Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

            Нарийн бичгийн дарга М.Э

            Улсын яллагч  Б.Со

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Б, Б.Э,  Т.О

            Шүүгдэгч Ц.О, Г.Т, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                                                                                                                                            

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ийн О, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Т, Ж овогт С-ийн Б нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг ....-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны.. . дугаар сарын ..-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ББСБ-ийн ... ажилтай, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт ... дүүрэг .... тоотод оршин суух, урьд Нийслэлийн .... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....-ний өдрий...н . дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгүүлж байсан, Б овогт Ц-ийн О /РД: .../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын.. .-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс ..., ... боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт ...  тоотод оршин суух, урьд ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...-ны өдрийн . д..угаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Г-ын Т /РД: .../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, . ..настай, эмэгтэй, яс үндэс ., .... боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., нөхөр,.. . хүүхдийн хамт ... дүүрэг ... хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт С-ийн Б /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О нь хуулиар хориглосон эрдэнэс буюу алтыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, С.Б, Г.Т нартай бүлэглэж, тэдэнд мөнгө амлаж 2023 оны 03 сарын 29-ний өдөр хуулиар хориглосон эрдэнэс буюу 2 кг 241,29 гр алтыг Замын-Үүд боомтын АЗШНЦ-1 дэх гаалийн хяналтын бүс буюу гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,  

Шүүгдэгч С.Б, Г.Т, Ц.О нар нь бүлэглэж 2023 оны 03 сарын 29-ний өдөр хуулиар хориглосон эрдэнэс буюу 2 кг 241,29 гр алтыг Замын-Үүд боомтын АЗШНЦ-1 дэх гаалийн хяналтын бүс буюу гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: О-оос тэр юмыг буюу алтыг авч өөрт нь хэлэлгүйгээр урагшаа авч гарсан. Урд үнэтэй байдгийг сонсоод авч гарах гэж байгаад хил дээр баригдсан гэв.

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Өмнө нь мэдүүлэг өгсөн одоо нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Т-тэй хамт 4 жил морь уясан. Барилга дээр ажиллах болсон гээд төсөл барьж ирсэн. Барилгад мөнгө хэрэгтэй байна ахдаа туслаач гэхээр нь уг алтыг өгсөн. Төсөл нь нэлээд ашигтай төсөл байсан. Тэгээд Т-д алтыг өгч хөл дээрээ босоорой гэж хэлсэн. Энэ хоёрыг алтыг улсын хилээр гаргачихна гэж огт бодоогүй. Энэ хоёр хил дээр баригдаад сандарсандаа баахан мэдүүлэг өгчихсөн байсан. Би энэ хэрэгт хамааралгүй гэв.  

Иргэний нэхэмжлэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол банкны хууль эрх зүйн мэргэжилтнээр ажилладаг. Манай хэлтсийн ажилчид нь Монгол банкийг төлөөлж хууль, шүүхийн байгууллагад итгэмжлэгчээр оролцох, Монгол банкны бусад газар нэгжүүдэд хууль зүйн дүгнэлт өгөх, Монгол банкны гадагш болон дотогш чиглэсэн эрх зүйн актуудад дүгнэлт гаргах, боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь Монгол улсын нутаг дээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхтэй байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд нь ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах хуулийн зохицуулалттай байна. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц чанарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эсхүл эрх бүхий хуулийн этгээдээр тогтоолгож тоо хэмжээг бүртгүүлэх зохицуулалттай байна. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортлон гаргаж болно гэж заасан байдаг. Төв банк, Монгол банкны тухай хуулиар Монгол банкны үйл ажиллагааны чиглэлд гадаад валютын улсын нөөцийг эзэмших, удирдах гэж заасан байдаг. Мөн хуулийн 21 дүгээр зүйлд Монгол банкан дахь гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэх нэг хэсгийг гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт гэж заасан байдаг. Мөнгөжсөн алт нь олон улсын жишигт хүргэн цэвэршүүлээд гадаад худалдаанд бэлэн болсон алтыг хэлнэ. Валютын зохицуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол банк нь улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар заагаад тус хуулийн 10 дугаар зүйлд Монгол банк нь Монгол улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор тус улсын болон гадаад орны банк бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс валют цэвэршүүлсэн алт худалдан авч болно гэж заасан. Мөнгөжсөн алт нь тухайн орны мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт үүсэх эрсдэлийг бууруулах баталгаа болдог. Гадаад валютын албан нөөц нэмэгдсэнээр нэгдүгээрт төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Хоёрдугаарт нь улс орны богино хугацаат гадаад зээлийг төлөх чадварыг хангадаг. Гуравдугаарт нь үндэсний мөнгөн тэмдэгт, гадаад валютын баталгааг хангах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах. Дөрөвдүгээрт улс орныг бүхэлд нь хамарсан дотоод болон гадаад хүчин зүйлийн улмаас үүссэн эдийн засгийн хямралт байдлаас түргэн хугацаанд зардал багатайгаар гарах зэрэг ач холбогдолтой. Харин алтыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэх нь валютын нөөцийг зорилтот түвшинд хүргэхэд муу нөлөөтэй. Энгийн үгээр хэлбэл валютын нөөц нь Монгол улс хилээ хаахад гадаадаас экспортолж оруулж ирэх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах чадварыг харуулдаг. Валютын нөөц дууссанаар Монгол улсын үндэсний аюулгүй байдал болон эдийн засагт маш их хор хөнөөл аюул учраас дэлхийн улс орон бүр төрийн мөнгөний бодлогоор валютын гадаад нөөцийг тогтмол нэмэгдүүлэхээр ажилладаг. Учир валютын нөөц нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлын баталгааг хангаж байдаг. Валютын нөөц нь мөн төгрөгийн ханшийг тогтвортой байлгах хэрэгсэл гэж үздэг. Эдийн засгийн хувьд алт нь хөрөнгийн үнэ цэнийг хадгалах хэрэгсэл гэдэг утгаараа эрт дээр үеэс төлбөр тооцоонд ашиглагдсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл төв банкууд алтыг нөөцдөө авч хадгалсаар байна. Төв банк нь мөнгөжөөгүй алтыг олон улсын жишигт хүргэн цэвэршүүлж гадаад валютаар борлуулахад бэлэн болгон мөнгөжсөн алт хэлбэрээр олон улсын санхүүгийн байгууллагуудад хадгалуулдаг. Энэхүү үйл ажиллагаа нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх нэг гол хэрэгсэл болж өгдөг. Мөн төрөөс алт олборлогч байгууллага, иргэдийг олборлосон алтаа эрх бүхий байгууллагад нь худалдах нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн бодлогыг авч хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг жишээ нь Монгол улсын санхүү, эдийн засгийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаар тушаал юм. Алт нь эрдэнэст хамаарна. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн Эрдэнэс гэх тодорхойлолтод ямар ч байдалд байгаа үнэт металл гэж орсон байдаг бөгөөд тус хуулийн 3.1.2 дугаар зүйлд “үнэт металл гэж алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг паллади, иридий, родий, рутений, осми” зэрэг орно гэж заасан байдаг. Монгол банканд алт худалдан авах үнийг Лондонгийн үнэт металлын зах дээрх хамгийн сүүлийн буюу тухайн өдөр худалдан борлуулагдаж буй ханшнаас хоёр ам долларыг, цагаан мөнгөний үнийг хамгийн сүүлийн цагаан мөнгөний үнээс нэг ам долларыг хасаж тооцдог. Ер нь Монгол банк бусад улс орнуудын жишигтэй нийцүүлэн адил үнээр худалдаж авдаг. Монгол банк нь алт худалдан авахдаа тус алтны гарал үүсэл, тусгай зөвшөөрөл, сорьцлуулсан байдлыг л шаарддаг. Монгол улсын хилээр гаргаж байгаа алт нь тус шаардлагуудад нийцдэггүй учраас хууль бус аргаар олборлосон байх магадлал өндөр байдаг. Ийм учраас бусад улс орнууд руу гаргаж зардаг байх магадлалтай гэж бодож байна. Би тус хэрэг дээр хураагдан Эрдэнэсийн санд хадгалагдаж буй 3 ширхэг гулдмай алтыг Монгол банканд авч, улсын орлого болгуулахыг хүсэж байна гэжээ. /1-р хх-ийн 196-198 /

Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүд гаалийн газрын автозамын шалган нэвтрүүлэх цогцолбор 1 гэх газар Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гарах талын зорчигчийн гаалийн хяналтын бүсийг ахалж хариуцан ажилласан. 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 08 цагт улсын хил нээгдэж орой 18 цаг хүртэл тус газарт үүрэг гүйцэтгэсэн. Тус өдрийн өглөө 10-12 цагийн үед ажил үүргээ гүйцэтгээд байж байтал тагнуулын байгууллагаac 3 хүн /2 эрэгтэй, 1 эмэгтэй/-ийг нягталж шалгах шаардлагатай байна гэж мэдээлэл ирсэн. Тэгээд гаалийн хяналт шалгалтын технологи үйл ажиллагааны дагуу гаалийн мэдүүлэг буюу тус 3 иргэнд декларацийг өгч бөглүүлсэн. Ингээд декларацийг бүрдүүлж дууссаны дараа боди скан буюу биеийг үзэх рентгэн аппаратаар тус 3 иргэнийг шалгасан. Үүний дараагаар эмэгтэй иргэнийг би шалгасан бөгөөд эмэгтэй иргэний биед гаалийн байцаагч У-ын хамт нягталсан шалгалт хийсэн. Нягталсан шалгалтын хүрээнд зорчигч эмэгтэйн биед үзлэг хийж, дээрээс доош хол хүртэл бүх хувцсыг тайлж үзсэн. Гэтэл баруун хөлийн доод хэсэгт оймсноос нь хар өнгийн гялгар уутаар боосон хүнд зүйл дүүжлэгдсэн байдалтай байхаар нь доторх зүйлийг нь уг эмэгтэйгээр өөрөөр нь гаргуулахад тус хөр өнгийн гялгар уутаар боосон, скочоор боосон, дөрвөлжин хэлбэртэй хүнд зүйл гарч ирснийг цаасны хутгаар задлаад үзтэл дотор нь шармал өнгийн металл зүйл илэрсэн. Тухайн эмэгтэйгээс уг шар өнгийн юу болох, хэнийх болох, ямар учраас уг эд зүйлийг авч явах болсон талаар асуухад уг зорчигч “Би энэ зүйлийг хотоос авсан. Юу болох талаар нь мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би тус хар уутаар боосон зүйлийг задлан шар өнгийн металл зүйлсийг заан “Энэ зүйлийг та юу гэж бодож байна вэ? Энэ юу юм бэ?” гэж асуухад тус зорчигч эмэгтэй “Энэ алт юм шиг байна” гэж хариулсан. Тэгээд би “Та энэ зүйлсийг хаашаа авч явж байгаа юм бэ?” гэж асуухад уг зорчигч “Би Эрээн хот руу авч явж байгаа. Тэгээд би Бүгд Найрамдах Хятад Ард Улсад очихоор нэг хүн ирээд тосоод авна” гэж хариулсан. За ингээд тус эмэгтэй зорчигчоос гарч ирсэн шармал өнгийн металл зүйлийг жинлэн үзэхэд 400 гаруй грамм байсан. Иймээс тухайн иргэний материалыг бүрдүүлсэн. Нөгөө хоёр эрэгтэйг манай гаалийн хоёр эрэгтэй байцаагч буюу Г, Ц нар шалгалт хийхэд монгол хувцастай эрэгтэй зорчигчоос скочоор боосон хоёр ширхэг шармал өнгийн металл зүйл илэрсэн байсан. ...Би тус хоёр иргэний биеэс шар өнгийн металл зүйл илэрсний дараа Замын-Үүд боомтын байцаагч нарын өрөөнд Б, Т нарыг оруулаад цай, унд өгөөд та хоёр юуны учраас хилээр ийм хориглосон хязгаарласан барааг зөөж байгаа юм бэ гэж асуухад тэр хоёр надад эгчээ бид хоёр гэр бүлийн хоёр байгаа юм аа. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй. Баларсан юм боллоо. Бид хоёрыг Улаанбаатар хотоос гарахад О гэдэг хүн энэ хар өнгийн уутаар боосон металл зүйлийг өгөөд наад зүйлээ нээж болохгүй шүү. Наадхаа Эрээн хот руу гаргаад өгчих. Шагналд нь сая төгрөг өгье гэсэн юм аа гэж надад хэлсэн. Мөн Б, Т нар нь надад хэлэхдээ О гэдэг хүн бид хоёрт хэн гэдэг хүн тосож авахаа бол хэлээгүй. Өөрсдөө бид хоёр дээр тус зүйлийг авах хүн маань өөрсдөө таниад ирээд авна гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгээд тус шар өнгийн металл зүйл бол бидний юм биш гэж хэлсэн бөгөөд энэ зүйл нь О гэдэг хүнийх гэж Т, Б нар надад хэлсэн. Бид хоёр зөвхөн тус барааг хил гаргаад нэг сая төгрөг шагналд нь авах гэж байсан гэж надад хэлсэн гэжээ. /2-р хх-ийн 11-12, 14-15/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хуваарийн дагуу Замын-Үүд дэх автозамын шалган нэвтрүүлэх цогцолбор 1 дээр Монгол улсын хилээр зорчигчийн гарах чиглэлд хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байсан. Би өглөө 7 цаг 30 минутад ажилдаа очиж ахлах байцаагчаас заавар, зөвлөгөө авч тус өдрийн 8 цагт ажил эхэлсэн. 8 цагт ажил эхэлж 9 цагаас 10 цагийн хооронд албан үүргээ гүйцэтгээд рентген аппаратаар зорчигчдын ачаа тээшийг шалгаад байж байтал тагнуулын ажилтнууд ирээд 3 хүнийг дахин шалгах шаардлагатай байна гэж хэлсэн. Тус 3 хүнийг рентген аппарат, боди аппарат буюу биеийн аппаратаар шалгаж үзсэн. Тус шалгалтаар ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Иймээс тус иргэдийг гаалийн гүнзгийрүүлсэн шалгалтын өрөө болох гаалийн 119 номерын өрөө рүү оруулсан. Тус өрөө рүү 3 иргэнийг оруулаад гүнзгийрүүлсэн шалгалт хийхээр байцаагчдыг хүйсийн дагуу хуваарилсан. Тэнд байсан 2 эрэгтэй зорчигчийг Ц бид хоёр шалгасан. Эрэгтэй зорчигчдын нэрийг асуухад нэгийг нь Г-ын Тгэж байсан. Нөгөөх иргэнийг нь бол санахгүй байна. Нөгөө иргэнийг нь боди рентгенээр шалгаад явуулсан. Г-ын Т-д нарийвчилсан шалгалт хийх ажлын хүрээнд эхлээд гадуур хувцсыг нь тайлуулсан. Дараа нь дотуур өмд, оймс, гутлыг тайлуулж шалгасан. Тэгэхэд ямар нэг зүйл сэжигтэй зүйл илрээгүй. Тэгээд түүний тайлсан оймс, өмд, гутал, цамц зэргийг рентген аппаратаар оруулж шалгахад түүний хоёр оймс дотроос нь хар өнгийн гялгар уутаар боосон хоёр ширхэг дөрвөлжин хэлбэртэй зүйл байсан. Би Г.Т-с “Таны биеэс гарч ирсэн хар өнгийн гялгар уутаар боосон, дөрвөлжин хэлбэртэй зүйл юу вэ?” гэж асуусан. Тэгэхэд Г.Т нь “Би тус хар өнгийн гялгар уутаар боосон хоёр ширхэг эд зүйлсийг юу болохыг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Ц байцаагч, би, ахлах байцаагч Т нар нь тус хар өнгийн гялгар ууттай эд зүйлсийг задалж үзэхэд шармал өнгийн металл зүйл байсан. Тэгээд тэр металл зүйлийг заан үзүүлж Г.Т-с “Энэ юу юм бэ? Та хаанаас авсан юм бэ? Энэ хэний эд зүйлс вэ?” гэж асуухад Г.Т нь “Энэ миний эд зүйлс биш. Миний таньдаг дүү намайг энэ эд зүйлсийг БНХАУ-ын Эрээн хот руу аваад яваач ээ гэж гуйсан юм” гэж хариулсан. Тэгээд би Г.Т-с “Энэ шармал өнгийн металл зүйл юу юм бэ?” гэж асуухад Г.Т нь “Би энэ зүйлийг чулуу гэж бодсон. Одоо харахад бол алт юм шиг байна” гэж хариулсан. Тэгээд түүний биеэс илэрсэн хоёр ширхэг шармал өнгийн металлыг жинлэж үзэхэд 1770 гр жинтэй байсан. Тэгээд хойшлуулшгүй ажиллагааны материалыг бүрдүүлсэн. Г.Т-тэй хамт явж байсан эмэгтэй С.Б-ийн хаанаас юу илэрснийг бол би мэдэхгүй байна. Ямартай ч гэсэн 1 ширхэг шармал өнгийн металл илэрсэн байсан. Г.Т-ийн хувцсыг тайлж үзэхэд түүний биеэс ямар нэгэн зүйл илрээгүй. Иймээс түүний хувцас хунарыг шалгахаар шийдсэн. Иймээс рентген аппаратаар оруулахад түүний хоёр оймсноос тус тус нэг нэг ширхэг шармал өнгийн металл зүйл илэрсэн. Тэрээр хоёр хөлийн шагайныхаа ойролцоо тус хар өнгийн гялгар уутаар боосон эд зүйлсийг байрлуулж, хувцас, оймсоо тайлахдаа мэдэгдэхгүйгээр оймсон дотроо үлдээсэн байсан. Тэгээд түүний хувцсыг өргөж үзтэл маш хүнд байсан. Ийм учраас баталгаажуулах зорилгоор рентген аппаратаар шалгасан. Би Г.Т, С.Б нараас ямар зорилгоор БНХАУ-руу тус металл зүйлийг авч гарч байгаа талаар асуухад О гэдэг дүү энэ зүйлийг БНХАУ-руу хүргээд өгчих тэгээд сая төгрөг авчих гэж хэлсэн гэж тайлбарлаж байсан. Яг эзнийг нь хэн болох талаар хэлээгүй. Юу ч гэсэн О-с авсан гэж хэлж байсан. О нь Б Т нарт хэлэхдээ манай найзын юм байгаа юм аа. Наад хар ууттай юмаа задалж үзэж болохгүй шүү гэж О гэдэг хүн хэлсэн гэж надад хэлсэн. Мөн О нь та хоёрыг очиход чинь цаанаас хүн ирээд тосоод авчихна. Тэгээд нэг сая төгрөг өгнө. Тэрийг ойр зуурынхаа бараандаа хэрэглэхгүй юу даа гэж Т, Б нарт хэлсэн байсан. Мөн Т, Б нар нь хэлэхдээ ойр зуурын гэр ахуйн бараа, жимс зэргийг Хятадаас зөөдөг гэж хэлж байсан. Ийм учраас мөнгө хэрэг болсон талаар О-д хэлэхэд манай найзын жижиг юм байгаа юм аа тэрийг Хятад рyy хүргэж өгөөд сая төгрөг авчих гэж хэлсэн талаар Б, Т нар нь надад тайлбарласан. /2-р хх-ийн 17-19, 21-22/

Гэрч У.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүд АЗШНБ-ын гаалийн хяналтын бүсэд 10-12 цагийн хооронд зорчигчийн гарах чиглэлийн биет үзлэг, шалгалт хийх хуваарийн дагуу ажиллаж байсан. Тухайн өдрийн ахлах байцаагч Н.Т “эмэгтэй хүний биед үзлэг хийх шаардлагатай байна” гэж хамтран үзлэг хийх тухай хэлсний дагуу үзлэг шалгалт хийх өрөөнд ороход 40 орчим насны шаргал өмдтэй, цайвар гуталтай нэг эмэгтэй байсан. Тухайн эмэгтэйд эрх үүрэг тайлбарлаж “Таны биед улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа байгаа юу?” гэж асуухад тухайн эмэгтэй хариулт өгөөгүй. Тэгээд түүний биед үзлэг хийх ажиллагааг эхлүүлэн түүний гар тээш буюу чемоданд үзлэгийг нарийвчилж хийхэд хориглосон, хязгаарласан эд зүйл байгаагүй. Тэгээд түүний биеийн дээд хэсгээс үзлэг хийж, хамгийн доод тал буюу баруун хөлний оймс дотор хар өнгийн уутаар ороож, скочидсон 1 ширхэг биет зүйл гарч ирсэн. Тэгээд ахлах байцаагч тухайн хар уутыг задлахад шар өнгийн металл зүйл гарч ирсэн. Уг эмэгтэйн баруун хөлийн оймс дотроос гарч ирсэн шар өнгийн металл зүйл нь шүдэнзний хайрцаг шиг хэлбэртэй байсан. Би хичнээн кг байсан эсэхийг хараагүй. Яагаад гэвэл давхар зорчигчийн гарах талд хяналт шалгалтын ажилтай байсан тул гарч явсан болохоор жинг нь хараагүй гэжээ. /2-р хх-ийн 24-25/

Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүд шалган нэвтрүүлэх цогцолбор 1 дээр ахлах байцаагчийн хуваарилсны дагуу дотоод ажлыг гүйцэтгэж байсан. Тус өдөр дотоод ажил буюу гаалийн хяналт шалгалт явуулахад ашигладаг тоног төхөөрөмж, программ зэргийг хариуцан ажиллаж байсан. Миний ажил өглөө 08 цагт эхэлсэн. Тэгээд орой 18 цагт дууссан. Өглөө 10 цагийн үед намайг импортын өрөөнд сууж байтал манай экспорт дээр гарч байсан Г гэх байцаагч “Тагнуулаас хүмүүс ирлээ. 3 зорчигчийг гүнзгийрүүлэн шалгаж аппаратаар оруулах хэрэгтэй байна. Яаралтай хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би Экспортын тал руу буюу Монгол улсын хилээр зорчигчид гарах чиглэл дээр очсон. Намайг очиход хоёр эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд тус иргэдийг боди скань буюу хүний биед рентген үзлэг хийх аппаратаар шалгасан. Тус аппаратаар шалгахад тус иргэдийн биеэс ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Иймд нарийвчилсан шалгалт явуулахаар болж Г бид хоёр хоёр эрэгтэй иргэний биед үзлэг хийсэн. Үзлэг хийх ажлын хүрээнд тус иргэдийн өмсөж явсан хувцсыг нь тайлуулсан. Тус иргэдийн биеэс ямар нэгэн зүйл илрээгүй. Харин тус иргэдийн авч явж байсан гар тээшийг гар тээшний рентген аппаратаар шалгасан. Мөн ямар нэг зүйл илрээгүй. Тус хоёр эрэгтэйн тайлсан хувцсыг нь торонд хийж рентген аппаратаар шалгахад монгол цамц, гуталтай байсан иргэний монгол цэнхэр өнгийн зузаан оймсноос нь 2 ширхэг хар өнгийн уутаар боосон дөрвөлжин хэлбэртэй зүйлс байсан. Тус дөрвөлжин хэлбэртэй, хар уутаар боосон зүйлсийг задалж үзэхэд шармал өнгийн 2 ширхэг металл гарч ирсэн. Миний санаж байгаагаар оймсноос нь металл илэрсэн эрэгтэйн нэрийг Т гэж байсан санагдаж байна. Харин эмэгтэйг нь Б гэж байсан. Нэг иргэнээс ямар нэгэн зүйл илрээгүй тул зүгээр явуулсан. Тэгээд манай улсын ахлах байцаагч Т нь Т-с “Энэ шармал өнгөтэй металл нь юу юм бэ?” гэж асуухад Т нь “Би энийг чулуу юм байх гэж бодсон” гэж хариулж байсан. Тус иргэдээс өөр ямар нэгэн асуулт асууж байхыг нь би сонсоогүй. Энэ үйл явдал болсны дараа би албан үүргээ гүйцэтгэхээр өөрийн хариуцсан газар луугаа явсан. Цаашаа юу болсныг бол мэдэхгүй байна. Би тус иргэдтэй тулж харьцаагүй. Манай ахлах байцаагч Н.Т, Г нар нь тус иргэдтэй харьцсан. Г.Т-ийн хувцсыг гүнзгийрүүлсэн шалгалтын хүрээнд тайлж рентген аппаратаар оруулсан. Учир нь биеэс нь ямар нэгэн зүйл илрэхгүй байсан. Иймд хувцсыг нь шалгахаар шийдсэн. Г.Т нь өөрийн хоёр оймсондоо нэг нэг ширхэг хар өнгийн гялгар уутаар боосон шармал өнгийн металл зүйлсийг хийсэн байсан. Намайг сүүлд ажлынхаа хамт олноос сонсоход эмэгтэйн биеэс нь 1 ширхэг шар өнгийн металл илэрсэн гэж байсан гэжээ. /2-р хх-ийн 27-29/

Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний санаж байгаагаар 2023 оны 02 дугаар сарын сүүлээр Б ах над руу залгаад надаас ажил асуугаад байгаа бригад байна. Хэрвээ танай компанид ажил их байвал уулзаж үзэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед манай компанийн 2 төсөл эхлээд жигдэрчихсэн байсан. Тэгээд нэмж эхлэх төсөл дээрээ хүн хайж байсан. Тухайн үед манай компани маш олон бригадуудтай уулзаж байсан. Тэгээд Б ах ажил хайж байгаа хүн байна гэхээр нь Т гэх хүнтэй уулзсан. Би тухайн үед Т гэж бүтэн нэрийг нь бол мэдээгүй. Нэг намхан залуугийн хамт ирсэн. Т ирэхдээ монгол дээлтэй ирсэн. Харин намхан залуу нь энгийн өмд, цамцтай байсан. Би тухайн үед өөрийн нөхөртэйгөө хамт байсан. Тэгээд би нөхөртэйгөө хамт тэр хүмүүст ажлын зургаа харуулаад тавигдах шаардлагыг танилцуулсан. Т гэх хүнийг би ерөөсөө танихгүй. Надад Т үнийн саналаа авчирч өгнөө гэж хэлээд надтай холбогдохгүй байсан. Надад үнийн саналаа авчирч өгөөгүй болохоор би Б ахад утасдаж Т гэх таны санал болгоод байсан хүн чинь таг чиг болчихлоо шүү гэж хэлсэн. Ерөнхийдөө бол барилгын төслөө 4 сар гаргаад эхлэх гэж байсан. Надтай маш олон барилгын бригад ирж уулзсан. Тэдний нэг нь л энэ Т гэх хүн байсан. Би энэ хүнд төсөл танилцуулснаас биш юу ч ярьж тохироогүй. Ямар нэгэн гэрээ ч хийгээгүй. Бүр үнийн саналаа ч аваагүй. Манай төсөл 13 дугаар хороололд хэрэгжих гэж байсан. Би барилгын төслөөс ганц ширхэг хуудас л канондож өгсөн. Нэгдүгээрт манай барилгын компанийг Сервис апартмент гэдэггүй. Т нь манай барилгын компанийн нэрийг ч санахгүй байна. Хоёрдугаарт Г.Т-тэй ямар нэгэн мөнгө төгрөгийн талаар тохирсон зүйл ч байхгүй ажил хийж ч эхлээгүй. Бүр Т-ийн барилгын бригадаар хийлгэнэ гэж ч тохироогүй байсан. Т над руу 2023 оны 02 дугаар сарын сүүлээс хойш нэг ч залгаагүй. Сая 2023 оны 04 дүгээр сарын эхээр хэд хоногийн өмнө залгаад байсан Гэхдээ би бол Т-ийн барилгын бригадаар ажлаа хийлгэхгүй. Би өөр бригад сонгочихсон байгаа. Анхнаасаа ч ер нь бол Т-ийн барилгын компанийг сонгосон ч гэж Т-д хэлээгүй. Ажил хийх хүсэлтэй ирж уулзсан олон бригадын нэг нь л Т-ийн бригад байсан. Би Т-ийн бригадтай эсэхийг ч мэдэхгүй. Тэгээд гэнэт л саяхан над руу залгаад барилгын ажил байгаа юу нөгөө ажил нь эхэлсэн үү гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би болоогүй гээд хэлсэн. Би яг хэзээ над руу залгасан гэдгийг бол санахгүй байна. Гэхдээ юу ч гэсэн 4 сарын эхээр залгасан. Тэгээд өчигдөр билүү уржигдар над руу Т над руу залгаад юу болсон бэ гэж асуугаад байсан. Би Т-г огт танихгүй. Ажил асууж ирэхэд нь нэг л удаа уулзсан. Тэгээд ажил танилцуулсан. Би Т-г 13 дугаар хороололд баригдаж байгаа төсөл дээр ерөөсөө сонгоогүй. Зөвхөн надтай ирж уулзсан бригадуудын л нэг байсан. Энэ хүнтэй би юу ч ярьж тохироогүй. Өөрөө л таг чиг болсон Үнийн саналаа ч авчирч өгөөгүй. Тэгээд л таг чиг болчихсон. Би тус барилгын төсөл дээр өөр хүн ажиллуулахаар тохирчихсон байгаа. Одоо яагаад манай компанийн төсөл дээр ажиллах гээд тохирчихсон юм яриад байгааг нь ерөөсөө ойлгохгүй байна. Би Т гэх энэ хүнд маш их гомдолтой байна. Юу ч ярьж тохироогүй байж худал хуурмаг зүйл маш их ярьсан байна гэжээ. /2-р хх-ийн 41-43/

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Г-ын Т гэдэг хүнийг танина. Би Г.Т-тэй 2010 онд анх танилцаж байсан. Г.Т нь надтай тухайн үед Америкийн Элчин сайдын яамны зүүн талд баригдаж байгаа барилга дээр хамт ажилласан. Г.Т нь кранист хийдэг байсан. Харин би тус барилгад мужаан хийдэг байсан. Тэгээд Г.Т-тэй 2 сар хамт ажиллаад би их сургуульд суралцахаар болсон. Тэгээд ажлаасаа гарсан. Тэр цагаас хойш бид хоёр нэг их тааралдаж байгаагүй. Бараг холбоогүй байсан. Хааяа л нэг утсаар холбогддог байсан Г.Т нь Өлзийт хороололд уяач хийдэг болсон байсан. Би энэ хавар гэрт нь очсон. Бид хоёр дотны найз нөхөд биш. Зүгээр л танилууд. Би 2023 он гарснаас хойш Г.Т-тэй ганц л удаа уулзсан. Г.Т нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр над руу залгаад хоёулаа нэг барилгын төсөл хамт очоод харья гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун төсөл юм бэ гэж асуусан. Г.Т нь надад би сайн мэдэхгүй байна. Хоёулаа юу ч гэсэн харъя гэж хэлсэн. Тэгээд би Г.Т-ийн гэрт нь очсон. Би Г.Т-ийн гэрт өглөө очсон. Би гэрийг нь олохгүй нэлээн удсан. Тэгээд Г.Т-ийн хүүхэд нь ирж тосоод би Т-г гэрээс нь аваад Ривер Гарден хотхон руу явсан. Замаараа Т-ийн хүүхдийн ажлыг амжуулаад Ривер Гарден хотхонд 13 цагийн үед ирсэн. Тэгээд Ривер Гарден хотхоны 101 билүү нэг 100 гэсэн тоотой байр байсан. Тэгээд хоёр давхар оффис байхаар нь ороод уулзсан. Бид хоёр ороход нэг хүүхэн, залуу хоёр ирж уулзсан. Би тэр хүүхэн, залуу хоёрын нэр усыг мэдэхгүй. Мөн утасны дугаарыг нь ч мэдэхгүй. Тэр хоёр өөрийнхөө нөүтбүүк дээр янз бүрийн зураг төсөл үзүүлээд байсан. Тэгээд энэ төсөлснөөс чинь хэдэн зургуудыг чинь хэвлээд авчихъя гэж хэлсэн. Тэгээд хэдэн гол зургуудийг хэвлээд авчихсан. Тэгээд бид хоёр зургийг нь авчхаад би Г.Т-г хүргэж өгсөн. Ямартай ч Б гэдэг найз нь л барилгын төсөл олж өгнө гэж надад ярьж байсан. Би тэр Б-ийг нь танихгүй. Ривер Гарден хотхоны оффист Г.Т бид хоёрт үзүүлсэн зураг төсөл нь маш ганган, чамин барилгын зураг төсөл байсан. Би одоо ер нь бол 2002 оноос хойш барилгын салбарт ажиллаж байна. Миний бодлоор тус төслийг хэрэгжүүлэхэд маш их хэмжээний мөнгө орно. Би яг санхүүгийн хүн биш учраас яг хэд гэдгийг нь бол хэлж мэдэхгүй байна. Тэр маш том, чамин барилга байсан. Нэг давхар нь л гэхэд 700 гаруй метр квадрат барилга байсан. Тэгээд түр байрлах ажилчдын байр, инженер техник, барилгын түүхий эд, тоног төхөөрөмж гэх мэтийн маш их хэмжээний зарлага гарна. Би тэр Ривер Гарденд байрлах оффистой барилгын компанийн нэрийг мэдэхгүй. Хом плазагийн тэнд баригдаж байгаа барилга байсан. Г.Т бид хоёрт тус барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай мөнгөн дүнг тооцож үзээгүй. Миний бодлоор бол 100 гаруй сая төгрөгөөр тус барилгын карказ, арматурын угсралтын ажлыг эхлүүлэх боломжгүй. Тус ажлыг эхлүүлэхэд 30-40 гаруй хүн дор хаяж хэрэг болно. Ийм учраас их хэмжээний зардал гарна. Тус барилгын ажлыг авахаар Ривер Гарден хотхонд очоод барилгын төслийн зургийг хуулбарлаж авснаас биш яг ярьж тохиролцоод гэрээ хийсэн зүйл байхгүй. Бид хоёр тус барилгын компанийн ажилчидтай ярьж тохирсон зүйл байхгүй. Би тус барилгын төсөл дээр Г.Т-тэй хамтран ажиллах гэж байгаагүй. Би Г.Т-г өөрийн оюутны ангийн найз А гэх хүнтэй холбож өгсөн. А-ын гар утас ... Г.Т, А хоёр зөвхөн утсаар л ярьж байсан. Харин хэзээ ч уулзаж байгаагүй. Сүүлд А Г.Т-тэй уулзах гээд Нисэх дээр манай ажил дээр ирсэн Т ирээгүй учраас хүлээж байгаад уулзаагүй явсан. А, Г.Т нар нь утсаар л ярилцсан. Яг ярьж тохиролцоод гэрээ хийсэн асуудал байхгүй. Би Т-д ийм том барилгын ажил хийх хүн сайн хүмүүс олж аваарай гэж хэлж байсан. А-т бол барилгын 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бригад байгаа. Харин 30 хүний бүрэлдэхүүнтэй бригад яаж байгуулах гэж байсан талаар бол мэдэхгүй байна. Г.Т-д бол өөрт нь доор нь ажиллах нэг ч хүн байхгүй. Миний бодлоор Г.Т өөрөө олох гэж байсан байх. Г.Т барилгын чиглэлээр нэг их зүйл мэдэхгүй хүн. Би бол Г.Т-г барилгын төсөл хэрэгжүүлж чадахгүй л гэж бодож байна. Өөрөө барилгын каранист хийж байсан хүн төсөл мэтийн зүйл бол мэдэхгүй гэж бодож байна. А-ыг Г.Т яагаад ийм сонин хэрэгт хутгаад байгааг мэдэхгүй байна. А Т хоёр нь нэг удаа ч уулзаж байгаагүй хүмүүс. Г.Т нь барилгын төсөл хэрэгжүүлж их мөнгөтэй болох талаараа л яриад байсан. Ерөнхийдөө бол гарах зардал төсвийг нарийвчлан тооцохгүй байсан. Барилгад асар их мөнгө ордог гэдгийг мэдэхгүй л хүн гэжээ. /2-р хх-ийн 45-47/

Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ... гэх дугаартай хүнийг танина. Энэ хүнийг Т  гэдгийг одоо л сонсож байна. Энэ хүнтэй би ганц хоёр удаа холбогдож байсан. Би 2023 оны 03 дугаар сарын эхээр өөрийн найз М-ээс ажил асуусан. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр миний найз М над руу нэг барилгын байгуулалтын зураг явуулаад энэ ажлыг хийх үү, нэг ийм ажил байна гэж байсан. Тэгээд би болохоор хийе гэж хэлсэн. Намайг энэ ажлыг хийе гэсэн чинь М надтай нэг хүнийг холбогдуулъя гэж хэлсэн. Тэгээд М чимээгүй болчихсон. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр миний найз М над руу фейсбүүк чатаар “сайн уу ажилтай болсон уу, тэгж байгаад чам руу ярих байхаа утас цэнэг дууссан гэнэ” гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын ... гэх дугаараас над руу нэг хүн залгасан. Тэр хүний нэрийг би мэдэхгүй. Тэгээд надад 23 давхар баригдаж байгаа барилга дээр мужааны ажил байна гэж хэлсэн бөгөөд одоо би нэг компани байгуулна. Тэгээд данс нээлгэнэ энэ тэр гээд нэг юм яриад байсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би өөрөө энэ ... гэх дугаар луу залгаад барилгын ажлыг чинь үзье, талбай дээрээ очиж хармаар байна гэж хэлсэн. Тэгээд үнэ ханшийн талаар ярилцъя гэх яриа хийсэн. Тэгээд тэр өдрөө уулзаагүй. Би М-ийн нисэхэд байрлах ажил дээр нь очоод энэ Т гэх хүн рүү залгаад уулзах гэтэл Т нь надад манайд хүмүүс ирсэн байна ерөөсөө уулзаж чадахгүй нь ээ гэж хэлсэн. Би Т-тэй 30 хүний бригад байгуулъя гэж бол ярьж тохироогүй. Учир нь надад 7-8 хүний бүрэлдэхүүнтэй бригад байгаа л гэж хэлсэн. Яг ярьж тохирсон зүйл юу ч байхгүй. Ямар нэгэн гэрээ, хэлэлцээр хийгээгүй. Энэ хүнтэй би ерөөсөө уулзаагүй. Царайг нь ч харж байгаагүй. Анх энэ хүнтэй 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр л нэг удаа утсаар ярьсан. Тэрнээс өмнө ерөөсөө ярьж байгаагүй. Ерөнхийдөө бол би энэ хүнийг танил талтай хүн гэж бодсон. Ер нь бол энэ хүн бол ажил хийлгэх гэж байгаа хүн шиг байгаагүй. Надтай холбогдохгүй байгаад байсан. Би энэ Т гэх хүнтэй нарийн ширийн зүйлсийг ярьж тохироод гэрээ, хэлэлцээр хийсэн зүйл бол байхгүй. Г.Т-ийн яриад байгаа төсөл дээр орох санаа бол надад байсан. Харин яг орноо гээд ярьж тохирсон, гэрээ хийсэн зүйл байхгүй. Апалкийн метр квадрат гэж юу болохыг би мэдэхгүй байна. Манай барилга дээр ингэж ярьдаггүй. Би Т-д барилга угсралтын ажлын мужааны ажил бол 60 мянга, арматурын ажил бол 35 мянга байдаг гэж хэлсэн. Харин тус төсөл дээр бол энэ үнээр хийнэ гэж бол ярьж тохиролцсон зүйл байхгүй. Би Т мэтийн хүмүүс надаас хол байгаасай гэж хүсэж байна Би энэ хүнтэй юу ч ярьж тохирон, гэрээ контракт хийгээгүй байхад ярьж тохирсон мэтээр ярьсан байна. Ийм хүмүүс барилгаас хол байгаасай гэж хүсэж байна гэжээ. /2-р хх-ийн 49-51/

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Г-ын Т гэх хүнийг танина. Г.Т-р би морь уяулж байсан. Т нь Өлзийт хороололд амьдардаг. Бид хоёр анх 2021 онд танилцаж байсан. Тэгээд би 2021-2022 он хүртэл 1 жил морь уяуулсан. Миний 3 морийг уяж байсан. Г.Т- нь морь уяж л амьдардаг хүн. Миний мэдэхийн О, А бид гурвын морийг уяж байсан. 2022 оны 3 сараас хойш би Т-р морио уяулаагүй. Тэр цагаас хойш хааяа утсаар холбогддог. Г.Т нь С.Б гэх эхнэртэйгээ хамт амьдардаг. Миний санахын 4 хүүхэдтэй хүн. Ерөнхийдөө гол орлого нь л бусад хүмүүсийн морийг уяж амьдардаг. Мөн намар болохоор Т нь самарт яваад байдаг. Ер нь ядруухан амьдралтай хүн. Би Т-д ажил санал болгож бол байгаагүй. Т өөрөө над руу 2023 оны 3 сард ажил асууж залгаж байсан санагдаж байна. Тэгэхээр нь би таньдаг хүмүүсээсээ залгаж ажил асууж, О гэдэг хүнтэй холбож өгсөн. О-тэй би өмнө нь .... ХХК-д хамт ажиллаж байсан. Одоо О нэг ... гэдэг нэртэй барилгын компани ажиллуулдаг санагдаж байна. Ийм учраас О-с ажил асууж ярихад О надад баригдаж байгаа барилга дээр арматур, мужааны ажил байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тэгээд Т-д О-ийн ... гэх утасны дугаарыг өгсөн. О-гтэй яриад манай нэг найз ажил хайж байгаа юм аа. Ажил байвал наад хүндээ өгчих гэж хэлсэн. О нь надад юу ч гэсэн би тэр хүнтэй чинь уулзаад үзье ээ над руу залгуулчих гэж хэлсэн. Тэгээд Т О нар нь уулзсан байх. Тэр хоёрыг уулзаад юу ярьсан талаар бол мэдэхгүй байна. Т нь барилгын төсөл хэрэгжүүлж чадах хүн биш. Учир нь Т барилгын төслийн талаар нарийн ширийн зүйл мэдэхгүй. Т-ийн ганц хоёр ах дүү нь ажилгүй байдаг. Т нь надад би барилга дээр ганц хоёр ах дүү нараа аваад самарт явж байсан хүмүүсээ аваад бригад болоод ажиллана, арматур мужааны ажил хийх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд ажил олж өгөхийг надаас хүссэн. Тэгээд би хуучны танил болох О-тэй холбосон. Сүүлд нь би О-с асуухад Т-тэй ажил хийх талаар ярьж тохирсон зүйл байхгүй байгаа гэж ойлгосон. О хэлэхдээ таны яриад байсан хүн чинь ярьчхаад алга болчихлоо гэж хэлж байсан. Яриад байсан хүн гэдэг нь Т. О нь Т-ийн нэр усыг мэдэхгүй байх. Ямартай ч тэр хоёрын хооронд ямар нэгэн гэрээ, контракт хийгээгүй. Т нь 3-4 ширхэг хурдны морьтой шиг санагдаж байна. Өөрөө морь нь гайгүй байгаад байвал жаахан үнэд хүргээд зарчихдаг хүн. Байнгын л ганц хоёр морь зарж бариад л байж байдаг. Т-д миний бодлоор бол төсөл хэрэгжүүлэх мөнгө байхгүй байх. Өөрөө Өлзийт хороололд өөрийн хашаа ч байхгүй хүний хашаанд монгол гэрт амьдардаг. А, О бид гурав Т-өөр морио уяулъя гээд 2021 оны 5-6 сарын хавьцаа гал уяа байгуулсан. Тэгээд 2022 оны өвөл нь буюу 1 сарын үед А нь Т-тэй хэрэлдээд морио уяулахаа больсон. Тэгээд Т-с адуугаа авсан 2022 оны 3 дугаар сард нь би адуугаа авсан. Т-г ерөнхийдөө харж байхад ундуй сундуй байсан учраас ер нь больё гэж бодоод адуугаа авсан. Тэгээд О-ын л адууг уяж үлдсэн. Тэгээд миний сонссоноор 2022 оны намар 9 сарын үед О нь Т-с адуунуудаа аваад уяулахаа больсон гэж сонссон. Тэгээд Т гурав дөрвөн хүүхэдтэй болохоор нь ажил олж өгөөч гэж өөрөө гуйхаар нь барилгын карказ угсрах ажил олж өгөх гэж оролдсон минь л энэ. Ерөнхийдөө бол Т нь одоо яагаад ийм янз бүрийн зүйл яриад байгааг бол мэдэхгүй байна. Т нь О-тэй ярьж тохирсон ямар ч зүйл байхгүй. Т нь ядруухан амьдралтай хүн болохоор орлоготой болгоё гэж бодсондоо ажил олж өгсөн минь л энэ. Т нь төсөл хэрэгжүүлэх хүн бол биш. Хүний хэдэн морийг олигтойхон тэжээгээд явж чадахгүй байж юун төсөл энэ тэр байх вэ дээ гэжээ. /2-р хх-ийн 55-57/

Тагнуулын Ерөнхий газрын ...-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 61-62/

Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын ...-ны өдрийн.... дугаартай дүн /2-р хх-ийн 70/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн ...-ны өдрийн .... дугаартай тогтоол /1-р хх-ийн 21/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26-34, 36-42, 78-83/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 35, 43/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 51-77/

Үзлэг хийсэн тэмдэглэл /камерын бичлэг/ /1-р хх-ийн 84-94/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-рхх-ийн 95-103, 107-129/

Үзлэг хийсэн тэмдэглэл /шинжилгээнд сорьц өгөх ажиллагаа/ /1-р хх-ийн 130-133/

Сэргээсэн файлд үзлэг хийсэн тэмдэглэл /Redmi note 4G8 I phone 13 pro max/ /1-р хх-ийн 134-151/

Гадаад паспортод үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 152-173/

Үзлэг хийсэн тэмдэглэл /шармал өнгийн металл/ /1-р хх-ийн 174-182/

ХААН банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 183-187/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 188/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 190191/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ...-ны өдрийн прокурорын тогтоол /2-р хх-ийн 76-97/

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, паспорт хүсэх мэдүүлэг /2-р хх-ийн 132-137/

Хил хамгаалах Ерөнхий газрын ...-ны өдрийн .... дугаартай албан тоот, тоотын хавсралт /2-р хх-ийн 139-141/

Монгол банкны ...-ны өдрийн .... дугаартай албан тоот, тоотын хавсралт /2-р хх-ийн 151-152/

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 101-103/

Шийтгэх тогтоолын хуулга /3-р хх-ийн 106-124/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 133-136/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ц.О нь хуулиар хориглосон эрдэнэс буюу алтыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, С.Б, Г.Т нартай бүлэглэж, тэдэнд мөнгө амласан, шүүгдэгч С.Б, Г.Т нар нь 2023 оны 03 сарын 29-ний өдөр хуулиар хориглосон эрдэнэс буюу 2 кг 241,29 гр алтыг Замын-Үүд боомтын АЗШНЦ-1 дэх гаалийн хяналтын бүс буюу гаалийн хилээр биедээ буюу гутландаа нууж хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт болсон байна.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.”эрдэнэс” гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, байгалийн төрцийг, 3.1.2.”үнэт металл” гэж алт, мөнгө, ... гэж,

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгох” бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлнэ”. 46.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно” гэж тус тус заажээ.

Эдгээр хуулийн агуулгаас үзэхэд алтыг олборлогч этгээд Монгол Улсын хилээр гаргаж болохоор байх бөгөөд шүүгдэгч нарын хувьд үнэт металл буюу алтыг хуульд зааснаар олборлох тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд биш тул шүүгдэгч Ц.О нь бусдаас хувиараа худалдан авсан алтаа гадаад улсад экспортлох эрхгүй байж мөнгө амлаж, шүүгдэгч Г.Т, С.Б нар нь хуулиар хязгаарлалт тогтоосон бараа буюу алтыг зохих зөвшөөрөлгүй өөрийн биедээ буюу гутландаа нууж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн идэвхтэй үйлдэл хийсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул тэднийг хуулийн дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

Шүүгдэгч нарын хууль зөрчсөн үйлдэл нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүд боомтын Авто Замын Шалган Нэвтрүүлэх Цэг-1 дэх гаалийн хяналтын бүсэд болсон байдаг. Замын-Үүд суманд байрлах авто замын боомт нь байнгын үйл ажиллагаа явуулдаг боомт юм. Монгол улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “байнгын ажиллагаатай боомт” гэж Монгол Улсын олон улсын гэрээнд заасан цагийн хуваарийн дагуу байнга ажиллах боомтыг хэлжээ. Байнгын ажиллагаатай боомт дээр хийгдэж байгаа гаалийн хяналт шалгалт нь Монгол улсын хилээр нэвтрэх үеийн өмнөх ажиллагаа гэж ойлгож болно. Иймд шүүгдэгч нарыг хуулиар хориглосон эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.О нь хуулиар хориглосон эрдэнэс буюу алтыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, С.Б, Г.Т нартай бүлэглэж, тэдэнд мөнгө амласан, шүүгдэгч С.Б, Г.Т нар нь 2023 оны 03 сарын 29-ний өдөр хуулиар хориглосон эрдэнэс буюу 2 кг 241,29 гр алтыг Замын-Үүд боомтын АЗШНЦ-1 дэх гаалийн хяналтын бүс буюу гаалийн хилээр биедээ буюу гутландаа нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Н.Т-ын “...Ингээд декларацийг бүрдүүлж дууссаны дараа боди скан буюу биеийг үзэх рентген аппаратаар тус 3 иргэнийг шалгасан. Үүний дараагаар эмэгтэй иргэнийг би шалгасан бөгөөд эмэгтэй иргэний биед гаалийн байцаагч Уранмандахын хамт нягталсан шалгалт хийсэн. Нягталсан шалгалтын хүрээнд зорчигч эмэгтэйн биед үзлэг хийж, дээрээс доош хол хүртэл бүх хувцсыг тайлж үзсэн. Гэтэл баруун хөлийн доод хэсэгт оймсноос нь хар өнгийн гялгар уутаар боосон хүнд зүйл дүүжлэгдсэн байдалтай байхаар нь доторх зүйлийг нь уг эмэгтэйгээр өөрөөр нь гаргуулахад тус хөр өнгийн гялгар уутаар боосон, скочоор боосон, дөрвөлжин хэлбэртэй хүнд зүйл гарч ирснийг цаасны хутгаар задлаад үзтэл дотор нь шармал өнгийн металл зүйл илэрсэн. ...Би тус хоёр иргэний биеэс шар өнгийн металл зүйл илэрсний дараа Замын-Үүд боомтын байцаагч нарын өрөөнд Б,           Т нарыг оруулаад цай, унд өгөөд та хоёр юуны учраас хилээр ийм хориглосон хязгаарласан барааг зөөж байгаа юм бэ гэж асуухад тэр хоёр надад эгчээ бид хоёр гэр бүлийн хоёр байгаа юм аа. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй. Баларсан юм боллоо. Бид хоёрыг Улаанбаатар хотоос гарахад О гэдэг хүн энэ хар өнгийн уутаар боосон металл зүйлийг өгөөд наад зүйлээ нээж болохгүй шүү. Наадхаа Эрээн хот руу гаргаад өгчих. Шагналд нь сая төгрөг өгье гэсэн юм аа гэж надад хэлсэн. Мөн Б, Т нар нь надад хэлэхдээ О гэдэг хүн бид хоёрт хэн гэдэг хүн тосож авахаа бол хэлээгүй. Өөрсдөө бид хоёр дээр тус зүйлийг авах хүн маань өөрсдөө таниад ирээд авна гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгээд тус шар өнгийн металл зүйл бол бидний юм биш гэж хэлсэн бөгөөд энэ зүйл нь О гэдэг хүнийх гэж Т, Б нар надад хэлсэн. Бид хоёр зөвхөн тус барааг хил гаргаад нэг сая төгрөг шагналд нь авах гэж байсан гэж надад хэлсэн” /2-р хх-ийн 11-12, 14-15/, гэрч Б.Г-ийн “...Г-ын Т-д нарийвчилсан шалгалт хийх ажлын хүрээнд эхлээд гадуур хувцсыг нь тайлуулсан. Дараа нь дотуур өмд, оймс, гутлыг тайлуулж шалгасан. Тэгэхэд ямар нэг зүйл сэжигтэй зүйл илрээгүй. Тэгээд түүний тайлсан оймс, өмд, гутал, цамц зэргийг рентген аппаратаар оруулж шалгахад түүний хоёр оймс дотроос нь хар өнгийн гялгар уутаар боосон хоёр ширхэг дөрвөлжин хэлбэртэй зүйл байсан. Би Г.Т-с “Таны биеэс гарч ирсэн хөр өнгийн гялгар уутаар боосон, дөрвөлжин хэлбэртэй зүйл юу вэ?” гэж асуусан. Тэгэхэд Г.Т нь “Би тус хар өнгийн гялгар уутаар боосон хоёр ширхэг эд зүйлсийг юу болохыг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Ц байцаагч, би, ахлах байцаагч Т нар нь тус хар өнгийн гялгар ууттай эд зүйлсийг задалж үзэхэд шармал өнгийн металл зүйл байсан. Тэгээд тэр металл зүйлийг заан үзүүлж Г.Т-с “Энэ юу юм бэ? Та хаанаас авсан юм бэ? Энэ хэний эд зүйлс вэ?” гэж асуухад Г.Т нь “Энэ миний эд зүйлс биш. Миний таньдаг дүү намайг энэ эд зүйлсийг БНХАУ-ын Эрээн хот руу аваад яваач ээ гэж гуйсан юм” гэж хариулсан. ...Би Г.Т, С.Б нараас ямар зорилгоор БНХАУ-руу тус металл зүйлийг авч гарч байгаа талаар асуухад О гэдэг дүү энэ зүйлийг БНХАУ-руу хүргээд өгчих тэгээд сая төгрөг авчих гэж хэлсэн гэж тайлбарлаж байсан. Яг эзнийг нь хэн болох талаар хэлээгүй. Юу ч гэсэн О-с авсан гэж хэлж байсан. О нь Б Т нарт хэлэхдээ манай найзын юм байгаа юм аа. Наад хар ууттай юмаа задалж үзэж болохгүй шүү гэж О гэдэг хүн хэлсэн гэж надад хэлсэн. Мөн О нь та хоёрыг очиход чинь цаанаас хүн ирээд тосоод авчихна. Тэгээд нэг сая төгрөг өгнө. Тэрийг ойр зуурынхаа бараандаа хэрэглэхгүй юу даа гэж Т, Б нарт хэлсэн байсан. Мөн Т, Б нар нь хэлэхдээ ойр зуурын гэр ахуйн бараа, жимс зэргийг Хятадаас зөөдөг гэж хэлж байсан. Ийм учраас мөнгө хэрэг болсон талаар О-д хэлэхэд манай найзын жижиг юм байгаа юм аа тэрийг Хятад рyy хүргэж өгөөд сая төгрөг авчих гэж хэлсэн талаар Б, Т нар нь надад тайлбарласан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-19, 21-22/, гэрч У.У /2-р хх-ийн 24-25/, гэрч Ц.Ц /2-р хх-ийн 27-29/ нарын мэдүүлэг, Тагнуулын Ерөнхий газрын 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 14/23-05030101 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 61-62/, үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын ...-ны өдрийн ... дугаартай дүн /2-р хх-ийн 70/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн ...-ны өдрийн ... дугаартай тогтоол /1-р хх-ийн 21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26-34, 36-42, 78-83/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 35, 43/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 51-77/, шүүгдэгч Г.Т-йн эзэмшлийн 864292067424505 IMEI дугаартай “Redmi note 4G” маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 107-115/, шүүгдэгч Г.Т, Ц.О нарын ХААН банкны дансны хуулга бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 183-187/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан болох нь шүүгдэгч Г.Т-н дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 185, 187/, 864292067424505 IMEI дугаартай “Redmi note 4G” маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.О нь “тус хэрэгт хамааралгүй, шүүгдэгч Г.Т, С.Б нарыг урагшаа явж байгаа талаар мэдээгүй, алтыг хилээр гаргах гэж байгаа талаар мэдээгүй” гэх мэдүүлэг нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.О-ын гэм буруутай үйлдэлд эдгээр баримтууд нь шалтгаант холбоотой гэж үзсэн. Иймд өмгөөлөгч Л.Б-ын шүүгдэгч Ц.О-ын үйлдэл холбогдол тогтоогдохгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон  цагаатгуулах, өмгөөлөгч Б.Э, Т.О-ын нарын шүүгдэгч Г.Т, С.Б нарыг шүүгдэгч Ц.О-той бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байдал тогтоогдохгүй гэх тайлбарууд нь үндэслэлгүй гэж үзлээ. 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон гэж үзэж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эд мөрийн баримтын хувьд:

Тухайн гэмт хэргийн хадгалсан зүйл /эд мөрийн баримт/ болох Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн алт нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, тэдгээрийн гэм бурууг нотлох эсхүл үгүйсгэхэд ач холбогдол бүхий эд зүйлс иймд шүүгдэгч нарт буцаан өгөх боломжгүй юм.

Эд мөрийн баримтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан, түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн байдлыг тогтоох, тэдгээрийн гэм бурууг нотлох, үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий эд зүйлс хамаарах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссаны эцэст тэдгээрийг хэрхэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг болно.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь улсын хилээр хязгаарласан бараа бүтээгдэхүүн болох алтыг холбогдох хууль, журамд зааснаар гаалийн бүрдүүлэлт хийлгүйгээр хууль бусаар нэвтрүүлж, худалдан борлуулж ашиг олох зорилготой байсан бөгөөд энэхүү алт нь тухайн гэмт хэргийг тодорхойлох үндсэн шинжид хамаарч байх тул Монгол банкны эрдэсийн санд хадгалагдаж байгаа алтыг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзсэн.

Монгол банкны ...-ны өдрийн ... дугаартай албан тоот, тоотын хавсралт /2-р хх-ийн 151-152/-аар 2 кг 241,29 гр алтны үнийг 431,189,421,33 төгрөгөөр тогтоосон.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монголбанкны эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 431,189,421,33 төгрөгийн үнэ бүхий 2 кг 241,29 гр алтыг улсын орлого болгох, Хаан банкнаас ....-ны өдрийн .... дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг СД, Гаалийн Ерөнхий газраас хойшлуулшгүй ажиллагааны материалд хавсарган ирүүлсэн С.Б-ийн биед үзлэг хийсэн бичлэг бүхий 1 ширхэг СД, Замын-Үүд Гаалийн газраас 2023 оны 03 сарын 31-ний өдрийн .... дугаартай албан бичгээр хавсралтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД, бичиглэл бүхий 500 гегабайт хард диск зэргийг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзэж, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч Ц.О, Г.Т нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.О, Г.Т, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Торгох ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ц-н От, Б овогт Г-ын Т, Ж овогт С Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хориглосон эрдэнэсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн О-ыг 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Т-, С-ийн Б- нарыг тус бүр 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О- нь оногдуулсан 1,500,000 төгрөгийн ялыг, шүүгдэгч Г.Т-, С.Б нар нь тус бүр оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 431,189,421,33 төгрөгийн үнэ бүхий 2 кг 241,29 гр алтыг улсын орлого болгож, Хаан банкнаас....-ны өдрийн ... дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг СД, Гаалийн Ерөнхий газраас хойшлуулшгүй ажиллагааны материалд хавсарган ирүүлсэн С.Б-ийн биед үзлэг хийсэн бичлэг бүхий 1 ширхэг СД, Замын-Үүд Гаалийн газраас ....-ний өдрийн .... дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД, бичиглэл бүхий 500 гегабайт хард диск зэргийг хэрэгт хадгалсугай.

5. Шүүгдэгч Ц.О, Г.Т, С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О, Г.Т, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.Б