Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0577

 

  

 

“Нс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х

Нэхэмжлэгч: “Нс” ХХК,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Сангийн яам

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

2.“Нс” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг үнэлгээний хороонд даалгах;

3 Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмжийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, гэрээ байгуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах;

4.Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 472 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, А.Ц, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0125/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 472 дугаар шийдвэрээр:

“Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 13 дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.5, 59.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Нс” ХХК-аас хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/20240102503 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороо болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Сангийн яаманд тус тус холбогдуулан гаргасан, Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Нс” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг үнэлгээний хороонд даалгах, тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмжийг үндэслэн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, гэрээ байгуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах, Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/10377 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 128/шш2025/0472 тоот шийдвэрийг нэхэмжлэгчийн Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараахь байдлаар гомдол гаргаж байна. Үүнд:

2.1.Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийгээд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-т "Энэ тохиолдолд Захиалагчийн дээрх 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 дугаар шийдвэр нь Үнэлгээний хорооноос гараагүй" гэжээ. Гэтэл Үнэлгээний хорооны 2024.11.29-ны өдрийн Дугаар №3-3 дугаартай хурлын тэмдэглэлд тусгасан Үнэлгээний хорооны гишүүдийн хэлэлцэж шийдвэрлэсэн хэсгүүд нь анхан шатны шүүхийн Захиалагчийн шийдвэр гээд байгаа татгалзал нь хоорондоо ямар ч зөрүүгүй, ижил агуулгатай байгааг шүүх анхаарч үзээгүй.

Өөрөөр хэлбэл Захиалагч болон Үнэлгээний хорооны шийдвэр татгалзал нь хоёулаа ижил байхад шүүх Үнэлгээний хороо, Захиалагч 2 өөр өөр шийдвэр гаргасан мэтээр Үнэлгээний хорооны шийдвэрийг "Захиалагчийн шийдвэр" гэж үндэслэлгүй дүгнэжээ.

Мөн анхан шатны шүүх захиргааны байгууллага болох Үнэлгээний хорооны "гадагшаа" чиглэсэн акт буюу татгалзал нь 2024.12.06-ны өдрийн 16/4713 тоот албан бичгээр илэрч, хэлбэржиж байгааг анхаарч үзсэнгүй. Мөн Үнэлгээний хорооны тэмдэглэлийн "ЗАХИАЛАГЧИЙН ТЭМДЭГЛЭЛ" ХЭСЭГТ: "ТАНИЛЦАВ" гэж Захиалагч гарын үсэг зурсан, өөрөөр хэлбэл Үнэлгээний хорооны шийдвэрийг Захиалагч зөвшөөрч гарыг үсэг зурсан байгаагаас 2024.12.06-ны едийн 16/4713 тоот татгалзлыг Захиалагч гаргаагүй, Үнэлгээний хороо гаргасан болох нь нотлогддог.

Тиймээс Үнэлгээний хорооны шийдвэрийг өөрчилж, Захиалагч дангаараа Үнэлгээний хорооны шийдвэрээс өөр шийдвэр гаргасан мэтээр уг шийдвэрийг буюу маргаан үхий актыг Үнэлгээний хороо бус Захиалагч гаргасан гэж шүүх дүгнэж шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нөгөө талаас анхан шатны шүүх Үнэлгээний хороо, Захиалагч хэн алин нь захиргааны акт байх, уг акт нь нийтийн эрх зүйн хүрээнд байх, захиргааны акт нь тодорхой нэг зохицуулалт агуулсан байх, захирамжилсан байх зэрэг захиргааны актад тавигдах шаардлага дээр зарчмын зөрүүтэй дүгнэлт хийгээгүй, гагцхүү ТАТГАЛЗАЛ буюу ЗАХИРГААНЫ АКТЫГ ХЭН ГАРГАСАН гэдэг дээр нэхэмжлэлд дурьдсан, хэрэгт авагдсан үйл баримт, нотлох баримттай зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Тиймээс Үнэлгээий хорооны шийдвэр буюу татгалзалыг Захиалагч өөрчлөөгүй, өөрчилж, дангаараа хуралдаж, шийдвэрт өөрчлөлт оруулаагүй, Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа зэргээс "гадагшаа" чиглэсэн захиргааны шийдвэрийг Үнэлгээний хороо гаргасан, уг шийдвэрийн эрх зүйн үр дагаварыг ЗЕХ-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна." гэж заасны дагуу Үнэлгээний хорооны шийдвэрийг Захиалагч албажуулсан, үр дагаварыг мөн адил бусдын өмнө ЗЕХ-ийн дагуу Захиалагч хариуцдаг, Үнэлгээний хорооны шийдвэр буюу тэмдэглэлийг Захиалагчийн бланк дээр хэлбэрийн шаардлага хангуулж, ЗЕХ-ийн 40 дүгээр зүйлд заасан бичгийн хэлбэрээр гаргаж, нэхэмжлэгчид хүргүүлсэн тул анхан шатны шүүхийн... маргаан бүхий актыг "Үнэлгээний хорооноос гаргаагүй" гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

Тиймээс Тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т "Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн хугацаанд хүсэлт гаргасан оролцогчид танилцуулна" гэж заасны дагуу Үнэлгээний хороо нь 2024.11.29-ны өдөр гаргасан тэмдэглэлд тусгасан шийдвэрээ ажлын 5 хоногийн дотор нэхэмжлэгчид 2024.12.06-ны өдөр мэдэгдсэн болохыг шүүх анхаарч эсэнгүйд гомдолтой.

2.2.Анхан шатны шүүхийн Үндэслэх хэсгийн 14-т" нэхэмжлэгч нь уг шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хүүлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулахаар, 106.3.4-т зааснаар татгалзсан шийдвэр нь хууль бус байгаагийн улмаас шаардагдах захиргааны акт гаргуулахаар нэгэн зэрэг маргах боломжгүйг болохыг, нэхэмжлэгч талын энэ талаарх тайлбар үндэслэлгүй болно" гэх шүүхийн дүгнэлтийн талаар:

Захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн зүйл нь зөвхөн захиргааны ЭС ҮЙЛДЭХҮЙГЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ, 106.3.4-т дэх заалтад ЗАХИРГААНЫ АКТ ГАРГАХААС ТАТГАЛЗСАН ШИЙДВЭР мөн адил хамаардаг. Үнэлгээний хороо нь нэхэмжлэгчийг тендерийн бичиг баримтад заасан шаардлагыг удаа дараа хангаж байхад 3 удаа үнэлгээ хийж, удаа дараа татгалзсан хууль бус татгалзал илэрхийлж байсан баримтууд хэрэгт авагдсан. Гэтэл Үнэлгээний хороо нь “Нс" ХХК-ийг Тендерийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3-т "захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх", 28 дугаар зүйлийн 28.1.1-т "хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох" зөвлөмж хүргүүлэх үүргээ зөрчиж, үндэслэлгүйгээр хууль бус татгалзлыг удаа дараа гаргаж, шийдвэр гаргаж байсан.

Тиймээс нэхэмжлэгч Үнэлгээний хорооны дээрх хууль бус татгалзлыг Сангийн яаманд хандаж, удаа дараа хүчингүй болгож байсан. Харин Сангийн яам 3 дахь тендерийн гомдлыг үндэслэлгүйгээр хянахаас татгалзсан хариуг нэхэмжлэгчид өгсөн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн 106.3.4-т заасан үндэслэлийг зөвхөн ЭС ҮЙЛДЭХҮЙ гэж ойлгон Үнэлгээний хорооны хууль бус татгалзлыг үнэлж дүгнэхгүйгээр нэхэмжлэгчийн тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу "Нс" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шийдвэрлэсэнд гомдолтой. шаардлагыг хэрэгсэхгүй болгож.

Тиймээс 3 дахь тендерийн хууль бус татгалзлыг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч Сангийн яаманд хандаад амжилт олоогүй тул даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Учир нь Үнэлгээний хороо нь Тендерийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3-т заасан "Захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх", 28 дугаар зүйлийн 28.1.1-т "хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох" захиргааны акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр актууд хэрэгт нотлох баримтаар авагдсан, тул эдгээр татгалзсан актуудын эсрэг нэхэмжлэгч "Нс" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан, энэ үндэслэлээ нэхэмжлэлийн 1-р шаардлагадаа тусгасан.

Нэхэмжлэгчийн зүгээс тендерийн бичиг баримтад заасан бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаж байхад Үнэлгээний хорооноос нэхэмжлэгчийг удаа дараа шалгаруулахаас татгалзсан, хамгийн сүүлийн Үнэлгээний хорооны хууль бус татгалзлыг хүчингүй болгуулахаар Сангийн яаманд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандахад амжилт олоогүй тул шүүхэд хандсан.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамнаас нэхэмжлэгчийн талд 2 удаа шийдвэр гаргасан тул ЗЕХ-д заасан хариуцагчийг дээд газрынхаа шийдвэрийг биелүүлнэ гэсэн итгэм үнэмшлийн хүрээнд “итгэл хамгаалах зарчим”-ын хүрээнд/ нэхэмжлэгч их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж, тендерийн бичиг баримтад заасан өөрөө буулгагч ачааны автомашиныг Хятад улсаас импортоор оруулж ирсэн талаар шүүх хуралдаан дээр хэлж тайлбарласан байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой.

2.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 26, 27 дугаар зүйлд заасан үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч 3 дахь тендерийн талаар Сангийн яаманд хандаж гомдол гаргахад Сангийн яам нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 дугаар албан бичгээр хариу ирүүлэхдээ. "Танай компаниас ирүүлсэн гомдолд дурдсан асуудлыг тус яам хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэгт заасны дагуу хянан үзэж, хариуг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 дугаар албан бичгээр хүргүүлсэн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй. Мөн гомдолд дурдсан захиалагч өөр компанид давуу байдал олгох хүсэл сонирхолтой байгаа талаарх асуудлаар холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах нь зүйтэй" гэх хариуг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хаяглан хүргүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх Сангийн яамны уг хариунд тендерийн хуулийн 59.3-т "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна" гэж заасны дагуу нэхэмжлэгч уг заалтыг зөрчиж гомдол гаргасан эсэх, эсхүл 59.4-т заасан "Тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцогчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тендерийн баталгаа хүчинтэй байна" гэсэн заалтыг хангахгүй нэхэмжлэгч гомдол гаргасан эсэх, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин нэхэмжлэгч хандсан эсэх талаар огт дүгнэлт хийхгүйгээр ... "шууд маргаан бүхий асуудалд Сангийн яам 2024.11.25-ны өдрийн 03/9738 тоот албан бичгээр хариу өгсөн" гэж худал дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Сангийн яам 2024.11.25-ны өдрийн 03/9738 тоот албан бичгээр 2 дахь тендерийн татгалзалд хариу өгсөн бөгөөд 3 дахь тендерийн татгалзалын талаар нэхэмжлэгч Сангийн яаманд хандсан байхад урьд 2 дахь тендерийн талаар гаргасан гомдлын талаар дурьдаж "гомдлыг хянахаас буцаах" эрх, үүрэг Тендерийн хуулиар Сангрийн яаманд олгогдоогүй болно.

 

Хэрвээ нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Сангийн яам нь тендерийн хуулийн 14.6.3-т "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн" гэж үзсэн бол нэхэмжлэгчийн гаргасан тендерийн баталгааг улсын орлого болгох байтал харин ч эсрэгээрээ нэхэмжлэгчийн тендерийн баталгааг улсын орлого болголгүй, нэхэмжлэгчийн дансанд буцаан шилжүүлсэн байдаг.

Тиймээс Сангийн яам нь тендерт оролцогчдоос гомдол гаргасан тохиолдолд Тендерийн хуулийн 59.10.1-Т "тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах", 59.10.2-т "зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах", 59.10.3-т "тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах", 59.11-т "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасантай адилтгах шалтгаанаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй бол гомдлыг хүлээн авахаас татгалзан буцааж болно" гэж заасны дагуу зөвхөн дээрх зохицуулалтын дагуу Сангийн яам шийдвэр гаргах атал эрх зүйн үндэслэлгүй, таны гомдлыг хариуг..... "2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 дугаар албан бичгээр хүргүүлсэн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй", "Захиалагч өөр компанид давуу байдал олгох хүсэл сонирхолтой байгаа талаарх асуудлаар холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах талаар гомдлын хариуг ирүүлж, хуульд заасан эрх үүргээ үндэслэлгүйгээр хэрэгжүүлсэн үйл баримтад нэхэмжлэгч гомдол гаргасан байхад шүүх Сангийн яамыг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлтэй "ХЯНАСАН" мэтээр дүгнэлт хийж шийдвэрээ гаргажээ.

Тиймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 128/шш2025/0472 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Нс” ХХК-аас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Сангийн яаманд тус тус холбогдуулан дараахь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг гаргажээ:

1.1.Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

1.2.“Нс” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг үнэлгээний хороонд даалгах, Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмжийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, гэрээ байгуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах,

1.3.Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

1.4.Нэхэмжлэлийн үндэслэлээ “...хамгийн сүүлд татгалзсан Үнэлгээний хорооны 16/4713 тоот үндэслэл нь тендерийн бичиг баримтад заавал байх шалгуур үзүүлэлт биш мөн түүнчлэн урьд өмнө уг шаардлага байсан боловч энэ үндэслэлээр татгалзаж байгаагүй учраас үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэж байна” гэж тайлбарлан маргасан.

2.Маргааны үйл баримтын тухайд:

2.1.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/428 дугаар тушаалаар[1] Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/2З0240102503 кодтой тендер шалгаруулалтын үнэлгээний хороо байгуулагдаж, Замын аж ахуйн алба, Барилга орон сууцны албаны хэрэгцээнд “Өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах” нээлттэй тендер шалгаруулалтыг анх 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зарласан.

2.2.”Нс” ХХК нь дээрх МЗХННУБТЗ/20240102503 дугаар бүхий тендер шалгаруулалтад холбогдох баримт бичгийг бүрдүүлж илгээсний дагуу 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тендер шалгаруулалт нээгдэж, тендерт ирүүлсэн материалыг үнэлж, бүх тендерээс татгалзаж, татгалзсан мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

2.3.Үүнээс хойш Үнэлгээний хороо тендерийг дахин зохион байгуулж, тендерийн баримт бичгийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус 3 удаа үнэлсэн, нэхэмжлэгчээс 3 удаа гомдол гаргасан үйл баримт тогтоогдож байх бөгөөд  нэхэмжлэгч “Нс” ХХК-д сүүлийн байдлаар  2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 дугаар албан бичгээр[2] “...компанийн танилцуулгад засварын төвийн зураг, сэлбэгүүдийн зураг хавсаргасан боловч компанийн өөрийн эзэмшлийн гэдгийг нотлох бичиг баримт буюу холбогдох зөвшөөрөл нотлох баримтыг хавсарган ирүүлээгүй./ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нийтийн тээврийн газрын авто үйлчилгээний ангиллын гэрчилгээ А0000001 г.м/ ” гээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тендерээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

2.4.Уг шийдвэрийг эс зөвшөөрч “Нс” ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, тус гомдлыг хянаж Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/10377 дугаар албан бичгээр[3] “...ирүүлсэн гомдолд дурдсан асуудлыг хянан үзэж, хариуг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 тоот албан бичгээр хүргүүлсэн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй” гэх хариуг өгчээ.

3.Маргаан бүхий хариуцагч “Тендерийн Үнэлгээний хороо”-ны шийдвэрийн тухайд:

3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 12.2-т “Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно”,

...13 дугаар зүйлийн 13.1-т “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно”,

...19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно.”,

25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.” гэж тус тус заажээ.

3.2.Хавтаст хэрэг авагдсан баримтаас үзвэл, маргаж буй тендерийн баримт бичигт “Тавигдах шаардлага ба техникийн үзүүлэлтүүд 1.Нийлүүлэгчид тавигдах шаардлага. 1.4.Тухайн автомашины сэлбэг борлуулах болон засвар, тохиргоо, үйлчилгээ хийх мэргэшсэн баг, тусгай тоног төхөөрөмж бүхий зориулалтын газартай буюу засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээт байгууллагатай байж болно. Хамтран ажиллах гэрээ байгуулсан нотлох баримтыг хавсаргах” гэж захиалагчаас нийлүүлэгчид тавих шаардлагыг зааж өгсөн байх бөгөөд нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийг хүлээн аваад эрх бүхий байгууллагад тодруулга авах хүсэлтийг гаргаагүй болох нь тогтоогдож байна.

3.3.Хэрэгт авагдсан “Өөрөө булгагч ачааны автомашины худалдан авах” тендерийн үнэлгээний хорооны хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №3-3 дугаар зөвлөмжөөр[4] “...”Нс” ХХК-ийн ирүүлсэн материалд нь сэлбэг борлуулах болон засвар, тохиргоо, үйлчилгээ хийх мэргэшсэн баг, тусгай тоног төхөөрөмж бүхий зориулалтын газрын талаарх мэдээлэл тусгайлан ирүүлээгүй. Компанийн танилцуулгад нэг гражийн зэрэг мөн хэсэг сэлбэгийн зургууд оруулаад засвар үйлчилгээ хийх бүрэн боломжтой гэсэн байна. Энэ засварын төв болон сэлбэг нь энэ компанийнх гэж нотлох боломжгүй байна. Бусад компанийн хувьд засварын төвийн зураг оруулснаас гадна үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн бичиг хавсарган өөрийн эзэмшлийн гэдгийг баталгаажуулсан байна. Манай шаардлагад холбогдох зөвшөөрөл, нотлох баримтыг хавсаргана гэж заасан тул шаардлагад нийцэхгүй байна” гэж үзэн нийт гишүүдийн 100%-ийн саналаар татгалзахаар шийдвэрлэжээ.

3.4.Үүнээс үзвэл нэхэмжлэгч “Нс” ХХК нь захиалагчаас шаардсан “...тусгай тоног төхөөрөмж бүхий зориулалтын газартай буюу засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээт байгууллагатай байх, эсвэл хамтран ажиллах гэрээ байгуулсан нотлох баримтыг хавсаргах” шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна.

3.5.Иймд нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно”, 17.2.5-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримт, загвар, дээж”, 17.4-т “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна” гэж заасантай нийцэхгүй байна.

3.6.Дээрхээс үзвэл захиалагчийн тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад тавигдсан техникийн нөхцөлийг “Нс” ХХК-ийн ирүүлсэн баримт бичиг  “шаардлага хангахгүй байна” гэж дүгнэсэн хариуцагч Үнэлгээний хорооны зөвлөмж нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-т “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 50 дугаар зүйлийн 50.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” заасантай нийцэж байх тул маргаан бүхий Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3.7.Үүний учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Үнэлгээний хороо нь “Нс" ХХК-ийг Тендерийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3-т "захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх", 28 дугаар зүйлийн 28.1.1-т "хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох" зөвлөмж хүргүүлэх үүргээ зөрчиж, үндэслэлгүйгээр хууль бус татгалзлыг удаа дараа гаргаж, шийдвэр гаргаж байсан.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

4.Маргаан бүхий хариуцагч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын шийдвэрийн тухайд:

4.1.Дээр дурдсан зөвлөмжийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Нс” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан хариуцагч Улаанбаатар төмөр замын шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.3. “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2. “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4.2.Энэ талаарх анхан шатны шүүхийн “...Хариуцагчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 дугаар албан бичгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, энэхүү маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч “Нс” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, үүгээрээ МЗХННУБТЗ/20240102503 дугаартай тендер шалгаруулалтад нэхэмжлэгч хуулийн этгээдийг шалгарсан талаар, гэрээ байгуулах талаар зөвлөмж гаргахыг үнэлгээний хороонд даалгах, улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

4.3.Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх Үнэлгээний хороо, Захиалагч хэн алин нь захиргааны акт байх, уг акт нь нийтийн эрх зүйн хүрээнд байх, захиргааны акт нь тодорхой нэг зохицуулалт агуулсан байх, захирамжилсан байх зэрэг захиргааны актад тавигдах шаардлага дээр зарчмын зөрүүтэй дүгнэлт хийгээгүй, гагцхүү ТАТГАЛЗАЛ буюу ЗАХИРГААНЫ АКТЫГ ХЭН ГАРГАСАН гэдэг дээр нэхэмжлэлд дурьдсан, хэрэгт авагдсан үйл баримт, нотлох баримттай зөрүүтэй дүгнэлт хийсэн.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5.Маргаан бүхий хариуцагч Сангийн яамны шийдвэрийн тухайд:

5.1.Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5-д “тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон журам батлах;” 59 дүгээр зүйлийн 59.3-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна”, 59.5-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж тус тус заасан.

5.2.Дээрх хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмыг батлах бүрэн эрхийн хүрээнд Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 131 дүгээр тушаалын хавсралтаар “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ыг баталсан ба мөн сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 241 дүгээр тушаалаар холбогдох агуулга бүхий зохицуулалт уг журамд нэмэгдсэн ба ийнхүү гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг журамлажээ.

5.3.Нэхэмжлэгчээс уг журамд заасан ажиллагааг хариуцагч Сангийн яамнаас хэрхэн, ямар байдлаар зөрчсөн болох, өөрөөр хэлбэл, Сангийн яамны хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндсөн талаар нэхэмжлэгч талаас тодорхой тайлбар үндэслэлийг гаргаж мэтгэлцээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

5.4.Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 дугаар албан бичгээр “...танай компаниас ирүүлсэн гомдолд дурдсан асуудлыг тус яам хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэгт заасны дагуу хянан үзэж, хариуг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 дугаар албан бичгээр хүргүүлсэн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй. Мөн гомдолд дурдсан захиалагч өөр компанид давуу байдал олгох хүсэл сонирхолтой байгаа талаарх асуудлаар холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах нь зүйтэй” гэх хариу өгчээ.

5.5.Нэхэмжлэгчээс энэхүү албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байх бөгөөд дээрх албан бичиг нь нэхэмжлэгчээс гаргасан гомдолд хариу хүргүүлсэн албан бичиг байх тул гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

5.6.Энэ талаарх анхан шатны шүүхийн “...хариуцагч Сангийн яам нь Тендерийн хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж бүрэн эрхээ хэтрүүлсэн үйл баримт байхгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Сангийн яам 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 тоот албан бичгээр 2 дахь тендерийн татгалзалд хариу өгсөн бөгөөд 3 дахь тендерийн татгалзлын талаар нэхэмжлэгч Сангийн яаманд хандсан байхад урьд 2 дахь тендерийн талаар гаргасан гомдлын талаар дурьдаж "гомдлыг хянахаас буцаах" эрх, үүрэг Тендерийн хуулиар Сангийн яаманд олгогдоогүй болно.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5.7.Түүнчлэн хариуцагчаас “...нийт 3 удаа тендер шалгаруулалт зохион байгуулж бүгд амжилтгүй болсон. Мөн 2024 оны санхүүжилттэй худалдан авалт учир тухай онд багтааж бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй болсон тул дахин тендер шалгаруулалт зохион байгуулагдаагүй 2024 оны дууссан болно.  2025 онд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь “өөрөө буулгагч ачааны автомашин авах” төлөвлөгөөгүй ба энэ оны төлөвлөгөөнд байхгүй” гэж шүүх хуралдааны явцад тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Нс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                 А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Нотлох баримтын 1 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 18

[3] Хэргийн 1-р хавтас 45

[4] Нотлох баримтын 237-239 дэх тал