Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 88

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ц.Батболдод холбогдох эрүүгийн 201601070257 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                    Л.Отгончимэг

 Улсын яллагч                                                     Ж.Бүрэнжаргал                   

 Шүүгдэгч                                                        Ц.Батболд нар оролцов.

Монгол улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 4 дүгээр гудамжны 7 тоотод түр оршин суух, /иргэний үнэмлэхний хаягаар: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, хөдөө хэсэг/ СИ89012413 дугаарын регистертэй, Боржигин овгийн Цэвээнжавын Батболд.

         Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

          Яллагдагч Ц.Батболд  нь Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соронз” бааранд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний шөнийн 01 цагийн үед хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан иргэн Х.Маралын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Ц.Батболдын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө 23 цагийн үед найз Энхболдын хамт Соронз бааранд орсон. Бааранд таньдаг Дуламсүрэн, Сайнбаяр, Батбаяр, Номинчулуун нар байхаар нь хамт нэг ширээнд суусан бөгөөд Дуламсүрэнгийн төрсөн өдөр байсан юм. Дуламсүрэн, Батбаяр нар юм захиалахаар явсан, Энхболд бид хоёр тамхи татахаар баарнаас гартал гадаа хохирогч болох Маралын нөхөр Мөнгөнбаярын ах Мөнхбат нь хүнтэй зодолдож байхаар нь бид хоёр салгаад явуулсан. Ингээд Энхболд бид хоёр бааранд эргэж ороод ширээндээ сууж байтал Мөнгөнбаяр согтуу орж ирээд надаас “миний ахыг хэн зодсон бэ” гэж асуухаар нь би “ мэдэхгүй, танихгүй хүн байсан” гэж хэлтэл “намайг пээдийгээд байна уу” гээд заамдаад чирээд үүдэнд гараад бид хоёр харилцан бие биенээ нэг, нэг удаа цохьсон. Бид хоёрыг Сайнбаяр, Батбаяр хоёр салгаад ширээнд суулгасан. Миний хувцасны энгэр урагдсан байсан болохоор хувцасаа тайлаад ширээнд сууж байтал Мөнгөнбаяр цээж нүцгэн орж ирээд намайг хэл амаар дайраад байхаар нь би айлгах зорилгоор багана руу пивоны шил авч шидсэн. Шидсэн шил нь ойгоод Маралыг оносон. Маралын биед миний буруугаас болж гэмтэл учирсан. Хохирогч Маралд 300.000 төгрөгийн хохирол өгсөн, бид хоёр эвлэрсэн. Гэмшиж байна...” гэв

 

Хэрэг бүртгэлтэд хохирогч Х.Маралын мэдүүлсэн: “...Миний харснаар Мөнгөнбаяр, Батболд хоёр зууралдаад явж байсан. Ингээд бид нар салаад ширээндээ суусан. Тэгтэл Батболд гэнэт ширээний ард сууж байснаа ширээн дээрээс пивоны шил аваад Мөнгөнбаяр бид хоёр руу чулуудсан. Шидсэн шил нь миний духны зүүн хэсэг рүү онож толгой хагарсан. Ингээд манай найз залуу Мөнгөнбаяр цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Б.Мөнгөнбаярын мэдүүлсэн: “...Би Батболд дээр очоод “хөгшөөн Мөнхбат ах хэнтэй муудалцсан юм бэ” гэж асууж сурагласан. Тэгтэл Батболд миний урдаас “би яаж мэддэг юм бэ пизда минь” гэж хэлсэн. Би Батболдын урдаас “чи чинь яачихаад байгаа юм бэ, хоёулаа баарнаас гарчихъя” гэж хэлээд маргалдсан. Ингээд Батболд бид хоёр зууралдаад баарнаас гарах гээд баарны үүдэнд байж байтал хажуу талаас Батболдтой хамт явсан дээлтэй залуу намайг нэг удаа шанаадсан. Ингээд хүмүүс Батболд бид нарыг салгасан. Дээлтэй залуу нь намайг салгаж байгаад миний фудволкыг урчихсан. Ингээд Батболд баар руу буцаад орсон бөгөөд би араас нь ороод Батболд дээр очоод “намайг яаж байгаа юм бэ” гэж хэлээд маргалдаад байж байтал Батболд ширээн дээр байсан пивоны шил аваад Марал бид хоёрын зүг шидсэн. Шидсэн пивоны шил нь манай эхнэр Маралын духан дээр нь онож хагарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Д.Дуламсүрэнгийн мэдүүлсэн: “...Нэг харахад маргаан үүсгэж байгаа залуутай хамт явсан эмэгтэй толойгоо гараараа дарчихсан “толгой хагалчихлаа” гэж орилсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Ж.Номинчулууны мэдүүлсэн: “...Тэгтэл нэг үл таних эрэгтэй бааранд орж ирээд манай ширээн дээр ирээд Батболдын чихэнд үг шивнээд сүүлдээ чанга, чанга дуугарч юм ярьж байснаа гэнэт Батболдыг заамдаж аваад нүүр рүү нь цохьсон. Баарнаас гарч байх үедээ нөгөө эрэгтэй нь “Батболдыг ална, би чамайг таньдаг” гээд байсан. Ингээд бид нар Батболд тэр хоёр залууг баарнаас гараад Батболдыг салгаад буцаагаад баар руу оруулсан. Би баарны гадаа тамхи татаад үлдсэн. Тамхиа татаж дуусаад баар руу буцаад ороход бааран дотор нөгөө эрэгтэй мөн Батболдтой маргаан үүсгэсэн. Хажууд нь нэг эмэгтэйгийн толгой нь хагараад цус гарчихсан байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Б.Батсайханы мэдүүлсэн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Мөнгөнбаяраас гаргасан гомдлын дагуу холбогдох шалгалтыг хийж материал бүрдүүлсэн. Тухайн үед Марал согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин түүний найз залуу болох Мөнгөнбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ биеэ авч явах чадваргүй болтлоо согтоогүй байсан...” гэсэн мэдүүлэг  /хх-н 23/

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Р.Батбаярын мэдүүлсэн: “...Бид нар ширээн дээр сууж байтал барагцаар 2 минут орчмын дараа нөгөө эрэгтэй, нэг эмэгтэй хүнтэй хамт орж ирсэн. Ингээд тэр эрэгтэй Батболдыг “чи яасан том болчихсон юм бэ, баарнаас гараад ир” гээд үгээр дайраад байсан. Хажуу талаас нь хамт явсан эмэгтэй нь мөн Батболд руу хэл амаар дайраад байсан. Тэгтэл Батболд ширээн дээр байсан шилтэй пиво бариад нөгөө залуу руу шидсэн. Шидсэн шил нь хэнийг оносон эсэхийг нь хараагүй. Нэг харахад нөгөө эрэгтэйн хажууд хэрүүл маргаан хийгээд байсан эмэгтэйн толгойноос цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8/

 

Хэрэг бүртгэлтэд шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Хохирогч Маралын биед учирсан зүүн хөмсөгний дээд хэсэгт оёдолтой шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 29/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 09 шэ/367 тоот актын:

  1. Х.Маралын биед зүүн хөмсөгний дээд хэсэгт оёдолтой шарх, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ө.Шаарийбуу гэсэн дүгнэлт /хх-н 31/

       Ц.Батболд нь “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

       Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/367 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

             Шүүгдэгч Ц.Батболд  нь 2016 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих  шөнө 01 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соронз” бааранд өөрийн найз болох Дуламсүрэн, Сайнбаяр, Батбаяр, Номинчулуун, Энхболд нарын хамт үйлчлүүлж байхдаа Мөнгөнбаяртай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Мөнгөнбаяртай хамт явж байсан Х.Марал руу пивоны шил авч шидэн, түүний биед зүүн хөмсөгний дээд хэсэгт оёдолтой шарх, зүүн гарын шуунд цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Мөнгөнбаярыг айлгах зорилгоор пивоны шил авч шидтэл Маралыг оночихсон” гэсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Х.Маралын өгсөн “Батболд гэнэт ширээний ард сууж байснаа ширээн дээрээс пивоны шил аваад Мөнгөнбаяр бид хоёр руу чулуудсан. Шидсэн шил нь миний духны зүүн хэсэг рүү онож толгой хагарсан” гэсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Мөнгөнбаярын өгсөн “...маргалдаад байж байтал Батболд ширээн дээр байсан пивоны шил аваад Марал бид хоёрын зүг шидсэн. Шидсэн пивоны шил нь манай эхнэр Маралын духан дээр нь онож хагарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/, гэрч Д.Дуламсүрэнгийн өгсөн “...Нэг харахад маргаан үүсгэж байгаа залуутай хамт явсан эмэгтэй толойгоо гараараа дарчихсан, толгой хагалчихлаа гэж орилсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, гэрч Ж.Номинчулууны өгсөн “...Би тамхиа татаж дуусаад баар руу буцаад ороход бааран дотор нөгөө эрэгтэй мөн Батболдтой маргаан үүсгэсэн. Хажууд нь нэг эмэгтэйгийн толгой нь хагараад цус гарчихсан байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, гэрч Р.Батбаярын өгсөн “... Тэгтэл Батболд ширээн дээр байсан шилтэй пиво бариад нөгөө залуу руу шидсэн. Шидсэн шил нь хэнийг оносон эсэхийг нь хараагүй. Нэг харахад нөгөө эрэгтэйн хажууд хэрүүл маргаан хийгээд байсан эмэгтэйн толгойноос цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8/, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн “...Хохирогч Маралын биед учирсан зүүн хөмсөгний дээд хэсэгт оёдолтой шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-н 29/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 шэ/367 тоот актын “Х.Маралын биед зүүн хөмсөгний дээд хэсэгт оёдолтой шарх, зүүн гарын шуунд цус хуралт тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Ц.Батболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

      Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-47/ тогтоогдсон болно.    

   Хохирогч Х.Марал нь “Ц.Батболдоос эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан. Бид эвлэрсэн. Гомдолгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-н 65-66/

           Иймд шүүгдэгч Ц.Батболд нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэргийн хохирогч Х.Марал нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаарх хүсэл зоригийг илэрхийлсэн хүсэлтийг бичгээр хэрэгт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2,  208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигин овгийн Цэвээнжавын Батболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигин Цэвээнжавын Батболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Шүүгдэгч Ц.Батболд нь хохирогч Х.Маралд 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн эмчилгээний зардал төлснийг дурдсугай.
  4. Хохирогч Х.Марал нь гомдол саналгүй гэснийг дурдсугай.
  5. Ц.Батболдод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тогтоож ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Батболдод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ц.Батболдод болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Батболдод урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА