. Нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг “Ш Г” ХХК-д 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр уг компанийн нягтлан бодогчид тушааж 4 мест авсан. Үүнийг Н.О-эгч өөрөө мэдэж байгаа. Яагаад надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. “Ш Г” ХХК-нь сүлжээний бизнес эрхэлж байгаад эрүүгийн журмаар шалгуулж байсан. Энэ компани дампуурсан, одоо үйл ажиллагаа эрхэлдэггүй. Нэхэмжлэгч 2 өөр газар , 2 өөр зүйлийг нэгтгэж хугацааг нь таамгаар худал зохиож надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Би ч гэсэн энэ сүлжээний бизнест ороод гэр орон, ээжийн тэтгэврийн зээл гэх зэрэг эд хөрөнгөөр хохирсон, бүгд л хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Б.А, Б.Н.О нар хариуцагч Д.Н-с зээлийн гэрээний үүрэгт 3,030,000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч миний Хаан банкны дансанд Б.Ааас 3,000,000 төгрөг орж ирсний 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н.Оөөрөө авсан. Үлдсэн 2,000,000 төгрөгийг “Ш Г” ХХК-ийн нягтланд тушааж 4 мест авсан. Б.*******ээс 1,030,000 төгрөгийг бэлнээр аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

  1. 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Н.О өөрийн дүү Б.А-аас хариуцагч Д.Н 2,000,000 төгрөгийг зуучилж зээлдүүлсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.

Хариуцагч Д.Н “Миний Хаан банкны ******* дансанд 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Б.А-аас 3,000,000 төгрөг шилжиж орсон. Б.Н.Оэгч 1,000,000 төгрөгийг өөрөө авсан. Би 2,000,000 төгрөгийг “Ш Г” ХХК-ийн нягтлан бодогчид тушааж 4 мест авсан” гэж 2,000,000 төгрөгийн шаардлагыг шүүхийн хүлээн зөвшөөрч байна

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж зааснаар зохигчид хэн аль нь хүсэл зоригоо  илэрхийлсэн хэлцэл гэж үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай

Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрлийн үндсэн дээр 2,000,000 төгрөгийг Д.Н-аас гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгох нь зүйтэй гэж дүгнэв

Хариуцагч өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

  1. 1,030,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Н.О 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Д.Н-д бэлнээр 1,030,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байх боловч баримтаар тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд цуглуулж, гаргаж өгөх эрхтэй боловч эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Иймд хариуцагчаас 1,030,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид  олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Д.Н-аас 2,000,000 төгрөгийг гаргуулж Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Б.О-ийн 1,030,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ГАНЧИМЭГ