Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

     2020           1            23                                      2020/ДШМ/107

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1196 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Мд холбогдох 1911018901019 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цэдэн овгийн Б.М, 1970 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Виго” ХХК болон “Цогт Билгүүн” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамжны 1-60 дугаар байрны 31 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 48 айлын орон сууцны 6 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЧД70041261/,

Б.М нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Толгойтын 18105-32-64 тоот 53.4 мкв талбайтай Ү-2201044690 дугаарын гэрчилгээтэй 3 өрөө орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан иргэн Д.Золжаргалд 50.000.000 төгрөгөөр, урьдчилгаа 20.000.000 төгрөг авч худалдсан боловч гэрээний дагуу иргэн Д.Золжаргал нь үлдэгдэл төлбөрөө төлсөөр байгааг мэдсээр байж уг орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусдад барьцаалан зээл авч, зээлийн төлбөрт дээрх орон сууцыг зээлдүүлэгч Ц.Ганболдын нэр дээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн Д.Золжаргалыг хуурч, 42.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цэдэн овогт Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Золжаргал нь хохирол нөхөн төлөгдсөн нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1998 онд “Виго” ХХК, 2006 онд “Цогт Билгүүн” ХХК-ийг тус тус үүсгэн байгуулж, хүнсний үйлдвэрлэл болон АНУ-аас барилгын гадна, дотор заслын будаг эмульсийг импортоор оруулах зэргээр хүнсний болон барилгын салбарт бизнесийн үйл ажиллагааг өнөөг хүртэл тасралтгүй явуулж байна. Манай компани 2014 онд “Орчлон констракшн” ХХК-тай гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийн барилгын гадна талын будагны төлбөрийг бэлнээр төлөх нөхцөлтэйгөөр нийлүүлсэн. Тус компаниас нийлүүлсэн барааны үнэд тооцож Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Толгойтын 18105-32-64 тоот 53.4 м кв талбай бүхий 3 өрөө байрыг 87.000.000 төгрөгөөр тохиролцож авсан. Уг байрыг яаралтай худалдан борлуулж нийлүүлсэн барааны анхны өртөг зардлыг гарган авч бизнесээ яаралтай үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан.

Д.Золжаргалтай гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийн урьдчилгаа авч, уг байрны түлхүүрийг хүлээлгэн өгч, түүний эзэмшил, ашиглалтад шууд шилжүүлсэн. Үлдэгдэл 30.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай хүүгүй төлөх нөхцөлтэйгөөр тохиролцсоны дагуу төлбөр хийгдэж байсан. Дээрх байрыг Ц.Ганболдод түр буюу 6 сарын хугацаатай барьцаалан 80.000.000 төгрөгийг өндөр хүүтэй гэрээ байгуулан авсан.

Мөн Д.Золжаргалаас хувь лизингийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 3.500.000 төгрөгийн авлагатай байсныг үл харгалзан түүний өмчлөлд байрыг шилжүүлж, хохирол гомдлыг бүрэн төлж барагдуулсан. Дээрх бодит нөхцөл байдлууд нь зарим тохиолдолд надаас үл шалтгаалах шалтгаанаар хугацаа алдаж удааширсан нь гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгогдох хэмжээнд нэгэнт хүрсэн тул миний бие анхан шатны шүүх хуралдааны үеэр үнэн зөвөөр мэдүүлэг өгч гэж буруугаа хүлээсэн болно. Миний бие Д.Золжаргалыг хуурч мэхлэх, залилах санаа зорилгыг анхнаасаа агуулаагүй, түүнийг урьдчилгаа 20.000.000 төгрөгийг төлмөгц байрыг нь эзэмшил, ашиглалтад нь шууд хүлээлгэн өгсөн. Харин өмчлөлд шилжүүлэх явцад хугацаа алдсан шалтгааныг энэхүү гомдол хүсэлтэд баримт нотолгоотойгоор үнэн зөвөөр бичлээ.

Б.М миний бие өөрийн санамсар, болгоомжгүйгээс анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болон дээрх болж өнгөрсөн үйл явдалд маш ихээр гэмшиж, харамсаж байгааг минь харгалзан үзэж, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Д.Дарханбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчлөө. Тодруулбал;

1. Б.М нь “Цогт билгүүн” ХХК, “Виго” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд бизнесийн үйл ажиллагааны эрсдэлээс үүдээд энэ гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөх үндэслэлээр шүүх хуралдаан завсарласан байх хугацаанд хохирогч Д.Золжаргалын 42.500.000 төгрөгийг төлсөн байсан. Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын 18105 дугаар гудамжны 32 дугаар байрны 64 тоот, 53.4 мкв 3 өрөө орон сууцыг Ц.Ганболдын өмчлөлөөс Д.Золжаргалд шилжүүлсэн ба тэрээр хохирол нөхөн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан байдаг.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж дүгнэсэн нь “эрүүгийн хариуцлага гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлүүдийг тодорхойлж өгсөн бөгөөд Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ийнхүү гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуулиар тусгайлан тогтоож өгсөн атал, анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

3. Б.М урьд нь ял шийтгүүлж байгаагүй, 10-аас 25 насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, “Цогт билгүүн” ХХК нь барилгын чиглэлээр, “Виго” ХХК нь хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зэрэг нөхцөл байдал нь Б.Мгийн хувийн байдлыг дээрдүүлэн үзэх үндэслэлд хамаарах боломжтой юм.

Дээр дурьдсаныг нэгтгэн дүгнэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, ...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж заасныг хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Мгийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь шударга ёсны зарчимд нийцэхээр байгааг давж заалдах шатны шүүх анхааран үзэж, Б.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.М нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, санамсар болгоомжгүйгээр уг гэмт хэрэгт холбогдлоо гэж гэм буруугаа үгүйсгэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч Б.М нь 2015 оны 12 дугаар сард хохирогч Д.Золжаргалтай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 20.000.000 төгрөгийг авч, сар болгон 2.500.000 төгрөгийн төлөлт хийж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар гэрээ байгуулсан байдаг. Уг зээлээр худалдах, худалдан авах гэрээг Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлээд хохирогч Д.Золжаргал нь сар болгон 2.500.000 төгрөг төлж байгааг мэдсээр байж, мөн Д.Золжаргалын “2016 оны 10,11,12 дугаар саруудын 7.500.000 төгрөгийг өгөөд байраа өөрийн нэр дээр шилжүүлж авъя” гэх саналыг хүлээж авахаас татгалзаж, байрыг бусдад барьцаалсан гэж хэлсэн байдаг. Зээлийн гэрээ дуусахаас 9 хоногийн өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ганболдод Д.Золжаргалын байр болон өөр нэг байртай нийлүүлээд нийт 80.000.000 төгрөгт барьцаалсан. Ингээд Ц.Ганболдын нэр дээр 2018 оны 12 дугаар сард орон сууцыг шилжүүлэн өгсөн. Эхнээсээ шүүгдэгч Б.М нь Д.Золжаргалд байрыг шилжүүлж өгөх зорилгогүй байсан. Энэ нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ, сар болгоны төлбөр төлсөн гэх дансны хуулгууд, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Мгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал байхгүй. Учир нь, тухайн орон сууцыг зарна гэх зарын дагуу Д.Золжаргалтай уулзаад гэрээ байгуулсан. Уг гэрээ нь тодорхой хугацаанд хэрэгжээд явсны эцэст өөр хүнд байрыг барьцаалж байгаа нь төлөвлөсөн гэмт хэрэг гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байх боломжгүй. Иймд шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Б.М нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Толгойтын 18105-32-64 тоот 53.4 мкв талбайтай Ү-2201044690 дугаарын гэрчилгээтэй 3 өрөө орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан иргэн Д.Золжаргалд 50.000.000 төгрөгөөр, урьдчилгаа 20.000.000 төгрөг авч худалдсан боловч гэрээний дагуу иргэн Д.Золжаргал нь үлдэгдэл төлбөрөө төлсөөр байгааг мэдсээр байж уг орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусдад барьцаалан зээл авч, зээлийн төлбөрт дээрх орон сууцыг зээлдүүлэгч Ц.Ганболдын нэр дээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн Д.Золжаргалыг хуурч, 42.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Золжаргалын “...2015 оны 12 дугаар сард зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны 32-1-64 тоот 53.4 м.кв хэмжээтэй 5 давхарт байх Орчлон-2 хорооллын байрыг Б.М гэх хүнээс 50.000.000 төгрөгөөр авахаар тохирч, урьдчилгаа 20.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 30.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сар бүр 2.500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Б.Мд өгөхөөр тохирч гэрээ байгуулсан. ...Үлдэгдэл 7.500.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард бэлнээр олоод Б.Мтай уулзаад төлбөрийг бүрэн барагдуулж байрны бичиг баримтыг өөрийн болгож авъя гэхэд “эгч нь танай байрыг барьцаанд түр тавьчихсан, угаасаа гэрээнд заасан хугацаа дуусахаар болъё” гэхэд нь би 7.500.000 төгрөгөө өгөхгүй хүлээсэн. Гэрээний хугацаа дуусахад манай байрны бичиг баримтыг өгөөгүй өнөөдрийг хүрсэн. ...Б.М өөрийн нэр дээр байсан, манайд зарсан байраа хүнд барьцаанд тавьчихсан гээд өгөхгүй, өгнө гэж худлаа ярьсаар байгаа. Надад байрыг барьцаанд тавьсан талаар урьдчилан мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй. ...Тухайн үед би сар бүр төлөлтөө бүрэн хийсэн. ...Урьдчилгаа 20.000.000 төгрөг, 9 сарын хугацаанд сар бүр нийт 2.500.000 төгрөг төлж, нийт 22.500.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 7.500.000 төгрөгийг төлөөгүй учир нь байрны гэрчилгээ гараагүй хүнд барьцаанд тавьсан гэдгийг мэдээд төлөөгүй. ...” /1-хх-14-17, 18-19, 33-34, 2-хх-66-67/,

гэрч Ц.Ганболдын “...2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.М гэх хүнтэй 80.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр 6 сарын гэрээ хийж, 80.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Тухайн барьцаанд 2 ширхэг орон сууц барьцаалсан. Б.М надаас авсан 80.000.000 төгрөгийг гэрээний хугацаанд өгөхгүй 1 жил гаруй болсон. Түүнээс хойш би гомдол гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсэн. Б.М надад барьцаалсан хоёр орон сууцаа хувь лизингээр 2 хүнд худалдсан байсан. ...” /1-хх-40-42/,

гэрч С.Мөнх-Идэрийн “...2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр манай эхнэр Баярмаа, миний бие, Мандалмаа, түүний нөхөр Цогтбаатар нар очиж гарын үсэг зурж гэрээ байгуулсан. ...2019 оны 1 дүгээр сард Ганболд гэх хүн манай гэрт ирээд манай худалдаж авсан байрыг Мандалмаа тэр хүнд барьцаанд тавиад мөнгөө өгөхгүй болохоор нь байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэж хэлсэн. Тэрнээс өмнө би байрыг барьцаанд тавьсан гэдгийг мэдээгүй. ...”  /1-хх-55-56/,

Б.Мгийн яллагдагчаар өгсөн “...Золжаргал, Мөнх-Идэр нар нийт 42.500.000 төгрөг төлсөн байгаа. Мөнх-Идэрийн гэрээ дуусах болоогүй, өнөөдрийг хүртэл сард 700.000 төгрөг төлж байгаа. Миний санаж байгаагаар Мөнх-Идэр 47-оос 48.000.000 төгрөг үлдсэн, 16.000.000 төгрөг төлөөгүй. ...Байраа хувь лизингээр зарсан мөнгөө хүнд зээлсэн, өрөө  дарах болон хүүнд өгсөн. Ганболдоос авсан зээлээ дарахад ашигласан. Зарим мөнгийг үйл ажиллагаандаа зарцуулсан. ...” /1-хх-137-142, 143-145, 2-хх-68-70/ гэх мэдүүлгүүд,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /1-хх-20-31/, эрүүгийн хэрэгт хавсаргасан баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-32/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /1-хх-43-54, 196-200, 201-204/ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /1-хх-176, 187, 215, 218, 2-хх-228/, хохирогч Д.Золжаргалын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх баримт /2-хх-231/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Мандалмааг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Мгийн өөрийн өмчлөлийн байрыг Д.Золжаргалд худалдахаар гэрээ байгуулж, улмаар урьдчилгаа төлбөр авсан атлаа уг байраа барьцаалж Ц.Ганболдоос зээл авч, түүний нэр дээр байрыг шилжүүлснээс Д.Золжаргалд 42.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь “Нэгдсэн Үндэстний байгууллага”-ын хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм /Токиогийн дүрэм/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хорихоос өөр төрлийн арга хэмжээнүүдийг сонгох бололцоотой нөхцөлд шүүхийн байгууллага шийдвэр гаргахдаа эрх зүйн зөрчил үйлдэгчийг засан хүмүүжүүлэх шаардлага, нийгмийн болон хохирогчийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг анхааралдаа авбал зохих бөгөөд хохирогч этгээдтэй шаардлагатай тохиолдолд зөвлөлдөж байгууштай.” гэсэн зөвлөмжид нийцэх ба Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид харшлахгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нарын гаргасан “хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурьдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1196 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Б.Мг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Мд “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Б.М нь 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг дурдаж, Б.Мг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ