| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 73/2023/0136/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/147 |
| Огноо | 2023-08-02 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгч , түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 2309000000328 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1984 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 39 настай, регистрийн дугаар , эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд дүрслэх урлаг, технологийн багш ажилтай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дугаар багийн дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, а.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч нь Монгол улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн техник урлалын багш мэргэжлээр 2003-2007 онд суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн техник урлалын багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон D200718094 дугаартай дипломыг хуурамчаар гаргуулан авч, уг бичиг баримт хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн урлангийн багшаар 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажилд орохдоо болон мөн хугацаанаас 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Хуурамч диплом ашиглаж бусдынхаа шударгаар өрсөлдөх эрхийг хаасан гэдэг дээр тайлбар хэлэхэд би багшлах эрхийнхээ үнэмлэхээ шалгалт өгч авч байсан. Гуч гаран хүнтэй шалгалт өгч багшлах эрхээ 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр авч байсан. Бичиг баримтуудыг мэдсээр байж ашигласан гэдэг дээр бол би Техникийн их сургуулийн Үйлдвэрлэл технологи, дизайны сургуулийн арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээгч ангийг төгсөх курсийн хонхны баярын зургаа авчирсан. Энийг яагаад авчирсан бэ? гэхээр арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээгчийн анги, зургийн анги хоёрын ихэнх хичээлүүд нь адилхан байдаг болохоор би ээжийн хэлснээр энэ хичээлүүдийн чинь кредитийг дүйцүүлээд энэ сургууль руу чамайг оруулчихъя гэсэн. Яагаад орох болсон бэ? гэхээр чи дизайнер мэргэжлээр мөнгө олж чадахгүй, ээж маань өөрөө багш болохоор намайг багш бол гэж байсан. Конкурс өгөхдөө Багшийн дээдийн сургуулийг авсан ч тэр үедээ багшийн дээдэд яваагүй, ТИС-ийн дизайны ангид явсан. ТИС 4.5 жилээр төгсдөг. Харин Монгол улсын Боловсролын их сургууль болохоор 4 жилээр төгсдөг. Яг тэр үед би жирэмсэн байсан. Сүүлдээ над руу яриад чи төрчихөөд очиж сур гэж хэлсэн. Төрсний дараа сурах гэхэд кредитийн зөрүү мөнгөө төлсөн учир шууд очоод диплом авчихаарай гээд ээжийн ярьсан сургалтын албаны хүн тэгсэн байсан. Тэгээд ээж мөнгийг нь өгөөд авчихсан. Гэхдээ би энийг хуурамч гэж ерөөсөө бодоогүй. Яагаад гэхээр би өөрөө 4 жил сурсан. Ерөнхий эрдэм болон сурах ёстой зүйлүүдээ сурсан. Би бичиг баримтаа хуурамч гэдгийг цагдаа хэлэхэд мэдсэн. Тэгээд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ сургуульд ажиллахдаа амаараа луйвар хийгээд орлого олоогүй. Учир нь миний зэрэг авсан бүх материалууд, кредиттэй сурсан сургалтын сертификатууд, илтгэлүүд, анги дааж авч байсан хүүхдүүдийн зураг зэрэг бүх баримтууд байгаа. Энэ нь хичээл зохицуулагч хийснээс хойш 2017 он хүртэлх бичиг баримтууд. Яагаад 2017 он гэж байгаа вэ? гэхээр Монгол улсын заах аргач зэрэг авах гээд материал бүрдүүлээд, хийсэн ажлаа үнэлүүлсэн. Мөн намайг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Амартүвшин гэх хүн хүндэт жуух бичгээр шагнаж байсан. Би ажилд орсон цагаасаа хойш багшлахын хажуугаар дугуйлан секц үнэ төлбөргүй хичээллүүлдэг байсан. Энэ хугацааныхаа бүх хичээлийн хэрэглэгдэхүүн, бүх зардлаа өөрөөсөө гаргасан. Хамгийн сүүлд гэхэд л 4-5 дугаар ангийн хүүхдүүдэд зургийн дугуйлан хичээллүүлдэг байсан бөгөөд хүүхдүүдийнхээ зурсан зургуудыг авчирсан. Зургаа зурж байх үеийнх нь зураг бүгд надад байгаа. Жил болгоны тайлан дээр гарсан. Багш нарт цаанаас нь энэ хичээлд тийм юм хэрэглэ гэж хичээлийн хэрэглэгдэхүүний зардал гэж өгдөггүй, бүх зүйлийг өөрөөсөө гаргадаг. Багш болсноосоо хойш жил болгон үнэгүй дугуйлан хичээллүүлдэг байсан. 2012 онд ажилд орсон жилээ нэг хүүхэд бүсийн хэмжээний Хүүхдийн урлан бүтээх төвийн эсгий эдлэлийн чиглэлээр тэргүүн байр эзлүүлж байсан. Тэрнээс хойш зөндөө олон хүүхдийг улс, аймаг, дүүргийн зургийн уралдаанд бэлдэж, байр эзлүүлж байсан. Хамгийн сүүлийн шавь гэхэд төгсөх курсийн оюутан гээд охин байгаа. Энэ хүүхдийг хар зургаар бэлдэж их сургуульд оруулсан. Тэгээд ковидын үеэр багш нарын бүх хүүхдүүддээ заасан хичээлүүдийн тэмдэглэгээ болгож хичээлүүдийн шалгалтыг авчирсан. Өнөөдөр ямар хичээл заах уу? гээд хичээл бэлтгэдэг. Жишээлбэл морийг яаж зурах уу? гэхээр 3 тэнцүү хэсэгт хувааж байгаад толгойг нь тэгж зурна энэ тэр гээд бүх зүйлийг эхнээс нь зааж өгдөг. Мөн би хажуугаар нь монгол бичгээр сурч төгссөн болохоор хүүхдүүдэд Монгол бичгийн үсэг заадаг байсан. Бас л үнэ төлбөргүй заадаг. Эсгий эдлэлээ болохоор би өөрөө ноос авч боловсруулаад, эсгийрүүлээд, малгай энэ тэр хийж 2, 3 хүүхэд бэлдэж байсан. Одоо нэг хүүхэд нь тэрийгээ хийгээд аймагт амьдардаг юм байна лээ. Миний дугуйланд сурч байсан хүүхдүүд зөндөө байгаа. Тэгэхээр би зүгээр хуурамч бичиг баримт ашиглаж орлого олоогүй гэж бодож байгаа. Технологийн хичээл орлоо гэхэд хог хаягдлаар ямар юм хийж болох уу? гээд бүх ангиудын дунд тэмцээн зохиож тайлан тавьдаг байсан бүх зураг надад байгаа. Боловсролын их сургуульд сураагүй. Гэм буруугаа хүлээж байна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд урлангийн багшаар ажилд орохдоо Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн техник урлалын багшийн мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон D200718094 дугаартай дипломыг ашиглаж 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тус сургуульд урлангийн багш, технологийн багш, хичээл зохицуулагч багшаар тус тус ажилласан болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/21, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08, ,013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/20, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/32, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/32, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай тушаалууд, шүүгдэгчийн мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаартай албан бичиг, цалингийн тодорхойлолт зэргээр,
Шүүгдэгч техник урлалын багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон Монгол улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн D200718094 дугаартай бакалаврын диплом хуурамч болох нь Монгол улсын Боловсролын их сургуулийн сургалт, цахим шилжилтийн хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/972 дугаартай “ нь МУБИС-ыг 2007 онд Техник урлалын багш мэргэжлээр төгссөн тухай мэдээлэл олдоогүй” гэсэн албан бичиг /хх-ийн 196 хуудас/,
Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга, түүний хавсралт болох 2022 оны 09 дүгээр сарын 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын боловсролын баримт бичгийн зөрчлийн жагсаалтын 514 дүгээрт “аймаг: Өвөрхангай, байгууллагын нэр: Арвайхээр сумын 2-р сургууль, регистрийн дугаар: , овог нэр: Э, сургуулийн нэр: МУБИС, мэргэжил: Дүрслэх урлаг технологийн сургууль, боловсролын түвшин: бакалавр, он: 2007, зөрчлийн тайлбар: дипломын дугаар: D200718094-давхар, Хилийн цэргийн дээд сургууль хилийн алба, Цоггэрэл Дорж, ЦЖ8412..72, дугаар давхардсан, D200718094-давхардсан” гэсэн жагсаалт /хх-ийн 23-35 хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийг техник урлалын багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй мөртлөө Монгол Улсын Боловсролын их сургуулийн техник урлалын багш мэргэжлээр Боловсролын бакалавр зэрэг олгосон D200718094 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд урлангийн багшаар 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажилд орж 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл техник урлалын багшаар ажиллах хугацаанд ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна”,
Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, 9.2-т “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан.
Шүүгдэгч дээрх хуульд заасан шаардлагыг хангаж, их дээд сургуульд суралцаж, багц цагийн сургалтад хамрагдаж дээд боловсрол эзэмшиж, зохих журмын дагуу диплом аваагүй атлаа техник урлалын багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон D200718094 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд урлангийн багшаар ажилд орж 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл урлангийн багш, хичээл зохицуулагч багш, техник урлалын багшаар ажиллахдаа ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11 дугаартай Жирэмсний амралт авсан ....урлангийн багш З.Ариунжаргалын оронд 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай.” гэсэн тушаал /хх-ийн 194 хуудас/,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дугаартай “технологийн багшаар түр томилох тухай” тушаал /хх-ийн ,,, хуудас/,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “цагийн багшаар түр томилох тухай” тушаал /2 хх-ийн 11 хуудас/,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай “түр томилох тухай” тушаал /2 хх-ийн 13 хуудас/,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаартай “ ажилд түр авах тухай” тушаал /2 хх-ийн 14 хуудас/,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/32 дугаартай “ ажилд түр томилох тухай” тушаал /2 хх-ийн 15 хуудас/,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай “хичээлийн зохицуулагчийн ажлаас чөлөөлж, технологийн багшийн ажилд томилох тухай” тушаал /2 хх-ийн 16 хуудас/,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хөдөлмөрийн гэрээ /2 хх-ийн 18-20 хуудас/, Багшийн албан тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 21-25 хуудас/,
Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга, түүний хавсралт /хх-ийн 11-35 хуудас/,
Монгол улсын Боловсролын их сургуулийн Ректорын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/972 дугаартай “ нь МУБИС-ыг 2007 онд Техник урлалын багш мэргэжлээр төгссөн тухай мэдээлэл олдоогүй” гэсэн албан бичиг /хх-ийн 196 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн D200718094 дугаартай дипломыг эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 79 хуудас/,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай албан бичиг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын баталсан тушаал болон удирдамжийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх байгууллагуудын удирдах ажилтан, багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн. Энэхүү шалгалтын явцад боловсролын баримт бичиг зөрчилтэй гарсан. Ингээд тухайн боловсролын баримт бичгийг шалгаж эцсийн шийдвэрийг гаргуулахаар Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн. Энэхүү хүмүүсийг хууль бус баримт бичиг диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа гэж үзсэн. Хохирлын хэмжээг Боловсрол шинжлэх ухааны яамнаас нэхэмжлээгүй. Учир нь тухайн багш нараар хичээл заалгасан хүүхдүүд, тухайн багш нарыг ажилд авч ажиллуулсан сургуулийн нэр хүндийн асуудал гэх мэт маш олон үр дагаврууд ар араасаа гарах тул хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа. ...Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон учраас Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс албан бичиг, хийж өгөх боломжгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 203 хуудас),
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2021 оны 10 сараас Боловсрол шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байна. ...Манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕSIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. ...Нэг. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугар ашигласан, их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүртгэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон гэсэн зөрчлүүд байсан юм. ...Дээрх зөрчлүүдийн аль нэг гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудын нэрс гаргасан явуулсан юм. ...Улсын хэмжээний цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүнийгээ архивын материал, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээллийг тулгаж байж зөрчлийг гаргаж ирж байгаа юм. ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-40 хуудас),
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос одоог хүртэл ажиллаж байна. Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол улсын их сургууль, Монгол улсын Боловсролын их сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ЕSIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу PDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-44 хуудас),
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагчаар ажиллаж байна. Тухайн үед БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Номинцэцэг, Доржхуяг, Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан юм. ...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ...Зөрчлөө ерөнхийдөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46-48 хуудас),
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Боловсрол шинжлэх ухааны яаманд хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр ажиллаж байна. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ...Маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. ... Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. ...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. ...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50-52 хуудас),
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байна. Манай салбарын сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан. Боловсролын салбарт Еsis буюу боловсролын салбарын мэдээллийн систем болон Нemis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем гэсэн 2 мэдээллийн системийг ашигладаг. ...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу, сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг. Үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг. ...Еsis систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Нemis буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний РDF, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 55-57 хуудас),
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. ...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Неmis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60-63 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Болортуяад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын тайланг үндэслэн нэр бүхий багш нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, тэдэнд холбогдох хэргийг нэгтгэн шалгаж, улмаар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2309000000328 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоолоор холбогдох хэргийг тусгаарлаж, үндсэн хэргээс түүнд хамааралтай, ач холбогдол бүхий зарим нотлох баримтуудыг зохих журмын дагуу хуулбарлан авч, “хуулбар үнэн” гэсэн дардас дарж бэхжүүлэн, энэхүү хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан.
Шүүгдэгч дээд боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл буюу яллагдагчаар татах хүртэл үргэлжилсэн удааширсан үйлдэлтэй гэмт хэрэг байна.
Удааширсан гэмт хэрэг нь гэмт этгээд тодорхой нэг үйлдэл /эс үйлдэхүй/-ээр хийснээр эхлээд тодорхой цаг хугацаанд завсарлагагүй, тасралтгүйгээр үргэлжилдэг бөгөөд гэмт хэргээс өөрөө татгалзсан, эсхүл түүнийг эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас таслан зогсоохоор дуусгавар болдог онцлогтой юм.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар тус сургуульд урлангийн багшаар томилогдсон өдрөөс эхэлж цагдаагийн байгууллагаас хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өдрийг хүртэл үргэлжилжээ.
Иймд шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг төгссөн цаг хугацааг түүнийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан өдрийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар тооцлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байгаа хэдий ч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар гэмт хэрэг таслан зогсоогдсон тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч Д.Ганцэцэгийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “Шүүгдэгч хуурамч дипломтой байсан гэдэг нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан. Хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэр цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг. хуурамч бичиг баримт ашиглан ажилд орсон үйл баримт нь тогтоогдсон. Өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж олсон цалин хөлс нь төрд учирсан хохирол болж байгаа. Хохирлыг тооцоолж гаргахдаа нь өөрийнхөө хэмжээнд багшлах эрх авч, багшаар ажиллах шалгалтуудыг өгч өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлж төрд ажиллаж байсан учир нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлсөн мөнгөн дүн хасагдах нь зүйтэй. Мөн энэ хүн тухайн цаг хугацаанд ажил хийж байсан учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс бодогдож байсан бөгөөд энэ цалин хөлсийг хасаж төрд учруулсан хохирлыг бодохдоо харгалзан үзэх нь зүйтэй байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд хэдэн удаа тогтоосон байдгийг харж тухайн хүний хөдөлмөрлөөд явж байсан мөнгөн дүнг хасаж гаргах нь зүйтэй байх гэсэн байр суурьтайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Шүүгдэгч хувьд өнгөрсөн хугацаанд өөрийн хийж гүйцэтгэсэн ажил хөдөлмөрөө үнэлүүлж, тухайн ажилдаа тохирсон, тодорхой хэмжээний цалин хөлсийг 2 дугаар сургуулиас авч байсан. Өнгөрсөн хугацаанд авч байсан цалин хөлсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзсэн тохиолдолд тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний жишгээр тогтоож өгнө үү. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 140,400 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 192,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 240,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 320,000 төгрөг, 2020 он 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 420,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 550,000 төгрөгөөр тогтоогдсон байдаг. 2013 оны 06, 08 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тасарсан байдаг. 2014 оны 09 дүгээр сард мөн төлөөгүй тасарсан. 2014 оны 10, 11 дүгээр сард сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг. Мөн дээрээс нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүгдэгч яллагдагчаар татаж, яллагдагчаар татсан тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулсан. Гэмт хэрэг яллагдагчаар татагдсанаар буюу 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр таслан зогсоогдсон, гэмт хэрэг төгссөн гэж үзэж байгаа учир гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл үйлдэгдсэн гэж үзэж байгаа. Иймд эдгээр саналыг харгалзаж үзнэ үү” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Шүүгдэгч нь Боловсролын их сургуульд зохих журмаар суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийн техник урлалын багш мэргэжил олгосон боловсролын бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж төрийн албанд томилогдсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан байна гэж дүгнэлээ.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна: 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заажээ.
Үүнээс үзэхэд Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажил нь төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.
Шүүгдэгч хувьд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу сургуулийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд урлангийн багшаар бодитой ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого гэж хамааруулан үзэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч 2012 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд сургуульд багшаар ажилласны төлөө түүнд олгогдож болох байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, гэм хорын хохирол гэж үзэж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2202005352205 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан бөгөөд ажил олгогч нь хуурамч диплом ашиглан ажиллаж байгааг мэдсэн атлаа таслан зогсоохгүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүйгээр үргэлжлүүлж, түүнд цалин авах боломж бүрдүүлсэн байх тул шүүгдэгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан буюу ял сонсгосон 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн тооцоход цалин 2012 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 83256402 (наян гурван сая хоёр зуун тавин зургаан мянга дөрвөн зуун хоёр) төгрөг болж байна.
Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлд даатгуулагчаас 2010-2017 онд 10 хувиар, 2018 онд 11 хувиар, 2019-2020 онд 11.5 хувиар, 2021 оны 1-6 сард 12.5 хувиар, 2021 оны 7 сараас 2023 оны 01 сар хүртэл 11.5 хувиар тооцож төлж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Шүүгдэгч нь ажиллах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлд 9201438 (есөн сая хоёр зуун нэг мянга дөрвөн зуун гучин найм) төгрөг, хувь хүний орлогын албан татварт 7405496 (долоон сая дөрвөн зуун таван мянга дөрвөн зуун ерэн зургаа) төгрөг, нийт 16606934 (арван зургаан сая зургаан зуун зургаан мянга есөн зуун гучин дөрөв) төгрөгийг төлсөн байх тул уг татварыг хохирлоос нь хасаж тооцох нь зүйтэй байна. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар нь ажил олгогчийн зүгээс шууд суутган төсөвт төвлөрүүлдэг учраас шүүгдэгчид ашиг, орлого болж очоогүй тул түүнийг хохиролд тооцож, дахин нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.
Иймд 83256402 (наян гурван сая хоёр зуун тавин зургаан мянга дөрвөн зуун хоёр) төгрөгийн цалингаас 16606934 (арван зургаан сая зургаан зуун зургаан мянга есөн зуун гучин дөрөв) төгрөгийг хасаж, шүүгдэгч 2012 оны 9 сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл авсан цалинг 66649468 (жаран зургаан сая зургаан зуун дөчин есөн мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгөөр тооцлоо.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын 01 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 төгрөг байхаар,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240000 төгрөг байхаар,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоожээ.
Шүүгдэгч цалинг 2012 оны 09 дүгээр сараас 2013 оны 8 сар хүртэлх 10 сар х 140400=1404000 төгрөгөөр, 2013 оны 9 сараас 2016 оны 12 сар хүртэлх 32 сар х 192000=6144000 төгрөгөөр, 2017 оны 1 сараас 2018 оны 12 сар хүртэлх 16 сар х 240000= 3840000 төгрөгөөр, 2019 оны 1 сараас 2019 оны 12 сар хүртэлх 12 сар х 320000=3840000 төгрөгөөр, 2020 оны 1 сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх 36 сар х 420000=15120000 төгрөгөөр, 2023 оны 1 сар х 550000=550000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 30898000 (гучин сая найман зуун ерэн найман мянга) төгрөгөөр тогтоогдож байна.
Иймд 66649468 (жаран зургаан сая зургаан зуун дөчин есөн мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгөөс 30898000 (гучин сая найман зуун ерэн найман мянга) төгрөгийг хасаж тооцоод зөрүү 35751468 (гучин таван сая долоон зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгийг гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан уг мөнгийг шүүгдэгч гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаартай цалингийн тодорхойлолт авагдсан байгаа боловч нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгасан эсэх нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй, харин хохирлыг тооцохдоо Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаар албан бичгээр ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэсэн болно.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Энэ гэмт хэрэг нь сонгох санкцтай буюу ял шийтгэлийн хувьд 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 хүртэлх цагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй гэмт хэрэг байгаа. Шүүгдэгч хувьд эмэгтэй хүн, 4 хүүхдээ асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн байгаа учир нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зохимжгүй. Мөн хохирол төлбөр барагдуулахтай холбоотойгоор ажил хийх ч юм уу? үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс гарах тохиолдлыг үгүйсгэхгүй учир зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал олгох боломжгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Хэдийгээр одоо ажил хийгээгүй, 4 хүүхдийнхээ хүүхдийн мөнгө болох 400,000 төгрөгөөр амьдарч байгаа гэж тодруулах асуултад хариулсан боловч энэ тохиолдолд ашиглах боломжтой ял нь торгох ял гэж харагдаж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах, эд мөрийн баримтаар хураагдсан D200718094 дугаартай бакалаврын дипломыг устгуулах саналыг саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Түүний хувийн байдлын хувьд нөхрөөсөө тусдаа амьдраад 3 жил болж байгаа, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Одоогоор ажил хөдөлмөр эрхлээгүй, хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Ийм учраас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял байгаа ч бага насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эх учир оногдуулах боломжгүй, зохисгүй гэж үзэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд шүүгдэгч нь Арвайхээр суманд багшилж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон учир Улаанбаатар хот руу ойр ойрхон явж ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Тиймээс эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь ам бүл 5, 2007, 2011, 2016, 2017 онд төрсөн 4 хүүхдийн хамт амьдардаг болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 109 дугаартай “Тус багийн иргэн нь 5 ам бүлтэй, хүүхдүүдийн хамт дугаар багийн дугаар байр тоотод оршин суудаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 96, 237-238 хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр (хх-ийн 210-214 хуудас) нотлогдож байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D200718094 дугаартай диплом, дипломын хавсралтыг хэргийн хадгалах дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1д зааснаар шүүгдэгч 35751468 (гучин таван сая долоон зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн D200718094 дугаартай диплом, дипломын хавсралтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ