Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/00192

 

2020 оны 01 сарын 22 өдөр

      Дугаар 183/ШШ2020/00192    

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Н овогт А.О /рд:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17071, 000 байр, 00 тоотод байрлах С ХХК /рд:000000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Бн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.О нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Б-той харилцан тохиролцож 100 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Тухайн талууд өмнө нь олон удаа зээлийн гэрээ байгуулж байсан итгэлцэл дээрээ тулгуурлан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Аман тохиролцоогоор өмнөх гэрээний нэгэн адил нэг сарын 2.5 хувийн хүүтэй байхаар тохиролцож, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас хариуцагч компанийн Хаан банкны дансанд шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2 сарын дараа буюу 2017 оны 3 дугаар сард нэхэмжлэгчид мөнгөний хэрэгцээ гарсан тул хариуцагч компаниас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүтнээр нь шаардаж эхэлсэн. Үүнээс хойш удаа дараа шаардсан боловч хариуцагч талаас одоохондоо боломжгүй байна, удахгүй өгнө, эхлээд хүүг нь төлж байя гэх байдлаар бүрэн хэмжээгээр нь шаардсан хугацаанд төлөөгүй. Ингээд 2018 оны 3 дугаар сард 30 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөг нийт 45 000 000 төгрөгийг зээлийн хүү болгон төлсөн. Хариуцагч компанийн зүгээс зээлийг төлөхгүй байсан тул нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулах, зээлээ хугацаандаа төлөөгүй тул учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогыг шаардахад хариуцагч С ХХК-иас зээлийг хүүгийн хамт төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн тул анх зээлсэн 100 000 000 төгрөгийг гаргуулна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хэмжээгээр хүү төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 222.7 заасан хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу төлсөн гэх 45 000 000 төгрөгийг хохиролд тооцож авсан.  Талууд 2015 оны 02 дугаар сараас эхлэн зээлийн гэрээ байгуулан мөнгө зээлдэг байсан. Энэ удаагийн 100 000 000 төгрөг бол талуудын хооронд хийгдсэн 5 дахь зээлийн харилцаа. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй тохиолдолд зээлдэгчийн шаардснаар зээлийг буцааж төлөх үүргийг зээлдэгч 1 сарын дотор биелүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 3 дугаар сараас эхлэн утсаар болон мессежээр шаардсан. Тиймээс хуулийн заалтын дагуу 2017 оны 4 дүгээр сард хариуцагч төлөх үүрэгтэй байсан, иймд үүргийн гүйцэтгэлийг хэтрүүлсэн хугацаагаар хүү төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С ХХК нь иргэн А.О-аас 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 100 000 000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 30 000 000 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 15 000 000 төгрөг нийт 45 000 000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 45 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу 45 000 000 төгрөгийг хохирол болгож авна гэж тайлбарласан. Талууд хэдий хугацаатай зээлж байгаа гэдгээ тохироогүй. Талуудын хооронд хэдийгээр мөнгө зээлсэн харилцаа үүссэн боловч зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй учраас хүү авах эрхээ алдаж байгаа буюу сарын хэдэн хувийн хүүтэй зээл өгч байгаа нь тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хүү авах эрхээ алдсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 45 000 000 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс зээлээ шаардсанаар хугацаа тоологдоно гэж тайлбарлаж байна. Гэвч С ХХК-иас шаардаж байсан талаар албан бичиг ирээгүй, нэхэмжлэгч шаардаж байсан гэдгээ нотлоогүй тул хүү шаардах эрхгүй” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч С ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчид 100 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. ...Аман тохиролцоогоор өмнөх гэрээний нэгэн адил нэг сарын 2.5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон” гэж тайлбарласан.

 

Хавтаст хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А.О-ын Хаан банк дахь 0000000000 тоот данснаас С ХХК-ийн Хаан банк дахь 000000000 тоот данс руу 100 000 000 төгрөг шилжүүлсэн баримт авагджээ.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйл 100 000 000 төгрөгийг өгсөн, хариуцагч 45 000 000 төгрөг төлсөн эсэхэд маргаагүй. 

 

Харин хариуцагч нь “...100 000 000 төгрөг зээлдэж авсан, 45 000 000 төгрөгийг буцааж төлсөн, үлдэх 55 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсан” гэж маргасан.  

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх ба энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд зээлдүүлэгч хүү шаардах эрхээ алдахаар зохицуулсан тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь “... 2017 оны 3 дугаар сард зээлээ буцаан төлөхийг шаардсан, 2017 оны 4 дүгээр сард хариуцагчийг үүргийг гүйцэтгэх ёстой байсан. Гэвч Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хугацаандаа мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тул мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д зааснаар хариуцагчийн төлсөн 45 000 000 төгрөгийг хохиролд тооцож авсан” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...талууд ямар хугацаагаар зээлийн гэрээ байгуулсан нь тодорхойгүй, зээлийг буцаан төлөхийг шаардсан эсэх нь нотлогдохгүй тул хүү, хохирол тооцож авах эрхгүй” гэж маргасан.

 

Үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 222.7-д заасны дагуу хугацаа хэтрүүлснээс учирсан хохиролыг нөхөн төлөхийг, мөнгөн төлбөрийн үүрэгт 222.5-д зааснаар хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөхийг шаардах эрхтэй боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хохиролын талаар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргах учиртай. Гэвч нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй, шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх тул  хохиролын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.  

 

Иймд шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 55 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч нь хохиролын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 55 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ