Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00279

 

“ЖДҮХС” УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01131 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1405 дугаар магадлалтай,

“ЖДҮХС” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

“Б Б” ХХК, Р.Д нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 137,303,056 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн, Д.Батхорол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01131 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б Б” ХХК /РД:................./, Харууд овогт Рэнцэнсамбуугийн Р.Д /УЗ................./ нарт холбогдох 2016-12-14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 137.303.056 /нэг зуун гучин долоон сая гурван зуун гурван мянга тавин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖДҮХС /РД:................./-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч Р.Дашбилэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 153/7 байрны 18 тоотын 85,80 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Б Б ХХК-ийн захирал Б.Төгсбаяр болон түүнд итгэмжлэлээр эрх олгосон өмчлөгч нарын Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Дэнжийн 2-р гудамж 81 тоотод байрлах 562 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, 108,2 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ЖДҮХС нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б Б ХХК, Р.Днараас улсын тэмдэгтийн хураамжид 914.665 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1405 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01131 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн төлсөн 914 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг хяналтын гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэтэрхий нэг талыг баримталж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэдэг үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...гэрээний 8.1.1-д зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд зээлийн үүргийг зөрчсөнд тооцно” 10.2.1-д энэхүү гэрээний 8.1.1-8.1.9-д заасан зөрчлийн аль нэг нь гарсан нөхцөлд гэрээг зөрчсөн гэж тооцон, гэрээг хугацаанаас өмнө цуцална гэж заажээ...хэргийн...талд тооцоо нийлсэн акт нотлох баримтаар авагдсан, уг актаар хариуцагч тал...хуваарийн дагуу төлөлт хийгээгүй...2019.06.30-ны өдрийн байдлаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж тооцоо нийлсэн байх тул гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг хүлээн аваагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар...гэрээнээс татгалзах эрхтэй...” гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээг тогтвортой, талуудын итгэл найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, хүссэн үедээ гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Хэдий талууд зээлийн гэрээгээр хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах нөхцөл, тохиолдлыг харилцан тохиролцож тогтоосон боловч энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн гэрээний эрх зүйн болон үүргийн зохицуулалтад нийцсэн байх ёстой. Талуудын тооцоо нийлсэн акт нь төлбөр төлсөн, хүлээж авсан гэдгийг нотлох баримт болохоос зээл буцаан төлөх хуваарийг зөрчсөн гэдэг баримт биш юм. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй... зээлийн гэрээний хавсралт 1-д заасан “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг 3-аас дээш удаа зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчээс зээлийн гэрээний 8.1.1, 10.2.1-д заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг гаргасан гэх боловч нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй бөгөөд зээлийн гэрээний хавсралт буюу зээл буцаан төлөх хуваарь нь нотлох баримтаар хэргийн материалд авагдаагүй ба зээлийн гэрээний 2.1.12-т “Зээл буцаан төлөх хуваарь”-3ээлийн гэрээнд заасан хугацаан дотор зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаа болон хэмжээг тодорхойлсон талуудын тохиролцоог” гэж заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас өөрийн татгалзлын үндэс болгож нотлох баримтаар гаргаж өгсөн “Б Б” ХХК-ийн 2017, 2018 оны зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үндэслэн, гэрээний хавсралт буюу зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн гэж дүгнэсэн нь ИХШХШТухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж тус тус заасантай нийцээгүй байна. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт зээл буцаан дуудах мэдэгдлийг 2019.05.10-ны өдөр хүргүүлсэн, мэдэгдсэн гэж 1/494 дугаартай албан бичгийг болон уг албан бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн боловч уг нотлох баримт нь албан ёсны шуудангийн байгууллагын тамга, тэмдэгтэй баримт бус, “ЖДҮХС”-ийн хүснэгт бүхий баримт байсан бөгөөд уг баримтад зөвхөн Р.Дашбилэгийн гэрийн хаягийг дурдсан харин “Б Б” ХХК-ийн хаягийг дурдагдаагүй буюу хариуцагч нарын зүгээс уг баримтыг үгүйсгэж, уг мэдэгдлийг хүлээж аваагүй гэдэг тайлбарыг шүүхэд амаар болон бичгээр гаргасан. Бидний 2016.12.14-ний өдрийн 2016/3-30 тоот зээлийн гэрээний 12.1-д “Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг сан болон зээлдэгч юуны түрүүнд хэлэлцээр хийх замаар эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв нэгдсэн шийдвэрт эс хүрвэл Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Уг заалтыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх урьчилсан нөхцөлийг 6.2.10-д “Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээл буцаан төлүүлэх мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд зээлийн төлбөрийг заасан хугацаанд гүйцэтгэх” 10.2.6-д “Энэхүү гэрээний 10.2.1-10.2.5-д гарсан зөрчлийг арилгахыг сан зээлдэгчээс бичгээр шаардсан өдрөөс хойш заасан хугацаанд арилгаагүй” гэж тус тус заасан. Түүнчлэн зээлийн барьцаанд Б.Төгсбаяр, Б.Батчимэг, О.Хишигмөнх, Т.Халиун, Т.Хулан нарын өмчлөл /5 хүн/-ийн хувийн сууц, газар барьцаалагдсан боловч эдгээр өмчлөгч нараас Б.Батчимэг, О.Хишигмөнх нар нь Б.Төгсбаярт зээлийн барьцаанд тавих, гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл олгосон, /хх-24-31х/ уг итгэмжлэлүүдийн хугацаа дуусгавар болсон байх ба өмчлөгч Т.Халиун, Т.Хулан нараас Б.Төгсбаярт эрх олгосон итгэмжлэл хэргийн материалд нотлох баримтаар авагдаагүй ба үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь өмчлөгч Т.Халиун, Т.Хулан нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Монгол улсын Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” 204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж заасан бөгөөд “ЖДҮХС” нь гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзэж байна. Талуудын 2016.12.14-ний өдөр байгуулсан 2016/3-30 тоот зээлийн гэрээний хугацаа 2021.12.14-ний өдөр дуусгавар болох бөгөөд хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөд 67,583,533 төгрөгийг төлсөн бөгөөд цаашид гэрээний дагуу, гэрээний хугацаанд зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсгийн 176.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

5. Нэхэмжлэгч “ЖДҮХС” УТҮГ нь хариуцагч “Б Б” ХХК, Р.Дашбилэгт нарт холбогдуулан 2016.12.14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн үүрэгт 137,303,056 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа 137,303,056 төгрөг болгон багасгасан, хариуцагч гэрээг цуцлах үндэслэлгүй гэж маргасан байна.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэлийн үндэслэл болсон “ЖДҮХС” УТҮГ-ыг төлөөлж О.Мөнгөнцэцэг, “Б Б” ХХК-ийг төлөөлж Б.Төгсбаяр, хамтран зээлдэгч Р.Днарын байгуулсан 2016.12.14-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нар 180,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлж, буцааж төлөх үүргийг хүлээсэн, хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.5, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зээлийн гэрээний 3.3-т “Нэмэгдүүлсэн хүү, Зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна. Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно.” гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан нэмэгдүүлсэн хүү бус, харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор анз төлөх нөхцөлийг тохирсон, гүйцэтгээгүй үүргийн тодорхой хувиар торгууль төлөх үүргийг тохирсон агуулгатай байх тул нэхэмжлэлийн шаардлагын 399,788 төгрөгийг торгууль гэж үзнэ. Нэхэмжлэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан субьект биш тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм.

8. 2016.12.14-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 5 жил бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан, хариуцагч нар зээлийг ашигласан хэвээр байгаа тул “гэрээг цуцлах үндэслэлгүй” гэх гомдол ач холбогдолгүй болохоос гадна зээлдэгч нар үүргээ хэрхэн зөрчсөн, гэрээг цуцлах үндэслэл, журам, хариуцагч нарын биелүүлэх үүргийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, энэ талаарх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01131 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1405 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 914,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Б.МӨНХТУЯА

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД