| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 158/2025/0008/З |
| Дугаар | 221/МА2025/0584 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0584
Б.ОЧийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2025/0015 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Б.ОЧийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.ОЧ
Хариуцагч: Булган аймгийн Нийгмийн даатгалын газар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.ОЧ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 158/2025/0008/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0015 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.9, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.ОЧийн “Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын Б.ОЧт өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоох болон 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд авах байсан өндөр насны тэтгэврийг нөхөж олгох, цаашид тогтоосон тэтгэврийг хугацаанд нь тогтмол олгож байхыг тус тус даалгах, тус Газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчээс уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. “Б овогтой ОЧ миний бие нь Булган аймгийн Булган суманд 1974 оны 07-р сарын 14-ний өдөр төрсөн. Өөрийн нөхөр болох П овогтой Г-тэй 1992 оны хавар (Цагаан сар) нэг гэрт орж, гэр бүл болсон үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд хадам аав Л.П (88-н настай), ээж Б.Ж (81-н настай) нартай хамтран болон өөрийн нөхрийн хамт бие дааж тасралтгүй 33 жил мал маллаж байна.
2.2. Өнгөрсөн 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр миний бие 50 нас хүрч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн "5.1. Дор дурдсан даатгуулагч...өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй... 5.1.6... нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй..." гэж заасны дагуу "Малчин"-аар өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг бүрэн хангасан тул Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч, тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн дарга нарт хандан уулзаж тэтгэврээ тогтоолгох хүсэлт гаргахад тэд "...малчнаар тэтгэвэр тогтоолгох иргэд шүүхээр малчнаар ажилласан жилүүдээ тогтоолгох үүрэгтэй тул та өөрийн нөхөр П.Г-тэй 1995 онд гэрлэлтээ батлуулсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байснаа шүүхээр тогтоолгоод ирнэ үү..." гэсэн шаардлагыг тавьсан. Дээрх шаардлагын дагуу миний бие холбогдох материалыг бүрдүүлэн Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "1995 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү" гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасныг хянан хэлэлцсэн Шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 132/ШШ2024/00446 дугаартай Шийдвэрт: "... ҮНДЭСЛЭХ НЬ... 3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 4. Нэхэмжлэгч Б.ОЧ нь 2001 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь малын А данс болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч Б.Ж, Л.П нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна..." гэж энэхүү хугацаанд малчнаар ажилласан 24 жилийг зөв дүгнэж тогтоосон.
2.3. Харин Шүүхийн Шийдвэрт: "... ҮНДЭСЛЭХ НЬ...4... Харин 1995 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан хугацаа нь нэхэмжлэгчийн 0400001776 дугаартай баталгаажилтын хуудсаар ажилласан жилийг нөхөн тооцсон баримт хэрэгт авагдсан байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ... гэсэн нь илтэд хууль бус байгаа нь хэн хүнд ойлгомжтой бөгөөд "0400001776 дугаартай баталгаажилтын хуудас" нь малчин бус гэдгийг нотлох баримт биш бөгөөд харин ч эсрэгээрээ малчнаар ажиллаж байсныг нотлох баримт юм.
2.4. Гэтэл Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Магадлалд: "...ХЯНАВАЛ... 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна... 6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д "...нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй" өндөр насны тэтгэвэр авах эрхтэй гэж заасан. Анхан шатны шүүх 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Б.ОЧийг малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн байтал "...малчнаар ажилласан жил чинь хүрэхгүй байна..." гэж тайлбарлан өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй гэсэн нийгмийн даатгалын байцаагчийн тайлбар ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.
2.5. Ийнхүү миний бие Нийгмийн даатгалын хууль тогтоомжууд, Монгол Улсын Засгийн Газарын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 362 дугаар Тогтоолоор батлагдсан "Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрэм", 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаартай Тогтоолоор батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам"-ыг сайтар уншиж судлан өөрийн болгон ойлгож авсан бөгөөд аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч, хэлтсийн дарга нар миний өндөр насны тэтгэврийг тогтоож өгөлгүй нийгмийн даатгалын хууль тогтоомжууд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, холбогдох дүрэм, журмуудыг бүдүүлгээр ноцтой зөрчин хууль бус, шударга бус, хүнлэг бус байдлаар надтай харьцаж миний хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн эдийн засаг санхүү, сэтгэл санааны гүн хохиролд оруулаад байгааг нь мэдэж авсан болно. Өөрөөр хэлбэл аймгийн тэтгэврийн байцаагч, хэлтсийн дарга нар анхнаасаа нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжууд, дүрэм, журамд заасныг зөрчин, буруу шаардлагыг надад тавьж намайг шүүх рүү явуулах ёсгүй байсан бөгөөд хуулиараа миний өндөр насны тэтгэврийг холбогдох материалуудад үндэслэн шууд тогтоох ёстой байсан байна.
2.6. Миний бие ихэд бухимдан яагаад анхнаасаа тэтгэврийг минь тогтоогоогүй Шүүх рүү явуулж цаг хугацаа алдуулсан талаар аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч, хэлтсийн дарга нартай уулзан хууль бус, шударга бус үйлдлийнх нь талаар хэлж шүүмжлэлтэй хандан өндөр насны тэтгэвэр яаралтай тогтоож өгөхийг хүсэн улмаар шаардахад тэд: "...таны 1992-1996 он, 1999-2024 он буюу нийт 31-н жил малчнаар ажилласан нь баг. сумын засаг даргын тодорхойлолт, Л.П, П.Г, Б.ОЧ нарын мал тооллогын А данс, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны Шүүхийн магадлал зэргээр тогтоогдож байна. Харин 1997, 1998 онуудад малчнаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байгаа тул та аймгийн маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандана уу..." гэж 1997, 1998 оны тухайд хууль бус шаардлагаа мөн л тавьсан. Тэгэхээр нь миний бие 1999 оны мал тооллогын "А" дансанд өмнөх онд тоолуулсан малын тоо буюу 1998 онд бидний тоолуулсан малын тоо байна шүү дээ яагаад утгагүй, ойлгомжгүй шаардлага тавиад төвөг удаад байгаа юм бэ гэхэд тэд: "...болдоггүй юмаа заавал зөвлөлөөр шийдүүл, бид хэрэгт орчих гээд байдаг юм..." гэсэн утгагүй хариултыг өгсөн.
2.7. Аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч, тэтгэвэр, тэтгэмжийн хэлтэс, хяналт шалгалтын хэлтсийн дарга, Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн нарийн бичиг нар нь миний салбар Зөвлөлд гаргасан гомдол, хүсэлттэй хамт нотлох баримт болгон өгөх гэсэн 15 (Арван тав)-н нэр төрлийн агуулга бүхий 80 (Ная)-н хуудас баримт материалыг хүлээн авахаас татгалзаж, зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай санал зөрүүтэй 1997-1998 онуудтай холбоотой нотлох баримт материалаа өг гэж нотлох баримтыг хүлээн аваагүй, нотлох баримтад хязгаарлалт тогтоож хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн. Улмаар дээрх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргахад тус зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 32/17 дугаартай Шийдвэрт: "... Зөвлөлийн гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт үндэслэн хянан хэлэлцээд 1997-1998 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж үзлээ..." гэсэн илт хууль бус, шударга ёсны зарчимтай нийцэхгүй, хүнлэг бус шийдвэрийг дахин гаргасан.
2.8. Миний бие Иргэний хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалт, Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрмийн 3 дугаар зүйлд: "...3.2. Даатгуулагч, иргэн...дор дурдсан эрх...-тэй...3.2.3.төв болон салбар зөвлөлийн хуралд биечлэн оролцож санал, хүсэлтээ гаргах...". 4 дүгээр зүйлд: "...4.9. Хуралд гомдол гаргагчийг хүсэлтийнх нь дагуу... оролцуулж болно." гэж заасны дагуу, Төв Зөвлөлийн хуралдаанд оролцуулахаар өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П овогтой Г-ыг томилсон болохыг гомдолдоо тусган итгэмжлэл хүргүүлсэн боловч мөн л миний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-ыг төв зөвлөлийн хуралдааны товыг мэдэгдээгүй, хуралд оруулалгүй хууль, дүрэм, журмуудыг бүдүүлгээр зөрчсөн.
2.9. Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн нарийн бичиг, нийгмийн даатгалын улсын байцаагч н.Ши нь 03 дугаар сарын 16-ны өдөр буюу бүтэн сайн өдрийн үдээс хойш 17:12 цагт миний томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гтай 11328030 дугаартай утаснаас залган холбогдож тэрээр: "Б.ОЧ нь 1997-1998 онуудад мал маллаж байсан нь баримтаар нотлогдохгүй байна, мал тооллогын А дансгүй юм байна, өргөдөл гомдлыг чин хүлээн авах боломжгүй юм байна, юун ч олон хуудас, учир нь олдохгүй өргөдөл бичдэг юм бэ дээ" гэж ярин төв Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхэд халдаж хурал хуралдаагүй байхад урьдчилж эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан, мөн тэр өдөр П.Г н.Штай утсаар ярьж байхдаа Б.ОЧ нь 1997-1998 онуудад мал маллаж байсан нь 15 (Арван тав)- н нэр төрлийн агуулга бүхий 80 (Ная)-н хуудас хөдөлшгүй баримтаар нотлогдож байгаа талаар хэлээд төв зөвлөлд гаргасан гомдол, хавсаргасан баримт материалыг тал бүрээс нь сайтар шинжлэн судалж, яаран үндэслэлгүй дүгнэлт хийхгүй байхыг хүсэж төв зөвлөлийн хурал хэзээ болохыг тодруулахад тэрээр: “хурлын тов эцэслэн гараагүй байна, хурал ойрын хугацаанд болох байх, тэр үед нь танд дуулгана" гэж хэлээд хариу сонсолгүй утсаа салгасан.
2.10. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч өмнө нь намайг 31 жил малчнаар ажилласныг хүлээн зөвшөөрсөн атлаа шүүх хуралдаанд 9 жил 6 сар малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мэтээр үндэслэлгүй худал ярьж хуульд заасан болзол болох 12 жил 6 сарыг хугацааг хангахад 3 жил дутаад байгаа мэтээр ярьсан нь хууль бус болно. Гэтэл анхан шатны шүүх дээрх хууль бус байдлыг улам өөхшүүлэн намайг 7 жил 5 сарын хугацаанд малчнаар ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь шууд нотлогдож байна гэсэн агуулгатай дүгнэлтийг хийж миний нөхцөлийг хууль бусаар улам дордуулав. Би зөвхөн 1997, 1998 онуудын тухайд нийгмийн даатгалын байгууллагатай саналын зөрүү, маргаантай байгаа талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, энэхүү гомдолдоо хангалттай дурдсан.
2.11. Миний малчнаар ажилласан 33 жилийн хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 17 жил 4 сараас нийгмийн даатгалын байгууллагатай саналын зөрүү маргаан бүхий 1997, 1998 оныг хасвал 15 жил 4 сар буюу хуульд заасан болзлыг бүрэн хангаж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд хадам хоёр хөгшин маань биеийн байдлын улмаас хөдөө бидэнтэй өвөлжөөгүй, Эрдэнэт хот, Улаанбаатар хотод бусад хүүхдүүд дээрээ байсан. Нөхөр бид хоёр л хадам аав Л.Пийн нэр дээр мянгат малчин цол, тэмдгийг нь авч өгч баярлуулах зорилгоор зориуд тоолуулдаг байсныг мал тооллогоор ирсэн бүх хүмүүс мэднэ. Иймд дээрх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул тус хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн байх тул шийдвэрт тус хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэлийн “Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын Б.ОЧт өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоох, 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд авах байсан өндөр насны тэтгэврийг нөхөж олгохыг даалгах” шаардлагын тухайд:
2.1. Анхан шатны шүүх энэ талаар “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан нөхцөл шаардлагыг хангасан нотлох баримтгүйн улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хангахаас татгалзсан хариуцагчийг хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй ... хүний ажилласан байдлаа тогтоолгох ... маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх эрхгүй. Нэхэмжлэгчийг 1995-2024 онуудад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтээ шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлээгүй гэж шийдвэрлэсэн Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 214/МА2025/00002 дугаар магадлал хүчин төгөлдөр байна. ... Б.ОЧ нь ... хүсэлт, гомдлыг нь шийдвэрлэсэн ... зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл /хүсэлт/ гаргах эрхтэй. ...” гэж дүгнэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
2.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон давж заалдах гомдолдоо “... 1992 оноос хойш нөхөр П.Гийн хамт хадам аав, ээжтэйгээ 31 жил мал малласан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 20 жил шимтгэл төлсөн, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил мал маллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн эмэгтэй гэж заасны дагуу тэтгэвэр тогтоолгох болзол хангасан... хариуцагч урьд нь 1998-1999 онд малчнаар ажилласан жил тогтоогдохгүй байна гэж байсан, гэтэл шүүх хуралдаанд 9 жил 6 сар малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мэтээр хуульд заасан 12 жил 6 сараас 3 жил дутуу мэтээр ярьсан нь хууль бус, гэтэл захиргааны шүүх улам өөхшүүлэн 7 жил 5 сарын хугацаанд малчнаар ажиллан, шимтгэл төлсөн нь шууд нотлогдож байна гэж миний нөхцөлийг улам дордуулсан дүгнэлт хийсэн, Маргаан шийдвэрлэх зөвлөл хуралдаандаа оруулж тайлбар аваагүй, хариуцагчийн төлөөлөгч нар бүгдээрээ намайг 2 хөгшинтэйгээ мал малласаар байсныг мал тооллогоор ирдэг байсан бүх хүн мэднэ ...” гэж маргасан.
2.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Даатгуулагч тэтгэвэр тогтоолгох шаардлагатай баримт бичиг, өргөдлийг доор дурдсан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана:” гэж, 23 дугаар зүйлийн 23.5-д “Даатгуулагч энэ хуулийн 22.1-д заасан хугацаанаас хойш тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн бол тэтгэврийг тогтоож, нийгмийн даатгалын байгууллага өргөдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцож, олгоно” гэж заасны дагуу хариуцагч нь даатгуулагч буюу нэхэмжлэгчээс баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд тэтгэвэр тогтоон олгох үүрэгтэй.
2.4. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.ОЧийг шимтгэл төлж малчнаар ажилласан нийт хугацааг шууд нотлох баримтууд байхгүй буюу хадам эцэг Пгийн А данс, мал тооллогын маягт зэрэг баримтуудад нэхэмжлэгч Б.ОЧийн нэр бичигдээгүй, холбогдох баримт бичиг бүрэн байхгүй, энэ талаар шүүхээр тогтоолгосон шүүхийн шийдвэр байхгүй тохиолдолд дээрх хуулийг зөрчиж хариуцагчид даалгах үндэслэлгүй.
3. Нэхэмжлэлийн “Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
3.1. Иргэний хэргийн шүүхээс малчнаар ажиллаж байсан хугацааг тодорхойлох сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хандаж урьдчилан шийдвэрлүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх ба үүний дараа нэхэмжлэгч нь Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандахад нь тус зөвлөлөөс 04/01 дугаар тогтоолоор “... 1998-1999 онд мал маллаж байсныг тодорхойлох боломжгүйг тогтоосугай” гэж шийдвэрлэсэн нь тусдаа захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.
3.2. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-д “Даатгуулагч, хүн, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөө, маргааныг шийдвэрлэсэн салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл төв зөвлөлд, төв зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд хандана.” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд нэхэмжлэгч нь хандахдаа захиргааны хууль бус үйл ажиллагаа буюу энэ хэргийн хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын “тэтгэвэр тогтоож олгохгүй байгаа” талаар хандаад дээрх хариуг авч захиргааны хэргийн шүүхэд “тэтгэвэр тогтоон олгохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоохыг даалгах” нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байгаа учраас гомдол урьдчилан шийдвэрлэсэн Зөвлөлийн тогтоолыг тусдаа үр дагавар үүсгэсэн захиргааны акт гэж үзэхгүй, уг тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн “тэтгэвэр авах эрх” сэргэхгүй.
3.3.Түүнчлэн Зөвлөлд хандахдаа “1998-1999 онд малчнаар ажилласныг тогтоолгох” маргааныг шийдвэрлүүлж хариуг авсан тохиолдолд “... ажилласан жил тогтоолгох”-той холбоотой иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой, анхан шатны шүүх энэ талаар дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д нийцээгүй байна.
3.4. Мөн “цаашид тогтоосон тэтгэврийг хугацаанд нь тогтмол олгохыг даалгах” шаардлагын тухайд захиргааны байгууллагын ямар нэгэн эс үйлдэхүй буюу захиргааны хууль бус акттай холбоогүй, тогтоогдсон тэтгэврийг цаашид олгохгүй гэж татгалзсан үйл ажиллагаа байхгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн авахаас татгалзалгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу байна.
4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт “Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаар тогтоолыг хүчингүй болгох, цаашид тэтгэвэр олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2025/0015 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт:
1 дэх заалтын “... цаашид тогтоосон тэтгэврийг хугацаанд нь тогтмол олгохыг даалгах, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж заасныг хасаж,
“2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн “... цаашид тогтоосон тэтгэврийг хугацаанд нь тогтмол олгохыг даалгах, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Б.ОЧийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж,
2 дахь заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Б.ОЧийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ