Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/305

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          05            02                                       2023/ШЦТ/305

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгонбуян   

улсын яллагч С.Бат-Орших,

хохирогч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Ариунтуяа

шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох эрүүгийн 2210000140074 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ******* ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 10-47 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ******* /*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 10 дугаар байрны гадна Ц.*******тэй ээж *******г загнаж зандарсан гэх шалтгаанаар маргалдан нүүр лүү нь цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, урууланд зулгаралт, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           1. Шүүгдэгч Н.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруутайд маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

           2. Хохирогч Ц.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Энэ хэргээс болоод шүүх, прокуророор удаан хугацаанд явсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

           3. Гэрч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 10 дугаар байны 5 дугаар орцыг цэвэрлэж байгаад хогоо асгах гээд гараад ирсэн чинь 3 дугаар орцны үүдэнд манай 10 дугаар байрны 47 тоотын оршин суугч болон манай байрны оршин суугч Ц.******* нар барилцаад авчихсан маргалдаад байж байсан.....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэхь тал)

           4. Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 10 дугаар байрны 6 дугаар орцны гадна гэрэлтүүлгийг хийж дуусгаад СӨХ-ны даргад танилцуулаад гэрлээ асааж үзүүлээд байж байсан чинь нэг Жийп машин хүүхдүүдийн тоглоомын талбай дээр хашлага даваад зогссон. Тэгсэн чинь СӨХ-ны дарга ******* холоос нөгөө машины жолооч залуутай чи хашлага мөгөчихлөө гээд хэлсэн чинь нөгөө залуу нь би энийг чинь төлчихнө энэ тэр гээд хэрэлдсэн, тэгээд ******* араас нь чи нэг бус удаа шүү дээ гээд хэлсэн чинь нөгөө залуу нь битгий хуц энэ тэр гээд байсан, тэгсэн чинь дээрээс 5 давхраас чи хөгшин хүнийг юу гээд байгаа юм бэ гэж хэлээд доошоо буугаад гадаа гараад ирсэн, тэгсэн чинь нөгөө машины жолооч залуу машиныхаа хажууд ноцолдоод байсан, тэгсэн чинь бас нэг цагаан куртиктэй эмэгтэй энэ тэр салгаад СӨХ-ны дарга намайг дуудаад би бас очиж тэр хоёрыг салгасан.Эхлээд нөгөө жолооч залуу цохиод нөгөө халзан дээрээс бууж ирсэн залуу нь цохиулж унаад доор нь орсон...” (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

           5. Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр болон СӨХ-ны дарга ******* нар байсан. Тэгсэн чинь дээрээс бас нэг хүн орилох харагдсан ба манай нөхрийг чи наана байж бай, би одоо буугаад очно гэж хэлсэн...Хар куртиктэй залуу манай нөхрийг цохиод авсан, тэгэхээр нь би шууд куртикээ нөмрөөд доошоо буугаад гадаа гарсан чинь манай нөхөр болон СӨХ-ны захирлын хүү хоёр заамдалцаад байрны баруун талын зүлгэн дээр зууралдаад байсан. Тэгээд би очоод салгах гэсэн чинь нөгөө залуу нь гараа салгахгүй, манай нөхрийг зуураад байсан...” (хавтаст хэргийн 44 дэхь тал)

           6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 246 дугаартай:

-Ц.*******гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөдөн эдийн няцрал, баруун чихний длбэнд цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, урууланд зулгаралт, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 100-104 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 10 дугаар байрны гадна *******г загнаж зандарсан гэх шалтгаанаар Ц.*******тэй маргалдан нүүр лүү нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

  Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

  Шүүгдэгч Н.******* хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн 246 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

  Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

  Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

  Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

  1. Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, хор уршигтай холбоотой 780,700 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн ч шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, гаргуулах төлбөргүй гэж тайлбарласан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Н.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан, дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон хохирогч гомдол, саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэснийг харгалзан Н.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

  1. Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, шүүгдэгч Н.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Н.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

4.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

6.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР