| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 158/2024/0032/3 |
| Дугаар | 221/МА2025/0603 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2025/0603
Э.Оэ-ийн гомдолтой захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч А.Н
Гомдол гаргагч: Э.Оэ
Хариуцагч: Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.Н
Гомдлын шаардлага: “Татварын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0074*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч А.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 158/2024/0032/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч Э.Оэ нь Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.Нд холбогдуулан “Татварын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0074*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр:
“Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 болон 4 дэх хэсгүүд, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Оэ-ийн гомдлын шаардлагыг хангаж, Булган аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0074*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч А.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
“...Э.Оэ-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0074*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 сарын 25-ны өдрийн 158/ШШ2025/0019 дугаартай нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэг, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.
3.1. Шүүхийн шийдвэрийн "үндэслэх" хэсгийн 7 дугаар заалт болон 9.10, 10 дахь заалтууд зөрчилдсөн талаар: Шүүхийн шийдвэрийн 7 дугаар заалтад: "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4 дэх хэсгүүдэд зааснаар "Эчэ" нам болон тус намаас сонгуулийн 4 дүгээр тойрогт нэр дэвшигч Э.Оэ нарын хэн аль нь тус бүрдээ сонгуулийн зардлын "төгрөгийн" нэг данс нээлгэх, тухайн нээлгэсэн дансыг Үндэсний аудитын газарт бүртгүүлэх үүргийг хэрэгжүүлэхээр байна. Тодруулбал: Энэ хүү зохицуулалт нь нам, намаас нэр дэвшигчийн хэн алинд нь данс бүртгүүлэх үйл ажиллагааны урьдач нөхцөл болох тус тусын "данс нээлгэх"-ийг үүрэгжүүлсэн, болохоос "данс нээлгэх", эсхүл "Данс нээлгэхгүй байх" шийдвэрийн аль нэгийг сонгож гаргах эрхийг олгоогүй байна.” гэж дүгнэсэн атлаа үндэслэх хэсгийн 9.10 дугаар заалтад: "Э.Оэ-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан "Зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн" гэх зөрчлийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй." 10 дугаар заалтад: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус хуулийг төсөөтэй хэрэглэхгүй бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт нэр дэвшигчийн "сонгуулийн зардлын данс нээлгэх" үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг зөрчилд тооцохоор хуульчлаагүй, зөвхөн нээлгэсэн дансаа бүртгүүлээгүй болон тухайн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хууль заасан журмыг зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцохоор хуульчилжээ. Тодруулбал: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгээр сонгуулийн данс "нээлгэх"-ийг, 51.4 дэх хэсгээр тухайн нээлгэсэн дансыг "бүртгүүлэх"-ийг, "нэр дэвшигч"-д тус тус үүрэгжүүлэн хуульчилсан ч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсгээр нэр дэвшигчийн тооцож шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.гэж тус тус дүгнэсэн нь зөвхөн "Данс бүртгүүлэх" үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг "зөрчил"-д зөрчил гаргасан гэж дүгнэсэн атлаа, зөрчилд тооцохоор хуульчлаагүй гэж илт зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Энэ нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна.
3.2. Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх” хэсгийн 9.3 нэхэмжлэгчийн маргаагүй, нэхэмжлэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн талаар: Шүүхийн шийдвэрийн 9.3 дугаар заалт: Харин нэр дэвшигч Э.Оэ нь сонгуулийн зардлын данс нээлгэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй ч хувийн дансандаа хандивын орлого оруулсан, тухайн данснаасаа сонгуулийн сурталчилгаанд зориулж зардал гаргасан нь нотлогдохгүй байх ба хариуцагчаас энэ нөхцөл байдлыг няцаасан тайлбар, нотлох баримтыг гаргаж мэтгэлцээгүй гэж тайлбарлаж байгаа боловч Хариуцагч А.Н миний бие нь шүүх хурал дээр аудитад гаргаж өгсөн тайлан болон Э.Оэ-ийн гаргасан тайлан хоёр зөрүүтэй байгаа талаар дурьдаж, нотлох баримт шинжлэн судлуулсан боловч шүүхийн шийдвэрт түүнтэй холбоотой дүгнэлтийг хийгээгүй байна. Түүнчлэн өөрийн хувийн дансаар хандив авах нь өөрөө Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1-21 дүгээр хэсэгт заасан заалтаас тусдаа зөрчил болоход дүгнэлт хийгээгүй байна.
3.3. Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 9.6 заалтад хариуцагчийн тайлбарыг буруу, үндэслэлгүй тайлбар, дүгнэлт хийсэн талаар: Шүүхийн шийдвэрийн 9.6 дугаар заалт: "Хариуцагч шүүх хуралдаанд Э.Оэ-ийг зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн" гэх зөрчлүүдийн аль алиныг үйлдсэн хэмээн мэтгэлцэж байгаа ч "Зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн" гэх хэсэгт холбогдох тухайлсан нотлох баримтыг шүүхэд гаргаагүйгээс гадна, эх сурвалжаа заагаагүй бөгөөд энэ зөрчлийн талаар маргаан бүхий шийтгэлийн хуудсын шийдлийн хэсэгт тусгаагүй байна." Гэжээ хариуцагчийн зүгээс сонгуулийн зардлын данс нээлгээгүй эс үйлдэхүй нь өөрөө зөрчлийн хуульд заасан зөрчил гэж мэтгэлцсэн ба нэхэмжлэгчийг зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ." Гэж заасан заалтыг баримтлан нэхэмжлэгч нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан "Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Сонгуулийн зардлыг санхүүжүүлэх нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан орлогод хамаарах мөнгөн хөрөнгө хамаарна.
3.4."Нэр дэвшигч энэ журмын 6.1-д заасан мөнгөн хөрөнгийг өөрийн данснаасаа сонгуулийн зардлын дансандаа байршуулж зарцуулна." гэх заалтыг тус тус зөрчсөн үйлдэлд нь арга хэмжээ авсан гэж мэтгэлцсэн авч шүүхийн шийдвэрт уг үндэслэлийг няцаасан тайлбар, дүгнэлт хийгээгүй байна. Харин зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн атлаа төсөөтэй хэрэглэсэн гэдэг агуулгыг тодорхой тайлбарлаагүй нь өөрөө "шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байна. "гэх шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал: хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1-21 "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасан заалт нь Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх болон Зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх хоёр тусдаа зөрчилд хариуцлага тооцохоор хуульчилсан бөгөөд Э.Оэ-ийн "сонгуулийн данс нээлгээгүй" эс үйлдэхүй нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан "Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт " Сонгуулийн зардлыг санхүүжүүлэх нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан орлогод хамаарах мөнгөн хөрөнгө хамаарна."
3.5."Нэр дэвшигч энэ журмын 6.1-д заасан мөнгөн хөрөнгийг өөрийн данснаасаа сонгуулийн зардлын дансандаа байршуулж зарцуулна." гэх журмыг зөрчсөн үйлдэл тул зөрчлийн хуульд заасан зөрчил мөн гэж мэтгэлцэж, нотлох баримт шинжлэн судлах шатанд Хавтаст хэргийн 1 дүгээр хавтсын 80, 92 дугаар хуудас, 2 дугаар хавтасын 21 дүгээр хуудасын нотлох баримтыг шинжлэн судлуулж "Эчэ" намаас 16,565,800 төгрөгийн сурталчилгаа, 6,373,620 төгрөгийн үйл ажиллагааны зардал гаргасан ба энэ зардлууд нь хандивын хөрөнгө бөгөөд үүнээс Э.Оэд хэдэн төгрөг зарцуулагдсан болох нь тодорхойгүй байна. Гэх агуулгаар мэтгэлцсэн байхад уг хэсэгт няцаалт, дүгнэлт хийгээгүй атлаа нотлох баримт гаргаж өгөөгүй гэж дурьдсан байна.
Мөн "Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1-21 дэх заалтын "Зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн" гэх заалт нь зөвхөн данс нээлгэж, бүртгүүлсний дараа үйлчлэх журам гэж буруу тайлбарлан хэрэглэсэн нь Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан "монгол улсын их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын нэгдүгээр бүлгийн 2 дугаар зүйлийн 2.1. "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтийн хөрөнгийг хуримтлуулах, сонгуулийн зардал гаргах, сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлан гаprax, сонгуулийн зардлын тайланд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулах, Үндэсний аудитын газраас сонгуулийн зардлын тайланг хянаж, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулахад дагаж мөрдөнө. "гэж зааснаас тодорхой харагдаж байна. Тодруулбал: "Дээрхи заалт нь анх сонгуулийн зардлын данс нээхээс авхуулаад тайлагнах хүртэл бүхий л үйл явцад үйлчлэхээр журамласан журам болох нь уг журмын 1 дүгээр зүйл, 2 дугаар зүйл, 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлд заасан заалтуудаас тодорхой харагдаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5. "шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй;" гэх үндэслэл тогтоогдож байгаа тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.Н 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 74*** дугаартай шийтгэлийн хуудсаар “Э.Оэ-ийг сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулсан талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2.Гомдол гаргагч Э.Оэ нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.Нд холбогдуулан “Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч А.Нгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 74*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлыг шүүхэд гаргасан.
3.Гомдлын үндэслэлдээ “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д сонгуулийн данс нээлгэсэн нэр дэвшигч нь тус журам, хугацаа ёсоор зардлаа бүртгүүлэх үүрэгтэй....Гэтэл би сонгуулийн зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй буюу бүртгүүлэх бодит боломж байхгүй билээ. Өөрөөр хэлбэл, зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй. Эчэ нам нь намын хэмжээнд нэг данстай байж, түүнийг хууль журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагуудад мэдэгдэж, бүртгүүлсэн. Тухайн үед төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс үүнийг буруутгасан, нэр дэвшигч тус бүр данс нээхийг шаардсан зүйл байхгүй.” гэж маргажээ.
4.Хариуцагчаас “...хууль, журмын дээрх зохицуулалтаас нэр дэвшигч нь өрсөлдөхдөө сонгуулийн зардлын дансыг заавал нээлгэж, төрийн зохих байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх, өөрийн мөнгөн хөрөнгийг өөрийн данснаасаа сонгуулийн зардлын дансандаа байршуулж зарцуулах үүрэгт байна. Хэдийгээр Эчэ нам нь сенатын тогтоолоор нэр дэвшигчдийг сонгуулийн зардлын данс нээлгэх шаардлагагүй намаас сонгуулийн сурталчилгааны ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж өгөх шийдвэр гаргасан боловч Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг сонгуулийн зардлын данс нээлгэх үүргээс чөлөөлсөн нэг ч зохицуулалт байхгүй.” гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Эчэ нам”-аас тус намын нэр дэвшигчид Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банканд зардлын /хандивын/ данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бүртгэлтэй Эчэ намын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгасан гэдэг нь тогтоогдож байна.
6.Уг шийдвэрийн дагуу Эчэ нам нь зардлын данс нээж, уг дансны мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлсэн, харин нэр дэвшигч Э.Оэ нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо өөрийн нэрээр зардлын данс нээлгээгүй, өөрийн нэр дээр хандив аваагүй нь Үндэсний аудитын газарт хүргүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн сонгуулийн зардлын тайлан[1], Э.Оэ-ийн Булган аймгийн Татварын хэлтэст гаргасан тайлбар[2] зэргээр тогтоогдож байна.
7.Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 3/1090, 3/1110, 3/1095 дугаар албан бичгүүдээр[3] “...хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг ... нам, эвсэл өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, улмаар нам эвслийн сонгуулийн зардлын данснаас зарцуулж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой” гэсэн тодруулгыг Эчэ нам, Үндэсний аудитын газар, Сангийн яаманд тус тус хүргүүлжээ.
8.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид "сонгуулийн зардал" гэх/ гаргана.”, 49.2-т “Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ:”, 49.2.1-д хандив, 49.2.2-т намын өөрийн хөрөнгө, 49.2.3-д нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна.”, 49.4-т “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.”,
Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-д “Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
9.Хуулийн эдгээр зохицуулалтаас дүгнэхэд, нам, эсвэл, мөн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах, тайлбарлах зорилгоор гаргах сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна, сонгуулийн данснаас өөр дансанд сонгуулийн зардлыг цуглуулахыг хориглосон, мөн нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байхаар заасан.
10.Нэр дэвшигч Э.Оэ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3-т заасны дагуу сонгуульд оролцож буй нам, эвсэл, тойрогт нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын данс нээх үүрэгтэй байх бөгөөд ийнхүү зардлын данс нээгээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн...” гэх зөрчилд хамаарна.
11.Гэвч, маргаан бүхий тохиолдолд Эчэ намаас Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулга хүсэхэд дээр дурдсан 2024 оны 3/1090 дугаар албан бичгээр “нэр дэвшигч тус бүр зардлын данс нээлгэх шаардлагагүй” гэх агуулгатай хариу өгсөн нь зөрчил гарахад нөлөөлсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэх үндэслэл бүрдсэн байна.
12.Тодруулбал, дээрх хариу албан бичигт үндэслэн Эчэ нам нь сонгуульд оролцох нэр дэвшигчдийн танилцуулга, намын сурталчилгааг тус намын сонгуулийн төв ажлын хэсгээс нэгдсэн байдлаар зохин байгуулахаар шийдвэрлэж, нам нь нэгдсэн нэг сонгуулийн данс нээлгэж, түүндээ сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зардлыг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, зарцуулахаар, шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу данс нээх үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр Э.Оэ-ийг буруутган маргаан бүхий шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Харин зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн атлаа төсөөтэй хэрэглэсэн гэдэг агуулгыг тодорхой тайлбарлаагүй нь өөрөө шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангаагүй байна.” гэх давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
14.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд үндэслэлтэй боловч маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 болон 4 дэх хэсгүүд” гэснийг хассан өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ