Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2020/00439

 

       2020         02         11  

 181/ШШ2020/00439

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
       

Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХК -д холбогдох

даатгалын нөхөн төлбөрт 6.900.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Би 2019 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 8 цагийн үед ач охиноо хичээлд нь хүргэж өгөхөөр гэрийнхээ гражаас Land Criuser-200 маркын 3333 УБЗ дугаартай автомашинтайгаа гарах үедээ утас дуугарах мөчид утсаа авч ярьж, анхааралаа сарниулснаас гэрийнхээ урд талын чулуун хамгаалалтыг мөргөж машинаа гэмтээсэн.

Тэр даруидаа машиныхаа бичиг баримтыг үзэхэд Бодь даатгалтай байгуулсан нэгэн гэрээ байсан тул Бодь даатгал руу хандахад явж болж байгаа бол хүрээд ир гэсэн зөвшөөрлийг авч очиж учир байдлыг тодруулахад уг гэрээ нь жолоочийн хариуцлагын даатгал байсан тул Бодь даатгалын харъяаны асуудал биш гэсэн.

Тэгээд том хүү Б.Шагдаржаваас тодруулахад Мандал даатгалтай Тээврийн хэрэгслийн даатгалын №1902007330006 дугаар бүхий гэрээтэй тул түүн лүү хандах ёстой гэснээр МХК руу хандахад манай даатгалд даатгагдсан хүчин төгөлдөр гэрээтэй юм байна. Та байрнаасаа нэгэнт хөдөлсөн тул манай мэрэгжилтэнтэй харьцаж байгаад осол болсон газраа байж бай гэсэн. Би хот дотор үзлэг хийх юм болов уу л гэж бодсон. Би мэргэжилтэнтэй нь яриад тэр өдрөө 14 цагийн үед цаг тохирч ослын газарт ирж байдлаа танилцуулсан юм.

Уг мэргэжилтний зөвлөсөн бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, тухайн өдарөө 102-т дуудлага өгч учир байдлыг тодруулан байж Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газарт хандаж Зоригт гэдэг жижүүрийн байцаагчийг гуйж авч ирээд орой 19 цагийн үед дүгнэлт гаргуулах үзлэг хийлгэж, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу 100.000 төгрөгөөр торгуулж, холбогдох дүгнэлтийг гаргуулсан юм.

Миний машин Мөнхада ХХК-ийн лизингтэй тээврийн хэрэгсэл тул нөхөн төлбөрийн мэрэгжилтэний зөвлөснөөр Ашид Билгүүн хэмээх хохирлын үнэлгээний мэрэгжлийн байгууллагад үзүүлж хохирол засварын үнэлгээг хийлгэхэд Мөнхада ХХК-д сэлбэгийн үнэ 10.953.000 төг, засварын үнэ 4.652.664 төгрөг, нийт зардал хохирлын хэмжээ 15.605.664 төгрөг болж, Ашид Билгүүн ХХК-ийн сэлбэг болон засварын үнэлгээнд нийтдээ нь 12.291.800 төгрөгийн зардал хохирлын тооцоо гарсан. Тэр байгууллагад үнэлгээ хийлгэсний хөлс 505.000 төгрөг төлсөн.

Гэвч МХК, осол гаргасан газраасаа хөдөлсөн, осол болсон газар чинь тохирохгүй байгаа гэсэн үндэслэлээр хохирол барагдуулах үүргээ биелүүлэхгүй элдэв шалтаг шалтгаан тоочиж дахин замын цагдаагийн газраар эксперт үзлэг хийлгэх хүсэлт тавьсан тул Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газраас хоёр хүн ирж үзлэг хийсэн. Түүнээс хойш ямар нэгэн хариу гарсан тухай надад мэдэгдэлгүй өдий хүрсэн. Би Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэр гаргуулах ёстой гэхээр нь хандаж зохих шийдвэрийг гаргуулсан.

Мшуурхай хандаж миний хохирлыг барагдуулж засвар хийлгэх зөвшөөрөл олгосон бол өнгөрсөн зуны хамгийн сайхан цаг улс хувьсгалынхаа баяр цэнгэл наадмыг үр хүүхэд ах дүү төрөл төрөгсөдтэйгээ хамт өөрийн эрхээр баяр баясгалантай наадаж өнгөрүүлэх, сар гаруй хугацаанд ажлаа амжуулах тээврийн хэрэгсэл машин унаатайгаа байх байсан ч чадаагүй.

Тэгээд 7 дугаар сарын сүүлчээр арга буюу тээврийн хэрэгсэл сэлбэг засварын Аз Мөнх моторс ХХК-д хандан сэлбэг засварын үйлчигээ хийлгэж 5.850. 000 төгрөгийн зардал гаргаад байна.

Хэдийгээр замын хөдөлгөөнд ороцохдоо анхаарал алдсан миний буруу ч гэсэн гарсан даатгалын гэрээний дагуу Мнөхөн төлбөр олгох ёстой гэж үзэж байна.

Надад хохирлын нөхөн төлбөр оногдуулахгүй байгаа шалтгаан нь гэрээ байгуулахдаа хүний эрх эрх чөлөөг найдвартай хангах тал дээр олон ноцтой зөрчилтэй, стандартын шаардлага хангаагүй гэрээ байгуулснаас үүдэлтэй болох нь илт харагдаж байна.

Миний гаргасан осол нь уг гэрээний 1.1, 1.2, 2.1.3-ын б хэсэгт заагдсан гэмтлээс үүдсэн хохирол бөгөөд бусдын эд хөрөнгөд ямар нэг хохирол учруулаагүй бөгөөд яах аргагүй өөрийн буруугаас өөрийнхөө машинд гэмтэл учруулсан нь үнэн.

Тээврийн хэрэгслийн даатгал гэдэг бол бусдад гэм хор учруулаагүй эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлгүй, хууль зөрчөөгүй тохиолдолд нөхөн төлбөр авах ёстойгоор хийгдсэн даатгал байх ёстой.

Харин даатгагчид мэдээлэл өгөх асуудалд хугацаа алдсан нь миний машины бүхий л асуудлыг миний хүү хариуцан гүйцэтгэдэгтэй холбоотойгоор даатгагчид мэдээлэл хоцорч өгөгдсөн ослын газраас хөдөлсөн, мэдээлэл өгөхдөө буруу хазгай ярьсан зэрэг нь хүндэтгэх шалтгаантайгаас гадна үүнээс үүдэж хохирлын нөхөн төлбөрийг төлөхөөс татгалзал болох учиргүй. Иргэний хуулийн 19-р зүйлийн 19.2-т зааснаар Иргэний эрх зүйн чадамжийг хэлцэл хийх замаар хязгаарлахыг хориглоно гэснийг зөрчиж байгаа болно,

Мөн Иргэний хуулийн 202-р зүйлийн 202.1-д заасан стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шудрага ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцлийг гэрээнд тусгасан нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон нөхцөл байдлыг харгалзан үзнэ, гэснийг харгалзан үзэх ёстой юм. Энэ гэрээ нь хэнд чхарагдахгүй, хэн ч харж унших боломжгүй жижигхэнээр биччихсэн стандарт зөрчсөн гэрээ тул хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй.

Би 431-р зүйлийн 431.1 дэх заалтыг хатуу мөрдөж ирсэн ба миний бие архи ууж тамхи татдаггүй гаж зуршилгүй бөгөөд жолоог бараг бусдад шилжүүлдэгүй, осол зөрчилд орж байсан удаагүй, тухайн үед ч энэ асуудалд зөрчилгүй байсан.

Гэрээнд хууль зөрчсөн асуудал олон байгаагийн дотор даатгагчийн баталгаат хаяг, байршлыг ч заагаагүй харилцах албан ёсны дансны дугаарыг ч тусгаагүйгээс гадна гэрээг хэт жижигээр бичиж, уншиж танилцахад төвөгтэй байдлаар хийгддэгээс албан хэргийн стандарт зөрчигдөж, заль мэхийн шинжтэй гэрээний стандарт нөхцөл алдагдсан гэж үзэхээр байгаа ба Иргэний хуулийн 431-р зүйлийн 431.3 дахь заалтын зөрчил үүссэн гэхээр байна.

Иргэний хуулийн 439-р зүйлийн 439.3-д зааснаар Даатгуулагч нь, тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч, энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахааргүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй мөн хуулийн 443-р зүйлийн 443.3-д төлсөн даатгалын хураамж нь даатгалын тохиолдол бий болоход учирсан хохирлоос илүү эсэхээс үл хамааран даатгагч даатгуулагчид учирсан хохиролын хэмжээгээр нөхөн төлбөр төлнө гэж зааснаар миний машинд учирсан хохирол нь энэ заалтын шаардлагыг хангаж байна. Надад 5.850.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосноор даатгагчид хүндээр тусахгүй гэж бодож байна.

Би худал мэдээлэл өгөөгүй, осол болсон газар мөнөөсөө мөн бөгөөд осол болсныг манай гэр бүлийн хүн, охин болон урд талын айлын гэрээт харуул харсан байх ёстой тул гэрчтэй ба манай чулуун хана байгалын төрхөөрөө бөгөөд овгор товгор ихтэй тул яг тохиролыг нь олоход хэцүү байгаач миний машины будаг унасан зэрэг гэрчлэх зүйл байсныг анхны очсон нөхөн төлбөрийн мэрэгжилтэн нь үзэж баталгаажуулж авсан. Гэхдээ будагны унасан хэсгүүд байсныг зааж өгсөөр байтал хаанаас ч хийсээд ирсэн юм хэн мэдлээ гэж дуугарч байсан нь сонин санагдсан.

Ер нь энэхүү асуудал болсноос хойш янз бүрийн байдлаар нөхөн төлбөр хийхээс татгалзах зорилгоор миний биеийг үл тоомсорлож харьцахгүй, мэдээлэл өгөхгүй удаан явж ирсэн ба миний анхны өгсөн мэдээлэл зөрж байгаа нь нэгэнт хөдөлсөн байсан тул хотод шууд газар дээр нь шийдүүлэх санаатай зөрүүтэй ярьсан юмаа. Түүнээс ослын газар бол яах аргагүй одоогийн миний танилцуулсан газар мөн болно.

Даатгалын тухай болон Иргэний хуулийн зохих заалтууд, миний машин бодитойгоор осолд орж үлэмж хэмжээгээр гэмтсэн нь бодитой байгаа тул гэрчийн мэдүүлэг, гэрээ нь хуулийн олон заалтыг зөрчсөн, эрх зүйн чадамжгүй гэрээний маягтаар гэрээ байгуулсан, хуулийг уландаа гишгэсэн, уг гэрээний 2-р зүйлийн 2.3.3 дахь а, b, с, хэсэг дэх заалтууд нь даатгалын агуулгыг зөрчсөн, даатгуулагчийн эрхийг зөрчиж, нөхөн төлбөр авах асуудлыг хүндрүүлж хууль бус заалт оруулж гэрээ байгуулсан байна.

Би бичлэг болон хэрэгт авагдсан материалтай маргахгүй, даатгалын компани надаас мөнгө тосож авчихаад ингэж болохгүй. Осол гарсан газрыг би тодорхойлж өгсөн.

Иймд машинаа засуулах, сэлбэг авахад зарцуулсан 5.850.000 төгрөг, Ашид Билгүүн үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн 505.000 төгрөг, хэт их явдал чирэгдэл учруулж зардал гаргасны зарлага 500.000 төгрөг, нийт 6.900.000 төгрөгийг МХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тээврийн хэрэгслийн даатгалын №1906007340006 тоот гэрээний даатгуулагч Санжаажав овогтой Батмөнх нь 3333 УБЗ улсын дугаартай Land Criuser-200 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул Дүүрэг, 4 дүгээр хороо Нүхтийн ам гэх газарт зогсоолоос гарах үед утас дуугарч улмаар утас авах үедээ хааз, тоормос андуурч хааз гишгэж хана мөргөсөн гэх тохиолдолд нөхөн төлбөр олгуулах хүсэлт ирүүлсэнийг судлаж үзээд нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзсэн.

Учир нь даатгуулагч С.Б нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 99114309 гэх утсаар 09:48 минутад ослын дуудлага бүртгүүлж тус дуудлагад ослын нөхцөл шалтгааныг граж дотроо хана мөргөсөн, эхнэрийн машины араас мөргөсөн гэх мэт удаа дараалан худал мэдүүлсэн байна.

Манай шуурхай дуудлагын ажилтан тус дуудлагын дагуу очиж үзлэгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн ам задгай гэх газарт хийх үед жолооч чулуун хашилга мөргөсөн гэж мэдүүлсэн нь дуудлагын ярианы бичлэгтэй удаа дараа зөрсөн, үзлэгээр жолооч ослын газраас хөдөлсөн, тээврийн хэрэгслийн хохирол нь хуучин шороо тоос тогтсон, ослын газарт ул мөргүй ба тээврийн хэрэгслийн хохирол болон мөргөсөн гэх чулуун хана хоёрыг тулган тааруулан үзэх үед тус осолтой авцалдахгүй өндөр болон хохирлын харьцаа хэмжээ нь таарахгүй байсан.

Тус тохиолдолд Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ж.Зоригт нь очиж ажиллан жолооч С.Бийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэх заалт зөрчин зам тээврийн осол гаргасан хэмээн тодорхойлсон боловч эргэлзээ бүхий олон нөхцөл байдал илэрсэн тул Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэсээс тус шинжээчийн дүгнэлтийг одоо болтол талуудад танилцуулаагүй байсан боловч шүүхээс шаардахад техникийн шинжээчийн дүгнэлт гаргаагүй гэсэн хариуг ирүүлсэнтэй танилцлаа.

Тээврийн хэрэгслийн даатгалын №1902007330006 тоот гэрээний 2.3.-т Дараах тохиолдлууд нь даатгалын эрсдэлд хамаарахгүй бөгөөд даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ.

2.3.3 Хохирлыг нотлох бололцоогүй, хангалттай нотлох баримт бүрдээгүй дор дурдсан аливаа тохиолдол Үүнд: 2.3.3.а "Даатгалын хугацаанд болон гэрээнд заасан эрсдлийн улмаас учирсныг нотлох бололцоогүй тохиолдолд" нөхөн төлбөр олгохгүй гэх заалт, 10.1.2 Даатгуулагч даатгал хийлгэхдээ эсвэл нөхөн төлбөр авахдаа худал хуурмаг мэдүүлэг өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хэлэх ёстой зүйлийг хэлэлгүй нуусан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэх заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Иймд Тээврийн хэрэгсэлийн даатгалын 2.3.3, 2.3.3а. 10.1.2-т болон Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8.5.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч С.Бийн машинаа засуулах сэлбэг авах 5,850,000 төгрөг, Ашид билгүүн үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн 505,000 төгрөг, хэт их явдал чирэгдэл учруулж зардал гарсан 500,000 төгрөг нийт 6,900,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч С.Б нь МХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 6.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч МХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч С.Б нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий МХК-д даатгалын хураамжид 1.053.000 төгрөгийг төлж, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаатайгаар 33-33 УБЗ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг даатгаж 1902007330006 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 7-р хуудас/

Дээрх гэрээгээр даатгуулагч С.Б нь Land Criuser-200 маркийн 33-33 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулж, 1.053.000 төгрөгийн хураамж төлсөн, зохигч гэрээнд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн талаар талууд маргаагүй болно.

Даатгуулагч С.Б нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар даатгалын нөхөн олговрыг олгохгүй байгаа тухай гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж ... даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг чирэгдэлгүйгээр даруй шийдвэрлэ... гэсэн хариуг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/3678 дугаартай албан бичгээр авч улмаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд хандсан байна. /хх-ийн 1-2, 18-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн Даатгалын гэрээний

ХОЁР.Даатгалын эрсдэлүүд хэсэгт

2.1.3-т Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

            а. Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх

            б.Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх

            с.онхолдох

d.хатуу биетэд мөргүүлэх, өртөх гэж,

 

АРАВ. Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд хэсэгт

10.1. Дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд даатгагч нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

10.1.1.Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанаас өмнөх хохирол, даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол,

10.1.2.Даатгуулагч даатгал хийлгэхдээ эсвэл нөхөн төлбөр авахдаа худал, хуурмаг мэдүүлэг өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хэлэх ёстой зүйлийг хэлэлгүй нуусан,

10.1.3.Даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг санаатайгаар бүрдүүлсэн болон даатгуулагч санаатайгаар учруулсан хохирол гэж тус тус заажээ.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2.-т даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон бол даатгагч нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж болно гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч МХК-тай байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 8:10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам гэх газарт өөрийн авто зогсоолоос гарах үедээ утас дуугарч утасаа авах үедээ анхаарал сарниж хааз, тоормос андуурч гишгэн гэрийнхээ өмнөх хашлага мөргөж даатгалын тохиолдол буй болсон болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 16-18, 37, 44-49, 56, 57, 59-68-р хуудас/

            Даатгуулагч С.Б нь нөхөн төлбөр авахаар уг ослын дуудлагыг даатгагчид мэдүүлэхдээ ... граждаа авгайгийнхаа машины араас мөргөсөн, ...граж дотроо хананы тавиурыг мөргөсөн, байгалийн чулуугаар хийсэн гэрийн өмнөх хашлага мөргөсөн гэж худал, хуурмаг мэдүүлэг өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.\хх-ийн 7, 49, 59-68-р хуудас\

            Мөн даатгуулагч нь ослын газраас хөдөлсөн, удаа дараа худал мэдүүлэг өгсөн зэрэг нь тээврийн хэрэгслийн хохирол болон осол болсон газарт үзлэг хийж, техникийн шинжээч дүгнэлт гаргах боломжгүй байдалд хүргэсэн гэж үзэхээр байна.

            Нэхэмжлэгч \даатгуулагч\ С.Б нь Тээврийн хэрэгслийн Даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хариуцагч \даатгагч\ МХК-д ... граждаа авгайгийнхаа машины араас мөргөсөн, ...граж дотроо хананы тавиурыг мөргөсөн, байгалийн чулуугаар хийсэн гэрийн өмнөх хашлага мөргөсөн гэж худал хуурмаг мэдүүлэг өгч даатгалын төлбөр олгохгүй байх нөхцлийг бүрдүүлсэн байна.

Иймд МХК-иас даатгалын нөхөн төлбөрт 6.900.000 төгрөг гаргуулах тухай С.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

           1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-т заасныг баримтлан МХК-иас 6.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 196.050 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                  Ч.ИЧИНХОРЛОО