Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

     2020          1             23                                        2020/ДШМ/106

 

Ч.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сансарсайхан, 

өсвөр насны шүүгдэгч Ч.Агийн хууль ёсны төлөөлөгч Б.Чулуунням, өсвөр насны шүүгдэгч Ч.Агийн өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2632 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сансарсайханы бичсэн 2019 оны 12 дугаар 20-ны өдрийн 41 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ч.Ад холбогдох 1908040341211 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Угалзынхан овгийн Ч.А, 2002 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 100 дугаар гудамжны 14в тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ТЕ02231419/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 976 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн,

Ч.А нь 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 5-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 69-27 тоотод иргэн Т.Баттөрийг гэртээ байх үед нь хашаандаа байрлуулсан байсан, түүний эзэмшлийн 10-79 УНВ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийг хулгайлах зорилгоор байшингийн онгорхой цонхны дотор тавцан дээр байсан түлхүүрийг хүн байнга амьдрах оронд байранд нэвтэрч, хулгайлан тээврийн хэрэгслийг авч явж, бусдад 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 

-2019 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 76-59 А тоотод оршин суух иргэн Д.Туулын байнга амьдрах монгол гэрийн хаалгаар нэвтэрч, “Хуйвай У-5”, “Самсунг Эс-6" загварын хоёр ширхэг гар утас, иргэний үнэмлэх хоёр ширхэг, банкны карт хоёр ширхэг, мөнгөн ээмэг, эмэгтэй хүний хэтэвч зэрэг эд зүйлстэй гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас иргэн Д.Туулд 829.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 98-15 тоот, иргэн Б.Батмагнайн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтрэн бэлэн 157.850 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнийгээ үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгарах гол шинж нь нууц далд аргаар буюу бусдын эд хөрөнгийг мэдэгдэхгүйгээр сэм авсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг.

Түүнчлэн, эрүүгийн эрх зүйд зарим гэмт явдал нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөөд шилжих тохиолдол гардаг. Ийнхүү нэг гэмт хэргээс нөгөөд шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх ёстой бөгөөд төгссөн гэмт хэрэг нь эхэлсэн гэмт хэргээсээ ямагт хүндрэх шинжийг агуулсан байх учиртай.

Тухайлбал, хулгайлах гэмт хэргээр эхэлсэн боловч эцэстээ өөр гэмт хэрэг болж төгссөн тохиолдолд зүй тогтлыг нийлмэл гэмт хэргээр, эсхүл нэг гэмт хэрэгт нь нөгөө хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан тохиолдолд тэрхүү хүндрүүлэх шинжтэй гэмт хэргээр, эсхүл урьдчилан илэрч буй ижил шинжүүдийг нэгтгэн сүүлд төгссөн гэмт хэргийн үйлдэл, үр дагавраар зүйлчлэх зэрэг гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал хөндөгддөг.

Шүүгдэгч Ч.Агийн хохирогч Б.Батмагнайн эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэл хулгайлах гэмт хэргийн “нууцаар” гэсэн хууль зүйн шинжийг хангаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судалсан хохирогч Б.Батмагнай, гэрч О.Болормаа нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ч.Агийн шүүхэд гаргасан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Иймд прокурор шүүгдэгч Ч.Агийн 2019 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 98-15 тоотод нэвтэрч хохирогч Б.Батмагнайн эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгаж, хууль зүйн дүгнэлт өгсний эцэст эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч Ч.Ад холбогдох эрүүгийн 1908 04034 1211 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд хавтаст хэргийн 239 дүгээр хуудсанд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахмад Э.Итгэлтөгс нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/23449 дугаартай албан бичгээр “2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 976 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан Ч.Аг 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эдэлж дууссан” хэмээн тодорхойлсныг цаг хугацааны хувьд бодит байдалтай нийцэхгүй байх тул үнэлэх боломжгүй юм.

Зүй нь илтэд эргэлзээтэй, зөрөөтэй нотлох баримт хэрэгт цугларсан үед мөрдөгч прокурор энэхүү нөхцөл байдлыг тодруулан шалгаж, шаардлагатай бол эргэлзээтэй мэдээлэл өгсөн хүнийг гэрчээр асуух зэрэг ажиллагаа явуулах учиртай.

Түүнчлэн хавтас хэргийн 240 дүгээр хуудсанд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-ын хуулбар баримт хавсаргагдсан байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байх тул энэхүү хуулбар баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй.

Шүүгдэгч урьд шийтгүүлсэн ялаа эдэлж дууссан эсэх нь зөвхөн хувийн байдлын талаарх асуудал биш бөгөөд цаашид шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг хэрхэн яаж хэрэглэх талаар дүгнэлт өгөх, шийдвэр гаргахад чухал нөхцөл байдал болохыг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино.

Өсвөр насны шүүгдэгч Ч.Ад холбогдох эрүүгийн 1908040341211 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, өсвөр насны шүүгдэгч Ч.Ад авсан “цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Ч.Агийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Сансарсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Шүүх шүүгдэгч Ч.Агийн хохирогч Б.Батмагнайн эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн “нууцаар” гэсэн хууль зүйн шинжийг хангаагүй, харин дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны үед хавтас хэрэгт авагдсан гэрч О.Болормаагийн “...нөхөр Батмагнайтай гэртээ унтаж байхад гялгар уутны чимээ гараад байхаар нь би эргээд хартал манай гэрт хар хантааз, улаан малгайтай цамц өмссөн хар бараан өнгийн өмдтэй залуу хойшоо над руу нэг хараад гүйгээд гарах шиг болсон. Би нөхрөө сэрээгээд болсон явдлын талаар хэлтэл нөхөр унтаж байснаа босоод шууд араас нь хөөгөөд гарсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Батмагнайгийн “...Би гэртээ ирээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзтэл эхнэр бид хоёрын унтаж байсан орны гудасны завсар миний түрийвчинд байсан 157.850 төгрөг хулгайд алдагдсан байсан. Харин түрийвчийг нь аваагүй буцаагаад гудсан завсар хийсэн байсан. Би унтахын өмнө түрийвчиндээ байсан эд зүйлийг цэгцлээд бүх мөнгөө тоолоод тавьсан болохоор яг хэдэн төгрөг байсныг сайн мэдэж байна...” гэсэн мэдүүлгүүд нь О.Болормаа, Б.Батмагнай нар яллагдагч Ч.Аг эд зүйлсийг нь аваад гарсан эсхүл, ямар эд зүйл авч гарсан болохыг хараагүй, ухамсарлаж амжаагүй, яллагдагч Ч.Агийн орны гудас доороос нь түрийвч авч, дотор нь байсан 157.850 төгрөгийг авч, түрийвчийг нь буцааж хийсэн болохыг мэдээгүй, шүүгдэгч Ч.А нь хохирогч Б.Батмагнайгийн түрийвчин дэх мөнгийг авснаар түүний хулгайлах үйлдэл бүрэн төгссөн байна.

Бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр авч байх үед дэргэд нь байгаа этгээд тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй, эсхүл гэмт этгээдтэй холбоотой /найз, танил, төрөл садан гэх мэт/ тул түүний зүгээс хориглох, эсэргүүцэх явдал гаргахгүй гэж тухайн этгээд тооцон бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг хулгайн гэмт хэргээр зүйлчилнэ.

Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хүч хэрэглээгүй боловч, илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл байх ба энэ гэмт хэргийн үед хохирогч өөрийн ямар эд хөрөнгөө бусдад алдсанаа ухамсарлаж ойлгосон байдаг.

Шүүхээс яллагдагч Ч.Агийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан “хулгайлах” гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан “дээрэмдэх” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасанчлан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахмад Э.Итгэлтөгсийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/23449 дугаартай албан бичигт “2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 976 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан Ч.Аг тухайн ялыг 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эдэлж дууссан” гэсэн нь техникийн шинжтэй алдаа болох нь тухайн албан бичгийн хамт ирүүлсэн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол”-ын хуулбараар нотлогдоно.

“Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-ын хуулбар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 3/23449 дугаартай албан бичиг нь тус тусдаа бие даасан нотлох баримт болохгүй .

Өөрөөр хэлбэл, 3/23449 дугаартай албан бичиг нь тогтоолын хуулбарыг хүргүүлсэн тухай баримт болохын хувьд Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг шүүх үнэлэлгүй, 3/23449 дугаартай албан албан бичигт дурдсан техникийн шинжтэй алдааг үндэслэн нотлох баримт илт хуулийн шаардлагад нийцэхгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Ч.А нь 2016, 2017 онуудад шүүхээр ял шийтгэлгүй, 2018 онд ял шийтгэгдсэн болох нь цагдаагийн байгууллагын лавлагаагаар тогтоогдсон, тухайн ялыг буюу өөрт оногдуулсан цорын ганц ял шийтгэлээ эдэлж дууссан гэж үзэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд эрүүгийн 1908040341211 дугаартай хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2632 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Ч.Агийн хууль ёсны төлөөлөгч Б.Чулуунням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүүд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 Өсвөр насны шүүгдэгч Ч.Агийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэл миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд шууд нөлөөлөх учир дээрмийн гэмт хэргээр зүйлчилбэл Ч.Агийн эрх зүйн байдал нь шууд дордоно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн түрүүвчинээс 157.850 төгрөгийг нууцаар авсан бөгөөд түрийвчийг нь буцааж хийсэн үйлдлийг хохирогч мэдээгүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ч.Ад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

Прокуророос “Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хүч хэрэглээгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл байх ба энэ гэмт хэргийн үед хохирогч өөрийн ямар эд хөрөнгөө бусдад алдсанаа ухамсарлаж ойлгосон байдаг” гэсэн үндэслэл зааж, анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн 2019 оны 12 дугаар 20-ны өдрийн 41 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Ч.Ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахмад Э.Итгэлтөгсийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/23449 дугаартай албан бичигт “2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 976 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн Ч.Аг тухайн ялыг 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эдэлж дууссан” гэж техникийн шинжтэй алдаа гаргажээ.

 Ч.А нь 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бүрэн эдэлж дууссан байна. Энэ нь “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолын хуулбараар нотлогдож байх тул үүнийг цаашид анхаарвал зохино.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2632 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2632 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Ад холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл өсвөр насны шүүгдэгч Ч.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                   ШҮҮГЧ                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                   ШҮҮГЧ                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ