Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2020/00502

 

 

 

 

2020 оны 02 сарын 04 өдөр         Дугаар 101/ШШ2020/00502            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.У-д холбогдох

1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын      27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунбаатар,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр нэг сарын хугацаатай хүүгүй зээлүүлсэн болно. Удалгүй 4 дүгээр сарын 01-ний өдөр хүү төлөх гэрээ байгуулан нотариатаар батлуулсан болно. Зээл төлөх гэрээний дагуу хариуцагч 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохирсон боловч 500,000 төгрөгийг төлж үлдэгдэл 1,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг мөн гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги хоногийн 5,000 төгрөг нийт хугацаа хэтэрсэн 225 хоногийн хэтэрсэн. Иймд үндсэн зээлд 1,000,000 төгрөг алданги 500,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие М.А гэдэг хүнийг танихгүй, энэ хүнээс мөнгө аваагүй болно. Иргэн Ш.М Хэнтий аймагт байгаа 1 өрөө байрыг харилцан тохиролцож худалдахаар тохиролцож урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Г.У би Ш.М мөнгө авахдаа машин дотор бэлнээр тоолж авсан. 2019 оны 3 дугаар сард наймаа хийсний маргааш өглөө байраа авахаа болилоо мөнгөө яаралтай хурдан дансанд хий гэж ярьсан. Цаг тухайд нь амьдралын шаардлагаар миний бие Батлан хамгаалах их сургуульд суралцаж байсан тул сургалтын төлбөр төлсөн учир 3,500,000 төгрөгийг дансруу нь шилжүүлсэн.

Ш.Мөнхбат Г.Уянгын сурч байхад миний хүү сургууль дээр чинь очин байгаа үлдсэн 1,500,000 төгрөгийг гэрээ хий гэж шаардаж би гэрээ хийсэн.Ш.Мөнхбат намайг ажил дээр хоёр удаа дуудаж гаргаж ирээд дүүгийн хамт ирж намайг дарамтлан мөрдөс дээрээс зулгаан янз бүрээр доромжлон удирдах албан тушаалтантай уулзаад өргөдөл өгөөд явсан байсан.Би цалингүй сурдаг, мөн сургууль төгсөх гээд мөнгө бахгүй байна, танд өгнө гэх мэт мөн амьдралаа хэлсэн. Нөхөр С.Баярбилэг бид хоёр салсан, танд өгөх мөнгийг нөхрөөс ав гэж хэлсэн боловч чамаас авна гээд учир зүггүй доромжилж дайрсан. Г.У Ш.М гэдэг хүнээс мөнгө залилж аваагүй нь үнэн болно. Мөнгийг 3 хувааж өгөх хүсэлтэй байна. Ш.М-с 1,500,000 төгрөгийг дансаар аваагүй бэлнээр авсан тул үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 3 хувааж харилцан тохиролцон өгөх хүсэлтэй байна гэжээ.

 Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.А хариуцагч Г.У-ас зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг 3 хувааж өгнө гэж тайлбарлаж байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагт товлогдсон зарлагдсан товыг Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай хуудсаар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхээс Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлж 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагч өөрөө “би мэдэж байгаа” хэмээн хуудсыг хүлээн аваагүй болох нь шуудан хүргэгчийн бичиглэлээр тогтоогдож байна.

Хариуцагч хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

  1. 1,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагын талаар:

Хариуцагч  Г.У нь Хэнтий аймагт орших 1 өрөө орон сууцыг худалдахаар Ш.М гэх хүнтэй тохиролцож 5,000,000 төгрөгийн урьдчилгааг авчээ.

Ш.Мөнхбат нь Худалдах худалдан авах гэрээГ.У 3,500,000 төгрөгийг буцаан өгч 1,500,000 төгрөгийг өгөөгүй талаар маргаагүй, Ш.М-ын хүү М.А-тай 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Зээл төлүүлэх гэрээ”-г байгуулжээ.

Дээрх гэрээгээр зохигчид 1,500,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний дотор төлнө, хэрэв хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байна. Зохигчид энэ талаар маргаагүй.

 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2.-т “ талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан”, 43 дугаар зүйлийн 43.2.3-д“ хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” гэж зааснаар зохигчид хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл гэж үзэв.

Зохигчид хэдийгээр бодитоор мөнгийг зээл гэж олгоогүй боловч хариуцагчид бодитоор мөнгийг шилжүүлсэн, түүнчлэн өөрийн зөвшөөрлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн байдал зэрэг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “...гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр...” гэж зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдохоор байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

Зохигчид зээл төлүүлэх гэрээнд “хариуцагч Г.У 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,500,000 төгрөгийг төлнө” гэж тохирсон боловч тэрээр 500,000 төгрөгийг төлж, 1,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Зээл төлүүлэх гэрээнд үүргээ биелүүлээгүй тохиолдолд 1 хоногт тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ”Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зааснаар 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 241 хоног хугацаа хэтэрсэн байх тул хариуцагч гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагчаас зээлд 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Г.У-с 1,500,000 төгрөгийг гаргуулж М.А-д олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ГАНЧИМЭГ